Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/302

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2020/0042/Э/001/2021/0059

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,

Улсын яллагч Б.Батсүх,

Хохирогч Ц.О,

Шүүгдэгч А.Бийн өмгөөлөгч А.Мөнхбат,

Шүүгдэгч М.Оын өмгөөлөгч Г.Должинсүрэн,

Шүүгдэгч С.Очын өмгөөлөгч Д.Энхцэцэг,

Шүүгдэгч А.Б, М.О, С.Оч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Т овогт А.Б, Х овогт М.О, Х овогт С.О нарт холбогдох эрүүгийн 1818000990538 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Т овогт А.Б /РД: /, 1977 оны 10 дугаар сарын 01-нд Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, кино, телевизийн найруулагч мэргэжилтэй, ам бүл 5, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй,

2. Монгол Улсын иргэн, Х овогт М.О/РД: /, 1972 оны 8 дугаар сарын 18-нд Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 5, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

3. Монгол Улсын иргэн, Х овогт С.О /РД: /, 1990 оны 9 дүгээр сарын 02-нд Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Бийг Дархан-Уул аймгийн “.............” тын даргаар ажиллаж байх хугацаандаа 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 19 дугаартай тушаалаар биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй С.Очыг Дархан-Уул аймгийн “.............” тын цахилгааны  инженер албан тушаалд томилж, тус байгууллагад ажиллаагүй С.Очын нэрийг цагийн баланст нэмж оруулан 3.352.709 төгрөгийн цалин олгож, 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 72 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч М.Оыг Дархан-Уул аймгийн “.............” тын ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа шүүгдэгч А.Бийн дээрх үйлдэлд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч С.Очыг шүүгдэгч А.Бийн дээрх үйлдэлд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч А.Бийг Дархан-Уул аймгийн “.............” тын даргаар ажиллаж байх хугацаандаа 2017 оны 3 дугаар сард иргэн Д.Обаар тус байгууллагын төгөлдөр хуурыг хөглүүлж, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний зардлыг төлөхийн тулд 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 37 дугаартай тушаал гаргаж, Д.Обыг Дархан-Уул аймгийн “.............” тын концертмэйстрийн албан тушаалд томилж, тус байгууллагад ажиллаагүй Д.Обын нэрийг цагийн баланст нэмж оруулан 541.221 төгрөгийн цалин олгон 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан,

2017 оны 12 дугаар сард иргэн Х.Хын “М” хамтлагийг тус байгууллагын шинэ жилийн арга хэмжээнд оролцуулж, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний зардлыг төлөхийн тулд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 131 дугаартай тушаал гаргаж, Х.Х, Б.М нарыг Дархан-Уул аймгийн “.............” тын хөгжимчин албан тушаалд томилж, тус байгууллагад ажиллаагүй Х.Х, Б.М нарын нэрийг цагийн баланст нэмж оруулан нийт 1.191.944 төгрөгийн цалин олгож төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг зааснаар,

Шүүгдэгч М.Оыг Дархан-Уул аймгийн “.............” тын ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа шүүгдэгч А.Бийн дээрх үйлдэлд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч А.Бийн өгсөн: ...С.Очыг цахилгааны инженерээр томилоод 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэл С.Оч ажиллаж байгаад “тэмцээнтэй чөлөө олгооч” гэхэд нь “тамирчин хүн юм чинь яв” гээд 3 сарын цалинтай чөлөө өгөх эрхийн хүрээнд чөлөө олгосон. Дараагийн удаа “баяр наадмын бэлтгэл дөхөөд байна, аймгийн цолтой бөхийн хувьд цол авмаар байна” гээд наадмын бэлтгэлд явуулахаар цалинтай чөлөө олгосон. Тэгээд С.Оч “энэ янзаараа таны ажлыг хийж чадахгүй юм байна ажлаасаа чөлөөлөгдье” гэхээр нь тушаал гаргаад 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр С.Очыг ажлаас нь чөлөөлсөн. Д.Об нь концертмейстрийн албан тушаалын шаардлагыг хангасан тул тушаал гаргаж томилсон. Д.Об 20 хоног ажилласан. Энэ хугацаанд өөрийнхөө ажил үүргийг биелүүлж, төгөлдөр хуур хөглөөд ажлаа дуусгаад ажлаасаа чөлөөлөгдсөн гэх мэдүүлэг,

Шүүгдэгч М.Оын өгсөн: ...С.Оч, Д.Об, Х.Х, Б.М гэсэн хүмүүс ажилласан гээд цагийн бүртгэл нь хянагдаад надад ирсэн. Удирдлагаас гаргасан тушаал, цагийн бүртгэлийг үндэслэж би цалинг бодож олгосон... гэх мэдүүлэг,

Шүүгдэгч С.Очын өгсөн: ...Цахилгааны инженерийн ажлын байрны тодорхойлолтыг уншиж танилцаагүй. Би ахуйн хүрээнд цахилгааны ажлыг хийж чадна. Театрын хүрээнд хийж чадна гэж бодож байна. Амьдрал дээр бол хийж үзээгүй байна. Би “Их шавь” дээд сургуулийг багш дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн. Цахилгааны инженерээр томилогдоод цалин авсан. Яг хэдийг авснаа санахгүй байна... гэх мэдүүлэг,

