Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 105

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дашням,

Улсын яллагч Ц.Гансүлд,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Өлзийбат,

Шүүгдэгч А.Анхтуяа, түүний өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0-181) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Алтанчимэгийн Анхтуяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2., 233 дугаар зүйлийн 233.2. дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2601 0317 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Алтанчимэгийн Анхтуяа, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1987 оны 3 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, Макс эксим ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан, одоогоор эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 27-317 тоотод оршин суудаг, АА87031809 регистрийн дугаартай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх.

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч А.Анхтуяа нь;

- давтан үйлдлээр 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Макс Эксим ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаанд харилцагч Уно-Фреско ХХК-аас 3 удаагийн үйлдлээр 4.000.000 төгрөг, Мастер Фүүдс ХХК-аас 3.000.000 төгрөг, Цэцэг-Трейд ХХК-аас 2.124.240 төгрөг, Нарантөгс ХХК-аас 1.000.000 төгрөг, Алтанжолоо, Боса, Хоом Плаза төвүүдээс 331.900 төгрөг, буюу нийт 10.456.140 төгрөгийг бэлнээр буюу дансаар авч Макс Эксим ХХК-ний дансанд тушаалгүй хувьдаа завшсан,

- мөн дээрх гэмт хэргийг үйлдэхдээ Макс Эксим ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн тооцоо хийсэн актын компанид үлдэх баримтад 9.675.310 төгрөг гэж бичиж, харилцагч Уно-Фреско компанид очих баримтад 5.398.860 төгрөг гэж арилдаг балаар засварлан хуурамчаар үнийн дүнг өөрчлөн бичиж хуурамч баримт үйлдсэн, 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Макс Эксим ХХК-тай тооцоо хийсэн актад 10.926.119 төгрөг гэж бичиж, Мастер Фүүдэс компанид очих баримтад 7.926.119. төгрөг гэж арилдаг балаар засварлан өөрчилж хуурамч баримт байнга үйлдэж, ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1. дэх хэсэгт зааснаар ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхээс тогтоосон үйл баримтын талаар:

Шүүгдэгч А.Анхтуяа нь Макс Эксим ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаанд буюу 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд давтан үйлдлээр;

-  Уно-Фреско ХХК-аас 3 удаагийн үйлдлээр 4.000.000 төгрөг,

-  Мастер Фүүдс ХХК-аас 3.000.000 төгрөг,

-  Цэцэг-Трейд ХХК-аас 2.124.240 төгрөг,

-  Нарантөгс ХХК-аас 1.000.000 төгрөг буюу нийт 10.124.240 төгрөгийг бэлнээр болон дансаар авч, Макс Эксим ХХК-д тушаалгүйгээр хувьдаа ашиглаж завшсан,

