Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2016/0313

 

Иргэн Ж.Д-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэйгээр, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э- нарыг оролцуулан хийж, Д- аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Ж.Д-ийн нэхэмжлэлтэй, Д- аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Д- шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Д- аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын дарга Ж.Д- намайг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтыг үндэслэн Д- аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/40 дугаар захирамжаар ажлаас үндэслэлгүй халсан тул эс зөвшөөрч дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

Аймгийн Засаг даргын 2015 оны Б/40 дугаар захирамжид Д- аймгийн Аудитын газраас өгсөн санхүү төлбөрийн актыг хугацаанд нь барагдуулаагүй, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тул Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтыг үндэслэн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын үүрэгт ажлаас халсан байна. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна 26 дугаар зүйлийн 26.1.1 сануулах, албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах гэж хуульчилсан байна. Гэтэл би Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлүүдийг судлан үзэхэд хуулинд заасан заалтуудыг огт зөрчөөгүй ба намайг ажлаас халахдаа хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан ....албан үүргээбиелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна гэснийг огт судлаагүй намайг ажлаас халсан нь хууль бус байна.

Аймгийн Аудитын газраас 2015 оны бүтээгдэхүүн ажил үйлчилгээний төлөвлөгөөний дагуу Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын 2013, 2014 оны үйл ажиллагаа үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитаар 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01/93, 02/94, 03/95, 04/96 тоот актууд тогтоогдсон бөгөөд менежер С.Буяндэлгэр, нярав Т.Туяа нараар 245800 төгрөгийг төлүүлэхээр 2015 оны 01/93 тоот акт тогтоосныг 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр С.Буяндэлгэр 138800 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Т.Туяа 116000 төгрөгийг тус тус тушааж баримт нь НААҮГ-ын санхүүгийн баримт болон аймгийн Аудитын баримтад байгаа, 2015 оны 02/94 тоот актаар хариуцуулсан 100000 төгрөгийг нийгмийн ажилтан А.Мягмаржаргал 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр төлбөрийг барагдуулсан. 2015 оны 03/95 тоот актаар томилолтоор ажилласан 11 ажилтанд 165000 төгрөгийг илүү олгосныг 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр аймгийн Аудитын дансанд тушаан төлбөрийг барагдуулсан. 2015 оны 04/96 тоот актаар 1755500 төгрөгийн 855000 төгрөгийг 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр НААҮГ-аас төлөөд үлдэгдэл 900000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 15-ны дотор төлөхийг аймгийн Аудитын газраас бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний төлөвлөгөөний дагуу хийсэн гүйцэтгэлийг аудитын давтан шалгалтын тайлангаар үүрэг өгч энэ нь намайг ажлаас халахаас өмнө төлөгдсөн ба баримт нь санхүүгийн тайланд байгаа. Надад болон Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын нягтлан, бусад холбогдох хүмүүст хариуцуулсан дээрх төлбөрийг хугацаанд нь барагдуулаагүй гэж надад арга хэмжээ авахуулахаар аймгийн Аудитын газраас 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 547 тоот албан бичгийг аймгийн Засаг дарга А.Энхболдод хүргүүлсэн байсан. Дээрх төлбөрийг барагдуулсан нотлох баримтуудыг би Хууль зүйн хэлтсийн дарга Л.Алтанчимэгт өгсөн ба энэ баримтыг үндэслэн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын дарга Ж.Д-д хариуцлага тооцох үндэслэлгүй болох талаар аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулан, аймгийн Аудитын газарт Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Будхүү надад хариуцлага тооцох үндэслэлгүй гэсэн албан бичгийг хүргүүлсэн болно. Энэ бичгийн сар, өдөр дугаарыг мэдэхгүй байгаа тул Аймгийн Засаг даргын тамгын газраас авна уу. Дээрх бүх баримтуудыг аймгийн Засаг даргын Тамгын газарт би гаргаж өгсөөр байтал аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан Ж.Д- намайг үндэслэлгүйгээр Д- аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/40 дугаар захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтыг үндэслэн төрийн албанаас халсан байна Иймд Ж.Д- намайг Д- аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын албан тушаалд эгүүлэн томилж, Д- аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/40 дугаар захирамжийг хүчингүй болгон шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулж өгнө үү" гэжээ.