Хохирогч Ц.Оын өгсөн: ...Хэргийн материалтай танилцаад шүүгдэгч нарыг 3 шалтгаанаар буруутгаж төсвийн мөнгийг буруу зарцуулсан байна гэж үзэж байна. Санал гомдол, нэхэмжилж байгаа зүйл байхгүй, хуулийн хүрээнд хэргийг шийдвэрлэх байх гэж бодож байна... гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Г.Нийн өгсөн: ...”.............” тын дарга А.Б нь иргэн С.Очыг 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 2017 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд 19 тоот тушаал гаргаж цахилгааны инженерээр ажиллуулсан гэж түүнд 3.352.709 төгрөгийн цалинг олгосон байдаг, мөн 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 37 тоот тушаалаар Д.Обыг театрын концертмейстерийн албан тушаалд томилон 2017 оны 3 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллуулан 487.587 төгрөгийн цалин өгсөн байсан. Мөн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 131 тоот тушаалаар иргэн Х.Х, Б.М нарыг хөгжимчнөөр ажиллуулан тэдгээрт 1,073,824 төгрөгийн цалин өгсөн байдаг. А.Б нь даргын хувьд театртаа ажилтан албан хаагчийг тушаал гаргаж ажилд авах эрх нь байгаа боловч дээрх нэр бүхий 4 иргэнийг ажилд авсан тушаал гаргаж, тэдгээрт ажиллаагүй байхад нь цалин олгосон 3.524.464 төгрөгийг байгууллагад учруулсан хохирол гэж үзэн нэхэмжилнэ гэх мэдүүлэг /3-р хх-ийн 177-178/,

Гэрч Х.Хын өгсөн: ...намайг Дархан-Уул аймгийн “.............” тын даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 131 дугаартай тушаалаар тус театрт хөгжимчнөөр томилсон тушаал гарсныг би огт мэдэхгүй, энэ тушаалын талаар би одоо л сонсож байна. “.............” таас “Күйн” цэнгээний газарт 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр амьд хөгжмийн тоглолт тоглуулмаар байна гэхээр нь бид нар тоглолтын төлбөрийг 1.000.000 төгрөгөөр тохиролцсон. Ингээд манай төлбөрийг урьдчилж өгөхөөр болсон бөгөөд ингэхдээ “бэлнээр бус дансаар шилжүүлнэ” гэж хэлээд миний регистрийн дугаар болон ХААН банкны 5108****** дугаарын дансыг авсан. Мөн “төлбөрийг хувааж хийнэ” гэж хэлээд манай эхнэр Мын регистрийн дугаар, дансны дугаарыг авсан юм. Ингээд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “.............” таас миний болон эхнэрийн дансанд мөнгө орж ирсэн. Тэгэхээр нь би тоглолтын мөнгө байна гэж бодоод авсан. Түүнээс цалин бол биш. Тоглолтын талаар “.............” тын менежер Етой ярилцаж тохиролцсон. “.............” тын нягтлан бодогч гэх хүүхэн утсаар ярьж дуудаж уулзаад “төлбөр хийх гэж байна” гээд регистр болон ХААН банкны дансны дугаарыг авсан.

2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр эхнэр бид хоёрын данс руу 436.929 төгрөг шилжин орсон. “.............” тын менежер Е руу 270.000 төгрөгийг шилжүүлж, 600.000 төгрөгийг хамтлагийн уран бүтээлчдэдээ ажлын хөлс болгож өгсөн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43-44, 3-р хх-ийн 67-70/,

Гэрч Б.Мын өгсөн: Би Дархан-Уул аймгийн “.............” тт огт ажилладаггүй. Манай нөхөр Х ч гэсэн ажилладаггүй. “.............” тын даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 131 дүгээр тушаалыг би мэдэхгүй. Манай гэр бүлийн хүн болох Х нь “.............” таас тоглолтын мөнгөө авах гэсэн юм гээд миний дансны дугаарыг авсан. Тэгээд мөнгө орж ирсний дараа нөхөр лүүгээ энэ мөнгийг шууд шилжүүлсэн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46/,

Гэрч Д.Аийн өгсөн: ...С.Оч, Д.Об, Х.Х, Б.М гэх хүмүүс манай байгууллагад ажилладаггүй. Миний хувьд 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хүний нөөцийн менежерээр томилогдсон учир С.Оч, Д.Об нартай холбоотой ажилд томилогдсон болон чөлөөлөгдсөн талаарх тушаалыг мэдэхгүй. Х.Х, Б.М нарын ажилд томилогдсон тушаалыг харахад миний огт хараагүй хуулийн зүйл заалтыг буруу бичсэн тушаал байсан тул бичиг хэргийн ажилтан Мөнхзулаас тодруулан асуухад “ерөнхий нягтлан бодогч М.О тушаалыг төлөвлөн байгууллагын дотоод сүлжээгээр над руу явуулахаар нь би тушаал болгон гаргасан” гэж хэлсэн. Би “ерөнхий нягтлан бодогч М.О юу гэж ажилд авах тушаал төлөвлөх юм бэ? яагаад худлаа яриад байгаа юм бэ?” гэхэд Мөнхзул “над руу явуулсан тушаал нь миний компьютер дээр байгаа” гээд харуулсан. Би Мөнзултай уулзчихаад ерөнхий нягтлан бодогч М.Отай уулзаж асуухад “би тушаал төлөвлөөгүй. Бичиг хэргийн ажилтан Мөнхзул тушаалыг оруулж ирсэн” гэж хэлсэн. Х.Х, Б.М нарын хувийн хэрэг, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ байхгүй. С.Оч, Д.Об нарын хувийн хэргийг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 36-39/,

 ...намайг цагийн бүртгэлийг хянаад нягтлан бодогч От хүлээлгэж өгөх хүртэл цагийн бүртгэлд Х, М нарын нэр бичигдээгүй байсан тул Х, М нарын нэрийг цагийн бүртгэлд хэн бичсэнийг О л мэднэ. Оч, Об нар нь намайг хүний нөөцийн ажилд томилогдоогүй байхад тушаал нь гараад цалин авчихсан хүмүүс байсан... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 223-225/,

