Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2014/0261

 

Б.О-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 177 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, Б.О-н нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.О нэхэмжлэлийн шаардлагадаа: "Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/408 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: "Гаалийн тухай хууль, Засгийн газрын 2009 оны 90 дүгээр тогтоолоор баталсан Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм, 2009 оны Гаалийн ерөнхий газрын даргын баталсан Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрэм, Гаалийн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэж Б/408 дугаар тушаалыг гаргасан тул хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

Анхан шатны шүүх шийдвэртээ: “Гаалийн тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1.11, 284 дүгээр зүйлийн зүйлийн 284.1.5 дахь заалтыг баримтлан Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/408

 
   


дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай Б.О-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.О давж заалдах гомдолдоо: “Гаалийн улсын байцаагч асан Б.О миний бие ГЕГ-ын даргын Гаалийн албанаас халах тухай 2013 оны Б-408 тоот тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараах хууль эрх зүйн үндэслэлээр уг тушаалыг хүчингүй болгуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна.

Үүнд: ГЕГ-ын даргын дээрх тушаалаар төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халахдаа Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, баталгааг зохицуулсан заалтуудыг үндэслэл болгоогүй, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1.7-г тайлбарласан Улсын Дээд шүүхийн 2006 оны 37 дугаар тогтоолыг хэрэглээгүй, Гаалийн тухай хуулийн 284-т Гаалийн улсын байцаагч нь хэрэг зөрчил гаргасан нь тогтоогдвол сануулах, сахилгын шийтгэл ногдуулахаас эхлэн эцэст нь халах хүртэл шат дараалсан арга хэмжээ авна гэсэн заалтыг орхигдуулсан гэхдээ би ямар ч хэрэг зөрчил гаргаагүй мөн Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм, байгууллагын дотоод журамд заасанчлан Гаалийн улсын байцаагчид арга хэмжээ авахаар хурлаар хэлэлцүүлэхдээ заавал өөрийг нь байлцуулна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн төдийгүй ямар ч хэрэг зөрчил гаргаагүй, ямар ч ажил таслаагүй өвчний улмаас шинээр томилогдсон ажлаа хүлээж авч чадаагүй, амралт болон эмнэлгийн ор хоногийн хугацаа дуусангуут эмч нарын зөвлөгөөний шийдвэрийг үндэслэн цаашид үргэлжлүүлэн эмчлүүлэх шаардлагаар чөлөө хүссэн өргөдлийг ГЕГ-ын Захиргааны зөвлөлд өгөнгүүт уг өргөдлийг хэлэлцэлгүй амаар чөлөө олгоно гэж мэдэгдчихээд хуулийн хугацаа өнгөрсөн хойно намайг эмнэлэгт эмчлүүлж байсан эзгүй хойгуур ажлаас халах шийдвэр гаргасанд туйлын гомдолтой байгаа юм.

Ер нь Гаалийн дарга Г намайг удаа дараа дуудан уулзаж надтай үзэл бодлын зөрчилтэйн улмаас хамтарч ажиллаж чадахгүй гэж хэлж байсан төдийгүй өөрийн гараар намайг хална, яг одоо хална хэмээн өрөөнд нь ороход заналхийлж дайрч давшилж байсан удаатай.Гэрчүүдийн мэдүүлэг бий. Миний бие төр засгийн хэвлэл мэдээллийн салбарт 33 жил үүнээс сүүлийн 13 жилд нь ГЕГ-ын ХМА-ны дарга, ГЕГ -ын Хэвлэлийн мэдээлэл хариуцсан Гаалийн улсын байцаагчаар ажиллахдаа төр засаг, салбарынхаа өндөр дээд шагналаар шагнуулж, хийж бүтээж, санаачилж явснаас биш бизнесийн хүрээнээс гэнэт гарч ирэн, төрийн тусгай албыг толгойлж буй Ганбат гэх мэт дарга нарт нам бүлэглэлийн харьяаллаар шахагдаж хавчигдаж явсангүй. Дэлхийн жишиг Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах яам хүртэл байгуулагдан, төр засгийг иргэдэд нь ойртуулах хандлага хэдийн бий болчихсон байхад Гаалийн дарга О.Г нь ГЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийг бүхэлд нь татан буулгаж, хэвлэл мэдээлэл хариуцсан Гаалийн улсын байцаагч намайг нэг сар цалингаа аваад сул хүлээж бай гэсний дараа УБ гааль руу байцаагчаар томилсон байдаг. Намайг яаж холдуулчхав, надаас яаж хэл амгүй салах вэ гэдэг асуудал их дээрээс яригдаж, энэ хэлмэгдүүлэлт бодлоготой хийгдэж гэж хардахад хүргэж байгаа юм. Энэ бүгд намайг халах гэсэн оролдлогууд байсан бөгөөд одоо ГЕГ-ын дарга О.Г хэлсэндээ хүрээд халах тушаалаа гаргачхаад байгаа нь энэ.

