Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2020/0153

 

     Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Г.Б. 

          Хариуцагч: ЦЕГД.

     Нэхэмжлэлийн шаардлага: “ЦЕГД-ын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/910 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож урьд эрхэлж байсан Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын мөрдөн шалгах ажиллагаа хариуцсан чиглэлийн ахлах мөрдөгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, Цагдаагийн хошууч цолыг сэргээлгэх, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Б, нэхэмжлэгч Г.Б, түүний өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Х.Н, гэрч С.С, Г.Э нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “Г овогтой Б миний бие Цагдаагийн байгууллагад 21 жил тасралтгүй, тууштай өргөсөн тангараг, хариуцсан ажил, албан үүрэгтээ үнэнч шударгаар, хичээнгүйлэн ажиллаж ирсэн бөгөөд 2019 онд Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын мөрдөн шалгах ажиллагаа хариуцсан чиглэлийн ахлах мөрдөгчөөр томилогдон ажиллах болсон.

    Гэтэл 2019 оны 11 дүгээр.сарын 13-ны өдөр ЦЕГД –ынБ/910 дугаар тушаалаар намайг ажлаас халсан. Тус тушаалд “... цагдаагийн хошууч Г.Б нь хамтран ажиллаж байгаа албан хаагчийн гуйлтаар иргэн “П”-г албан тушаал, байгууллагын нэрээр эрхшээлдээ оруулж, зүй бус харьцсан. харьяаллын бус хэрэг, маргаанд оролцож Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7, 37.1.8 Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1,2 дахь заалт, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.2.2, 2.3.3, 2.3.6, 2.4.2 дахь хэсгийг тус тус зөрчсөн тул... ” гэж үзэж ажлаас халсан.

     Миний бие уг тушаалд заасанчлан иргэн “П”-тэй зүй бусаар харьцаж, байгууллагын нэрээр эрхшээлдээ оруулж, бүртгэлгүй хэрэг тулгасан явдал огт байхгүй бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 19.00 цагийн үед хамт ажилладаг мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Энад руу залгаад “...манай авга ахыг нэг хүн залилаад 3,4 жил зугтаж байна. Шүүхээс тэр хүнийг нь эрэн сурвалжилсан байгаа. Илрүүлэлт- Оргодол-Шийдвэрлэлт нэгдсэн арга хэмжээний хүрээнд ажиллаж байгаа цагдаа нарт зарласан байсан, барьчихсан ажил рүү авчирч байна гэнэ. Та ажил дээрээ байвал хүлээж аваад уулзаад өгөөч гэсэн. Ингээд утас тасраад удаагүй байхад хоёр цагдаа орж ирж, хошууч Б мөн үү, Ц.П-ийг авчирлаа, гэсэн. Тэгээд би оруулчих гээд илтгэх хуудас дээр хүлээж авлаа хэмээн гарын үсэг зурж нөгөө хоёр цагдаа гарч явсан.