Гэрч М.Еын өгсөн: ...Би дарга А.Б, ерөнхий нягтлан бодогч М.О нарт “шинэ жилийн арга хэмжээнд зориулан 1.000.000 төгрөг гаргаж өгөх боломж байна уу? 600.000 төгрөгийг “М” хамтлагт, 200.000 төгрөгийг хөтлөгч Эд, үлдсэн 200.000 төгрөгийг уран бүтээлчдийн хоол ундны зардалд зарцуулмаар байна” гэхэд А.Б “боломжгүй, байгууллагад тийм их хэмжээний мөнгө байхгүй” гэж хэлсэн. Гэтэл ерөнхий нягтлан бодогч “нэг ийм гаргалгаа байна. “М” хамтлагийн 2 гишүүн дээр ажилд авах тушаал гаргаад, цалингийн сангаас хамтлагийн хөлсийг гаргаж өгье” гэхэд дарга “тэгж болох юм уу?” гэсэн. Ерөнхий нягтлан бодогч “болно. Хын утасны дугаарыг өгчих, би зохицуулна” гээд дугаарыг нь авсан. Би хэд хоногийн дараа Х руу 830.000 төгрөг шилжүүлсэн байснаас Х хамтлагийн хөлсийг аваад 270.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Би 270.000 төгрөгөөс 200.000 төгрөгийг хөтлөгч Эд, 30.000 төгрөгийг шинэ жилийн арга хэмжээнд оролцсон хамтлаг, дуучид, бүжигчдэд ундаа, ус худалдаж авч, 40.000 төгрөгийг арга хэмжээний үед зохиосон хөгжөөнт тоглоомын бэлэгт зарцуулсан... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 40-44/,

Гэрч Б.Мын өгсөн: ...С.Оч, Д.Об, Х.Х, Б.М гэх хүмүүс манай байгууллагад ажилладаггүй. 2017 оны 12 дугаар сард ерөнхий нягтлан бодогч байгууллагын дотоод сүлжээгээр над руу Х.Х, Б.М нарыг ажилд авах тушаалын төслийг шилжүүлэн ирүүлснийг хүлээн авч, албан бланк дээр хэвлэн Б даргад танилцуулж, батлуулсан... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 45-46/,

Гэрч Р.Эын өгсөн: ...С.Оч, Д.Об, Х.Х, Б.М нар манай байгууллагад ажилладаггүй. Цагийн бүртгэлийн хуудас дээрх бичгийн хэв миний бичгийн хэв мөн байна. Гэхдээ Оч гэх нэрийг би бичээгүй. Бусад нэрсийг би бичсэн. С.Очын хувьд манай ангид огт ажиллаж байгаагүй... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 47-49/,

Гэрч П.Чийн өгсөн: ...Д.Об нь жил бүр манай театрын төгөлдөр хуурыг хөглөдөг. 2017 оны 3 дугаар сард нэг төгөлдөр хуурыг 60.000 төгрөгөөр, нийт 6 ширхэг төгөлдөр хуур хөглөсөн. Түүний төгөлдөр хуур хөглөсөн төлбөрийг тушаал гаргаж, цалингийн сангаас олгосон байсан. Х.Хын хувьд 2017 оны 12 дугаар сард манай шинэ жилийн арга хэмжээнд оролцсон нь үнэн. Уг хамтлагийн төлбөрийг өгөхийн тулд тушаал гаргаж, цалингийн данснаас олгосон юм билээ гэх мэдүүлэг /3-р хх-ийн 50-52/,

Гэрч Д.Обын өгсөн: ...Би тус театрт концертмейстрээр томилогдон ажилласан асуудал огт байхгүй. 2017 оны 2, 3 дугаар сард “.............” тын төгөлдөр хуурыг хөглөж, ажлын хөлсөө ХААН банкны 5031****** дугаарын дансаар авсан... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 63-64/,

Шинжээч Д.Мөнхцэцэгийн өгсөн: ...улсын байцаагчийн 23-02-18/06 дугаартай актыг үндэслэлтэй байна гэж үзсэн. Учир нь “.............” тын даргын тушаалаар С.Очыг цахилгааны инженерээр томилж, 2017 оны 02 дугаар сарын 06-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 3.020.459 төгрөгийн цалин олгож, байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэлд 332,250.49 төгрөгийг төлсөн байна. Хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр С.Оч нь “.............” тт ажиллаж байгаагүй нь тогтоогдсон тул төсөвт 3,352,709.49 төгрөгийн хохирол учирсан гэж үзсэн. Харин улсын байцаагчийн 23-02-18/07 дугаартай актын хувьд “.............” тын даргын тушаалаар Д.Обыг концертмэйстрийн албан тушаалд томилж 487.587 төгрөгийн цалин олгож, байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэлд 53,334.57 төгрөг төлсөн, Х.Х, Б.М нарыг хөгжимчнөөр томилж тус бүр 536.912 төгрөгийн цалин олгож, байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэлд 118,120.64 төгрөг төлсөн байна. Хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр Д.Об, Х.Х, Б.М нар нь тус байгууллагад үйлчилгээ үзүүлсэн нь тогтоогдож байх ба дээрх иргэд нь ажлын хөлсөө авсан талаар мэдүүлсэн байдаг. Тус байгууллагын дарга, нягтлан бодогч нар нь дээрх 3 хүнд олгосон ажлын хөлсийг бусдаас ажил, үйлчилгээ үзүүлэх зардлаас гаргалгүйгээр цалингийн зардлаас олгосон нь санхүүгийн зөрчил байна. Цалингийн зардлаас уг ажлын хөлсийг олгосноороо нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 171,755.21 төгрөгийн хохирлыг улсын төсөвт учруулсан байна...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 189-190/,

Шүүгдэгч С.Очыг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс цахилгааны инженерээр түр томилсон тухай Дархан-Уул аймгийн “.............” тын дарга А.Бийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 19 дугаартай тушаал, 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгож хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай Дархан-Уул аймгийн “.............” тын дарга А.Бийн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 72 дугаартай тушаал, түүнд цалин олгосон тухай баримт /1-р хх-ийн 5-27/,

Иргэн Х.Х, Б.М нарыг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хөгжимчнөөр томилсон тухай Дархан-Уул аймгийн “.............” тын дарга А.Бийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 131 дугаартай тушаал, тэдэнд цалин олгосон тухай баримт /1-р хх-ийн 28-31/,

