| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2021/0319/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/347 |
| Огноо | 2021-12-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 17.1.2.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2021/ШЦТ/347
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:166/2021/0319/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,
Улсын яллагч Г.Уянга,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б-,
Хохирогч Э.С-,
Шүүгдэгч Ч.У- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Чимгээгийн Ч.У-т холбогдох эрүүгийн 2118000000338 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт оршин суух бүртгэлтэй, одоогоор ******* оршин сууж байгаа, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ч.У-
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ч.Ч.У- нь 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Дархан-Уул аймаг******* гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Э.Э.С-ийг зодож толгойн дагзны хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, хамар, хамрын дор зулгаралт, зүүн нүдний дотор буланд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 09 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг Нарантолгойн 2-** тоот С.С.А-ийн эзэмшлийн гэрийн цоожийг нь эвдэн нэвтэрч, цохилттой дрилл 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 280.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Ч.У- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ажлаа тараад гэртээ ирээд пиво уусан. Архи уугаад тэр бүр хэрүүл зодоон хийгээд байдаггүй ч тэр өдөр согтоод авгайгаа барьж зодсон. Миний таньдаг хүн цохилттой дрилл байна уу? Олоод өгөөч, юм хийгээд буцаагаад өгье гэсэн” юм. Тэгэхээр нь аваад өгчихсөн юм. Зарсан зүйл бол байхгүй.” гэв.
Хохирогч Э.Э.С-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр манай нөхөр аавын архи ууж ирээд намайг пиво уу гээд байсан юм. Би уухгүй гээд татгалзсан чинь уурлаад танай дүү миний утсыг авсан гээд над руу дайрч, намайг элдэв янзаар дуудсан. Сүүлдээ үсдэж хана руу савуулж, нүүр маажсан. Миний толгой, шилэн хүзүү гэмтсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн юм.” гэв.
Эрүүгийн 2118000000338 дугаартай хэргээс:
Хохирогч С.С.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 09-ний өглөө 07 цаг 30 минутын үед би гэрээсээ гарсан. Манай эхнэр 08 цаг 15 минут гээд гэрээсээ гараад ажил руугаа явсан. Тэгээд би орой 17 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоож эвдэрсэн байсан. Тэгэхээр нь дотогшоо гэр рүүгээ ороход гэрийн дотор талд байсан шуудайтай модыг гаргаж асгасан байсан. Уг шуудайтай модны хажуу талд байсан цахилгаан, цохилттой дрилл, өрөм алга болсон байсан. Манай гэрийн хаалганы гадна талын зүүдэг цоожийг юмаар цохисон байдалтай, цоожны дээд талын ирмэг хэсгийг хатуу зүйлээр цохисон байдалтай сэтэрхий үүссэн байсан. Тэгээд манай гэрийн дотор зүүн талын орон дээр тавьчихсан байсан. Манай гэрийн хаалганы гадна талд байсан цоожийг гараар татаад онгойлгох боломж байхгүй. Ч.Ч.У- нь манай гэрийн эд зүйлийг захиран зарцуулах эрх байхгүй.” гэх мэдүүлэг /хх 119-120/,
Насанд хүрээгүй гэр А.А- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э.С-э гэдэг эгч маань өвөөгийн гэрт буюу Дархан сумын 9-р баг 4-р хороолол *-р байрны *-р орцны подвалд угаалгын машинаар хувцас хунар угаагаад сууж байсан чинь гаднаас согтуу орж ирсэн. Ингээд гэрт ирчхээд пиво авч ганцаараа уусан. Тэгж байгаад орой 17-18 цагийн үед байх Э.С-э эгчтэй түүний нөхөр Ч.Ч.У- нь хэрэлдэж маргалдаад байсан. Тухайн үед мөнгөө ч гэл үү гар утсаа ч гэл үү алга болгочихлоо танай дүү чинь авсан байна гээд эгчтэй хэрэлдээд байсан. Тэгж байснаа манай эгч Э.С-ийн нүүрийг маажсан. Тэгснээ хоолойг нь гараараа боож байгаад хана руу 2 удаа мөргүүлсэн. Өөр бол зодож цохиогүй ээ. Тухайн үед манай өвөө Соронзонболд болиоч гэсэн ч тоогоогүй ээ. Манай өвөө хараагүй хүн учир салгаж чадаагүй.” гэх мэдүүлэг /хх 16/,
Гэрч Б.С- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр миний төрсөн охин Э.Э.С-э нь манайд буюу Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг 4-3 байрны 3 дугаар орцны подвалд хувцас хунар угаагаад манай гэр орныг цэвэрлэж байхад манай хүргэн буюу Э.Э.С-ийн нөхөр Ч.Ч.У- гаднаас согтуу орж ирсэн. Би өөрөө сохор хүн болохоор цаг яг хэд болж байсныг тодорхой хэлж мэдэхгүй байна. Ч.Ч.У- нь согтуу орж ирчхээд танай дүүгийнд архи уусан, гэрт нь мөнгөө алга болгосон, дүү чинь авчихлаа гэх мэтийн зүйл яриад тэр хоёр маргалдаад хэрэлдээд эхэлсэн. Тэгж байснаа охиныг маань зодоод байгаа бололтой тэр хоёр бужигнаад эхэлсэн бөгөөд Ч.Ч.У- охиныг маань зодоод толгойг нь хана мөргүүлээд байгаа бололтой чимээ сонсогдоод байсан. Ямар ч байсан 2 удаа хана мөргүүлж байгаа нь сонсогдсон. Мөн охины маань нүүрийг маажчихлаа гэж охин маань надад хэлсэн.” гэх мэдүүлэг /хх 18-19/,
Гэрч Б.Б- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 09-ний өглөө 08 цаг 15 минутын үед гэрээс гараад ажил руугаа явсан. Тэгээд ажлаа хийж байтал орой 18 цагийн үед манай нөхөр С.С.А- над руу залгаад “манай гэрийн хаалганы цоожийг эвдээд гэрт хулгай орсон байна, цохилттой дрилл, өрөм алга болсон байна” гэж хэлсэн. Тэгээд би орой гэртээ ирэхэд манай цоожийг эвдээд хулгай ороод гэрт байсан цахилгаан цохилттой дрилл алга болчихсон байсан.” гэх мэдүүлэг /хх 126/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 612 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.Э.Э.С-ийн биед толгойн дагз хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, хамар, хамрын дор зулгаралт, зүүн нүдний дотор буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, шинэ гэмтлүүд байна.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид эрүүл мэнд болон энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй.” /хх 24-25/,
