Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2020/0137

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: П.Я  

            Хариуцагч:  ТӨБЗГ.

          Гуравдагч этгээд:  “УБТЗ”  ХНН.

      Нэхэмжлэлийн шаардлага: “Засгийн газрын 2003 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 82 дугаар “Орон сууц хувьчлах тухай” тогтоолыг биелүүлж миний эзэмшиж буй орон сууцыг надад хувьчлахыг ТӨБЗГ-т даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Б, нэхэмжлэгч П.Я нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б  нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч П.Я  шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлээ: “Иргэн П.Я би Нийслэлийн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд "Засгийн газрын 82 дугаар тогтоолыг бүрэн гүйцэтгүүлэх буюу П.Я-д хувьчлахыг даалгах, Сүхбаатар дүүргийн ******* хороо, ******* байр ******* орон сууцыг П.Я-д тэргүүн ээлжинд өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох" тухай иргэний нэхэмжлэл гаргасан боловч Нийслэлийн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 102/Ш32019/09067 дугаартай "Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах" тухай шүүхийн харьяалал зөрчсөн гэж үзсэн, Захиргааны ерөнхий хуүлийн ******* зүйлд заасны дагуу Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах тухай зааж өгсөн шүүгчийн захирамжийг 2019 оны 08 дугаар сарын 3 өдөр хүлээн аваад тус шүүхэд хандаж дараах нэхэмжлэлийг гаргаж байна.

         Миний ээж С.Ц-д УБТЗ-н нийтийн хоолны сектороос Төмөр замын ******* байрны *******ын 2 өрөө орон сууцыг 1976 онд олгосон бөгөөд бид энэ орон сууцанд амьдарч байгаад 1987 онд ээж нас барсны дараа би энэ орон сууцыг эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан юм. Орон сууц хувьчлагдаагүй байхад төмөр замын байранд амьдардаг байсан хүмүүс зөвхөн төмөр замын байраар сольж болдог журмын дагуу төмөр замын Барилга орон сууцны 2 ангид ажилладаг Д.А гэдэг хүнтэй 1995 оны 07 сарын 20-ны өдөр байрыг буцааж солих нөхцөлтэйгээр дээрх орон сууцыг ******* байрны ******* 1 өрөө орон сууцаар түр сольж амьдарсан.

       Ингээд амьдарч байх үед Засгийн газрын 2003 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 82 дугаар “Орон сууц хувьчлах тухай” тогтоол гарсан. Үүний дагуу 920 орон сууцыг сууц эзэмшигчдэд нь үнэ төлбөргүй, үе шаттайгаар холбогдох хууль тогтоомжийн дагуу хувьчлахыг Дэд бүтцийн сайд Б.Ж, Төрийн өмчийн хороо Л.П-д даалгасан ба уг тогтоолын дагуу Монгол-Осорын хувь нийлүүлсэн нийгэмлэг “УБТЗ”-ын орон сууцын  төв комисс 2006 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 18/19 дугаартай “Орон сууц хувьчлах бэлтгэл ажлыг хангах тухай” шийдвэр гаргаж 920 айлын орон сууцыг хувьчилсан бөгөөд гагцхүү П.Я миний амьдарч буй орон сууцыг хувьчлаагүй үлдээсэн. Энэхүү орон сууцтай холбоотой асуудлаар миний бие төмөр замын байгууллагатай хууль хяналтын байгууллагаар явсаар өнөөдрийн өдөр хүрсэн ба иргэний шүүхэд хандаж явсаар шүүгчийн дээрх захирамжаар тус захиргааны хэргийн шүүхэд хандах ёстойг ойлгосон.

    Энэ бүх маргаан гол асуудал нь Засгийн газрын тогтоол шийдвэрийг гүйцэтгэх үүрэг бүхий байгууллага нь тогтоол шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавьдаггүй, бүрэн гүйцэд биелүүлсэн эсэхийг шалгаж тогтоолгүй орхигдуулсантай холбоотой байгаа ба үүнийг далимдуулан төрийн өмчийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг болох УБТЗ дур зоргоороо өөрийн балансад бүртгэж миний хууль ёсны эрх ашгийг хохироосоор ирлээ. Үүний  нэг баримт бол УБТЗ нийгэмлэг намайг миний эзэмшиж буй байрнаас нүүлгэн гаргах тухай нэхэмжлэл удаа дараа иргэний шүүхэд гаргасан боловч Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 858 тоот шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр намайг хууль бусаар эзэмшээгүй байна гэдгийг тогтоож өгсөн бөгөөд Иргэний хуулийн104 дүгээр зүйлийн 104.4-д заасны дагуу орон сууцаа хувьчлан авахад, төмөр  замын байгууллагын янз бүрийн шаардлага саад болох учиргүй юм байна. /Өөрөөр хэлбэл намайг орон сууц хөлслөх гэрээ байгуулаагүй, төмөр замд ажилладаггүй гэх мэт над руу буруугаа үүрүүлсэн асуудал нөлөөлөхгүй юм байна/. Энэ учраас миний бие өмгөөлөгчөөрөө дамжуулан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын  газарт хандсан боловч хууль тогтоомжийг гүйцэтгүүлэх арга хэмжээ авалгүй, хариу тоотоор зөвлөгөө өгсөн байна.