Иргэн Д.Обыг 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс концертмэйстрийн албан тушаалд томилсон тухай Дархан-Уул аймгийн “.............” тын дарга А.Бийн 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 37 дугаартай тушаал, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай Дархан-Уул аймгийн “.............” тын дарга А.Бийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаартай тушаал, түүнд цалин олгосон тухай баримт /1-р хх-ийн 32-35/,

Шүүгдэгч С.Очад олгосон 3.020.459 төгрөгийн цалинг шүүгдэгч А.Б, М.О нараас хувь тэнцүүлэн төлүүлэх тухай улсын ахлах байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 23-02-18/06 дугаартай акт /1-р хх-ийн 68-69/,

Иргэн Д.Обт олгосон 487.587 төгрөг, Х.Ход  олгосон 536.912 төгрөг, Б.Мд олгосон 536.912 төгрөгийг шүүгдэгч А.Б, М.О нараас хувь тэнцүүлэн төлүүлэх тухай улсын ахлах байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 23-02-18/07 дугаартай акт /1-р хх-ийн 70-71/,

Дархан-Уул аймгийн  Санхүүгийн хяналт, аудитын албанаас “.............” тын 2014-2017 оны эхний хагас жилийн баримт шалгасан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 74-97/,

Шүүгдэгч С.Очын ХААН банк дахь 5029****** тоот дансны, иргэн Д.Обын ХААН банк дахь 5031****** тоот дансны, иргэн Х.Хын ХААН банк дахь 5055****** тоот дансны, иргэн Б.Мын ХААН банк дахь 5046****** тоот дансны хуулгануудад үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /1-р хх-ийн 98-243/,

“.............” тын 2017 оны 1-7 сарын цалингийн баримт, 8-12 сарын цалингийн баримт /2-р хх-ийн 167-213/,

Шүүгдэгч С.Очын “.............” тт цахилгааны инженерээр ажилд орохоор гаргасан хүсэлт, хөдөлмөрийн гэрээ, цалинтай чөлөө хүссэн өргөдөл, ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт /2-р хх-ийн 214-232/,

“.............” тын бүтэц, орон тоог баталсан “.............” тын даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай тушаал /2-р хх-ийн 237-238/,

Шүүгдэгч А.Бийг “...........” тын даргаар томилсон Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны ** дүгээр сарын **-ны өдрийн Б/** дугаартай захирамж, “.............” тын даргын ажлын байрны тодорхойлолт, шүүгдэгч А.Бийн “.............” тын даргын албан тушаалд байгуулсан хөдөлмөрийн гэрээ /3-р хх-ийн 90-96/,

Цахилгааны инженерийн ажлын байрны тодорхойлолт /3-р хх-ийн 172/,

Шүүгдэгч М.Оыг “.............” тын ерөнхий нягтлан бодогчоор шилжүүлэн ажиллуулах тухай “.............” тын даргын 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 36 дугаартай тушаал, “.............” тын ерөнхий нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт /3-р хх-ийн 118-119/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 012 дугаартай шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 182-187/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: “.............” тын дарга А.Б нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 19 дугаартай тушаалаар ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй С.Очыг “.............” тт цахилгааны инженер албан тушаалд томилсон. 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 72 дугаартай тушаалаар С.Очын хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Энэ хугацаанд 3 сарын хугацаагаар 2 удаа цалинтай чөлөө олгосон. А.Бийн энэ үйлдэл нь хүн ажилд томилж, чөлөөлөөд хөдөлмөрийн харилцаа үүсгэж байгаа мэт боловч анхнаасаа тус байгууллагад ажиллах санаа зорилгогүй, хий цалин авч өөртөө давуу байдал бий болгоод тамирчныхаа карьерыг хөөх гэсэн С.Очын санааг гүйцэлдүүлж, С.Очад давуу байдал бий болгож байгаа нөхцөл байдал тогтоогдож байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор ашиглаж хуулиар олгосон эрх мэдлээ хэтрүүлэн бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэж байна.

Мөн шүүгдэгч А.Б нь Д.Обаар төгөлдөр хуур хөглүүлж, Х.Хын “М” хамтлагийг байгууллагын шинэ жилийн арга хэмжээнд дуулуулсан. Энэ үйлдлийг бусдаар ажил үйлчилгээ гүйцэтгүүлсэн гэж үзнэ. Бусдаар гүйцэтгүүлсэн ажлын зардлаа холбогдох төсвөөс нь гаргаж төлөх ёстой байхад А.Б нь дүр эсгэсэн байдлаар Д.Обыг “.............” тын концертмистер албан тушаалд, Х.Х болон түүний эхнэр Б.М нарыг “.............” тын хөгжимчин албан тушаалд томилсон шийдвэр гаргаад тус байгууллагад нэг ч өдөр ажиллагаагүй Б.М, Х.Х, Д.Об нарын нэрийг цагийн баланст бичиж оруулаад цалин олгосон. Энэ бол цалингийн зардлыг зориулалтын бусаар зарцуулсан үйлдэл гэж ойлгож байна. Дээрх үйлдлийн улмаас төрд 3.085.874 төгрөгийн хохирол учирсан. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1-т заасан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсон, урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно гэж, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ гэж тус тус заасан.