- харин завших гэмт хэргийг Макс эксим ХХК-ийн санхүүгийн баримтад арилдаг балаар бичилт хийж, улмаар мөнгөн дүнг засварлах аргаар үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч А.Анхтуяа: Намайг ажилгүй байхад Макс Эксим ХХК-ийн захирлаар ажилладаг Ганболд захирал ажилгүй байж байхаар манайд ажилд ор гээд намайг тус компанийн сүлжээ хариуцсан худалдааны төлөөлөгчөөр ажилд авсан. Тухайн үед Макс Эксим ХХК нь хугацаа дууссан барааны буцаалт ихтэй байсан бөгөөд тэр төлбөрийг ажилтнуудаараа байнга төлүүлдэг байсан. Тухайн харилцагчаас мэйлээр хугацааны мэдээллийг авдаг ирээгүй тохиолдолд хэлж авах ёстой гэдэг. Ажилд ороод эхэн үед цалин авч чадахгүй хэцүү ажиллаж байсан. Нөхөр маань ажилгүй байсан. Гэтэл бид хоёр зээлээр хашаа байшин авчихсан байсан бөгөөд тус зээлээ төлж чадахгүй банкнаас зээлийн төлбөр нэхэгдэж байсан юм. Тиймээс харилцагч компаниудтай тооцоо нийлж авсан мөнгөнөөс өөрийн банкны зээлийн төлбөрт хийсэн. Тухайн үед тэр мөнгийг ямар нэгэн байдлаар төлнө гэж бодож байсан. Харамсалтай нь даамжирсаар байгаад ийм байдалд хүрлээ. Миний хувьд нэр бүхий 4 харилцагч компаниас нийт 10.124.240 төгрөгийг бэлнээр болон дансаар авч, Макс Эксим ХХК-д тушаалгүйгээр хувьдаа ашиглаж завшсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Харин Алтанжолоо, Боса, Хоом Плаза төвүүдээс буцаасан 331.900 төгрөгийн барааг завшсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь буцаасан барааг худалдааны борлуулагч биш, түгээгч жолооч нар авдаг юм. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би хохирлоо төлж барагдуулна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Өлзийбат: Макс Эксим ХХК нь гадаадаас импортын бараа оруулж ирдэг бөгөөд тус барааг харилцагч сүлжээ дэлгүүр, баар, ресторан гэх мэт байгууллагуудаар дамжуулж зардаг юм. Уг нь манай компани харилцагч байгууллагуудаас барааны мөнгөө дансаар шилжүүлж авбал эрсдэл багатай байдаг. Гэхдээ бодит байдал дээр гэрээнд заасны дагуу тогтоосон хугацаанд сайн дураараа манай данс руу мөнгөө шилжүүлдэг харилцагч компани цөөхөн байдаг. Ихэнх компани хугацаа хэтрүүлдэг. Тийм учраас харилцагч компаниуд руу худалдааны төлөөлөгч нарыг явуулж тооцоо нийлүүлж мөнгийг бэлнээр авахаас өөр арга байдаггүй. Шүүгдэгч А.Анхтуяа нь тооцоо нийлсэн актыг засварлах замаар харилцагч 4 байгууллагаас нийт 10.124.240 төгрөгийг хувьдаа завшсан байна. Үүнийг манай байгууллагын санхүүгийн ажилтнууд болон харилцагч байгууллагын санхүүгийн ажилтнуудтай тооцоо нийлэх үедээ мэдсэн. Алтанжолоо, Боса, Хоом Плаза гэх 3 харилцагч байгууллагаас буцаасан бараа бүтээгдэхүүний асуудал яригдаж байна. Тухайн буцаалтын барааны 331.900 төгрөгийг заавал хохиролд оруулж  авахыг шаардахгүй. Учир нь манай байгууллагын дотоод аудитаар дээрх буцаасан барааг хэн авсныг тодорхойлох боломжгүй байдаг юм. Харин Уно-Фреско, Мастер Фүүдс, Цэцэг-Трейд, Нарантөгс гэх 4 харилцагчаас авсан 10.124.240 төгрөгийг шүүгдэгч нь хувьдаа завшиж компанид хохирол учруулсан нь тодорхой болсон байгаа. Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт цалин бага, суутгал их байсан гэж байна. Гэхдээ энэ нь Анхтуяагийн завшсан үйлдлийг зөвтгөх зүйл биш юм. Ер нь бол манай байгууллага Анхтуяаг хүчээр ажиллуулсан зүйл байхгүй. Түүний хувьд ажлаасаа гарах сонголт нээлттэй байсан. Компаний удирдлагын зүгээс учирсан хохирлоо барагдуулж авах сонирхолтой байгаа гэв.

Мөрдөн байцаалтад:  (Эрүүгийн 2016 2601 0317 дугаартай хэргээс)

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Өлзийбатын өгсөн: ...Анхтуяа нь тус компанид худалдааны төлөөлөгч ажилтай бөгөөд харилцагч байгууллагаас бэлнээр болон дансаар нийт 10.124.240 төгрөг хүлээн авсан боловч тус мөнгийг компанийн дансанд тушаалгүй хувьдаа завшсан байна. Түүний мөнгө завших арга нь харилцагч байгууллагаас барааны мөнгө хүлээн авсан баримт дээр цэнхэр өнгийн арилдаг балаар бичээд үнийн дүнг засварлаж байсан байна. Үүнийг нь манай санхүүгийн ажилтнууд анзааралгүй тооцоо хийдэг байжээ. Харин манай санхүүгийн ажилтнууд харилцагчтай тооцоо нийлэх үед энэ асуудлыг мэдсэн юм. Анхтуяа нь 4 харилцагчаас 10 удаагийн үйлдлээр авсан 10.124.240 төгрөгийг компанийн дансанд тушаалгүй хохирол учруулсан... гэх мэдүүлэг (хх-ийн 13-14 дүгээр хуудас),

Гэрч Б.Сувд (Нарантөгс ХХК-ийн нягтлан бодогч)-ын өгсөн: ...2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Макс Эксим ХХК-ийн ажилтан Анхтуяа Хаан банкны дансаар 500.000 төгрөгөөр 2 удаа буюу нийт 1.000.000 төгрөг шилжүүлж авсан бөгөөд тус мөнгийг компанидаа тушаагаагүй байсныг дараа нь буюу Учрал нягтлан бодогчтой тулгалт хийх үед мэдлээ... гэх мэдүүлэг (хх-ийн 15 дугаар хуудас),

Гэрч Б.Бямбацогт (Уно Фреско ХХК-ийн захирал)-ын өгсөн: ...Макс Эксим ХХК-ийн ажилтан Анхтуяа нь 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2.000.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 1.000.000 төгрөг буюу нийт 4.000.000 төгрөг авсан нь үнэн болно... гэх мэдүүлэг (хх-ийн 20 дугаар хуудас),

Гэрч С.Оюунмаа (Мастер Фүүдс ХХК-ийн нягтлан бодогч)-ийн өгсөн: ...Макс Эксим ХХК-ийн ажилтан Анхтуяа гэх эмэгтэйг мэднэ. Тэрээр 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр манай байгууллага дээр ирээд зарагдсан барааны үнэ болох 3.000.000 төгрөгийг бэлнээр авч явсан. Харин сүүлд сонсоход тэрээр тус мөнгийг компанидаа тушаагаагүй юм билээ... гэх мэдүүлэг (хх-ийн 188 дугаар хуудас),

Гэрч Б.Мөнхзул (Цэцэг Трейд ХХК-ийн тооцооны нягтлан бодогч)-ын өгсөн: ...Макс Эксим ХХК-ийн ажилтан Анхтуяа нь 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 1.143.700 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 764.800 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 952.140 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 363.600 төгрөг буюу нийт 2.124.240 төгрөгийг бэлнээр хүлээн авсан нь үнэн болно... гэх мэдүүлэг (хх-ийн 189 дүгээр хуудас),

Гэрч О.Учрал (Макс Эксим ХХК-ийн нягтлан бодогч)-ийн өгсөн: ...2015 оны 11 дүгээр сарын 30-ны үед буюу манай борлуулалтын ажилтан А.Анхтуяа хүний оронд ажиллаж байгаад нөгөө хүн нь ажилдаа орох болоод тэдний ажлыг хүлээлцэх үед түүний борлуулсан бараа бүтээгдэхүүн, мөнгөн дүнд тулгалт хийтэл нийт 10.124.240 төгрөг дутсан. Яагаад дутаж байгаа талаар Анхтуяагаас асуутал тэрээр хувьдаа ашигласан гэж хэлсэн юм. Анхтуяа манай байгууллагатай харьцдаг компаниудаас бэлнээр болон өөрийн дансаар 10.124.240 төгрөгийг хувьдаа авч, хохирол учруулсан байна. Мөн түүний хариуцаж, байсан бараанаас 914.504 төгрөгийн зөрүү гарсан. Үүнийг Анхтуяа тайлбарлахдаа 327.904 төгрөгийг нь хүлээн зөвшөөрч, үлдсэнг нь хүлээн зөвшөөрөөгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 32 дугаар хуудас),

Макс группын дотоод аудитын албаны шалгалтын тэмдэглэл, дүгнэлт (хх-ийн 28-33 дугаар хуудас), тус албаны тайлан (хх-ийн 38-39 дүгээр хуудас),

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №15 дугаартай шинжээчийн ...Макс Эксим ХХК-ийн дотоод аудитын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан тайлангаар илэрсэн зөрчил нь үндэслэлтэй байна. Харин шинжилгээ хийх явцад Макс Эксим ХХК-ийн дотоод аудитын дүгнэлтээр тогтоосон нийт 11.042.740 төгрөгийн төлбөрөөс 586.600 төгрөгийн барааг харилцагч байгууллага хүлээн аваагүй, буцаалт хийсэн гэх боловч хэнд хүлээлгэн өгсөн нь тодорхойгүй байх тул мөрдөн байцаалтаар тогтоох шаардлагатай байна. Худалдааны төлөөлөгч А.Анхтуяа нь Макс Эксим ХХК-д нийт 10.465.140 төгрөгийн дутагдал гаргасан байна... гэх дүгнэлт (хх-ийн 58 дугаар хуудас),

А.Анхтуяагийн сэжигтнээр өгсөн: ...Би 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Макс Эксим ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажилд орж, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ажлаасаа гарсан юм. Энэ хугацаанд;

- 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Уно Фреско ХХК-ийн захирал Энхжаргалтай тооцоо нийлээд зарагдсан барааны үнэ болох 2.000.000 төгрөг аваад түүнийг компанийн дансанд тушаалгүй, өөрийн зээлийн төлбөрт хийсэн,

- 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Уно Фреско ХХК-ийн захирал Энхжаргалтай тооцоо нийлээд зарагдсан барааны үнэ болох 1.000.000 төгрөг аваад түүнийг компанийн дансанд тушаалгүй, мөн адил өөрийн зээлийн төлбөрт хийсэн,

- 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Уно Фреско ХХК-ийн захирал Энхжаргалтай тооцоо нийлээд зарагдсан барааны үнэ болох 1.000.000 төгрөг аваад түүнийг компанийн дансанд тушаалгүй, мөн адил өөрийн зээлийн төлбөрт хийсэн бөгөөд тус компаниас нийт 4.000.000 төгрөг авч өөрийн зээлийн төлбөрт өгсөн.

- 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Мастер Фүүдс ХХК-ийн тооцооны нягтлан бодогчтой тооцоо хийж, 3.000.000 төгрөг бэлнээр авч, өөрийн зээлдээ хэрэглэсэн,

- Нарантөгс ХХК-тай тооцоо нийлээд манай компанид өгөх 1.000.000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн 5026946407 дугаарын данс руу 2 удаа 500.000 төгрөгөөр хийлгүүлж авсан бөгөөд тус мөнгийг банк миний зээлийн төлбөрт татаж авсан,

- 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Цэцэг трейд ХХК-тай тооцоо нийлж 1.143.700 төгрөг аваад компанийнхаа дансанд 1.100.000 төгрөгийг тушаагаад үлдэгдэл 43.700 төгрөгийг өөртөө хэрэглэсэн,

- 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Цэцэг трейд ХХК-тай тооцоо нийлж 764.000 төгрөг аваад өөртөө ашигласан,

- 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Цэцэг трейд ХХК-тай тооцоо нийлж 952.140 төгрөг аваад хувьдаа хэрэглэсэн,

- 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Цэцэг трейд ХХК-тай тооцоо нийлж 363.600 төгрөг аваад өөрийн зээлийн төлбөрт өгсөн. Цэцэг трейд ХХК-аас авсан мөнгөнөөс нийт 2.124.240 төгрөгийг хувьдаа хэрэглэсэн юм. Ингээд харилцагч компаниудаас авсан мөнгөнөөс нийт 10.124.240 төгрөгийг хувьд хэрэглэсэн нь үнэн болно. Харин ажлаас гарах үед дээрх мөнгөнөөс гадна 914.500 төгрөгийн барааны зөрүү гарсан бөгөөд үүнээс 327.904 төгрөгийг би хүлээж байна. Үлдсэн 586.600 төгрөгийг би үнэхээр мэдэхгүй байна... гэх мэдүүлэг (хх-ийн 78 дугаар хуудас),

А.Анхтуяагийн яллагдагчаар өгсөн: ...Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2. дахь хэсэгт зааснаар сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн үйлдсэн хэргийн талаар өмнө сэжигтний мэдүүлэгт тодорхой хэлсэн байгаа. Мөн өөрийн хариуцсан барааг Алтанжолоо, Боса, Хоом плаза төвүүдээс буцаасан 331.900 төгрөгийн барааг алга болгосон байна. Иймд Макс Эксим ХХК-д нийт 10.456.140 төгрөгийн хохирол учруулсан нь үнэн юм. Би энэ хэргийг банкны зээлтэй байсан учир зээлийн төлбөрөө төлөх гэж ганцаараа үйлдсэн бөгөөд нөхөр болон гэр бүлийнхэндээ зээлийн төлбөрийг өөрөө хийсэн гэж хэлдэг байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 82 дугаар хуудас) болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтаар бүрэн нотлогдсон бөгөөд тэдгээрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ. Эрүүгийн 2016 2601 0317 дугаартай хэрэгт дээрх үйл баримтыг няцаан үгүүсгэсэн нотлох баримт байхгүй байна.

Хууль зүйн дүгнэлтийн талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Анхтуяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2. дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулсныг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1. дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Учир нь шүүгдэгч А.Анхтуяа Макс Эксим ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд өөрт хүлээлгэн өгсөн санхүүгийн баримтад борлуулсан барааны үнийн дүнг арилдаг балаар бичиж, барааны үнийн дүнг өөрчлөн засварласныг бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн арга гэж үзнэ. Түүнчлэн хэрэгт хуурамчаар үйлдсэн гэх санхүүгийн баримт эд мөрийн баримтаар хураагдаагүй, шүүхийн шинжилгээ хийгдээгүй бөгөөд А.Анхтуяа нь ямар нэгэн баримт бичиг, тодруулбал аж ахуйн нэгжийн санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогджээ.

Мөн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №15 дугаартай шинжээчийн дүгнэлтэд ...Харин шинжилгээ хийх явцад Макс Эксим ХХК-ийн дотоод аудитын дүгнэлтээр тогтоосон нийт 11.042.740 төгрөгийн төлбөрөөс 586.600 төгрөгийн барааг харилцагч байгууллага хүлээн аваагүй, буцаалт хийсэн гэх боловч хэнд хүлээлгэн өгсөн нь тодорхойгүй байх тул мөрдөн байцаалтаар тогтоох шаардлагатай байна... гэсэн боловч мөрдөн байцаалтаар түгээгч, жолооч Д.Цэнд зарим барааг хүлээн авч үрэгдүүлсэн болох нь нотлогдсон бөгөөд түүнд холбогдох хэргийг тусгаарлажээ. Харин хуульд заасан бүх арга хэмжээг авсан боловч дээрх төлбөрөөс үлдэгдэл 331.900 төгрөгийн барааг хэн хүлээн авсан нь нотлогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт;

- шүүгдэгч А.Анхтуяа ...намайг ажлаас гарах үед харилцагчаас буцаалт хийсэн барааны үлдэгдэл төлбөрийг хохиролд тооцсон бөгөөд Алтанжолоо, Боса, Хоом плаза төвүүдээс буцаасан барааг би хүлээн аваагүй учир зөвшөөрөхгүй байна... гэж,

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Өлзийбат ...манай байгууллагын дотоод аудитаар Алтанжолоо, Боса, Хоом плаза төвүүдээс буцаасан барааг хэн хүлээн авсныг тодорхойлж чадаагүй бөгөөд 331.900 төгрөгийн хувьд А.Анхтуяа авсан эсэх нь эргэлзээтэй байгаа тул манай байгууллагаас тус мөнгийг нэхэмжлэх гэж шаардахгүй. Харин шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд 331.900 төгрөгийг олгох эсэхийг шийдэж өгнө үү гэж тус бүр мэдүүлсэн.

