Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2017/01723

 

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2017/01723

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Вива сити М-4-5-5 тоотод оршин суух, Баавгай жамба овогт Жаргалын Ууган-Эрдэнэ /РД:фм81052778/-ийн нэхэмжлэлтэй,

   

Хариуцагч: Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, Зүүн ард аюуш 9 дүгээр гудамж, 298 тоотод оршин суух, Хотгойд овогт Пүрэвдоржийн Нямбаяр /РД:ха79093000/-т холбогдох,

 

гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Ууган-Эрдэнэ, хариуцагч П.Нямбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.      

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Ууган-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Жаргалын Ууган-Эрдэнэ миний бие 2002 онд Пүрэвдоржийн Нямбаяртай танилцаж улмаар 2010 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гэрлэлтийн Г-157 тоот баталгаагаар гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2004 оны 10 дугаар сарын 16-нд хүү Тэнгис /РД:ух04301614/ төрсөн. Бид зан харилцааны тааламжгүй байдлаас болж цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2011 оноос тусдаа амьдарч байгаа тул гэрлэлт цуцалж өгнө үү. Цаашид хүү Тэнгисийг өөрийн халамжинд авч өсгөнө. Дундын эд хөрөнгийн маргаан байхгүй, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг авахгүй гэжээ.

 

Нэхэмжлэгч Ж.Ууган-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2002 онд танилцаж, 2010 онд гэрлэлтээ батлуулсан. Хамтран амьдрах хугацаанд буюу 2004 онд хүү Тэнгис төрсөн. 2011 оноос тусдаа амьдарч байна. 2013 оноос өөр гэр бүлтэй болж, хүүхэдтэй болсон. Одоо цаашдаа хариуцагчтай хамтран амьдрах боломжгүй, гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Хүүхдээ өөрөө авна. Хүүхдийн тэтгэлэг авахгүй мөн дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ. 

 

Хариуцагч П.Нямбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Ж.Ууган-Эрдэнээс гаргасан нэхэмжлэлтэй уншиж танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүү У.Тэнгисийг эцэг Ж.Ууган-Эрдэнийн асран хамгаалалтанд өгөхийг зөвшөөрч байна. Дундын өмчлөлийн маргаан байхгүй гэжээ.

 

Хариуцагч П.Нямбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эд хөрөнгийн маргаан байхгүй. 2002 оноос хойг хамтран амьдарч байна. Дундаасаа 1 хүүхэдтэй. 2012 оноос хойш тусдаа амьдарсан. Намайг Солонгос улсад байх хугацаанд салсан, одоо цаашдаа хамт байх, амьдрах боломжгүй болсон. Хүү маань эцэгтэйгээ ойрхон өссөн болохоор хүүгээ эцгийнх нь асрамжид өгнө гэж нэхэмжлэгчтэй тохирсон гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

          

Нэхэмжлэгч Ж.Ууган-Эрдэнэ нь хариуцагч П.Нямбаярт холбогдуулж гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг гаргаж шүүхэд хандсан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Ж.Ууган-Эрдэнэ, П.Нямбаяр нар 2002 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болсныг эрх бүхий байгууллага 2010 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр албан ёсоор бүртгэж гэрлэлтийн гэрчилгээ олгосон ба гэрлэгчдийн дундаас 2004 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүү У.Тэнгис төрсөн байна.

Гэрлэгчид хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2012 оноос хойш тусдаа амьдарч байгаа нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх бөгөөд талууд гэр бүл цуцлахыг харилцан зөвшөөрсөн, цаашид хамт амьдрах хүсэлгүй байгаа нөхцөл байдлыг үндэслэж шүүхээс нэхэмжлэгч болон хариуцагч нарт эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэв.

 

Шүүх гэрлэгчдийн хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон байдлыг харгалзан хүү У.Тэнгисийг эцэг Ж.Ууган-Эрдэнийн асрамжид үлдээх нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгтэй харшлахгүй. 

 

Хэдийгээр нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг авахгүй гэх боловч Гэр бүлийн тухай хуульд заасан хугацаа, хэмжээгээр эх П.Нямбаяраас хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү У.Тэнгист олгох нь хүүхдийн эрх, ашигт нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаагүй, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан Баавгай жамба овогт Жаргалын Ууган-Эрдэнэ, Хотгойд овогт Пүрэвдоржийн Нямбаяр нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2004 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү У.Тэнгис /РД:ух04301614/-ийг эцэг Ж.Ууган-Эрдэнийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасныг баримтлан 2004 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү У.Тэнгист 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эх П.Нямбаяраас гаргуулан олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

    

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Н.ХАНГАЛ