       Би Ц.П-оос өөрийг чинь шүүхээс эрэн сурвалжилсан юм байна. Яагаад зугтаагаад байгаа, ямар хэрэг маргаан, хаана үйлдэгдсэн талаар асууж тодруулсан бөгөөд чиг үүргийнхээ хүрээнд хаана, ямар хаяган дээр оршин суудаг эсэх, хэн хэнтэйгээ аж төрдөг талаар асуухад Ц.П болсон хэрэг маргааны талаараа ярьсан бөгөөд одоо Улаанбаатар хотод брокли болон бусад хүнсний ногоог зарж борлуулж байгаа өөрийн 70 настай ээж болон 5 настай хүүхэдтэйгээ амьдардаг, эхнэртэй боловч одоохондоо тусдаа амьдарч байгаа талаараа хэлсэн. Харин тухайн маргаантай асуудал нь Дархан-Уул аймагт болсон байх бөгөөд энэ нь иргэд хоорондын өглөг, авлага болон төлбөр мөнгөтэй холбоотой иргэний хэрэг маргаан байсныг мэдээд энэ талаар Ц.П-д өөрт нь хэлж Дархан-Уул аймгийн шүүх рүү очиж уулзахыг зөвлөж хэлсэн. Ингээд цагдаагийн ахмад Г.Э-тэй утсаар ярьж энэ асуудал нь Дархан-Уул аймагт болсон юм байна, харьяаллын бус учир одоо энэ чиг үүргийнхээ хувьд оршин суух хаягийг нь лавлан асуусан тул явууллаа, гэхэд ахтайгаа нэг уулзуулчихая гэсэн. Ингээд маргааш өглөө 9 цагт Ц.П мөн Г.Э-ийн хохирсон ахынх нь ах гэх хүн ирж тэр хоёр уулзсан. Миний бие тухайн асуудал иргэн хоорондын маргаан учир Дархан-Уул аймгийн шүүх, цагдаа дээрээ хандаад асуудлаа шийдвэрлүүлээрэй гээд явуулсан. Гэтэл 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Ц.П хэвлэлийн бага хурал хийж, илтэд намайг гүтгэн гүжирдэж, 5 настай хүүхэд, 70 настай ээжийг минь барьцаалж мөнгө нэхсэн, дарамталсан, эрүүдэн шүүсэн, бүртгэлгүй хэргийг тохсон гэх зэргээр ор үндэсгүй, гүтгэлэг, гүжирдлэгийн шинжтэй мэдээ, мэдээллийг нийтэд цацсан. Энэхүү мэдээллийн дагуу Цагдаагийн Ерөнхий газраас албаны шалгалт явуулсан. Албаны шалгалтыг 30 хоногийн хугацаанд явуулах байсан боловч 7 хоногт явуулж, дутуу шалгаж бодит байдлыг бүрэн дүүрэн тогтоолгүй намайг үндэслэлгүйгээр ажлаас халсанд маш их гомдолтой байна.

       Дээрх нөхцөл байдлыг зөвхөн Ц.П-ийн ярианаас үндэслэн дүгнэлт хийж тушаал гаргахдаа хууль тогтоомжуудыг ноцтой зөрчсөн учир хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бус тушаал гаргасан гэж үзэхээр байна. Тухайлбал: Захиргааны Ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт Захиргааны байгууллага өөрийн шийдвэрийн хучин төгөлдөр байдлыг урьдчилан мэдэгдэх, тухайн шийдвэртэй холбоотой оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад шаардлагатай баримт бичигтэй оролцогч, түүний төлөөлөгчид танилцах боломж олгоно. гэж заасныг ноцтой зөрчсөн бөгөөд тухайн албаны шалгалт явуулсан материал, албаны шалгалтын дүнг надад танилцуулаагүй миний тайлбар болон саналыг харгалзалгүй албанаас халах тушаалыг гаргасан нь хууль бус байхаас гадна Төрийн албаны тухай хуулийн 48 дүгээр 48.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна: гэж заасныг харгалзан үзэж сахилгын шийтгэлийг хуульд заасны дагуу шат дараалалтайгаар ногдуулахаар заасан байхад намайг албанаас халж тушаал гаргасан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэхээр байна.

      Учир нь албаны шалгалтын үеэр тухайн үеийн мэдүүлэг, тайлбар өгсөн хүмүүсийн хэн нь үнэн, хэн нь худал ярьсныг нягтлан шалгаагүйгээр мөн нотлох шалгах ямар ч ажиллагаа хийгээгүй, албан хаагчдын болон Ц.П-ийн хувийн байдал, ямар шалтгаанаар хэвлэлийн бага хурал хийсэн эсэх, миний зүгээс үнэхээр албан тушаал, байгууллагын нэрийг барьж бусдыг эрхшээлдээ оруулсан, дарамталсан зүйл байгаа эсэхийг сайтар нягтлан шалгаж тогтоогоогүй хэрнээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан мэдээ, сенсацийг түргэн шуурхай намжаах зорилгоор намайг ажлаас хууль бусаар халсан явдал нь үндэслэлгүй хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна.

     Ц.П нь 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 776 дугаартай шийдвэрээр эрэн сурвалжилж байсан хүн бөгөөд гэмт хэрэгт холбогдуулан шалгах асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг ойлгох бөгөөд миний зүгээс ийм үйлдэл гаргасан зүйл байхгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

     Иймд ЦЕГД –ын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/910 дугаартай Албанаас халж, цагдаагийн цолыг хураах тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулж, цагдаагийн хошууч цолыг сэргээлгэж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

     Нэхэмжлэлийг маань хуульд заасан үндэслэл журмын дагуу хүлээн авч шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

      Нэхэмжлэгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Г овогтой Б  миний бие  Цагдаагийн байгууллагад 21 жил тасралтгүй, тууштай, өргөсөн тангараг, хариуцсан ажил, албан үүрэгтээ үнэнч шударгаар, хичээнгүйлэн ажиллаж ирсэн бөгөөд 2019 онд Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын мөрдөн шалгах ажиллагаа хариуцсан чиглэлийн ахлах мөрдөгчөөр томилогдон ажиллах болсон. Гэтэл 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ЦЕГД –ын Б/910 дугаар тушаалаар намайг  хамтран  ажиллаж  байсан   албан хаагчийн гуйлтаар иргэн “П”-г албан тушаал, байгууллагын нэрээр эрхшээлдээ оруулж. зүй бус харьцсан. харьяаллын бус хэрэг, маргаанд оролцож Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7, 37.1.18, Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь заалт. Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.2.2. 2.3.3. 2.3.6. 2.4.2 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэж ажлаас халсан. Миний бие уг тушаалд заасанчлан иргэн “П”-тэй зүй бусаар харьцаж, байгууллагын нэрээр эрхшээлдээ оруулж, бүртгэлгүй хэрэг тулгасан явдал огт байхгүй  2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 19.00 цагийн үед хамт ажилладаг мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Э над руу залгаад “...манай авга ахыг  хүн залилаад 3. 4 жил болж байна. Шүүхээс тэр хүнийг нь эрэн сурвалжилсан байгаа” Илрүүлэлт гомдол Шийдвэрлэлт нэгдсэн арга хэмжээний хүрээнд ажиллаж байгаа цагдаагийн  албан хаагч нарт зарласан байсан. Иргэн П-г  барьчихсан  ажил руу  авчирч байна гэнэ. Та ажил  дээрээ байвал хүлээж аваад  уулзаад өгөөч” гэсэн. Ингээд утас тасраад удаагүй  байхад хоёр цагдаа орж ирж, “хошууч Б мөн үү, Ц.П-ийг авчирлаа” гэсэн. Тэгээд би оруулчих гээд илтгэх хуудас дээр хүлээж авлаа  хэмээн гарын үсэг зурж нөгөө хоёр цагдаа гарч явсан. Би Ц.П-оос  “өөрийг чинь шүүхээс эрэн сурвалжилсан юм байна. Яагаад зугтаагаад байгаа,  ямар хэрэг маргаан. хаана үйлдэгдсэн, ямар асуудал болсон талаар асууж  чиг үүргийнхээ   хүрээнд хаана. ямар хаяг дээр амьдардаг болохыг асууж тодруулсан.  Ц.П  болсон хэрэг маргааны талаараа ярьсан  харин тухайн маргаантай асуудал нь Дархан-Уул аймагт болсон байна гэдгийг мэдээд утсаар Г.Э-тэй холбогдож энэ хүн өөрийн болсон асуудлын талаар ярьж байна одоо яах вэ гэдгийг хэлсэн гэтэл Г.Эахтайгаа уулзуулъя түр байлгаж байгаач гэж надаас гуйсан тэгээд ахтайгаа утсаар яриадахъя гэж хэлэхэд нь иргэн Ц.П-ийг  түр гаргасан.  Г.Э ахтай ярьсан хотын захад явж байна маргааш өглөө 9 цагт ирнэ гэж хэлсэн. Тэгээд Ц.П-ийг маргааш өглөө 9 цагт ир гэж хэлээд явуулсан.  Ингээд маргааш өглөө 9 цагт Ц.П  ахтай  нь ирж уулзаад хоорондоо харилцан тохиролцоод  буцаж орж ирсэн. Тэгээд энэ асуудал Дархан-Уул аймагт болсон асуудал болохоор тэнд шийдэх асуудал гэж хоёуланг нь явуулсан байгаа. Ц.П нь 2019 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 776 дугаартай шийдвэрээр эрэн сурвалжилж байсан хүн бөгөөд гэмт хэрэгт холбогдуулан шалгах асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг ойлгох бөгөөд миний зүгээс ийм үйлдэл гаргасан зүйл байхгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Иймд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 13- ний өдрийн Б/910 дугаартай Албанаас халж, цагдаагийн цолыг хураах тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулж, Цагдаагийн хошууч цолыг сэргээлгэж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна” гэв.

        Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Г.Б гэдэг хүн нь Цагдаагийн албаны тухай хууль, мөн цагдаагийн үйл ажиллагаанд мөрдөгддөг журмуудын дагуу ажил үүргээ хуульд заасны дагуу явуулсан гэж үзэж байгаа. Учир нь н.П гэдэг хүнийг Дархан-Уул аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс эрэн сурвалжилсан. Энэ эрэн сурвалжлах ажиллагаанд Цагдаагийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлд “Цагдаагийн байгууллага дараах хүн, эд зүйлийг олох зорилгоор эрэн сурвалжлах ажиллагааг шүүхийн шийдвэр, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн даалгаврын дагуу, эсхүл өөрөө санаачлан явуулна” гэж заасан. Уг эрэн сурвалжлах ажиллагаа нь өөрөө шүүхийн шийдвэр гарсны дагуу явагдсан. Шүүхийн шийдвэрээр даалгасан газар нь Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар гэж байгаа боловч цагдаагийн Мэдээллийн сангаар зарласан. Уг цагдаагийн Мэдээллийн сангаар зарласан тохиолдолд бүх цагдаагийн албан хаагчид хамааралтай болдог. Би өөрөө олон жилийн өмнө цагдаагийн байгууллагад ажиллаж, эрэн сурвалжлах ажиллагаа гардан хийж байсан тул мэдэж байна. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтран баталсан 2016 оны А/40,113 дугаар тушаал байдаг. Хаягийг тодорхойлсноор эрэн сурвалжлах үйл ажиллагаа зогсдог юм шиг яриад байна. Гэтэл үгүй. Уг журмын 5 дахь хэсэгт эрэн сурвалжлах ажиллагааг тодорхой заасан. Үүнд шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг үндэслэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаас оргон зайлсан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, иргэний хэргийн хариуцагчийг эрэн сурвалжлах ажиллагааг цагдаагийн байгууллага холбогдох хууль, тогтоомжийн дагуу хийж гүйцэтгэхээр заасан. Цагдаагийн байгууллага эрэн сурвалжлах ажиллагааны мэдээллийг харьяалах шүүх, шүүхийн тамгын газарт 14 хоног тутам хүргүүлнэ. Шүүгчийн захирамжийн биелэлт эрэн сурвалжлагдаж байгаа этгээдийг шүүхэд хүргэснээр дуусгавар болно. Сая нотлох баримт шинжлэн судалсан. Гэтэл тухайн этгээдийг шүүхэд хүргүүлсэн баримт одоо хүртэл байхгүй байна. Цагдаагийн албан хаагч шүүхэд хүлээлгэн өгөх байхад тухайн этгээд нь цагдаагийн албан хаагч хууль зөрчсөн гэж гомдол гаргасан байна. Цагдаагийн албан хаагч хууль ёсны дагуу албан үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байгаа. Мөн сая цагдаагийн албан хаагч эд зүйлсийг хураан авах эрхтэй байдаг уу гэсэн. Цагдаагийн албан хаагч нь ийм эрхтэй байдаг.  Цагдаагийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлд цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэх үедээ үүрэн холбооны хэрэгсэл, бусад шаардлагатай эд зүйл, тээврийн хэрэгсэл, цахим төхөөрөмж, баримт бичгийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр түр хураан авч болно гэж зохицуулсан. Уг эрх, үүргээ хэрэгжүүлсэн цагдаагийн албан хаагчийг эх сурвалж нь тодорхойгүй хаана, хэзээ бичигдсэн нь тодорхойгүй, хууль бусаар бичигдсэн харилцан яриаг үндэслэн ёс зүйн дүрмээ ноцтой зөрчсөн гэж байгаа нь эрх ашгийг нь зөрчиж байна. Цагдаагийн байгууллага нь төрийн байгууллага. Эрх, үүргийг хангаагүй, сонсох ажиллагаа явуулаагүй н.Баасандоржийг ажлаас халсан захиргааны акт гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Мөн тушаалын холбогдох үндэслэл нь хуульд нийцсэн эсэх талаар ярих шаардлагатай. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хэлэхдээ хамааралтай гэсэн. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн зорилго нь нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэн захиргааны байгууллагаас захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт гаргах, захиргааны гэрээ байгуулах замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг бүрдүүлэхэд оршдог. Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлд захиргааны актын агуулга ба хэлбэр, 40 дүгээр зүйлд захиргааны актыг бичгээр гаргах талаар зохицуулсан. Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байх ёстой. Гэтэл хууль бус захиргааны акт гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т захиргааны актыг бичгээр гаргахдаа захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заахаар заасан. Сая дурдсан бичлэгийг цагдаагийн байгууллага дотоод аудитын шалгалтаар үнэлэх боломжтой эсэх. Мөн эрүүдэн шүүсэн, хүний эрхийг ноцтой зөрчсөн гэж байна. Гэтэл ийм нөхцөл үүссэн бол холбогдох байгууллагад шилжүүлэн шалгуулдаг. Ингэж шилжүүлэхэд Нийслэлийн Прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэхээс татгалзаж, хэргийг хаасан. Үүнээс прокурор, шүүхээс эцсийн шийдвэр гарах уу, эсхүл цагдаагийн байгууллагын нэг нэгнээ шалгадаг жижиг албанаас шийдвэр гарах уу, аль нь илүү хүчин чадалтай байх эсэх гэсэн асуудал гарч ирж байна. Прокуророос гэмт хэргийн шинжгүй байна, гэм буруугүй байна гэсэн. Гэтэл дээрх үндэслэлээр хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж болохгүй. Тушаалын эрх зүйн үндэслэл нь тушаал гаргахтай холбоотой зохицуулалтууд байна. Захиргааны ерөнхий хуульд заасан хэлбэрийг хангаагүй, дурдах ёстой зүйлсийг дурдаагүй. Иймд маргаан бүхий захиргааны акт нь хууль бус байна гэж үзэж байна. Бодит нөхцөл байдлыг дутуу тогтоосон. Захиргааны ерөнхий хуульд заасан тушаал гаргахад баримтлах зүйл, заалтыг баримтлаагүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байх тул бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

  Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Б-ын Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Үүнд;

   Цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай алба бөгөөд алба хаагчийн эрх зүйн байдлыг Цагдаагийн албаны тухай хуулиар тогтоосон.

      Нэхэмжлэгч нь 2019 оны 09 дүгээр сараас эхлэн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагаа хариуцсан чиглэлийн ахлах мөрдөгчөөр томилогдон ажилласан.

        Иргэн Ц.П-оос 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Цагдаагийн ерөнхий газарт хандан “Миний бие Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр Хушаат суманд хүнсний ногоо тариалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ оны 10 дугаар сарын 23-ны өдөр хотод хүмүүстэй уулзалттай явж байхад энгийн
хувцастай 3 цагдаагийн алба хаагч баривчлан машинд суулгаж, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газарт авчирсан.

       Эдгээр алба хаагчид нь тус цагдаагийн газрын чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Б-т намайг хүлээлгэж өгөөд явсан бөгөөд Б нь “чи залилангийн гэмт хэрэгтэн, оргодол этгээд, ...Д******* гэдэг хүний машиныг ББСБ-д барьцаанд тавиад мөнгийг нь идээд зугтсан юм байна  гэхээр нь би “энэ асуудал маргаантай байгаа, тайлбар өгье” гэхэд дуугүй бай, гээд тайлбар хэлүүлэлгүй шалан дээр сөхрүүлж суулгаад “Д*******д 6 сая төгрөгийн хохирол учруулсан нь үнэн, үүнийг сарын дотор төлөхгүй бол эрүүгийн хариуцлага хүлээхэд бэлэн” гэсэн утгатай бичиг хийлгүүлж, гарын үсэг зуруулаад явуулсан. Үүнээс хойш иймэрхүү байдлаар намайг өдөр болгон дуудаж, ямар ч өргөдөл гомдол танилцуулахгүй, байцаалт, мэдүүлэг авахгүй хана харуулан зогсоож, өмнөө сөгдүүлж суулган дарамталсан... энэхүү хэргийг шалгаж, өгнө үү.” гэх агуулга бүхий өргөдөл гаргасан.