Шүүгдэгч М.О нь “.............” тын ерөнхий нягтлан бодогчийн хувьд улсын төсвийг зориулалтын дагуу зарцуулах, байгууллагын өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалтад хяналт тавих, 2 дугаар гарын үсэг зурж байгууллагын цалинг бодож, холбогдох тооцоог хийх чиг үүрэгтэй. Гэтэл М.О нь ерөнхий нягтлан бодогчийн хувьд А.Бийн С.Очыг цахилгааны инженерийн албан тушаалд томилж цалин олгоод байгаа үйлдлийг дэмжиж, 2 дугаар гарын үсэг зураад холбогдох харилцааг үүсгэж байгаа эрх бүхий албан тушаалтан юм. Мөн төгөлдөр хуур хөглөсөн Д.Обын, шинэ жилийн арга хэмжээ дээр нь дуулсан Х.Хын ажлын хөлсийг хэрхэн олгох талаар А.Б, М.О нар болон “.............” тын бусад холбогдох ажилтнууд хоорондоо ярилцаж байгаад “Д.Об, Х.Х, Б.М нарыг ажилд томилсон тушаал гаргаад, цалингийн сангаас ажлын хөлсийг нь олгох” шийдэлд хүрсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон. Мөн ерөнхий нягтлан бодогч нь ажил үүргийнхээ хүрээнд тушаал төлөвлөхгүй гэж байгаа боловч М.О нь тэр тушаалыг нь төлөвлөөд бичиг хэрэг дээрээ очиж гаргуулаад дарга дээрээ авч орж батлуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон. Энэ харилцаанд шүүгдэгч А.Б, М.О нар нь үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж харагдаж байгаа. Үүнээс дүгнэхэд М.О нь хуулиар олгогдсон чиг үүргээ огт хэрэгжүүлээгүй, шүүгдэгч А.Бийн үйлдлийг дэмжиж, үйлдлээрээ санаатай нэгдэж, гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцож байгаа нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна.

Шүүгдэгч С.Очын хувьд анхнаасаа тус байгууллагад ажиллах сонирхол, хүсэл, тэмүүлэл байгаагүй, тус байгууллагад ажиллахгүйгээр хий цалин аваад өөртөө давуу байдал бий болгох субьектив санаа зорилгоор А.Бийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэж байгаа.

Эцэст нь хэлэхэд шүүгдэгч А.Б, М.О, С.Оч нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрх үйлдлүүдийг хийсэн ба шүүгдэгч нарын үйлдэл болон учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна гэж дүгнэж байна.

Иймд шүүгдэгч А.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М.Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг, 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч С.Очыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна гэв.

Шүүгдэгч А.Бийн өмгөөлөгч А.Мөнхбат дүгнэлтдээ: Шүүгдэгч А.Б нь албан тушаалын байдлаа ашиглаж С.Очад давуу байдал бий болгосон гэх хэргийн хувьд албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэдгийг Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгоно” гэж зааснаар ойлгоно. Энэ заалтад байгаа “буюу” гэсэн холбоос үгийг монгол хэлний үг, өгүүлбэр зүйн утга талаас нь авч үзвэл ойролцоо ижил утгатай нэг юмыг хэлж буй холбоос үг гэж тайлбарласан байдаг. Хэрэв хууль тогтоогчид албаны эрх ашгийн эсрэг ба хувийн ашиг сонирхлоо гэсэн бол шал өөр утгыг илэрхийлэхээр байна. Жишээ нь: “Сүх жанжин ба Гоймон баатар хүрэлцэн ирэв” гэвэл Сүх жанжнаас гадна дахиад нэг Гоймон баатар хүрэлцэн ирсэн гэж ойлгоно. Хэрэв “Сүх жанжин буюу Гоймон баатар хүрэлцэн ирэв” гэвэл нэг хүн ирсэн юм байна гэж ойлгогдоно. Тиймээс “албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж” гэдэг нь “албан тушаалын эрх мэдлийг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглах” юм байна гэж ойлгогдоно. Гэтэл хавтаст хэргийн материалаас А.Бэд ямар ч хувийн ашиг сонирхол байгаагүй нь харагддаг. С.Очтай холбоотой асуудал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бус шаардлага хангахгүй этгээдийг албан тушаалд томилж байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.11 дүгээр зүйлд заасан дураараа аашлах, 22.12 дугаар зүйлд заасан хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэргийн шинжтэй байж болно. Улсын яллагчаас С.Очыг хамжигчаар хамтран оролцсон гэж байна. Урьдчилан амлаж, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг хамжигч гээд байгаа. Хамгийн гол шинж нь урьдчилж амлах ёстой. Гэтэл С.Очын зүгээс урьдчилж амласан эсэхийг шалгаж тогтоогоогүй.

Шүүгдэгч А.Б нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх хэргийн тухайд улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 06, 07 дугаартай цалингийн зардал төлүүлэх тухай актад “Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д заасан “төсвийн хөрөнгийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах” гэснийг зөрчсөн, Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолыг зөрчсөн” гэж үзсэн. Гэтэл “.............” т нь 2017 оны төсвийн жилд буюу 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал төсвийн жилийн хугацаанд хохиролтой, хор уршигтай, төсвөө хэтрүүлсэн байдлаар ажиллаагүй гэдэг нь төсвийн тайлангаар гараад ирсэн. Мөн хавтаст хэрэгт авагдсан 2019 оны 01 дүгээр сарын 04-ний 12 тоот шинжээчийн дүгнэлтээр “С.Очтай холбоотой Улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны 06 дугаартай акт үндэслэлтэй, Д.Об, Х.Х, Б.М нарт холбогдох Улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны 07 дугаар актыг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй” гээд дүгнэсэн байдаг. Яагаад үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байгаа юм бэ? гээд шинжээчээс байцаалт авахад “санхүүгийн зөрчил байна” гэж мэдүүлсэн байдаг. Улсын байцаагчийн акт, шинжээчийн дүгнэлт хоорондоо зөрүүтэй байгаа тул хайныг нь хагалж дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулах нь зүйтэй. Мөн байгууллагын дарга, нягтлан бодогч нарыг гэм буруутай гэж үзээд байгаа бол тушаалыг боловсруулдаг, цагийн балансыг хянадаг, ажилтнууд ажлаа хийж байна уу гэдгийг шалгадаг чиг үүрэг бүхий хүний нөөцийн ажилтан, Х.Х, Д.Об нарыг ажил хийлгүүлэхээр олж ирсэн хүмүүс нь энэ хэрэгт дэмжлэг үзүүлсэн юм биш үү?. Иймд шинжээчийн дүгнэлт, улсын байцаагчийн акт хоёрын аль нь үндэслэлтэй эсэхийг тогтоох, хамтран оролцсон байж болзошгүй хүмүүсийн үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах, А.Бэд холбогдох хэргийг зохих зүйл ангиар зүйлчлэх зэрэг ажиллагаануудыг хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв.

Шүүгдэгч М.Оын өмгөөлөгч Г.Должинсүрэн дүгнэлтдээ: М.Оыг үйлдлээрээ А.Бийн үйлдэлд дэмжлэг үзүүлэн хамжигчаар хамтран оролцсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийг журамласан байгаа. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлд урьдчилан амласан байх шинжийг заавал шаарддаг. М.Оын урьдчилан амласан гэх шинж бүхий үйл баримтыг тогтоосон нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. С.Очын цалин хөлс авсан хугацааг нь аваад үзвэл 2017 оны 02 дугаар сард анх ажилд орсон, 3 сарын цалинтай чөлөө олгооч гэсэн хүсэлт өгсөн байгаа, ингээд 3 сарын чөлөө олгогдсон. 2017 оны 5 дугаар сард дахиад 2 сарын чөлөө өгөөч гээд хүсэлт өгсөн, энэ асуудал нь мөн шийдэгдсэн. 2017 оны 7 дугаар сард цагийн бүртгэлд ажилласнаар бүртгэчихсэн. Түүнээс прокурорын яриад байгаагаар цалинтай чөлөө олгочхоод давхар цагийн бүртгэлд бүртгээд байгаа асуудал ерөөсөө байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан цагийн бүртгэл бол зөвхөн 7 дугаар сарын цагийн бүртгэл байгаа гэдгийг нэмж хэлэх нь зүйтэй. М.О нь С.Очад 2017 оны 02 дугаар сараас 2017 оны 6 дугаар сарыг дуустал энэ хүнд цалинтай чөлөө олгоё гэсэн шийдвэрийн дагуу түүнийг анх ажилд авсан тушаалыг үндэслээд цалин хөлсийг бодож олгож байсан. Цагийн бүртгэлийг ангийн дарга хийгээд, хүний нөөцийн ажилтнаар хянуулдаг. Хүний нөөцийн ажилтан, ангийн дарга аль аль нь гарын үсэг зурсан цагийн бүртгэлийг үндэслэж 7 дугаар сард цалинг олгосон. М.Оын хувьд энэ гэмт хэрэгт ямар сэдэл, санаа зорилгоор оролцсон юм бэ? Энэ талаар хавтаст хэрэгт ямар ч нотлох баримт авагдаагүй байгаа.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд А.Бийн үйлдлийг харвал төгөлдөр хуур хөглүүлсэн. Энэ төгөлдөр хуур хэний төгөлдөр хуур байсан юм бэ? А.Бийн төгөлдөр хуур байсан юм уу? гэвэл үгүй, энэ бол байгууллагын төгөлдөр хуур. Байгууллагын төгөлдөр хуурыг хөглүүлэх зайлшгүй хэрэгтэй. Мөн байгууллагын шинэ жилийн арга хэмжээнд хамтлаг дуучид дуулуулсан. Байгууллагадаа тодорхой хэмжээний үйлчилгээ авчихсан юм чинь зардлыг төлөх ёстой. Ямар зардлаас гаргах вэ гэвэл цалин хөлсний зардлаас л гарна. Буруутай үйл ажиллагаа юу байгаа вэ гэхээр ажилд авсан тушаал гаргаад байгаа нь буруу. Гэхдээ энэ нь өөр иргэний юм уу захиргааны хэргийн шүүхээр явагдах асуудал. Нийгэмд аюултай үйлдэл байна уу гэвэл байхгүй. Үр шимийг нь хэн хүртэж байна вэ гэвэл байгууллага л хүртэж байна. Түүнээс А.Б, М.О нар эдгээрээс үр шим хүртээгүй. Дээрх хоёр үйлдлийн улмаас учирсан хор хохирол гэж юу байсан бэ? гэдэг талаар ярихад Захиргааны хэргийн 3 шатны шүүхээр улсын байцаагчийн 3 актыг хянаад Д.Об, М хамтлаг, С.Оч нарт цалин олгосон үйлдлийн хохирлыг тогтоогоод М.Оаас 2.293.000 төгрөгийг гаргуул гээд шийдчихсэн. Энэ мөнгийг М.О төлөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусчихсан. Иймд өнөөдөр гэмт хэргийн улмаас учруулан хор хохирлын талаар яригдах ёсгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд заасан. Хэрэв шүүх М.Оын үйлдлийг гэмт хэрэг гэж үзвэл нийгэмд аюултай үйлдэл, хор уршиг байхгүй учраас М.Оын Д.Об, Х.Х нарын ажлын хөлсийг олгоод байгаа үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулж байгаа үйлдэл юм биш үү?. Ямар нэгэн хор хохирол учруулаагүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4-т Гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан бол гэмт хэрэгт тооцохгүй гэсэн зохицуулалт байгаа. Иймд М.От холбогдох үйлдлийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа тул М.Оыг цагаатгаж өгөхийг шүүхээс хүсэж байна. Мөн М.Оын улсын байцаагчийн актын дагуу төлсөн 2.293.000 төгрөг дээр шүүх дүгнэлт хийж өгнө үү гэж хүсэж байна гэв.

Шүүгдэгч С.Очын өмгөөлөгч Д.Энхцэцэг дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэг нь авлигын эсрэг гэмт хэрэг байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан гээд гэмт хэргийн субъектийг тодорхой заачихсан. Өнөөдөр С.Оч нь нийтийн албан тушаалтан биш тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъектийн шаардлагыг хангахгүй байгаа юм. Улсын яллагч яллах дүгнэлтдээ дэмжлэг үзүүлсэн гэж байгаа. С.Оч нь нийтийн албан тушаалтан биш учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлд зааснаар яаж дэмжлэг үзүүлэх юм бэ? Мөн С.Оч нь ямар байдлаар урьдчилан амласан юм бэ? Энэ талаар хавтаст хэрэгт ямар ч баримт авагдаагүй. Миний үйлчлүүлэгчийн хувьд яллах дүгнэлтэд дурдагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект биш учир С.Очыг цагаатгаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна гэв.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар Дархан-Уул аймгийн “.............” тын дарга А.Б нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 19 дугаартай тушаалаар цахилгааны инженерийн ажлын байрны тодорхойлолтод заасан боловсрол, мэргэжил, туршлага, ур чадварын шаардлагыг хангахгүй С.Очыг Дархан-Уул аймгийн “.............” тт цахилгааны инженерийн албан тушаалд томилж, 2017 оны 8 дугаар сарын 22-нд ажлаас чөлөөлөх хүртэл нийт 3.020.459 төгрөгийн цалин олгож, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлд 322,250.49 төгрөг төлсөн, энэ хугацаанд С.Очад 2017 оны 02 дугаар сарын 08-наас 3 сарын хугацаатай цалинтай чөлөө, 2017 оны 5 дугаар сарын 10-наас 2 сарын хугацаатай цалинтай чөлөө тус тус өгсөн,