Хариуцагч Д- аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Д- аймгийн Аудитын газраас аймгийн Засаг даргад 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Санал хүргүүлэх тухай 547 тоот албан бичигт тус байгууллагаас 2015 оны бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний төлөвлөгөөний дагуу Д- аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын 2013, 2014 оны үйл ажиллагаа, үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитаар НААҮГ-ын менежер С.Буяндэлгэр, 138.8 мянган төгрөгийн түрээсийн орлогын касст тушаагаагүй, нярав Т.Туяа 116.0 мянган төгрөгийн бэлэн мөнгөний орлогын кассын тайланд тусгаагүй орхигдуулсан, Санхүүчдийн баяраар нийгмийн ажилтан А.Мягмаржаргалд үндэслэлгүйгээр 100.0 мянган төгрөгийн шагнал олгосон, түрээсийн орлогоос олсон 1.755.5 мянган төгрөгийг үндэслэх баримтгүйгээр зарцуулсан, албан томилолтоор ажилласан 11 ажилтанд Сангийн сайдын 2011 оны 132 дугаар тушаалаар батлагдсан Зардлын хэмжээг шинэчлэн батлах тухай журам-ын 1 дэх заалтыг зөрчиж 165.0 мянган төгрөгийг давхардуулан олгосон зэрэг зөрчлүүд илэрч төлбөрийн акт тогтоосон, хугацаанд нь бүрэн барагдуулаагүй тул Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасны дагуу Ж.Д-ийг Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын албан тушаалаас халах саналыг ирүүлсэн ба хариу ирүүлэхийг үүрэг болгосон боловч Аудитын газрын төлбөрийн актыг хугацаанд нь барагдуулаагүй, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тул Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасны дагуу Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын үүрэгт ажлаас халсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Г.Гантулга шүүхэд гаргасан тайлбартаа: Д- аймгийн Засаг дарга А.Энхболдын 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/48 дугаар тушаалаар намайг Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргаар түр томилсон тушаал хууль тогтоомжийн дагуу гарсан гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Д- аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Д- аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/40 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Ж.Д-ийг Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 3,337,460 /гурван сая гурван зуун гучин долоон мянга, дөрвөн зуун жаран/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, уг олговроос нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон, суутгахыг Д- аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э- давж заалдах гомдолдоо: Д- аймаг дахь Захиргааны хэргийн шүүх иргэн Ж.Д-ийн ажлаас үндэслэлгүй халсан, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлтэй аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн.

Шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.6, 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалтыг үндэслэн давж заалдах журмаар дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Нэг. Урьдчилсан шийдвэрлэх журам зөрчсөн тухай

Төрийн албаны салбар зөвлөлөөс шийдвэр гаргаагүй, гарах боломжгүй энэ нь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга /Төрийн албаны салбар зөвлөлийн дарга/ -аас үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас бий болсон байхад Д- аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Ж.Д-ийн өргөдлийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэж хариу өгөөгүй гэсэн үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн.

Д- аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга /Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга биш/ Ц.Сүхбаатар нь төрийн албаны салбар зөвлөлийн даргаар томилогдоогүй байсан нь Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 10 дугаар тогтоолоор нотлогдож байгаа болно. Нөгөө талаар төрийн албаны зөвлөл, салбар зөвлөл нь бүтэц бүрэлдэхүүний хувьд орон тооны бус байдаг тул тухайн асуудлыг салбар зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх, хурлын товыг тогтоон хуралдуулах шийдвэр гаргах, шийдвэрлэх боломж байсан болно.

Мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дахь хэсэгт заасны дагуу урьдчилсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх хугацааг 30 хоногоор сунгах эрх төрийн албаны салбар зөвлөлд байсан гэж ойлгож байна.

Хоёр. Ж.Д-ийг ажлаас халах тухай аймгийн Засаг даргын 2015 оны Б/40 дүгээр захирамжид "хугацаанд нь бүрэн барагдуулаагүй тул" гэж заасан байгаа гэтэл шүүх төлбөрүүд бүрэн биелэгдсэн нь нотлогдож байна гэж үзсэн ба уүнд хугацаандаа төлсөн эсэхэд огт анхаарал тавилгүй хэргийг шийдвэрлэсэн.