      Дээрх гомдлын дагуу холбогдох алба хаагчид албаны шалгалт явуулахад нэхэмжлэгч Г.Б нь хамтран ажилладаг алба хаагчийн гуйлтаар иргэд шоронд иргэний шүүхээр хянан шийдвэрлүүлэх харьяалал бүхий маргаанд албан тушаалын байдлаа ашиглан оролцож, эрүү, иргэний хэрэгт эрэн сурвалжлагдаагүй иргэнийг саатуулж, бусдын мөнгийг төлүүлэх зорилгоор иргэн Ц.П-ийг албан тушаал, байгууллагын нэрээр эрхшээлдээ оруулж, айлган сүрдүүлж
дарамталсан болох нь тогтоогдсон.

       Гомдол гаргагч Ц.П нь Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газарт хүргэгдэх үедээ иргэний шүүхээс болон гэмт хэргийн холбогдлоор эрэн сурвалжлагдаагүй байсан бөгөөд Г.Э-ийн авга ах С.Д-оос “Ц.П-д залилуулсан” гэх асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл гаргаагүй, шүүхэд иргэний журмаар нэхэмжлэл гаргаагүй байсан нь албаны шалгалтын хүрээнд тогтоогдсон.

      Нэхэмжлэгч Г.Б-ын дээрх үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.7 “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахих, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2 “албан тушаал, байгууллагын нэрээр бусдыг эрхшээлдээ оруулах, дарамтлах”, ЦЕГД-ын 2017 оны А/129 дүгээр тушаалаар баталсан ‘Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2.2.2 дахь хэсэг “цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ бусдын эрхэнд хууль бусаар халдах, чирэгдүүлэх, дарамтлах, хүнд суртал гаргахгүй байх”, 2.3.3 дахь хэсэг “бусад байгууллага, хамтран ажиллаж байгаа алба хаагчийн албаны ажилд хүндэтгэлтэй хандаж, үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс нөлөөлөхгүй, бусдад зуучлахгүй байх, харьяаллын бус хэрэг маргаанд оролцохгүй байх”, 2.3.6 дахь хэсэг “албан тушаал, хуулиар олгогдсон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглахгүй
байх, албан үүрэг гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа этгээдэд давуу байдал бий болгох, үгсэн тохирох, далайлган сүрдүүлэх...” хэм хэмжээг тус тус зөрчсөн байна.

       Нэхэмжлэгчийн дээрх үйлдэлд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/910 дугаар тушаалаар Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-т зааснаар албанаас халж, цагдаагийн цолыг хураасан.

     Цагдаагийн алба хаагч нь үйл ажиллагаандаа хууль тогтоомж, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг баримтлан ажиллаж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл гаргахгүй байх үүрэгтэй. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэгч Г.Б-ын нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:  “Иргэн Ц.Поос 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Цагдаагийн ерөнхий газарт хандан өргөдөл гаргасан. “Миний бие Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр хүнсний ногоо тариалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ оны 10 дугаар сарын 23-ны өдөр хотод хүмүүстэй уулзалттай явж байхад энгийн хувцастай хүмүүс  баривчлан машинд суулгаж, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газарт авчирсан.