2017 оны 3 дугаар сард Д.Обаар Дархан-Уул аймгийн “.............” тын төгөлдөр хуурыг хөглүүлсэн, 2017 оны 12 дугаар сард өөрийн байгууллагын шинэ жилийн арга хэмжээнд “М” хамтлагийг урьж тоглуулсан ба эдгээр хүмүүсээс авсан үйлчилгээний хөлсийг төлөхдөө Дархан-Уул аймгийн “.............” тт ажиллах хүсэлт гаргаагүй, Д.Обыг 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 37 дугаартай тушаалаар концертмейстрийн албан тушаалд түр томилж, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлж, тус байгууллагад ажиллаагүй Д.Обт цалингийн сангаас 487.587 төгрөгийн цалин олгож, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлд 53,634.57 төгрөг төлсөн, мөн “М” хамтлагийн ахлагч Х.Х, түүний эхнэр Б.М нарыг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 131 дугаартай тушаалаар Дархан-Уул аймгийн “.............” тт хөгжимчин албан тушаалд томилж, тус байгууллагад огт ажиллаагүй Х.Ход цалингийн сангаас 536.912 төгрөгийн цалин олгож, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлд 59,060.32 төгрөг төлсөн, Б.Мд 536.912 төгрөгийн цалин олгож, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлд 59,060.32 төгрөг төлсөн гэх үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримтыг үгүйсгэсэн, няцаасан нотлох баримтууд хэрэгт авагдаагүй, улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь хэргийн үйл баримтын талаар маргахгүй байна.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Бийг Дархан-Уул аймгийн “.............” тын даргаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар,

Шүүгдэгч М.Оыг Дархан-Уул аймгийн “.............” тын ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа шүүгдэгч А.Бийн дээрх үйлдлүүдэд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар,

Шүүгдэгч С.Очыг шүүгдэгч А.Бийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэлд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг гэдэг нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан этгээдүүд буюу нийтийн албан тушаалтан нь хуулиар олгогдсон бүрэн эрх, эрх мэдлээ өөртөө болон бусдад давуу байдал бий болгох гэсэн хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор ашиглаж байгаа үйлдлийг ойлгох ба энэ үйлдэл нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх, бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байх, хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх зэргээр илэрнэ.

Шүүгдэгч А.Б нь Дархан-Уул аймгийн “.............” тын даргын хувьд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар нийтийн албан тушаалтанд хамаарах ба Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журамд зааснаар ажилтан томилох, чөлөөлөх эрх бүхий этгээд юм.

Шүүгдэгч А.Б нь С.Очыг ажлын байрны тодорхойлолтод заасан боловсрол, мэргэжил, туршлага, ур чадварын шаардлагыг хангаагүй болохыг мэдсээр байж Дархан-Уул аймгийн “.............” тын цахилгааны инженер албан тушаалд томилсныг хуулиар олгогдсон дээрх эрх мэдэл, албан тушаалын байдлаа өөрийн танил С.Очад эдийн засгийн давуу байдал бий болгох гэсэн хувийн ашиг сонирхлоор урвуулан ашигласан гэж үзэх ба энэ талаарх улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч М.О, С.Оч нар нь А.Бийн дээрх үйлдэлд дэмжлэг үзүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Учир нь: гэмт хэрэгт хамтран оролцох гэдгийг хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг хэлэх ба гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцдог. Үүнээс гэмт хэргийн хамжигч гэж урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг ойлгоно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект нь нийтийн албан тушаалтан байхаас гадна энэ гэмт хэргийн хамжигч нь гэмт этгээдийн үйлдэлд дэмжлэг үзүүлж чадахуйц эрх мэдэл, албан тушаалтай, өөрт олгогдсон эрх мэдэл, албан тушаалын байдлаараа дэмжлэг үзүүлэх талаар урьдчилж амласан этгээд байна.

Шүүгдэгч М.О нь Дархан-Уул аймгийн “.............” тын ерөнхий нягтлан бодогчоор ажилладаг, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан нийтийн албан тушаалтан мөн бөгөөд эрх мэдэл, албан тушаалын байдлаараа А.Бийн үйлдэлд дэмжлэг үзүүлж чадахуйц этгээд юм.

Гэвч энэ байдлаа ашиглан шүүгдэгч А.Бийн С.Очад давуу байдал олгож байгаа үйлдэлд дэмжлэг үзүүлэх талаар урьдчилан амласан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Мөн шүүгдэгч С.Оч нь нийтийн албан тушаалтанд хамаарахгүйгээс гадна түүнийг шүүгдэгч А.Бийн үйлдэлд дэмжлэг үзүүлж чадахуйц эрх мэдэл, албан тушаалтай этгээд гэж үзэхгүй юм.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.О, С.Оч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна гэж үзлээ.

“.............” т нь 2017 оны 3 дугаар сард Д.Обаар төгөлдөр хуураа хөглүүлж, 2017 оны 12 дугаар сард шинэ жилийн арга хэмжээндээ “М” хамтлагийг  урьж тоглуулжээ.

Дархан-Уул аймгийн “.............” тын төсвийн хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээдүүд болох дарга А.Б, ерөнхий нягтлан бодогч М.О нар нь дээрх үйлчилгээний хөлсийг төлөхдөө Д.Обыг 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 37 дугаартай тушаалаар концертмейстрийн албан тушаалд түр томилж, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 487.587 төгрөгийн цалин олгосон, “М” хамтлагийн ахлагч Х.Х, түүний эхнэр Б.М нарыг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 131 дугаартай тушаалаар хөгжимчин албан тушаалд томилж, Х.Х, Б.М нарт тус тус 536.912 төгрөгийн цалин олгосон байна.

Дархан-Уул аймгийн “.............” т нь Соёлын тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар иргэдэд соёл урлагийн үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий орон нутгийн чанартай төрийн байгууллага бөгөөд А.Б, М.О нар нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар төсвийн хөрөнгийг өөрийн байгууллагын чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээнд зарцуулахгүй байх үүрэгтэй.

Иргэн Д.Обаар төгөлдөр хуур хөглүүлж байгаа нь Дархан-Уул аймгийн “.............” тын үндсэн чиг үүрэг болох иргэдэд соёл урлагийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд нийцсэн байгаа тул Д.Обт ажлын хөлс өгснийг төрийн чиг үүрэгт хамаарахгүй үйл ажиллагааг төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн буюу төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж үзэхгүй.

Харин “М” хамтлагийг урьж өөрийн байгууллагын шинэ жилийн арга хэмжээнд тоглуулж байгаа нь “.............” тын үндсэн чиг үүрэг болох иргэдэд соёл урлагийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд хамаарахгүй байгаа тул Х.Х, Б.М нарт ажлын хөлс өгснийг төрийн чиг үүрэгт хамаарахгүй үйл ажиллагааг төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн буюу төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж үзэхээр байна.

Гэвч шүүгдэгч А.Б, М.О нарын дээрх үйлдлийн нийгмийн аюулын хэр хэмжээ нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит, ноцтой хор хохирол учруулаагүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заажээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Очад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, шүүгдэгч М.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, шүүгдэгч А.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.О, С.Оч нарыг цагаатгах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч А.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгч А.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас С.Очад 3,020,459 төгрөгийн цалин олгож, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлд 322,250.5 төгрөг төлснийг гэмт хэргийн хохиролд тооцож нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 171 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 46 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн М.О нь улсын ахлах байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 23-02-18/06 дугаартай актын төлбөрөөс өөрт холбогдох 1,510,229.5 /3,020,459:2=1,510,229,5/ төгрөгийг төлсөн болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолоор нотлогдож байна.

Иймд гэмт хэргийн нийт хохирол болох 3,342,709.5 төгрөгөөс /3,020,459+322,250.5=3,342,709.5/ шүүгдэгч М.Оын нөхөн төлсөн 1,510,229,5 төгрөгийг хасаж, үлдэх 1,832,480 төгрөгийг шүүгдэгч А.Б, С.Оч нараас хувь тэнцүүлэн тус бүрээс нь 916,240 төгрөгийг гаргуулж Дархан-Уул аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч А.Б нь 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 150,000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 716,582 төгрөгийг тус тус төлсөн болох нь 4 дүгээр хавтаст хэргийн 196, 197 дугаар талд авагдсан ХААН банкны мөнгөн шилжүүлэг болон банк хоорондын шилжүүлгийн баримтаар нотлогдож байх тул түүнээс гаргуулах төлбөрөөс хасаж тооцон шүүгдэгч А.Бээс 49,658 /916,240-866,582=49,658/ төгрөг гаргуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Б нь гэм буруугийн шүүх хуралдааны дараа 49,658 төгрөгийг хохирогч Ц.Од өгсөн болох нь мөнгө хүлээлцсэн баримтаар нотлогдож байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар С.Очаас 916,240 төгрөг гаргуулж, Дархан-Уул аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт олгож, шүүгдэгч А.Б нь хохирол төлбөрт төлөх төлбөргүй болохыг дурдвал зохино.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч А.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгч А.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил 2 сарын хугацаагаар хасаж, 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан ба өмгөөлөгч А.Мөнхбатаас шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2017 оны 02 дугаар сард үйлдэгдсэн тул 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д заасан ялыг оноож өгнө үү, үгүй бол хөнгөрүүлэх нөхцөл байгааг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно” гэж заасан.

Шүүгдэгч А.Бийн үйлдэл нь 2017 оны 02 дугаар сарын 06-наас эхэлж, 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр төгссөн. 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарах тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Шүүгдэгч А.Б нь урьд 1 удаагийн ял шийтгэлтэй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3-р хх-ийн 87/, шийтгэх тогтоолын хуулбар /4-р хх-ийн 59-61/-аар нотлогдож байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч А.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч А.Бийн цалин, орлого, ам бүлийн байдал, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 18 сарын хугацаанд сар бүр 300.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгээр шинжилгээ хийлгэж, шинжээчийн дүгнэлт гаргуулсан зардал болох 800.000 төгрөг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцогдох тул гэм буруутай этгээд буюу шүүгдэгч А.Бээс 800.000 төгрөгийг гаргуулж Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнд олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Б, М.О, С.Оч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгч М.О, С.Оч нарыг цагаатгасан тул тэдэнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч А.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 5, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х овогт С.Оад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, шүүгдэгч Х овогт М.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, шүүгдэгч Т овогт А.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Х овогт М.О, Х овогт С.О нарыг цагаатгасугай.

2. Шүүгдэгч Т овогт А.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бэд оногдуулсан 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 18 /арван найм/ сарын хугацаанд сар бүр 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч А.Б нь хохиролд төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бээс 800.000 /найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнд олгосугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар С.Очаас 916.240 /есөн зуун арван зургаан мянга хоёр зуун дөч/ төгрөгийг гаргуулж, Дархан-Уул аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт олгосугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч М.О, С.Оч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүдэгч А.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР