Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2006

 

Д.Бын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/01536 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Б,

Хариуцагч О ОНӨААТҮГ-т холбогдох,

 

О ОНӨААТҮГ-ын даргын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/606 тоот тушаалыг хүчингүй болгох, ажлаас үндэслэлгүй халсныг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 7 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацааны удаан жилийн нэмэгдэл хөлс, үр дүнгийн шагнал гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Н.Баярсайхан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-т 1984 оноос хойш ажилласан. 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс бүтцийн өөрчлөлтөөр тус газрын ХҮТ 3-т ажиллаж байтал байгууллагын дарга Батсайхан 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/606 тушаалаар Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3-ын даргаар ажиллаж байсан намайг ажлаас чөлөөлсөн. ОСНААУГ-ын дүрмийн 8.8 дахь заалт, Удирдах газрын дүрмийн 8.3, 8.3.1, 8.8 гэсэн зүйлийг үндэслэн ажлаас халсан.

Хариуцсан салбарын орлогын төлөвлөгөөг бууруулсан, хариуцсан салбарын удирдуулж байсан ажилчдаас гомдол ирсэн гэсэн нь үндэслэлгүй. 2017 он гарсаар надтай үр дүнгийн гэрээ байгуулаагүй. Ажилчин, албан хаагчид гомдол ирүүлсэн гэх боловч ямар гомдлыг үндэслэл болгосон нь ойлгомжгүй байна. Төлөвлөгөөний биелэлт бол зөвхөн даргын үйл ажиллагаанаас гадна байцаагч, борлуулалтын байцаагч нараас хамаардаг.

Миний бие хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргаж байгаагүй, өөр ажил албан тушаалд очих өргөдөл Батсайхан даргад өгөөгүй, харилцан тохиролцож өргөдөл гаргасан зүйл байхгүй тул Б/606 тоот тушаалыг хүчингүйд тооцуулах, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, удаан жилийн нэмэгдэл гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үр дүнгийн шагнал гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ананд, Д.Гансүх нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хэрэглэгчдэд үйлчлэх төв 3-ийн даргын ажил үүргийг хөдөлмөрийн гэрээгээр харилцан тохиролцсон байгаа. 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Д.Бтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд 1.12.2-т ажилтны үр дүн шаардлага хариуцлагыг харгалзан ажлын байрыг өөрчилж шилжүүлэн томилохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасны дагуу талууд харилцан тохиролцно. Мөн 2.1.7, 2.2.6-д ажлын зайлшгүй шалтгаанаар шилжин ажиллах үүрэгтэй гэж зааж өгсөн.

ОСНААУГ бол хуулиар зохицуулаагүй харилцааг дүрмээр зохицуулдаг. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолоор ОСНААУГ-ын дүрмийг шинэчлэн баталсан байдаг. Хөдөлмөрийн гэрээг 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/606 тоот тушаалаар дуусгавар болгож, өөртэй нь зөвшилцөж цалинг буруулахгүйгээр 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/615 тоот тушаалаар Д.Быг ахлах оператораар шилжүүлэн томилсон бөгөөд 850 000 төгрөгийн цалинтай ажилд шилжүүлсэн.

Нийслэлийн засаг даргын 2013 оны 452 дугаартай захирамжаар бүх захирамжийн баримтууд цахим системд шилжсэнтэй холбоотой тус тусад нь тушаал гаргасан. 2016 оны 11 дүгээр сараас ажил доголдоод 2017 оны 03 дугаар сард төлөвлөгөө биелэлт хамгийн доод түвшиндээ орж, ажилчид нь гомдол гаргах болсон. Хөдөлмөрийн гэрээг цуцлахгүйгээр өөр ажилд шилжүүлэх асуудал яригдаж өөр ажилд шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.2.11, 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.2, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт /ОНӨ ААТҮГ/ холбогдох Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/606 тоот тушаалыг хүчингүй болгож, ажлаас үндэслэлгүй халсныг тогтоолгох, урьд эрхэлж байсан Хэрэглэгчдэд үйлчлэх төв 3-ын даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 700 000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх удаан жилийн нэмэгдэл хөлс 510 000 төгрөг, үр дүнгийн шагнал 1 153 832 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай Д.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.5-д заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41 600 төгрөгийг Төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Бт олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ үндэслэлгүйгээр хэт нэг талыг барьж, хариуцагчийн нотлох баримтаар нотлогдоогүй тайлбарыг шийдвэрийн үндэслэл болгон, хариуцагчийн хүсэлтээр оролцуулсан гэрч нь ашиг сонирхлын зөрчилтэй, хувийн эрх ашигаа бодож хийсэн тайлбарыг үндэслэсэн, нэхэмжлэлийн шаардлагаас хальж, нэхэмжлэлд дурдаагүй, сөрөг нэхэмжлэл гаргаагүй асуудлыг өөрийн санаачилгаар шийдвэрт нэмж оруулсан, шалгагдаж нотлогдоогүй баримтыг шийдвэрийн үндэслэл болгож, мөн хуульд заасан шаардлагыг хангаагүй нотлох баримтыг үнэлэн шийдвэрлэсэн нь дугаар 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.6-д заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож авсан хариуцагчийн хуульд нийцэхгүй тайлбар нь хөдөлмөрийн гэрээний 1.12.2-т “...ажилтны үр дүн шаардлага хариуцлагыг харгалзан ажлын байрны өөрчлөлтийг шилжүүлэн томилохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар талууд харилцан тохиролцоно.” гэсэн заалтыг баримталсан мэтээр илт худал, нотлох баримтгүй үндэслэл гаргасан бөгөөд ажил олгогч ажлаас халсан тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасныг үндэслэсэн нь уг тушаал хууль бус болохыг нэн түрүүнд нотолж байна.

