Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/346

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                          Хэргийн индекс:166/2021/0320/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч К.К.Х- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн К.Х-ид холбогдох эрүүгийн 2118000000368 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Сантехник, гагнуурчин мэргэжилтэй, гагнуурчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух, урьд:

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, К.Х-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч К.К.Х- нь 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 20 цагийн орчим Дархан-Уул аймаг Дархан сумын 4-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Ок” зочид буудлын гадна иргэн Г.Г.Б-г зодож тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, нүүр, зүүн гарын 1-р хурууны угт цус хуралт, зулгаралтын гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч К.К.Х- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа тул хэлэх үг байхгүй.” гэв.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч К.К.Х- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 20 цагийн орчим Дархан-Уул аймаг Дархан сумын 4-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Ок” зочид буудлын гадна иргэн Г.Г.Б-г “шалтаг шалтгаангүй”-гээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч К.К.Х-ийн үйлдсэн гэмт үйлдлийг Эрүүгийн 2118000000368 дугаартай хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар хангалттай нотлон тогтоосон байна.

            Хохирогч Г.Г.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг “Ок” баарны гадаа хүрээд ир гэж хэлэхээр нь би яваад очиход К.Х- ах чи яагаад байгаа юм гээд хэлэхээр нь би таныг яасан юм гэж хэлэхэд миний нүүр лүү 4-5 удаа гараараа цохиход К.Х- ахын найз Жамцхорлоо гэдэг ах ирээд салгахад К.Х- ах над руу дахиад дайраад байхаар нь би түлхээд өөрөөсөө холдуулаад байсан. Тэгээд би К.Х- ахыг хоёулаа ийшээ холдож байгаад юм яръя гэж хэлээд дагуулаад машины зогсоолын тэнд очиход намайг “муу бацаан” гээд заамдаад тавихгүй болохоор нь зөрүүлээд заамдахад миний гараас хазсан. Тэгээд Жамц ах ирээд салгах гэтэл миний гараас хазчихаад тавихгүй байхаар нь би К.Х- ахын нүүр лүү гараараа нэг удаа цохиж байж салаад гарлуугаа харахад миний гараас цус гоожиж байсан.” гэх мэдүүлэг /хх 8-9/,

 

            Гэрч Л.Жамцхорлоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...21 цагийн үед тамхи татах гээд баарнаас гарахад гадаа К.Х-, Г.Б- гэдэг дүү хоёр маргалдаад нэг нэгнээсээ барьцалдаад зогсож байсан. Тэгэхээр нь би дундуур нь орж салгасан юм. Тэр хоёр дахиж маргалдаад цаашаагаа байрны харанхуй руу орохоор нь би араас нь яваад очиход хоорондоо дахиад барьцалдахаар нь би очиж салгахад Г.Б- доор чинь утас гишгэлээ гээд хашгирахаар нь би Заяаг холдуулаад эргээд харахад К.Х- газарт унасан байсан утсыг аваад саваад шидсэн. Тэгээд буцаад бид гурав Ок баарны гадаа ирэхэд цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг /хх 14/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 765 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

1.Г.Г.Б-гийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, нүүр зүүн гарын 1-р хурууны угт цус хуралт, зулгаралтын гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Г.Г.Б-гийн биед тогтоогдсон гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

4.Г.Г.Б-гийн биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх 27-28/,

 

Шүүгдэгч К.К.Х-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 68-77/,  иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, эд хөрөнгийн лавлагаа, оршин суух хаягийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх 51-56/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан тул яллах дүгнэлтийг хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч К.К.Х- нь гэмт үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хүсч үйлдсэн, зориуд хохирол, хор уршигт хүргэж санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч К.К.Х-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Хохирогч Г.Г.Б- нь “хохирлын мөнгө 1000000 төгрөг гар утасны хамт өгсөн. Гомдол санал хүсэлт байхгүй.” /хх 12/ гэх тайлбарыг ирүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирол төлбөрөө төлж барагдуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 4 сарын хугацаанд сар бүр 200000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч К.Х-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.К.Х-ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.К.Х-ид оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд сар бүр 200000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.К.Х- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

   5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

 

   6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч К.К.Х-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч К.К.Х-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