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх 59-60/,
“Капитал зууч” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ хийсэн дүгнэлт:
“Дунд зэргийн хэмжээтэй цохилттой дрилл /хуучин/ 280.000 төгрөг байна. /хх 129/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 107-111/,
Шүүгдэгч Ч.Ч.У-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 35/, эд хөрөнгийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 77-78/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Ч.Ч.У- нь 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Дархан-Уул аймаг******* гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Э.Э.С-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 09 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг Нарантолгойн 2-**тоот С.С.А-ийн эзэмшлийн гэрийн цоожийг нь эвдэн нэвтэрч, цохилттой дриллийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
“Гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг тус тус ойлгохоор тодорхойлсон байна.
Шүүгдэгч Ч.Ч.У-, хохирогч Э.Э.С-э нар нь гэрлэлтээ төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй хэдий ч гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарна.
Шүүгдэгч Ч.Ч.У-ын дээрх гэмт үйлдэл нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүйн/-н улмаас хохирол, хор уршиг учруулсныг гэмт хэрэгт тооцох зохицуулалттай.
Хулгайлах гэмт хэрэг гэдэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох зорилго сэдэлтэйгээр хүч хэрэглэхгүйгээр эзэмшигчийн эзэмшлээс нууцаар, хууль бусаар авч өөрийн эзэмшилд авч зарцуулах эрх олж авахыг, хүч хэрэглэхгүйгээр гэж эзэмшигчийн амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулахгүйгээр халдахыг, хууль бусаар авах гэж эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нууц далд аргаар авч өөрийн мэдэлд шилжүүлэхийг тус тус хэлнэ.
Хулгайлах гэмт хэргийг хүн амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэдэг нь шүүгдэгчийн хувьд тухайн цаг үед нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй орон зай байх ба бусдын хууль бус нэвтрэхээс хамгаалж цоож цуурга зүүсэн, цонх шилийг хааж хамгаалсан хоригтой, энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах объектив болон субьектив нөхцөл байдлын үндэслэл болохыг тус тус ойлгоно.
Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээнээс үл хамаарч уг шинжээр нь хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан тул шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөх шинж чанарыг харгалзан үзэж хууль бус нэвтрэлт эсэхийг дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ч.Ч.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тухайн зүйл хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Ч.Ч.У- нь гэмт үйлдэлдээ шууд санаатай хохирол, хор уршгийг хүсч, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангасан, түүний үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна.
Шүүгдэгч Ч.Ч.У- нь хохирогч С.С.А-ид учруулсан хохирол, хор уршгийг төлж барагдуулсан болох хохирогч С.С.А-ийн “...манай гэрээс хулгайлж авч явсан дриллийг шинээр авч өгч хохирлыг барагдуулсан. Тиймээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгээр тогтоогдож байна. /хх 122/,
Харин хохирогч Э.Э.С-э нь эмчилгээний төлбөр нэхэмжилж байгаа гэх боловч хавтаст хэрэгт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирол төлбөр, эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй, мөн хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Ч.Ч.У-ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б- ...шүүгдэгч гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн саналыг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь:
Шүүгдэгч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдож мөрдөн шалгах ажиллагааны үед дахин Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул шүүх хорих ялыг хөнгөрүүлэх нь түүний хувийн байдалд тохирохгүй гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгч Ч.Ч.У-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-д тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцон сольж 50 хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялын хэмжээг 2 жил 50 хоногийн хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг цоожийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ч.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Ч.Ч.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-д тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцон сольж 50 хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хэмжээг 2 жил 50 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч.У-т оногдуулсан 2 жил 50 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Хохирогч Э.Э.С-э нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг цоожийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ч.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Ч.У-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