         Иймд Засгийн газрын 2003 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 82 дугаар “Орон сууц хувьчлах тухай” тогтоолын биелэлтийг бүрэн гүйцэтгүүлэх, /миний эзэмшиж буй орон сууцыг надад хувьчлахыг ТӨБЗГ-т даалгаж өгнө үү” гэжээ.

       Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: П.Я  гэдэг хүн “төмөр зам”-ын байгууллагад тодорхой хугацаанд ажиллаж байсан.Энэ хугацаанд ажиллаж байх хооронд Засгийн газрын 2003 оны 04-р сарын 02-ны өдрийн 82 дугаартай орон сууц хувьчлах тухай тогтоол гарсан. Энэ тогтоолын дагуу 920  орон сууцыг тухайн үед эзэмшиж байсан эзэмшигчдэд нь үнэ төлбөргүй хувьчлахыг шийдвэрлэсэн тогтоол гарсан.

           Гэтэл Монгол улсын хувь нийлүүлсэн Улаанбаатар “төмөр зам”-ын орон сууцны төв комисс гарч энэ ажлыг хэрэгжүүлэхдээ, П.Я-ийн амьдарч байсан орон сууцыг хувьчлахгүй үлдээсэн. Энэ хувьчлахгүй байгаа асуудлаа П.Я-ийг “төмөр зам”-ын байгууллагад ажилладаггүй, халагдсан гэх шалтаг шалтгаан зааж энэ орон сууцыг нь хувьчилдаггүй, энэ талаар гаргасан тушаал, дүрэм журмаа гаргаж ирдэг. Гэхдээ миний үйлчлүүлэгч энэ тушаал, дүрэм журмын аль хэсгийг нь зөрчсөн нь  тодорхой бус зөвхөн аман хэлбэрээр мэдэгдэж ирсэн. Миний үйлчлүүлэгчийн ээж нь насаараа “төмөр зам”-ын байгууллагад ажиллаж ирсэн. Иргэний хуулийн зохицуулалтын дагуу энэ орон сууцын 10 ба түүнээс дээш жил ашиглаж, эзэмшиж байгаа этгээд тэргүүн эгнээнд энэ орон сууцыг өмчилж авах эрхтэй байдаг. Гэтэл “төмөр зам”-ын байгууллага Иргэний суурь хуулиас давсан дүрэм журмыг гаргаж баримталсан. П.Я-ийг тухайн байгууллагад ажилладаггүй, ажиллаж байгаагүй, ажилд оруулсан боловч ажилдаа ороогүй, хуурамч нотлох баримт бүрдүүлж хуулийн байгууллагад шалгагдаж байсан гэх шалтгаан заагаад өнөөдрийг хүртэл энэ орон сууцыг хувьчлаагүй.