Иймд эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч А.Анхтуяа нь Алтанжолоо, Боса, Хоом плаза төвүүдээс буцаасан 331.900 төгрөгийн барааг завшсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2. дахь хэсэгт заасан зарчмыг баримтлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2. дахь хэсэгт заасан үндэслэлээр тус үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хавтаст хэргийн 89 дүгээр хуудаст авагдсан Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст ЦЕГ-ын Мэдээлэл, судалгаа, технологийн төвийн санд бүртгэгдээгүй гэсэн дардастай байх тул шүүгдэгч А.Анхтуяаг анх удаа Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Дээрх бүгдээс нэгтгэн, шүүгдэгч А.Анхтуяаг аж ахуйн нэгж, байгууллагын өмчийг давтан үйлдлээр завшсаны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2. дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч А.Анхтуяа нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1., 55.1.9. дэх хэсэгт зааснаар түүнд ял оногдуулахдаа харгалзан үзэв. Харин ял оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Гэвч тэрээр Макс Эксим ХХК-д учруулсан хохирол, төлбөрөө сайн дураар төлж барагдуулаагүй, төлж барагдуулах талаар ямар нэгэн эхлэл, санаачлага гаргаагүй байх тул түүнд хорих ял оногдуулж, ялыг биечлэн эдлүүлэхээр тогтлоо.

Хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч А.Анхтуяа Макс Эксим ХХК-д нийт 10.124.240 (арван сая нэг зуун хорин дөрвөн мянга хоёр зуун дөч) төгрөгийн хохирол учруулсан нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн санхүүгийн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 28-39 дүгээр хуудас), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Өлзийбат, Макс Эксим ХХК-ийн нягтлан бодогч, гэрч О.Учрал, шүүгдэгч А.Анхтуяа нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр бүрэн нотлогдсон байх тул А.Анхтуяагаас 10.124.240 (арван сая нэг зуун хорин дөрвөн мянга хоёр зуун дөч) төгрөг гаргуулж, Макс Эксим ХХК-д олгох нь зүйтэй байна.

Макс Эксим ХХК нь улсын бүртгэлийн 9011379124, регистрийн 5661889 дугаартай, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 15 дугаар хороо, Макс төвийн 2 давхар 203 тоот хаягтай, 322323 дугаарын утастай, 312332 дугаарын факстай, Хаан банкны 5027649040 дугаарын төгрөгийн данстай болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүхэд гаргаж өгсөн хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар (шүүх хуралдаанд гэрчилгээний эх хувийг авчирсан тул харьцуулан шалгасан болно)-т тусгагджээ.

Шүүгдэгч А.Анхтуяа нь цагдан хоригдсон хоноггүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүйг тус тус тогтоолд дурдав. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1., 248.1.2., 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3., 294, 296, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Анхтуяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2. дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулсныг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1. дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч А.Анхтуяагийн холбогдсон Алтанжолоо, Боса, Хоом плаза төвүүдээс буцаасан 331.900 төгрөгийн барааг завшсан үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2. дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Боржигон овогт Алтанчимэгийн Анхтуяаг аж ахуйн нэгж, байгууллагын өмчийг давтан үйлдлээр завшсаны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

4. Шүүгдэгч А.Анхтуяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2. дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 2 (хоёр) жил, 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Анхтуяад оногдуулсан 2 (хоёр) жил, 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Анхтуяа нь цагдан хоригдсон хоноггүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Анхтуяагаас 10.124.240 (арван сая нэг зуун хорин дөрвөн мянга хоёр зуун дөч) төгрөг гаргуулж, хохирогч Макс Эксим ХХК (улсын бүртгэлийн дугаар: 9011379124, регистрийн дугаар: 5661889, Хаяг: Баянгол дүүргийн 15 дугаар хороо, Макс төвийн 2 давхар 203 тоот, утас: 322323, факс: 312332, Хаан банкны 5027649040 дугаарын төгрөгийн данстай)-д олгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3. дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч А.Анхтуяаг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1. дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1. дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Анхтуяад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА