Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2017/01749

 

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2017/01749

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 20 хороо, Тээвэрчдийн задгайд байрлах “ДХЦУ” ХХК /РД:5591864/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Амарсанаа, “Хатан сүлжээ” төв, 4-409 тоотод оршин байх, “Бумбат даваа” ХХК /РД:5037654/-д холбогдох,

 

18,795,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Урансанаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уртнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Урансанаа миний бие 2015 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “Бумбат даваа” ХХК-ийн захирал Б.Болд-эрдэнэтэй авто замын хашлага 5380 ширхэг, 1 ширхэгийг нь 10,000 төгрөг, явган замын хашлага 4000 ширхэг,  1 ширхэгийг нь 2,300 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож барааны төлбөрийг 2015 оны 9 дүгээр сарын 25-ны дотор бүрэн төлж дуусна гэж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээнд зааснаар худалдан авагч тал нь төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 0,5 хувийн алданги төлнө гэж тохирсон. Иймд худалдах худалдан авах гэрээний дагуу төлөх ёстой үлдэгдэл 12,530,000 төгрөг, алданги 6,265,000 төгрөг, нийт 18,795,000 төгрөгийг  “Бумбат даваа” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Урансанаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Манай компани 2015 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “Бумбат даваа” ХХК-тай гэрээ байгуулж, уг гэрээгээр “ДХЦУ” ХХК нь “Бумбат даваа” ХХК-д 1 ширхэг нь 10,000 төгрөгийн үнэтэй 5380 ширхэг авто замын хашлага, 1 ширхэг нь 2,300 төгрөгийн үнэтэй 4000 ширхэг явган замын хашлагыг нийлүүлэхээр харилцан тохирсон. Гэхдээ бид хариуцагч “Бумбат даваа” ХХК-д 1 ширхэг нь 10,000 төгрөгийн үнэтэй 5120 ширхэг авто замын хашлага, 1 ширхэг нь 9,000 төгрөгийн үнэтэй 260 ширхэг авто замын хашлага, 1 ширхэг нь 2,300 төгрөгийн үнэтэй 4000 ширхэг явган замын хашлага буюу нийт 62,740,000 төгрөгийн барааг нийлүүлсэн. Бид анх нэхэмжлэл гаргахдаа 62,530,000 гэж буруу тооцсон байна. Бид хариуцагчаас ямар ч урьдчилгаа аваагүй, итгээд бараагаа нийлүүлсэн. Гэтэл хариуцагч байгууллагын захирал Б.Болд-Эрдэнэ бидэнд мөнгийг төлөхгүй залилсан тул түүнийг цагдаагийн байгууллагад өгч шалгуулсан. Ингээд удаа дараа нэхүүлж, гуйлгуулж байж нийт 50,000,000 төгрөгийг увуулж, цувуулан байж хүлээн авсан. Ингээд нийлүүлсэн барааны үнэ 62,740,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 50,000,000 төгрөгийг хасахаар 12,740,000 төгрөг болж байна. Гэхдээ бид анх нэхэмжлэл гаргаснаараа буюу 12,530,000 төгрөг дээр алданги 6,265,000 төгрөг, нийт 18,795,000 төгрөгийг “Бумбат даваа” ХХК-иас нэхэмжилнэ. Хариуцагч мөнгөн төлбөрийн оронд 40 тонн цемент өгсөн гэж байна. Уг цементийг 7,000,000 төгрөгөөр үнэлсэн гэж байна. Гэтэл манай компани уг цементийг албан ёсоор хүлээж аваагүй. Намайг байхгүй байхад манай хашаанд цемент буулгасан байсан. Манай хашааг хөлсөлж цементээр замын болон явган замын хашлага хийдэг 3 өөр байгууллага байдаг учраас  хэн нь хэдэн тонн цемент авч хэрэглэснийг би мэдэхгүй байна. Бид төлбөрийг цементээр авна гэж тохиролцсон зүйл байхгүй. Хэдийгээр манайд харуулаар ажиллаж байсан байгууллагын ажилтан уг цементийг хүлээн авсан гэж байгаа боловч би албан ёсоор хүлээж аваагүй тул төлөх ёстой төлбөрөөс 7,000,000 төгрөг хасагдах ёсгүй. Тэгээд ч 40 тн цемент 7,000,000 төгрөгийн үнэ хүрэхгүй гэдгийг хэрэгт өгсөн баримтууд нотолж байгаа. Би анх гэрээ байгуулахдаа “0” гэдгийн араас “5” гэж нөхөж өөрөө бичсэн нь үнэн. Учир нь хариуцагчийн төлөөлөгч Б.Болд-Эрдэнэ зальтай хүн бөгөөд урд нь хамтарч бизнес хийхдээ намайг хууран мэхэлж байсан. Уг гэрээнүүдийг тэрээр өөрийн гараар бичсэн бөгөөд “...Д.Урансанаа эгчээ гэрээний алдангийн хэмжээг 0 гээд бичсэн, та өөрөө ард нь хэд гэж бичихээ мэд” гэж хэлж байсан. Би түүнээс өөрөөс нь асууж байгаад 5 гэж нэмж бичсэн. Би олон хуульч нараас асуухад тэд “...алдангийг тохирсон л бол алданги нэхэмжилж болдог” гэж хэлсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Бумбат даваа” ХХК-иас 5380 ширхэг авто замын хашлаганы үнэ /нэг хашлага 10,000 төгрөгөөр тооцон/ 53,800,000 төгрөг, 4000 ширхэг явган замын хашлаганы үнэ /нэг хашлага 2300 төгрөгөөр тооцон/ 9,200,000 төгрөг, нийт 63,000,000 төгрөгөөс үлдэгдэл 12,530,000 төгрөгийг алданги 6,265,000 төгрөгийн хамт нийт 18,795,000 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжлэгч “ДХЦУ” ХХК-ийн захирал Д.Урансанаагаас тооцоо нийлсэн актаар 5380 ширхэг авто замын хашлага аваагүй ба 10,000 төгрөгийн хашлага 5070 ширхэг, үнэ нь 50,700,000 төгрөг, 75 см-ын урттай 9000 төгрөгийн хашлагыг 260 ширхэг ба үнэ нь 2,340,000 төгрөг, нийт 53,040,000 төгрөг, явган замын хашлагын үнэ 9,200,000 төгрөгийг нэмэн нийт 62,240,000 төгрөг болж байгаа билээ. Бид “ДХЦУ” ХХК-ийн захирал Д.Урансанаад төлбөрийг “Хаан” банкны дансаар удаа дараа шилжүүлж байсан мөн 40 тонн /1 тонныг 175,000 төгрөг/ нийт 7,000,000 төгрөгийн цементийг хашлагны төлбөрөөс хасуулахаар өгснийг үнийн дүнгээс хасаагүй байна. Иймд хашлаганы үлдэгдэл төлбөр болох 12,530,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн 2016 оны 6 дугаар сарын 28-нд хийсэн худалдах-худалдан авах гэрээнд хүү алдангийн талаар байхгүй байгаа бөгөөд “ДХЦУ” ХХК-ийн нэхэмжилж буй хоногийн 0,5 хувийн алданги буюу 6,265,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уртнасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бумбат даваа” ХХК нь “ДХЦУ” ХХК-тай 2015 оны 6 дугаар сарын 28-ны өдөр  гэрээ байгуулсан. Уг гэрээгээр 1 ширхэг нь 10,000 төгрөгийн үнэтэй 5380 ширхэг авто замын хашлага, 1 ширхэг нь 2,300 төгрөгийн үнэтэй 4000 ширхэг явган замын хашлагыг нийлүүлэхээр харилцан тохирсон боловч нэхэмжлэгч “ДХЦУ” ХХК-иас хариуцагч “Бумбат даваа” ХХК-д 1 ширхэг нь 10,000 төгрөгийн үнэтэй 5120 ширхэг авто замын хашлага, 1 ширхэг нь 9,000 төгрөгийн үнэтэй 260 ширхэг авто замын хашлага, 1 ширхэг нь 2,300 төгрөгийн үнэтэй 4000 ширхэг явган замын хашлага буюу нийт 62,740,000 төгрөгийн барааг нийлүүлсэн. Энэ тал дээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан тайлбартай маргаан байхгүй, гэрээ байгуулсан, мөнгө төлөх дутуу байгаа нь үнэн. Бид нийт төлөх ёстой 62,740,000 төгрөгөөс 50,000,000 төгрөгийг буцаан төлсөн, мөн 7,000,000 төгрөгийн хэмжээнд цемент нийлүүлсэн. Харин нэхэмжлэгч тал алданги нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Талууд гэрээ байгуулахдаа алданги төлөхөөр тохироогүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч өөрөө 5 тоо нэмж бичсэн гэдгээ хэлж байгаа. Иймд бид 62,740,000 төгрөгийн барааны төлбөрт төлсөн 50,000,000 төгрөг, цементийн үнэ 7,000,000 төгрөгийг хасаад үлдэгдэл төлбөр болох 5,740,000 төгрөгийг л төлнө. Хэдийгээр нэхэмжлэгчийн төлөөлөгч “би цемент аваагүй, манай хашаанд буулгасан гэдгийг нь мэдээгүй” гэж байгаа боловч хэрэгт цугларсан гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн утаснаас хариуцагчийн төлөөлөгч рүү явуулсан мессежэнд үзлэг хийсэн тэмдэглэл, түүний өмнөх хурал дээр гаргаж байсан тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч тал цементийг төлбөрт тооцон авсан болох нь нотлогдож байгаа юм.       Бид 40 тн цементийг “Сайхан хараа” ХХК-тай 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдөр гэрээ байгуулж, 1 тонн цементийг 175,000 төгрөгөөр, нийт 40 тонн буюу 7,000,000 төгрөгийн цементийг зээлээр авч “ДХЦУ” ХХК-ийн хашаанд буулгасан байгаа гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “ДХЦУ” ХХК нь хариуцагч “Бумбат даваа” ХХК-д холбогдуулж худалдах худалдан авах гэрээний дагуу төлөх ёстой үлдэгдэл 12,530,000 төгрөг, алданги 6,265,000 төгрөг, нийт 18,795,000 төгрөгийг шаардаж шүүхэд ханджээ.

 

Талууд 2015 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “Худалдах-худалдан авах гэрээ” байгуулжээ. Уг гэрээгээр худалдагч тал буюу “ДХЦУ” ХХК нь худалдан авагч тал болох “Бумбат даваа” ХХК-д авто замын хашлага 4900 ширхэгийг, явган замын хашлага 9600 ширхэгийг нийлүүлэхээр харилцан тохирсон хэдий ч бодит байдал дээр 1 ширхэг нь 10,000 төгрөгийн үнэтэй 5380 ширхэг авто замын хашлага, 1 ширхэг нь 2,300 төгрөгийн үнэтэй 4000 ширхэг явган замын хашлагыг нийлүүлэхээр харилцан тохирсон байна.

 

Харин нэхэмжлэгч “ДХЦУ” ХХК-иас хариуцагч “Бумбат даваа” ХХК-д 1 ширхэг нь 10,000 төгрөгийн үнэтэй 5120 ширхэг авто замын хашлага, 1 ширхэг нь 9,000 төгрөгийн үнэтэй 260 ширхэг авто замын хашлага, 1 ширхэг нь 2,300 төгрөгийн үнэтэй 4000 ширхэг явган замын хашлага буюу нийт 62,740,000 төгрөгийн барааг нийлүүлсэн үйл баримт дээр зохигчид маргаагүй ба шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзлээ.

 

Хариуцагч 2015 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “Худалдах-худалдан авах гэрээ”-ний зүйл болох авто болон явган замын хашлагыг хүлээж авсан атлаа гэрээгээр тохирсон хугацаанд төлбөрийг төлөөгүй тул үлдэгдэл төлбөр 12,530,000 төгрөг, гэрээний 12.3-д заасны дагуу алданги 6,265,000 төгрөгийг төлөх үүрэгтэй, бид хариуцагчаас нийлүүлсэн барааны оронд цемент авна гэж тохироогүй тул 7,000,000 төгрөгийн цементийг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнээс хасч тооцох учиргүй гэж нэхэмжлэгч талаас өөрийн шаардлагын үндэслэлийг тодорхойлсон.

 

“Бумбат даваа” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч “...бид нийт 62,740,000 төгрөгийн барааг хүлээн авсан ба үүнээс 50,000,000 төгрөгийг буцаан төлсөн, мөн 7,000,000 төгрөгийн хэмжээнд цемент нийлүүлсэн ба талууд гэрээ байгуулахдаа алданги төлөхөөр тохироогүй. Иймд бид үлдэгдэл төлбөр болох 5,740,000 төгрөгийг л төлнө” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.

 

Шүүхээс дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг тул нэхэмжлэгч “ДХЦУ” ХХК нь талуудын хооронд 2015 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан “Худалдах-худалдан авах гэрээ”-ний үүргийг буюу үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй.

 

Хариуцагч талаас 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 13,000,000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 15,000,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 2,000,000 төгрөг буюу нийт 50,000,000 төгрөгийг гэрээний төлбөрт төлсөн, энэ талаар талууд маргаангүй. Харин гэрээний дагуу алданги төлөх эсэх мөн хариуцагч талаас нийлүүлсэн гэх 40 тн цементийг гэрээний үнэд тооцох эсэх тал дээр маргаж байна.

 

Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “ДХЦУ” ХХК нь 7,000,000 төгрөгийн үнэ бүхий 40 тн цементийг гэрээний үүрэгт хүлээн авсан болох нь гэрч Д.Баярсайханы мэдүүлэг, нийт 40 тн цементийг “ДХЦУ” ХХК-ийн ажилтан хүлээн авсан талаарх баримт, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн 9911-0417 дугаарын утаснаас хариуцагчийн төлөөлөгч Б.Болд-Эрдэнийн утас руу явуулсан мессежид үзлэг хийсэн тэмдэглэл, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч талын “...бид хариуцагчаас нийлүүлсэн барааны оронд цемент авна гэж тохироогүй тул 7,000,000 төгрөгийн цементийг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнээс хасч тооцох учиргүй” гэх тайлбар үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

 

Түүнчлэн хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийхийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсгүүдэд заажээ.

 

Тодруулбал, аливаа гэрээний хариуцлага болох алдангийг гэрээний талууд харилцан тохирсны үндсэн дээр бичгийн хэлбэрт оруулах учиртайг хуулиар зохицуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Урансанаа нь талуудын хооронд байгуулагдсан “Худалдах-худалдан авах гэрээ”-ний 12.3-т “0” гэж бичсэний араас “5” гэж өөрөө бичсэн талаараа маргаагүй тул энэхүү нөхцөл байдлыг талууд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд алдангийг 0.5 хувь байхаар харилцан тохирсон буюу алданги төлөхөөр тохирсон  гэж үзэх боломжгүй гэж шүүхээс үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч “Бумбат даваа” ХХК-иас 5,740,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ДХЦУ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,055,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Бумбат даваа” ХХК-иас 5,740,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ДХЦУ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,055,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Бумбат даваа” ХХК-иас 106,790 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ДХЦУ” ХХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Н.ХАНГАЛ