       Энэ асуудалд үндсэндээ ТӨБЗГ ямар нэгэн байдлаар үүн дээр хяналт тавьсан, чиг үүрэг өгсөн зүйл байхгүй. Үүнийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тайлан одоо хүртэл тодорхойгүй байгаа. Миний үйлчлүүлэгчид зөвхөн боломжгүй гэдэг тайлбарыг өгөөд орон сууцыг нь хувьчлахгүй асуудал байгаад байна. Үнэхээр хууль тогтоомжийнхоо хүрээнд холбогдох заалтуудыг зааж таны орон сууцыг бид өгөх боломжгүй гэдэг албан ёсны бичгээр хариу өгсөн зүйл байхгүй. П.Я  холбогдох бүхий л шатны газраар  тухайн  цаг үеэс явж эхэлсэн, 2003 онд тогтоол гарснаас эхлүүлээд хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэдэг үндэслэлээр цагдаад өгөөд шалгуулсан, миний үйлчлүүлэгчийг ажилд эргүүлэн томилсон боловч мэдэгдээгүй ийм нөхцөл байдлыг улмаас шүүх хурал болж байгаа зүйлээ ч мэдэгдээгүй асуудлаас болоод тухайн асуудлаа шийдвэрлээгүй байдаг боловч холбогдох маргааны тасалдуулалгүйгээр өнөөдрийг хүртэл явж ирсэн асуудал байгаа. Ийм учир П.Я-ийг  хууль бусаар тухайн орон сууцыг эзэмшиж байгаа нь тогтоогдоогүй өнөөдрийг хүртэл, энэ ямар баримтаар тогтоогддог вэ гэхээр “төмөр зам”-ын  удирдах газар миний үйлчлүүлэгчийг энэ орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа тул албадан гаргуулж өгнө үү, гэсэн нэхэмжлэлийг Иргэний шүүхэд удаа дараа гаргаж байсан боловч энэ нэхэмжлэлийг шүүх хүлээж авалгүй удаа дараа хэрэгсэхгүй болгож байсан. Хэрэгсэхгүй болгож байсан үндэслэл нь юу вэ гэхээр орон сууц хөлслөх гэрээ байхгүй ч П.Я  хууль бусаар орон сууцыг эзэмшиж байгаа нь тогтоогдохгүй байна. Ийм учир энэ хүнийг албадан нүүлгэн гаргах нөхцөл байдал байхгүй гэдэг үндэслэлээр энэ нэхэмжлэлийг шийдвэрлээгүй байгаа. Хэн алиныхан  нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй шийдвэрүүд байгаа боловч энэ асуудал шийдэгдээгүй өнөөдрийг хүрч байна. Энэ асуудал шийдэгдээгүй байгаа гэдэг нь “төмөр зам”-ын байгууллага өнөөдрийг хүртэл П.Я-ийг  орон сууцнаас нүүлгэж чадахгүй, боломжгүй болсон. Яагаад гэвэл шүүхээс энэ хүн энэ орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа нь тогтоогдохгүй байна гэж Улсын дээд шүүх тогтоолоор тогтоосон байгаа.

Нөгөөтэйгөөр П.Я-ийн  гаргаж байгаа нэхэмжлэлийн зарим заалтуудыг хангаагүй орхисон. Энэ байрны эзэмшигчээр тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хууль зүйн үндэслэл нь өөрөө П.Я  гэдэг хүн тухайн орон сууцыг анхнаасаа эзэмшиж байсан учраас үүнийг тогтоох шаардлага байхгүй гэж шийдвэрлэсэн асуудал байгаа. Тэгэхээр Засгийн газрын тогтоолын шийдвэрийг бүрэн хангаагүй байна, тухайн комисс энэ тогтоолыг биелүүлэхдээ П.Я-ийн  асуудлыг тал бүрээс нь нотлох баримтын хүрээнд үнэлэхгүй орхигдуулж шийдвэрлэсэн асуудал байгаа. Ингэж орхигдуулж шийдвэрлэсэн учир бүрэн гүйцэт биелүүлэхийг даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ Засгийн газрын 2003 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн “Орон сууц хувьчлах тухай” 82 дугаар тогтоолын биелэлтийг бүрэн гүйцэтгүүлэх, өөрийн эзэмшиж буй орон сууцыг хувьчлахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгах тухай иргэн
П.Я-ийн  нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хууль зүйн үндэслэл бүхий тайлбар, татгалзлыг гаргаж байна.

Засгийн газрын 2003 оны 82 дугаар тогтоолоор “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн эзэмшлийн орон сууцыг эзэмшигчдэд нь үнэ төлбөргүй, үе шаттайгаар хувьчлахаар шийдвэрлэсэн байдаг.

Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Хувьчлах орон сууцыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн үндсэн дээр орон сууц хөлслөх сууцаа хувьчлан авах эрхтэй” гэж хуульчилсан.

 Иргэн П.Я  нь “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй орон сууц эзэмших гэрээ болон орон сууц хөлслөх гэрээ байгуулаагүй байна.

Орон сууц хувьчлахтай холбоотой гарсан гомдол, маргааныг шийдвэрлэх харилцааг Орон сууц хувьчлах тухай хуулийн 4 дүгээр бүлгээр зохицуулсан бөгөөд тус бүлгийн 23 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Орон сууц эзэмших эрхтэй холбогдон үүссэн маргааныг шүүх хянан шийдвэрлэнэ” гэжээ. Улсын Дээд Шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2******* тогтоолоор Орон сууц хувьчлах тухай хуулийн дээрх заалтыг тайлбарлахдаа хувьчлагдах орон сууцын эзэмшигч хэн болох талаар маргааныг ерөнхий харьяаллын шүүх иргэний журмаар хянан шийдвэрлэхийг хэлнэ гэжээ.

Нэхэмжпэгч П.Я нь орон сууцны эзэмшигчээр тогтоолгох, хувьчлах зөвшөөрөл олгохыг даалгах тухай нэхэмжлэлийг Баянгол дүүргийн шүүхэд гаргаж байсан байх бөгөөд тус шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2078 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсэгт: “П.Я  нь *******ны ******* сууцанд 37 жил амьдарч байгаа хэдий ч орон сууцны эзэмших эрхийн бичиггүй, хариуцагч байгууллагатай эзэмших гэрээ байгуулаагүй байх тул түүнийг уг сууцыг гэрээгээр эзэмшиж байгаа эзэмшигч гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.” гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ Энэ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байгаа болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан байдаг.