Анхан шатны шүүхийн үндэслэсэн ажлын байрны үндсэн зорилгоо биелүүлээгүйгээс борлуулалтын байцаагч нартай үл ойлголцол үүсгэж, 2017 оны 1-3 дугаар сарын төлөвлөгөөний биелэлтийг бууруулсан нь нотлогдсон гэж дүгнэсэн нь огт үндэслэлгүй. Учир нь, нэр бүхий борлуулалтын байцаагч нарын сахилгын арга хэмжээ авахуулсан талаарх нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтуудаар захиргаанд гомдол гаргасан байцаагч нарын гомдол үндэслэлгүй болох нь нотлогдож байх ба захиргаа нь эдгээр гомдлын үндэслэл болсон урамшуулал олгоогүй болон сахилгын арга хэмжээгээр цалин бууруулсан нь үндэслэлтэй, үндэслэлгүй эсэхийг хөдөлмөрийн дотоод журмын дагуу ямар нэгэн байдлаар шалгаж тогтоогоогүй, тушаалд заасан зөрчлийг шалгасан талаарх материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт ажил олгогч гаргаж өгөөгүй тохиолдолд тушаалын үндэслэлийг хариуцагч болон гэрчийн тайлбар бүрэн нотлохгүй гэж үзнэ.

ОСНААУГ-ын даргын 2017 оны 05 дугаар сарын 03-ны Б/606 тоот тушаалын үндэслэлийг харахад ажлаас халж буй үндсэн шалтгаан нь ажилтнуудаас гомдол гаргасан, төлөвлөгөө бууруулсан гэж зааж байгаа атлаа захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлаагүй нь тушаал нь хуульд нийцэж гараагүй болохыг баталж байна. Өөрөөр хэлбэл, захиргааны санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийг баримтлан ажлаас хална гэсэн ямарч хууль зүйн ойлголт байж болохгүй бөгөөд энэ нь “Хөдөлмөрийн гэрээ, дотоод журмыг зөрчсөн ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэлийн аль нэг хэлбэрийг сонгон шийтгэл ногдуулдаг.

Зарим тохиолдолд дээрх зүйл, заалтад байхгүй “Албан тушаал бууруулах”, мөн цалин, хөлсний тодорхой хувиар бус "мөнгөн дүн"-гээр сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь буруу юм. Тухайлбал, ажилтны албан тушаалыг бууруулж, өөр албан тушаалд ажиллуулах тухай шийдвэр гаргаж байгаа нь тухайн ажилтныг ажлаас халсан гэсэн ойлголтод хамаарна." гэж УДШ-ээс тайлбарлаж зөвлөсөнтэй илт зөрчилдөж байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа өөр ажилд шилжүүлсэн нь үндэслэлгүй талаар огт маргаагүй бөгөөд албан тушаал бууруулсан, өөр ажилд томилсон эсэх нь ажлаас үндэслэлгүй халсан маргаанд огт хамааралгүй бөгөөд энэ нь хариуцагчийн зүгээс гаргаж буй үндэслэлийг нотлохгүй. Өөрөөр хэлбэл, бид ажлаас халсан нь үндэслэлгүй талаар маргасан болохоос өөр ажилд шилжүүлж байгаа талаар огт дурдаагүй бөгөөд нэгэнт хөдөлмөрийн гэрээний харилцан тохиролцох тухай заалт буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасныг баримтлаагүй тул өөр ажилд томилсон тухай Б/615 тоот тушаалын талаар маргах шаардлагагүй, хууль бус гэж үзнэ.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлд хамааралгүй, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргаагүй байхад хууль бус ажлаас халсан талаар шүүхэд гомдол гаргах сургаар хариуцагч өөр ажилд шилжүүлсэн /авсан/ мэтээр тушаал нөхөн гаргаж, тэгээд ч уг тушаал өнөөдрийг болтол нэхэмжлэгч Д.Бт танилцуулагдаагүй байгаа нь ажлаас халсан хууль бус Б/606 тоот тушаалтай эрхзүйн хувьд адил үйлчлэх захиргааны акт биш болохыг шууд нотолж, энэхүү хууль зөрчсөн акт нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох гол дүгнэлт болсонд гомдолтой байна. Аливаа хууль бус актыг үндэслэн гаргасан акт нь өөрөө эрх зүйн хувьд хүчингүй буюу мөн адил хууль бус акт гэж үзнэ.

Хэрэгт нотлох баримтаар авсан нэг талын буюу хариуцагчийн шинээр гаргасан баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2. дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн атлаа борлуулалтын байцаагч нарын шалган шийдвэрлээгүй гомдол гэгч баримтуудыг гаргасныг нотлох баримтаар үнэлсэн, эдгээр гомдлууд нь нэгдүгээрт шалгаж тогтоосон болон үндэслэлтэй эсэх талаар ямар нэгэн захиргааны акт дүгнэлт гараагүй, гарын үсгийн баталгаагүй, хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй, мөн үр дүнгийн талаар буюу төлөвлөгөө бууруулсан гэх ямар нэгэн захиргааны акт дүгнэлт гаргаагүй, 2017 оны үр дүнгийн гэрээ огт байгуулаагүй атлаа ховын чанартай, нотлох баримтгүй, гомдол гаргасан байцаагч нарын өөрсдийнх нь ажлын алдаа дутагдалд тохирсон сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрсөн байхад захиргаа Д.Быг ажлаас халах үндэслэл болгож, нотлогдоогүй хуурамч мэдээллийг нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх баримт болгож байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.6-д заасныг зөрчсөн гэж үзнэ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Д.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмаар үнэлж чадаагүйгээс шийдвэр үндэслэл бүхий болоогүйг зөвтгөн шийдвэрлэх боломжтой байна.

            Нэхэмжлэгч Д.Б Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт холбогдуулан тус газрын даргын 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б\606 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох, урьд эрхэлж байсан байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Ажил олгогч нь Д.Быг ажлаас чөлөөлсөн дээрх тушаалыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, 10 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалт, ОНӨААТҮГ-ын дүрмийн 8.3.1, 8.8 дахь заалтыг үндэслэж ажилтныг хариуцсан салбарын орлогын төлөвлөгөөний биелэлтийг бууруулсан, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн зөрчлийг гаргасан гэжээ.

            Нэхэмжлэгч Д.Б нь өөр ажил албан тушаалд очихыг зөвшөөрч харилцан тохиролцсон зүйл байхгүй гэж маргасныг хариуцагч баримтаар няцааж чадаагүй, өөр ажилд шилжүүлэх талаар хэлэхэд дуугарахгүй гарч явсан гэж шүүх хуралдаанд тайлбарлажээ. Иймд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэх тушаалын үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ.

            Мөн хэрэглэгчдэд үйлчлэх төвийг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах, ажилтнуудад сургалт зохион байгуулах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг дотоод удирдлага зохион байгуулалтын ажилд хяналт тавих ажлын байрны үндсэн зорилгоо биелүүлээгүйгээс төлөвлөгөөний биелэлт буурсан гэх тушаалд дурдсан зөрчлийг шалган тогтоож, дүгнэсэн баримтыг хариуцагчаас гаргаагүй ба хэрэгт авагдсан нэр бүхий ажилтнуудын өргөдлийг хавсарган, зохих арга хэмжээ авахуулахаар хариуцагч байгууллагад хүргүүлсэн Д.Бын гарын үсэг бүхий албан бичиг, орлогын төлөвлөгөөний биелэлт \хх-46\ гэх борлуулалтын мэргэжилтэн Ж.Цолмонцэцэгийн гарын үсэг бүхий баримт нь Д.Бын ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэснийг шалгаж тогтоосон гэж үзэхгүй тул тушаалын энэ үндэслэл тогтоогдохгүй байна.

            Түүнчлэн өөр ажилд шилжүүлснийг мэдээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч баримтаар няцаагаагүй, 5 дугаар сарын 3-ны өдрийн Б\606 дугаар тушаалаар Д.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож шийдвэрлэсэн тул тус байгууллагын дүрмийн 8.3.1, 8.8-д зааснаар ажилтныг сэлгүүлэн ажиллуулсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

            Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3-ын даргын албан тушаалаас Д.Быг чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр  нь хуульд нийцээгүй байх тул түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар ажилгүй байсан 4 сарын хугацааны 6 727 668 төгрөгийн олговрыг нэхэмжлэгчид олгох, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих хэмжээгээр суутган дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын цалингийн нийлбэр 5 045 750 төгрөгөөс 1 сарын дундаж цалин хөлсийг тодорхойлбол 1 681 917 төгрөг болж байх бөгөөд ажилгүй байсан 4 сарын хугацаагаар тооцоход 6 727 668 төгрөг болох тул уг хэмжээгээр олговрыг тодорхойлж хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч ажил олгогчийн тушаалыг хүчингүй болгох, ажлаас үндэслэлгүй халсныг тогтоолгох гэж шаардлагаа тодорхойлсон боловч энэ нь ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарч байгаа болно.

            Анхан шатны шүүх зохигчдын тайлбар, хэргийн баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүйг хэрэгт авагдсан баримтын хүрээнд дээрх байдлаар залруулан зөвтгөх боломжтой байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/01536 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг         “1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Быг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв 3-ын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
  2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан 4 сарын хугацааны  6 727 668 төгрөгийн олговрыг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Д.Бт  олгосугай.
  3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Д.Бын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл төлсөн тухай бичилтийг хийхийг хариуцагчид даалгасугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д

зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

                        ШҮҮГЧИД                                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