Гурав. Хэргийн харьяаллын талаар

Нэхэмжлэгч Ж.Д- нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаал буюу Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын албан тушаалыг хашиж байсан нь аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ажилд томилох тухай 590 дугаар захирамж, ажлын байрны тодорхойлолт зэргээр нотлогдож байгаа.

Д- аймаг дахь Захиргааны хэргийн шүүх иргэн Ж.Д-ийн нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн, 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаар шийдвэрээр хэргийг шийдвэрлэсэн.

Гэтэл Монгол улсын Дээд шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн "Иргэний зарим хэргийн харьяаллыг захиргааны хэргийн харьяаллаас зааглах тухай" тогтоолын 2.1-д "Хэргийн харьяалал" гэж тухайн маргаан ямар байгууллагаар шийдвэрлэгдэхийг тодорхойлдог, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бол шүүх уг асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй эсэхийг тогтоодог ойлголт юм

Тогтоолын 2 дахь хэсгийн 2.1.2-д "Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх дагнасан шүүхүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12, 13 дугаар зүйлүүдэд заасан иргэний шүүн таслах ажиллагааны журмаар шийдвэрлэгдэх хэргээс бусад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд холбогдох маргааныг хянан шийдвэрлэнэ" гэж заасан.

Тогтоолын 3 дахь хэсгийн 3.1 буюу "Хөдөлмөрийн эрх зүйн маргаан" гэсэн хэсэгт "Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан төрийн улс төрийн, тусгай, захиргааны албан хаагчдын ажлаас үндэслэлгүй халагдсан тухай маргаантай хэргийг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэх бөгөөд энэ тохиолдолд ажлаас халах шийдвэрийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан байгууллага, албан тушаалтан гаргасан байх шаардлагатай, "Төрийн үйлчилгээний албан хаагчийг ажлаас халах шийдвэрийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан байгууллага, албан тушаалтан гаргасан хэдий ч хөдөлмөрийн эрхийн харилцаа хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсдэг тул тухайн асуудлаарх маргааныг ерөнхий харьяаллын шүүх хянан шийдвэрлэнэ" гэж заасан байна.

Мөн тогтоолын 2 дахь хэсгийн 2.1.3 дахь заалтад "Иргэний болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хэргийн харьяалал зөрчигдсөн тохиолдолд дагнасан болон ерөнхий харьяаллын шүүхүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад заасны дагуу асуудлыг шийдвэрлэнэ" гэж тус тус заасан.

Иймд дээрх тогтоолын 2 дахь хэсгийн 2.1.3.д заалтад заасны дагуу "Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дахь хэсгийг үндэслэн Анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгчээс ...Аймгийн аудитын газрын Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын 2013, 2014 оны үйл ажиллагаа үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитаар ... актууд гарч төлбөр тогтоогдсон, ...төлбөрүүдийг барагдуулсан... талаарх нотлох баримтуудыг Хууль зүйн хэлтсийн дарга Л.Алтанчимэгт өгсөн, түүнчлэн надад хариуцлага тооцох үндэслэлгүй гэсэн албан бичгийг аймгийн Аудитын газарт Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс хүргүүлсээр байтал намайг төрийн албанаас халсан нь үндэслэлгүй ... гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлсон байх ба хариуцагчаас ...Д- аймгийн Аудитын газраас аймгийн Засаг даргад 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Санал хүргүүлэх тухай 547 тоот албан бичгээр ... Ж.Д-ийг Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын албан тушаалаас халах саналыг ирүүлсэн ... Аудитын газрын төлбөрийн актыг хугацаанд нь барагдуулаагүй, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тул ... үүрэгт ажлаас нь халсан нь үндэслэлтэй... гэж маргажээ.

Төрийн аудитын тухай хуулийн 15.1.13-т төрийн албан хаагч хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн нь аудитын явцад илэрвэл түүнд хууль тогтоомжид заасны дагуу сахилгын хариуцлага тооцуулах асуудлыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тавих. Эрх бүхий байгууллага, албан тушаалтан уг асуудлыг зохих журмын дагуу хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа Үндэсний аудитын газарт ажлын 10 хоногийн дотор мэдэгдэнэ, 28 дугаар зүйлийн 28.2-т Дараах тохиолдолд зөрчил гаргасан албан тушаалтныг үүрэгт ажлаас нь халах тухай саналыг төрийн аудитын байгууллага эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ:, 28.2.2-т төрийн аудитын байгууллагаас тавьсан албан шаардлага, төлбөрийн актыг цаг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зүйл заалтаас үзвэл албан шаардлагыг нь биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчил гаргасан албан тушаалтныг үүрэгт ажлаас нь халах тухай саналыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх төрийн аудитын байгууллагын эрхийг тодорхойлжээ.

Харин төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахад мөрдлөг болгох журмыг төрийн албатай холбоотой харилцааг Төрийн албаны тухай хууль, журмаар илүү нарийвчлан зохицуулсан байх тул аудитын байгууллагын сахилгын шийтгэл ногдуулах талаар хүргүүлсэн саналыг эрх бүхий албан тушаалтан шууд хүлээн авч хэрэгжүүлэх үүрэгтэй гэж үзэх боломжгүй юм.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна:, 26.1.З-д төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэлийг ногдуулахдаа эрх бүхий албан тушаалтан нь тус хуульд заасан журмыг зөрчсөнийг болон харгалзан үзэх нөхцөл болгож заасан байх тул зөрчлийн шинж байдал, анх болон давтан үйлдсэн эсэх байдал-ыг тодруулж тогтоосон байхыг шаардсан агуулгатай байхаас гадна сануулах, цалингийн хэмжээг бууруулах, төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэлүүдийн аль нэгийг сонгож ногдуулахаар байна. Өөрөөр хэлбэл, эрх бүхий албан тушаалтан зөрчлийн шалтгаан үндэслэлийг тодруулж тогтоосны үндсэн дээр төрийн албан хаагчид тохирох сахилгын шийтгэлийг ногдуулсан тохиолдолд тухайн шийдвэрийг хууль ёсны гэж үзэхээр байна.

Хэдийгээр биелэлтийг нь шаардаж хугацаа тогтоосон Д- аймгийн Аудитын газрын 2015 оны 05дугаар сарын 05-ны өдрийн 01/93, 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 02/94, 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 03/95, 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 04/96 дугаар актууд хүчин төгөлдөр байх боловч тус аймгийн Аудитын газрын 2015 оны 10 дугаар сарын 01-ний 547 тоот албан бичгээр хүргүүлсэн Ж.Д-ийг ...үүрэгт ажлаас нь халах тухай санал нь төрийн албаны харилцааг журамлан зохицуулсан Төрийн албаны тухай хууль болон Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам-д заасны дагуу зөрчил, түүний шалтгаант холбоо хамаарлыг тодруулан тогтоосны үндсэн дээр шийдвэр гаргах хариуцагчийн эрх хэмжээг хязгаарлах үндэслэл болохгүй юм.

Хэдийгээр Аймгийн Аудитын газрын 2015 оны 01/93, 02/94, 03/95, 04/96 тоот актуудаар тогтоогдсон төлбөр нь тус актуудаар тогтоосон хугацаанд төлөгдөөгүй байсан нь тогтоогдож байх боловч хариуцагчаас дурдагдсан зөрчлүүдтэй холбогдох хариуцлагыг нэхэмжлэгч Ж.Д- дангаараа хүлээх эсэх, өөрөөр хэлбэл, актаар ногдуулсан төлбөрийг хугацаанд нь төлөөгүйн хариуцлагыг зөвхөн нэхэмжлэгч хариуцах эсэх, зөрчлийн шинж байдал түүний шалтгаант холбоо хамаарал, зөрчлийг анх болон давтан үйлдсэн эсэх зэрэг сахилгын шийтгэл ногдуулах болсон үндэслэлтэй холбогдуулан шалгаж тогтоох үүргээ хэрэгжүүлсэн нь тогтоогдохгүй байна.

Иймд Д- аймгийн Аудитын газрын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Санал хүргүүлэх тухай 547 тоот албан бичигт[1] дурдсан үндэслэлийг буюу аудитын шалгалтаар тогтоогдсон зөрчлийн шинж байдал буюу шалтгаант холбоо хамаарлыг шалгаж тогтоолгоогүйгээр ...аудитын газрын 4 актаар тогтоосон төлбөрийг хугацаанд нь бүрэн барагдуулаагүй... гэж дүгнэн тус газраас ирүүлсэн саналыг шууд хүлээн авч нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан Д- аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн маргаан бүхий Б/40 дүгээр захирамж дээр дурдсан Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасантай нийцсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах үед дээрх актуудаар тогтоогдсон төлбөрүүд бүрэн төлөгдсөн болох нь нэхэмжлэгч хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтууд1-аар тогтоогдож байгааг тэмдэглэж байна.

Нэхэмжлэгч Ж.Д- нь 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар Төрийн албаны зөвлөлд хандсан, харин тус зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1582 тоот албан бичигт ...маргаан хянан шалгах комисс томилон 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор Салбар зөвлөлөөрөө хянан шийдвэрлэж, дүгнэлт гарган Ж.Д-д хариу өгөхийн зэрэгцээ хэрхэн шийдвэрлэсэн талаараа Төрийн албаны зөвлөлд мэдэгдэнэ үү гэжээ. Харин Төрийн албаны Салбар зөвлөл дээрх албан бичигт заасан хугацаанд шийдвэрлээгүй болох нь хэрэгт авагдсан Д- аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Хянан шалгах комисс томилох тухай 06 дугаар тогтоол[2], Төрийн албаны салбар зөвлөлийн хянан шалгах комиссын дүгнэлт[3]-ээр тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ж.Д- Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д зааснаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Төрийн албаны салбар зөвлөлөөс шийдвэр гаргаагүй, гарах боломжгүй, энэ нь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаас үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас бий болсон байхад ... анхан шатны шүүх Ж.Д-ийн өргөдлийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэж хариу өгөөгүй гэсэн үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн... гэх давж заалдах гомдол үндэслэлгүйн дээр, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д зааснаар төрийн албан хаагч нь эрх бүхий албан тушаалтны сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд төрийн дээд шатны байгууллага болон шүүхийн аль нэгийг сонгож гомдлоо гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн суурь үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах ... албан тушаал хамаарна гэж заажээ.

Хэдийгээр нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод албан тушаалын ангилал зэрэглэлийг ТҮ-10-1 гэж заасан байх боловч нэхэмжлэгчээс Д- аймгийн Засаг даргын гаргасан захиргааны акттай холбогдуулан маргасан байх тул тус нэхэмжлэлийг шүүх хүлээн авч хэрэг үүсгэж хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-т ...аймаг, ...Засаг дарга гэж заасантай нийцсэн байна.

Түүнчлэн хариуцагчаас нэхэмжлэгч Ж.Д-тэй 2013-2015 онд үр дүнгийн гэрээ байгуулж, үнэлж дүгнэж ирсэн, түүнчлэн түүнийг ажлаас халахдаа төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах харилцааг журамлан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийг баримталсан атлаа ...нэхэмжлэгч Ж.Д- нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаал...хашиж байсан... хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсдэг асуудлаарх маргааныг ерөнхий харьяаллын шүүх хянан шийдвэрлэнэ гэж заасан УДШ-ийн тогтоолыг зөрчсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан уу... гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх Засгийн газрын 1995 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам, Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Засгийн газрын 2010 оны 239 дүгээр тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг зөв тайлбарлан хэрэглэж, сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгаж тогтоох, зөрчил гаргасан албан тушаалтнаас тайлбар авах, урьдчилан мэдэгдэх, уулзаж тодруулах, тэмдэглэл хөтлөх зэрэг ажиллагааг явуулаагүй, хөндлөнгийн байгууллагын саналыг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн шийдвэрийг буруутгаж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг зөв тооцож, уг нөхөн олговроос эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцож олгуулахаар шийдвэрлэсэн нь зөв байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Д- аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ О.НОМУУЛИН

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