Иймд түүнд орон сууц хувьчлан авах эрх хуулийн хүрээнд үүсээгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Засгийн газрын 2003 оны 82 дугаар тогтоолоор “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн эзэмшлийн орон сууцыг холбогдох хууль тогтоомжийн дагуу эзэмшигчдэд  нь үнэ төлбөргүй, үе шаттайгаар хувьчлахаар шийдвэрлэсэн. Энэ тогтоолд П.Я-д хувьчил гэсэн шийдвэр огт дурдаагүй, холбогдох хууль тогтоомж нь юу вэ гэхээр Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хувьчлах орон сууцыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн үндсэн дээр орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байгаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүд тухайн сууцаа хувьчлан авах эрхтэй.” гэж хуульчилсан өгсөн байгаа. Иргэн П.Я  нь “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй орон сууц эзэмших гэрээ болон орон сууц хөлслөх гэрээ байгуулаагүй хууль ёсны эрхийн бичиг байхгүй хөлслөх гэрээ байхгүй ийм оршин суугч байна. Ийм учир Улаанбаатар “ төмөр зам”-аас хувьчлах эрхгүй этгээдэд хувьчлах боломжгүй. Орон сууц хувьчлахтай холбоотой гарсан гомдол, маргааныг шийдвэрлэх харилцааг Орон сууц хувьчлах тухай хуулийн 4 дүгээр бүлгээр зохицуулсан бөгөөд тус бүлгийн 23 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Орон сууц эзэмших эрхтэй холбогдон үүссэн маргааныг шүүх хянан шийдвэрлэнэ” гэж заасан. Улсын Дээд Шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2******* тогтоолоор Орон сууц хувьчлах тухай хуулийн дээрх заалтыг тайлбарлахдаа “хувьчлагдах орон сууцын эзэмшигч хэн болох талаар маргааныг ерөнхий харьяаллын шүүх иргэний журмаар хянан шийдвэрлэхийг хэлнэ” гэсэн байгаа. Нэхэмжлэгч П.Я  нь орон сууцны эзэмшигчээр тогтоолгох, хувьчлах зөвшөөрөл олгохыг даалгах тухай нэхэмжлэлийг Баянгол дүүргийн шүүхэд гаргаж байсан байх бөгөөд тус шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2078 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсэгт: “П.Я нь *******ны ******* сууцанд 37 жил амьдарч байгаа хэдий ч орон сууцны эзэмших эрхийн бичиггүй, хариуцагч байгууллагатай эзэмших гэрээ байгуулаагүй байх тул түүнийг уг сууцыг гэрээгээр эзэмшиж байгаа эзэмшигч гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.” гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэж заасан байдаг. Иймд түүнд орон сууц хувьчлан авах эрх хуулийн хүрээнд үүсээгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн П.Я-ийн нэхэмжлэлтэй, Засгийн газрын 2003 оны 82 дугаар “Орон сууц хувьчлах тухай” тогтоолын биелэлтийг бүрэн гүйцэтгүүлэх тухай Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгах тухай захиргааны хэрэгт “УБТЗ” ХНН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үл зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна. Үүнд:

          1.“УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны шийдвэр, Монгол улсын Засгийн газрын 2003 оны 82 дугаар тогтоолын дагуу Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн мэдлийн орон сууцыг үнэ төлбөргүй хувьчлах асуудлыг шийдвэрлэх ерөнхий чиглэл, зарчмыг эрх бүхий байгууллагуудтай зөвшилцсөний үндсэн дээр “Орон сууц хувьчлах тухай” хуулийн дагуу хэрэгжүүлж ажилласан.

          2.Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-д: “Төрийн өмчит хуулийн этгээдийн эзэмшилд байгаа орон сууцыг энэ хуулийн дагуу хувьчлах гухай
шийдвэрийг Засгийн газар гаргах бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ тухайн хуулийн
этгээдийн саналыг харгалзан үзнэ. Шийдвэр гарсан тухай бүр Төрийн өмчийн
бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага уг орон
сууцыг хувьчлах ажлыг зохион байгуулна.” гэж заасан.

Энэхүү ажлын хүрээнд Дэд бүтцийн Яамны зам тээвэр, аялал жуулчлалын
бодлого зохицуулалтын газрын дарга Ж.С-т УБТЗ-ын ХЭГ-ын 2003 оны 04
дүгээр сарын 30-ны өдрийн 15/296 тоот албан бичгээр дээрх асуудлын талаарх
саналыг хүргүүлсэн байдаг. Уг албан бичгийн 2 дугаар хавсралтад “УБТЗ” ХНН-ийн орон сууцыг үнэ төлбөргүй хувьчилж авах эрх бүхий иргэдийн жагсаалтын 1
дүгээрт “Одоогоор Хувь нийлүүлсэн нийгэмлэг ажиллаж буй төмөр замчид” гэж
заасан байна.

    3.П.Я  нь Засгийн газрын 2003 оны 82 дугаар тогтоолын дагуу “УБТЗ” ХНН-ийн мэдлийн орон сууцыг хувьчлах үед тус нийгэмлэг хөдөлмөрийн гэрээгээр ажилладаггүй, мөн түүний нэр дээр тус нийгэмлэгийн Орон сууцны дүрэмд заасан журмаар орон сууц хөлслөх эрхийн бичиг, гэрээ олгогдоогүй байсан тул Сүхбаатар дүүргийн 5“ дугаар хороо, ******* байрны *******ыг хувьчлах нөхцөл бүрдээгүй болно.

4.Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т: “орон сууц хувьчлах гэж төрийн өмчийн нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц /өрөө/-г түүнийг хууль ёсоор эзэмшиж байгаа сууц эзэмшигчдийн өмчлөлд шилжүүлэхийг” гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 1-д: “хувьчлах орон сууцыг эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн үндсэн дээр орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байгаа Монгол улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүд тухайн сууцаа хувьчлан авах Эрхтэй” гэж заасан хуулийн шаардлагыг хангахгүй байсан болно.

5.Энэ талаар шийдвэрлэсэн Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2078 дугаартай шийдвэрийн Үндэслэх хэсэгт: П.Я нь ******* байрны ******* сууцанд 37 жил амьдарч байгаа хэдий ч орон сууцны эзэмших эрхийн бичиггүй, хариуцагч байгууллагатай эзэмших гэрээ байгуулаагүй байх тул түүнийг уг сууцыг гэрээгээр эзэмшиж байгаа эзэмшигч гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.” гэж дүгнээд П.Я-ийн орон сууцны эзэмшигчээр тогтоолгох, хувьчлах зөвшөөрөл олгохыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр хэвээр байгаа болно.

Орон сууц хувьчлах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасны дагуу орон сууц эзэмших эрхтэй холбогдон үүссэн маргааныг шүүх хянан шийдвэрлээд, П.Я-ийг Сүхбаатар дүүргийн ******* хороо, ******* байрны ******* сууцыг эзэмших эрхгүй  болохыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр тогтоосон байна.

Иймд П.Я-ийн  нэхэмжлэлтэй, Засгийн газрын 2003 оны 82 дугаар “Орон 3 сууц хувьчлах тухай” тогтоолын биелэлтийг бүрэн гүйцэтгүүлэх тухай Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа. Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-р зүйлийн 14.1-д заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байгаа тул энэ нэхэмжлэл нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл орон сууц эзэмшлийн тухай маргааныг шийдвэрлэсэн шийдвэр нь хавтас хэрэгт авагдсан үүнээс 2013 оны 09-р сарын 28-н өдрийн 2078 тоот шүүхийн шийдвэрээр П.Я  нь тухайн маргаж буй *******ны ******* сууцыг хууль ёсны эзэмших эрхгүй этгээд гэж тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа үүгээр эзэмшлийн маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн байгаа.

Нэхэмжлэгч талаас орон сууц хувьчлахыг даалгах тухай, Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оноос хойш хандаж байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч нь шүүхийн харьяаллаа мэдэхгүй, асуудалд хандаад өнөөдрийг хүртэл хөөн хэлэлцэх хугацаа нь дуусгавар болгох үндэслэл болсон. Нэхэмжлэгч  нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 10-р сард өмчлөх эрх, орон сууц хувьчлахыг даалгах, өмчлөх давуу эрхтэй болгохыг тогтоолгох тухай шүүхэд нэхэмжлэл гаргаад үүнийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01-р сарын 04-ны өдрийн 00603 тоот захирамжаар урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн байна. ТӨБЗГ-т хандах ёстой, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шүүхэд хандах эрхтэй гэдэг хууль зүйн үндэслэлүүдийг зааж өгөөд хэргийг хэрэгсэхгүй болгодог. Үүнээс хойш хавтас хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч орон сууц, нийтийн аж ахуй газарт хандсан түүнээс хариу гараад дараа нь ТӨБЗГ-т хүсэлт гаргасан байдаг. ТӨБЗГ 2019 оны 04-р сарын 10-ны өдөр А1950 тоот албан бичгээр орон сууц хувьчлах тухай хуулийн 7-р зүйлийн 1-д заасан шаардлага хангахгүй байна гэдэг хариуг өгсөн. Энэ төрийн байгууллагын хариуг хүлээн зөвшөөрөх боломжгүй бол 30 хоногийн дотор Захиргааны Ерөнхий хуулийн 90-р зүйлийн 90.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-р зүйлийн 14.1-д зааснаар 30 хоногийн дотор Захиргааны хэргийн шүүхэд хандах ёстой байсан. Энэ 04-р сарын 10-ны өдрийн гомдлыг хэзээ авсан баримт нь байхгүй байгаач  хавтас хэрэгт өгсөн баримтаар буцаад нэхэмжлэгч Баянгол дүүргийн шүүхэд дахиад хандсан байгаа. Тэгтэл орон сууц хувьчлах тухай хуулийн тайлбарласан тухай Улсын дээд шүүхийн 2008 оны тайлбарт “ 23-р зүйлийн 2-д заасан шүүхэд хандана гэдэг нь Захиргааны хэргийн шүүхэд хандахыг ойлгоно” гэж Улсын дээд шүүхийн тайлбарт тайлбарласан мөн 2008 оны Улсын дээд шүүхийн 2*******тай тогтоолын 2.5-д энэ талаар тайлбарласан гэтэл нэхэмжлэгч дахиад 2019 оны 07-р сард Баянгол дүүргийн иргэний шүүхэд хандаад, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 07-р сарын 16-ны өдрийн шүүгчийн захирамж гараад хэргийн харьяаллыг зөрчсөн гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж буцаасан. Тэгэхээр Иргэний хуулийн 3-р зүйлийн 7-д зааснаар хуулийг мэдэхгүй байх нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан тэгэхээр энэ хэрэгт мэргэжлийн өмгөөлөгч оролцож байгаа болохоор энэ асуудлыг мэдэхгүй байна гэж бид ойлгохгүй байна. Тэгэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-р зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Тийм учир нэхэмжлэлийн шаардлага өөрөө үндэслэлгүй байна.

Тухайн маргаж байгаа орон сууц Улаанбаатар “төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн өмчлөлийн орон сууц гэдгийг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр хавтас хэрэгт авагдсан энэ 2013 оны 2078 шийдвэрийн 8 дугаарт хуудсанд заасан байгаа. Энэ *******ны ******* сууц нь тус төвийн балансын хөрөнгөд бүртгэлтэй байна гэсэн шүүхийн шийдвэрээр тогтоосон энэ өгүүлбэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34-р зүйлийн 4-д зааснаар дахин маргах шаардлагагүй нөгөө талаас энэ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хүрээнд нэхэмжлэгч талаас өмчлөлийн асуудлаар магадгүй, тэгэхээр Улаанбаатар “төмөр зам” нийгэмлэгийн өмчлөлийн орон сууц гэдгийг хүлээн зөвшөөрдөг мөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон үйл баримт байгаа.  Нэгэнт Улаанбаатар “төмөр зам” нийгэмлэг өөрийн өмч учраас энэ өмч, орон сууцаа хэрхэн захиран зарцуулах, хэрхэн эзэмшиж ашиглах асуудлыг өөрийн дүрмээр зохицуулдаг. Энэ манай байгууллагын дүрэм мөн хавтас хэрэгт хавсрагдсан байгаа.

Нэхэмжлэгч талын ээжид 1985 онд орон сууцыг олгосны дараахан 1987 онд ээж нь нас бараад тухайн үед ажиллаж байсан гэр бүлийнхэн гишүүнд орон сууцны ордерыг бичиж өгсөн байдаг. Тэгэхээр энэ бүгд Улаанбаатар “төмөр зам”-ын  орон сууцны дүрмээр зохицуулагдаж явсан, харин Иргэний хуулийн 310-р зүйлд хуулийн этгээдийн өмчлөлийн орон сууцны асуудлыг зохицуулсан,  “хөдөлмөрийн гэрээ байгуулж тухайн байгууллагын ажилтныг, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байх хугацаанд орон сууцаар хангана, хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тохиолдолд энэ орон сууцны хөлслөх гэрээ цуцлах эрхтэй” гэж заасан байгаа. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 1997 оны  53 тоот тушаалаар батлагдсан орон сууцны дүрэмд  Улаанбаатар “төмөр зам”-д хөдөлмөрийн гэрээгээр  ажилладаг этгээдүүд орон сууцыг эзэмшиж, ашиглах эрхтэй байна гэж зохицуулсан байгаа. Энэ журмын хүрээнд П.Я  нь Улаанбаатар “төмөр зам”-д ажилладаггүй, 1997 оноос хойш ажиллаагүй учир орон сууцыг эзэмших эрхгүй байна гэж үзэж, Улаанбаатар “төмөр зам” нийгэмлэгээс 1999 оноос хойш орон сууцнаас нүүлгэн гаргуулахаар шүүхэд удаа дараа хандсан. Тэгэхээр энэ асуудлыг шийдвэрлэсэн 10 гаруй шүүхийн шийдвэр байгаа. Тэгэхээр өнөөдөр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр энэ орон сууцыг  хууль ёсоор эзэмшдэггүй байна гэдгийг тогтоож өгсөн. Орон сууц хувьчлах хуулийн 6-р зүйлийн 4-д зааснаар Улаанбаатар “төмөр зам” нийгэмлэг төрийн өмчийн оролцоотой, аж ахуй нэгж байгууллага, Улсын дээд шүүхийн тайлбарт тайлбарлаж  өгсөн. Энэ тайлбарт “ Төрийн өмчийн хувьцаатай буюу төр хувь хөрөнгөө, оруулсан хуулийн этгээдийн эзэмшил ашиглалтад байгаа орон сууцыг хамааруулахгүйгээр түүнийг хувьчлах эсэх асуудлаар бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ” гэж заасан байгаа. Улаанбаатар “ төмөр зам” нийгэмлэгийн бүх нийтийн хурал гэдэг нь Ерөнхий хорооны шийдвэр гардаг. Засгийн газрын 2003 оны 82 тоот тогтоол дээр Улаанбаатар “ төмөр зам”-ын Ерөнхий хорооны холбогдох тогтоолуудыг дурдсан байдаг. Гэтэл энэ орон сууц хувьчлах шийдвэрийг гаргахаас өмнө П.Я  Улаанбаатар “төмөр зам” нийгэмлэгт ажилладаггүй, хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан энэ асуудал эцэслэн шийдвэрлэгдэж дуусан байсан. Ийм учраас орон сууцыг хувьчлах эрх үүсээгүй юм. Орон сууц хувьчлах тухай хуулийн 7-р зүйлийн 1-д  “ хувьчлах орон сууцыг, орон сууц эзэмших эрхийн бичгийн үндсэн дээр орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байгаа иргэнд хувьчлан авах эрхтэй” гэж заасан, өнөөдөр хэрэгт авагдсан баримтууд мөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр П.Я  нь 1994 оноос хойш орон сууц хөлслөх, эзэмших, ордерын сунгалт хийгдээгүй, орон сууц хөлслөх гэрээг өнөөдрийг хүртэл байгуулаагүй учир хууль бус эзэмшигч учраас орон сууц хувьчлах хуулийн дагуу, орон сууцыг хувьчилж авах эрхгүй этгээд юм. Ийм учир нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

Нэхэмжлэгч П.Я Засгийн газрын 2003 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 82 дугаар “Орон сууц хувьчлах тухай” тогтоолыг биелүүлж миний эзэмшиж буй орон сууцыг надад хувьчлахыг ТӨБЗГт даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж дүгнэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 Монгол улсын Засгийн газрын 2003 оны 04 дүгээр сарын 02-ний өдрийн “Орон сууц хувьчлах тухай” 82 дугаар тогтоолоор Монгол-Оросын Хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн орон сууцыг холбогдох хууль тогтоомжийн дагуу сууц эзэмшигчдэд нь үнэ төлбөргүй, үе шаттайгаар хувьчлахаар шийдвэрлэж, энэхүү шийдвэрийн дагуу 1949-1990 онд баригдсан орон сууцыг эзэмшигчдэд нь хувьчилжээ.

Харин нэхэмжлэгч П.Я  Сүхбаатар дүүргийн ******* хороо, ******* байрны ******* орон сууцыг олон жил эзэмшиж уг орон сууцанд амьдарч байгаа хэдий ч Орон сууц хувьчлах тухай хууль, УБТЗын хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар батлагдсан Орон сууцны дүрэмд заасан нөхцөлийг хангаагүй үндэслэлээр түүнд эзэмшиж байгаа уг орон сууцыг хувьчлаагүй хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.

Учир нь Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Төрийн өмчит хуулийн этгээдийн эзэмшилд байгаа орон сууцыг энэ хуулийн дагуу хувьчлах тухай шийдвэрийг Засгийн газар гаргах бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ тухайн хуулийн этгээдийн саналыг харгалзан үзнэ. Шийдвэр гарсан тухай бүр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага уг орон сууцыг хувьчлах ажлыг зохион байгуулна.”, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хувьчлах орон сууцыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн үндсэн дээр орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байгаа Монгол улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүд тухайн сууцаа хувьчлан авах эрхтэй.”,   УБТЗын хэрэг эрхлэх газрын даргын 1993 оны А/97 дугаар тушаалаар батлагдсан “Хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн орон сууцны дүрэм”[1]-ийн 1 дэх хэсэгт “УБТЗын мэдлийн орон сууцны санд зангилаа,өртөө, зөрлөг, замын хэсэг, амралт, сувилал, пионерийн зуслан, мод бэлтгэлийн газар, үйлдвэр албан газар, аж ахуй, соёлын байгууллагуудын мэдэлд байгаа орон сууц, сууцны өрөөнүүд, сууцны биш зориулалтаар ашиглаж байгаа орон сууцны байшингууд хамаарна.”, 2 дахь хэсэгт “Төмөр замын орон сууцны сан нь хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн мэдэлд байна.”, 3 дахь хэсэгт “орон сууцны сан нь УБТЗын хэрэг эрхлэх газар, түүний харьяа бүх үйлдвэр, албан газар, аж ахуй, соёлын болон төмөр замын олон нийтийн байгууллагуудад ажиллагсдыг орон сууцаар хангахад зориулагдана. УБТЗ-д ажиллагсад нь энэхүү зүйлд заагдсан байгууллагуудад ажиллаж байгаа хугацаандаа төмөр замын орон сууц эзэмших эрхээр хангагдана.” гэж тус тус зохицуулжээ.

Гэтэл нэхэмжлэгч П.Я 1997 оноос хойш тус төмөр замын байгууллагад ажиллаагүй, тухайн орон сууцыг эзэмших эрхийн бичиггүй, хөлсөөр ашиглах гэрээ байгуулаагүй байгаа нь уг орон сууцыг хувьчлан авах эрх үүсээгүй, хууль, дүрэмд заасан шаардлагыг хангасан гэж үзэхээргүй байна.

Нөгөө талаар нэхэмжлэгчийн орон сууц хувьчлан авах эрх үүсээгүй тухай түүний нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэж шийдвэрлэсэн Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2078 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.

Түүнчлэн энэхүү иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт тулгуурлан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон....үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэснийг баримтлан гаргасан хариуцагчийн болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбар хуулийн үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч уг орон сууцыг 40 жил эзэмшиж амьдарч байгаа хэдий ч Орон сууц хувьчлах тухай хууль, салбарын байгууллагаас гаргасан орон сууцыг эзэмших ашиглах, хувьчлах талаар гаргасан дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байх тул тухай орон сууцыг хувьчлан авах эрхгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Иргэний хуулийн 10******* зүйлийн 105.1-д “Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах эрхтэй байна.” гэж заасны дагуу нэхэмжлэгчид  уг орон сууцыг хувьчлан өгөх боломжтой байсан гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Учир  нь нэхэмжлэгч уг орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байсан нь нотлогдоогүй бөгөөд Иргэний хуулийн дээрх зохицуулалт энэхүү маргааны үйл баримтад хамааралгүй, хэрэглэгдэхээргүй байна. 

Түүнчлэн маргаан бүхий орон сууцны эзэмшил, хувьчлалын асуудлаар иргэний хэргийн шүүхүүдэд удаа дараа нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж шийдвэрлэгдэж байсан байх бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хүсэлтэд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А-1/950 дугаар албан бичгээр[2] нэхэмжлэгч маргаан бүхий орон сууцыг хувьчлан авах хуулийн шаардлага хангаагүй тухай хариу өгсөн, мөн иргэн П.Я-ийн  Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “УБТЗ”-д холбогдох нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6******* зүйлийн 65.1.3-д заасныг зөрчсөн үндэслэлээр хэрэгсэхгүй  болгон шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-нй өдрийн 000603 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжийг хэрэгт нотлох баримтаар тус тус ирүүлжээ.

Маргаан бүхий орон сууцыг хувьчлан авах асуудлаар ТӨБЗГт гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтэд тус төрийн захиргааны байгууллагаас татгалзсан хариу өгсөн байхад үүнээс 6 сарын дараа нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хугацааг зөрчсөн гэх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үгүйсгэхээргүй байна.

Ийнхүү дүгнэхэд Орон сууц хувьчлах тухай хууль болон “УБТЗ” ХНН-ийн орон сууц хувьчлахтай холбоотой дүрэмд заасан шаардлага хангаагүй үндэслэлээр маргаан бүхий орон сууцыг хувьчлаагүй хариуцагчийн татгалзал нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй, Засгийн газрын 2003 оны 82 дугаар тогтоолыг хэрэгжүүлээгүй гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг үндэслэн ТОГТООХ нь:

1.Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Засгийн газрын 2003 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 82 дугаар “Орон сууц хувьчлах тухай” тогтоолыг биелүүлж миний эзэмшиж буй орон сууцыг надад хувьчлахыг ТӨБЗГ-т даалгах нэхэмжлэгч П.Я-ийн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

                                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            А.НАСАНДЭЛГЭР

 

 

 


[1] Хавтаст хэргийн 116 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 48 дугаар хуудас