Би залуу идэр насаа улс нийгэмдээ зориулж өнөөдрийг хүрсэн. Дэндүү олон жил, өдий хүртлээ төрдөө үнэнчээр хүч хөдөлмөрөө зориулчхаад тэтгэвэрт гарах босгон дээрээ хөөгдөж халагдаж яваагаа миний бие маш хүнд хүлээж авсан. Ялангуяа миний бие Монголын чөлөөт хэвлэлийн тулганы чулууг тавилцаж, нийгэм дэх хууль бус үйлдлүүдийг илчилсэн 500 гаруй нийтлэлээрээ ерэн хэдэн онд Монголын сэтгүүлчдээс бараг анхных нь төрийн одон Алтангадас, мөн Хэвлэлийн эрх чөлөөний одон хүртэж өнөөдрийг хүртэл дандаа л шагнуулж, магтуулж явсан болохоор уригдаж орж ирсэн байгууллагаасаа хөөгдөж гарна гэдэг нэр төрийн хувьд өөрөө өөрийнхөө сэтгэл зүйтэй эвлэрч бас итгэж чадахгүй байгаа юм. Энэ байдлаас үүдэн миний цусны даралт өндөрсөж байнгын эмчийн хяналтад бие маань өвчтэй байх боллоо. Өвчтэй байх энэ үедээ орцныхоо үүдэнд 2013 оны 3 сарын 31-ны өдөр УБ хотод өдөржин орсон цасны хайлаад орой нь хөлдсөн мөсөн тавцан дээр халтирч гараа хугалсан. Ингээд үргэлжилсэн урт хугацааны эмнэлгийн өдрүүд гипстэй гар, судас шөрмөс дарсан мэдрэл, үе мөчний өөрчлөлт, эрх мэдэлтний хүчирхийлэл надад учирлаа. Миний бие хуулийн хугацааны эмнэлгийн акт, ээлжийн амралт листийн хугацаагаа дуусгаад цаашид үргэлжлүүлэн эмчлүүлэх шаардлагатай гэсэн эмч нарын зөвлөгөөний шийдвэрт үндэслэн 2013 оны 8 сарын 6-ны өдөр Гаалийн ерөнхий газрын удирдлагуудад хандан байгууллагын дотоод журмыг үндэслэж өвчний улмаас нэг жилийн чөлөө олгохыг хүссэн өргөдөл гаргасан юм. Уг өргөдлийг хуулийн хугацаанд шийдэж өгөхгүй байхаар нь дахин 2013 оны 12 сарын 2-ны өдөр арван сарын чөлөө хүссэн өргөдөл ГЕГ-ын Захиргааны зөвлөлд гаргасны маргааш нь намайг гаалийн албанаас халах тушаал гаргалаа. Би өөрийгөө хууль бусаар халагдлаа хэмээн үзэж уг тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс миний биеийг 2013.2.18 -- 3.4 хүртэл 14 хоног ажил тасалсан гэж үзжээ. 2013 оны 2.18-ны өдөр миний даралт 180 хүрч харвалтын өмнөх шинж тэмдэг илэрсэн тул эмчийн магадалгаа бариад, өөрийн биеэр мэдэгдэхээр Гаалийн дарга Г, дэд дарга Э, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Д нарыг ГЕГ-ын даргын арын өрөөнд хамтдаа байцгааж байхад нь өөрийн биеэр орж мэдэгдсэн, актаа ч үзүүлсэн. Энэ актыг дараа нь актын хугацаа дуусангуут листийг нь бичүүлээд хуулийн хугацаанд УБ дахь Гаалийн газрын хүний нөөц хариуцсан ГУАБ Ч-д манай нөхөр өөрийн биеэр өгсөн төдийгүй энэ актын мөнгө нь бодогдож Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн болохыг хавсаргалаа.

Мөн шүүх 2013.9.19 -ны өдрөөс халагдах тушаал гарах хүртэл 2 сар 13 хоног ажил тасалсан гэж үзсэн байна. Миний бие 2013 .9.19 хүртэл эмнэлгээр явсан. үүнээс хоёр хоногийн өмнө буюу 2013.9.17-ны өдөр эмч нарын зөвлөгөөний шийдвэр нь үргэлжлүүлэн эмчлүүлэх шаардлагатай гэж гарсан. Гэтэл би 2013. 8 сарын 6-ны өдөр ГЕГ-т эмчлүүлэхээр жилийн чөлөө хүссэн өргөдөл өгсөн байдаг. Миний өргөдлийг хуулийн хугацаанд шийдэж өгөхгүй байхаар нь эмч нарын зөвлөгөөний дээрх шийдвэрийг бариад 2013 оны 9 сарын 19-ний өдөр ГЕГ-ын Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Д-тэй уулзахад: ГЕГ-ын дарга амарчихсан байгаа, даргыг ирэхээр нь чөлөө олгосон тушаалыг чинь гаргана, би өөрөө эрх үүргийнхээ хүрээнд өргөдлийг чинь шийдээд чөлөө олгоё, биеэ бод, биеэ эмчлүүл хэмээн надад хачин сайхан хандаж гаргасан. Ингээд миний бие гадагшаа сэргээн засварлах эмчилгээнд яваад эргэж иртэл чөлөө олгосон тушаал, ер нь ямар ч тушаал гараагүй байсан. Аргагүй би дахин Д даргатай уулзан АНУ-руу явж эмчлүүлэхээр өөрийнхөө ГУБ-ын тодорхойлолт хийлгүүлэнгээ дахин эмчилгээний чөлөө хүссэн өргөдлийг 2013.12 сарын 2-ны өдөр ГЕГ-ын Захиргааны зөвлөлд хандаж гаргангуут маргааш нь намайг байлцуулалгүй хурал хийж чөлөө хүссэн өргөдлийг бус намайг халах асуудлыг хэлэлцэн миний биеийг гаалийн албанаас өвчтэй байхад халсан. Уг хурлаараа намайг огт танихгүй намайг харж ч байгаагүй шинэ дарга нарт үг зааж өгч элдвээр гүтгэж доромжилж ярьсан тухай хурлын протоколд зарим нь тэмдэглэгдсэн байгаа. Уг тэмдэглэлийг авахаар очиход арын хуудсыг нь өөрчлөн гүтгэж гүжирдсэн хэсгээ хасаж канондон тамга дарж өгснийг хоёр өөр хувьтай нь цуг хавсаргасан. Төр хүнээ нохой шиг зүтгүүлж/ зүтгүүлчхээд эцэст нь өвчтэй зовлонтой үед нь өшөө их сэтгэлийн зовлонгоор булж булж, хуурч мэхлэх замаар хууль зөрчин халж болохгүй гэдгийг эрхэм шүүгч та үнэн мөнөөр нь тогтоож өгөөрэй. Энэ өргөдөл бол миний үнэн зөвөө тогтоолгох гэсэн эцсийн горьдлого бөгөөд бас тэмцлийн минь эхний алхам. Миний намтарт ажил таслаад гаалиас халагдсан гэсэн хилс гүтгэлэг байх ёсгүй гэсэндээ давж гомдол гаргалаа” гэжээ.

 

 
   


 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: “Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 4-р сарын 18-ны өдрийн 177 тоот шийдвэрт гаргасан иргэн Б.О-н гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

 

  1. Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халахдаа Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, баталгааг зохицуулсан заалтуудыг үндэслэл болгоогүй гэсэн байна.

Шүүгчийн 177 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт: "...Төрийн албаны тухай хуулийн 11.4-т "төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тодорхойлно" гэж заасан хэдий ч Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/408 дугаар тушаалд Гаалийн тухай хууль.Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм. Гаалийн байгууллагын хөдөлмөрийн дотоод журам баримталсан нь буруу биш байна. Учир нь Гаалийн тухай хуулийн 14 дүгээр бүлэгт гаалийн байгууллагын болон гаалийн улсын байцаагчийн эрх зүйн байдлыг "Төрийн албаны тухай хуульд зааснаас гадна" хэмээн тодотгож нарийвчлан тодорхойлжээ гэсэн нь гаалийн байгууллага хуулиа баримталсныг дурдсан байна.

  1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1.7-г тайлбарласан Улсын Дээд Шүүхийн 2006 оны 37 дугаар тогтоолыг хэрэглээгүй гэжээ.

Уг тогтоолын 6-д Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасан "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" гэдэгт захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасныг ойлгоно. гэжээ.

Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/408 дугаар тушаал нь Гаалийн тухай хуулиар зохицуулагдсан бөгөөд бүрэн эрхээ хэтрүүлэх, хуулиар тогтоосон хязгаарыг зөрчсөн захиргааны акт гаргаагүй болно.

  1. Гаалийн тухай хуулийн 284-т Гаалийн улсын байцаагч нь хэрэг зөрчил гаргасан нь тогтоогдвол сануулах, сахилгын шийтгэл ногдуулахаас эхлэн эцэст нь халах хүртэл шат дараалсан арга хэмжээ авна гэсэн заалтыг орхигдуулсан гэхдээ би ямар ч хэрэг зөрчил гаргаагүй мөн Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм, байгууллагын дотоод дүрэм, байгууллагын дотоод журамд заасанчлан Гаалийн улсын байцаагчид Гаалийн улсын байцаагчид арга хэмжээ авахаар хурлаар хэлэлцүүлэхдээ заавал өөрийг нь байлцуулна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэжээ. Гаалийн тухай хуулийн 284 дүгээр зүйлийн 284.2-т Энэ хуулийн 284.1-д заасан сахилгын шийтгэлийг гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан ногдуулах бөгөөд сахилгын шийтгэлийг дэс дараалан хэрэглэх шаардлагагүй" гэж заасан байдаг юм.

Мөн 2011 оны 365 дугаар тушаалаар батлагдсан "Гаалийн ерөнхий газрын сахилгын хорооны хуралдааны дэг"-ийн 5 "Сахилгын зөрчлийг хэлэлцэх" 5.2.3 -д "зөрчилд холбогдсон гаалийн улсын байцаагч болон бусад этгээдийг хуралдаанд биечлэн оролцуулах шаардлагатай гэж үзвэл" гэж заасан байх учир хуралдаанд заавал биечлэн оролцуулдаггүй байна.

Засгийн газрын 2009 оны 90 дугаар тогтоолын 4-д "Гаалийн улсын байцаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл." 4.1.4-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр томилогдсон ажилдаа очихгүй байх, сэлгэн ажиллуулах гэрээ зорчих, ажил таслах, ажлын байраа зөвшөөрөлгүй орхихыг хориглодог байна.

Гэтэл Б.О нь 2013 оны 02 дугаар сарын 18-ний өдрөөс 03 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 14 хоно, 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 12 дугаар сарын 02-ний өдрийг хүртэл 2 сар 13 хоногийн хугацаанд ажлаас чөлөөлсөн ямар нэгэн баримт байхгүйг анхан шатны шүүх хуралдааны үеэр нотлох баримтыг шинжлэн судлах явцад тогтоосон бөгөөд Б.О-д ямар ч баримт байхгүй, үндэслэлтэй хариу тайлбар өгөөгүй юм.

2009 оны 10-р сарын 19-ний өдрийн 534 тушаалаар батлагдсан "Гаалийн улсын байцаагчийн ёс зүй дүрэм"-ийн 3.1.5-д "ажлын байранд зохимжгүй маргаан /хэрүүл/ гаргах, зүй бусаар авирлах"-ыг хориглосон үйлдлийг иргэн Б.О гаргаж байсныг тухайн үед Төрийн захиргаа, хүний нөөцийн газрын даргаар ажиллаж байсан Ё.Б-н тодорхойлолт, Гаалийн ерөнхий газрын дарга О.Г-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон мөрдөн байцаагчийн тогтоолоор нотлогддог юм.”

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрээр энэ хэргийн оролцогчдын маргаж буй захиргааны актын үндэслэл болсон “гаалийн албанаас халсан тушаал дахь зөрчил гарсан” эсэх нь бүрэн тогтоогдоогүй, “ногдуулсан сахилгын шийтгэл нь гаргасан гэх зөрчлийн шинж байдалд тохирсон” эсэхэд дүгнэлт өгөөгүй байна.

Хариуцагчийн маргаан бүхий захиргааны актыг гаргах болсон үндэслэл нь Б.О 2013 оны 02 дугаар сарын 04-ны өдөр томилогдсон боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан тухай байжээ. Шүүх нэхэмжлэгч уг албан

/

 
   


 тушаалд томилогдсоноос хойш халагдах тушаал гарах хугацаанд ажил албан тушаалаа эрхлээгүй шалтгааныг тодруулах ажиллагааг хийсэн байх боловч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болсон “ажил тасалсан” гэх хугацааны талаарх баримт бүрэн биш, давж заалдах шатны шүүхээс уг асуудалд эцэслэн дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

Учир нь шүүх Б.О-г “2013.02.18-03.04-ний хооронд 14 хоног, 2013.09.19-12.03 -ны хооронд 2 сар 13 хоног" ажил тасалсан зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж дүгнэж, үүнийг нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгосон байтал нэхэмжлэгч “2013.02.18-03.04 -ний хугацаанд өвчтэй байсныг нотлох баримт Улаанбаатар хотын гаалийн газарт байсаар байхад хариуцагч гаргаж өгөөгүй, шүүх нотлох үүргээ биелүүлж цуглуулж аваагүй, мөн 2013.09.19- 12.03-ны хооронд өвчний учир чөлөө хүссэн өргөдлийг[1] шийдвэрлээгүй хариуцагчийн буруутайг нотлох баримтуудыг шүүх бүрэн цуглуулаагүй” гэсэн гомдол гаргасан байна.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд Улаанбаатар хотын гаалийн газрын боловсон хүчний асуудал эрхэлсэн ажилтнаас гаргуулан авсан “2013.02.18-03.04-ний хооронд өвчтэй байсныг нотолно” гэх эмнэлгийн магадалгаа гаргасныг давж заалдах шатны шүүх шинэ баримтаар авч, үнэлэлт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй юм. Түүнчлэн тэрээр уг хугацаанд өвчтэй байсныг үндэслэн эмнэлгийн хуудсаар цалин олгосон нь нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээр нотлогдоно гэж маргаж байна.

Тиймээс анхан шатны шүүх энэ баримтуудыг хэрэгт авч, шаардлагатай бол Улаанбаатар хотын гаалийн газрын холбогдох баримт бичгийн архивд үзлэг хийх замаар талуудын зөрүүтэй байр суурийг ялган нотлох баримтыг цуглуулж хэргийг нэг мөр шийдвэрлэх хэрэгтэй байна.

Шүүх 2013.09.19-12.03 -ны хооронд 2 сар 13 хоног ажил тасалсан гэх тухайд “1 жилийн чөлөө хүссэн өргөдлийг ... гаргасан хэдий ч чөлөө олгогдоогүй бөгөөд ...эмч нарын зөвлөгөөний шийдвэр нь дангаараа ажлаас чөлөөлөх шийдвэр болохгүй" гэж дүгнэсэн боловч, хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч захиргаа Б.О-н 2013 оны 8 дугаар сарын 06-ны хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн, мөн шийдвэрлэсэн эсэх асуудлаа түүнд хэрхэн мэдэгдсэн нь тодорхойгүй байгаа учир “чөлөө олгоогүй байхад ажил орхиж явсан” гэж нэхэмжлэгчийг шууд буруутгах боломжгүй байна.

Нөгөөтээгүүр, дээрх нөхцөл байдлыг баримтаар тодорхойлсны үндсэн дээр Гаалийн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг хэрэгт авч, Б.О-н гаргасан гэх зөрчил нь Гаалийн тухай хуулийн 284 дүгээр зүйлийн 284.2 дахь хэсгийн “сахилгын шийтгэлийг гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан ногдуулах" шаардлагыг хангасан эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна гэж дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 177 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
  2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                                ШҮҮГЧИД                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

 

                                                                                                                                  Н.ХОНИНХҮҮ

 

                                                                               

                                                                                                                                  Ц.ЦОГТ

 

 

 

 

[1] Хэргийн 110-рт 2013 оы 8 дугаар сарын 06 -ны өдөр гаргасан шийдвэрлэгдээгүй гэх өргөдөл авагдсан