    Эдгээр алба хаагчид нь тус цагдаагийн газрын чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Б-т намайг хүлээлгэж өгөөд явсан бөгөөд Б нь “чи залилангийн гэмт хэрэгтэн, оргодол этгээд, ...Д******* гэдэг хүний машиныг ББСБ-д барьцаанд тавиад мөнгийг нь идээд зугтсан юм байна”  гэдэг зорилгоо хэлсэн байдаг. Тэгэхээр нь “энэ асуудал маргаантай байгаа, тайлбар өгье" гэхэд дуугүй бай, гээд тайлбар хэлүүлэлгүй шалан дээр сөхрүүлж суулгаад “Д-д 6 сая төгрөг гаргуулахаар шаардаж дарамталж айлган сүрдүүлсэн үйл баримт болсон байдаг. Дээрх гомдлын дагуу холбогдох алба хаагчид албаны шалгалт явуулахад нэхэмжлэгч Г.Б нь хамтран ажилладаг алба хаагчийн гуйлтаар иргэд хооронд иргэний шүүхээр хянан шийдвэрлүүлэх харьяалал бүхий маргаанд албан тушаалын байдлаа ашиглан оролцож, эрүү, иргэний хэрэгт эрэн сурвалжлагдаагүй иргэнийг саатуулж, бусдын мөнгийг төлүүлэх зорилгоор иргэн Ц.Пийг албан тушаал, байгууллагын нэрээр эрхшээлдээ оруулж, айлган сүрдүүлж дарамталсан болох нь тогтоогдсон. Тухайн үед Гомдол гаргагч Ц.П нь Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газарт хүргэгдэх үедээ иргэний шүүхээс болон гэмт хэргийн холбогдлоор эрэн сурвалжлагдаагүй байсан бөгөөд Г.Эийн авга ах С.Д*******гоос“Ц.Пид залилуулсан” гэх асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл гаргаагүй, шүүхэд иргэний журмаар нэхэмжлэл гаргаагүй байсан нь албаны шалгалтын хүрээнд тогтоогдсон. Г.Бын дээрх үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2, “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2.2.2, 2.3.3, 2.3.6 дахь хэм хэмжээнүүдийг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсон. Иймд 2019 оны  11дүгээр сарын 13-ны өдрийн Б/910 дугаар тушаалаар Цагдаагийн албаны тухай хуульд 82 дугаар зүйлийн 82.1.1-т зааснаар албанаас халж, цагдаагийн цолыг хураасан. Цагдаагийн алба хаагч нь үйл ажиллагаандаа хууль тогтоомж, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг баримтлан ажиллаж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл гаргахгүй байх үүрэгтэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэгч Г.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

      Цагдаагийн байгууллага хуулиар гэмт хэрэгтэй тэмцэх, эрх бүхий байгууллагаас даалгасан этгээдийг эрэн сурвалжлах олох чиг үүрэгтэй энэ бүхэн тухайн хуулиар зохицуулагдсан байгаа гэдгийг нэхэмжлэгч 10 жил мөрдөн байцаагч хийсэн хүний хувьд энэ процессыг сайн мэдэж байгаа байх гэж бодож байна. Гэтэл өөрт хамаагүй өөр нь үүрэг чиглэл өгөх эрхгүй хүний гуйлтаар хүний эрхэнд халдсан байгаа. Гомдол гаргаж байгаа этгээдийн талаар ямар нэг хүн гомдол мэдээлэл гаргаагүй, мөн Баянзүрх дүүрэгт эрэн сурвалжлахыг даалгаагүй байхад хүний гуйлтаар, иргэд хоорондын маргаан байхад дуудаж дарамтлаад сөхрүүлж суулгаад мөнгө төгрөг төлүүлэх бичиг хийлгэж, мөн эхнэрийн дуудаж мэдүүлэг авсан АТГ-аас яагаад хэргийн хаасан талаар мэдэхгүй байна. АТГ-аас хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар дурдаж байгаа ч АТГ-н тухайн байгууллагын албан хаагчийг сахилгын зөрчил гаргасан хэсгийг шалгаж тогтоодог байгууллага биш АТГ-н Эрүүгийн процессын хуульд заасан гэмт хэргийг мөрдөж шалгадаг байгууллага юм. Тэгэхээр нэхэмжлэгчийг эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэж ажлаас халаагүй, Төрийн албан хаагчийн ёс зүйн  хэм хэмжээг зөрчсөн гэдэг үндэслэлээр ажлаас халсан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Цагдаагийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлд цагдаагийн албан хаагч бүр эрэн сурвалжлах талаар заагаагүй байна. Цагдаагийн байгууллага гэж байсан. Цагдаагийн байгууллага нь өөрөө дотроо өөр өөрийн гэсэн бүтэцтэй байх ба уг бүтцийн дагуу эрэн сурвалжлах чиг үүрэгтэй байхыг тогтоосон. Өнөөдөр цагдаагийн албаны тухай хууль ярих гэж байгаа бол Г.Б гэдэг хүн нийтлэг үүрэг буюу цагдаагийн албаны тухай хуулийн 68-р зүйлд заасан Цагдаагийн албан хаагчийн эрх үүргийг хэрэгжүүлэх ёстой. Мөн Баянзүрх дүүргийн хэмжээнд нийтийн хэм журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдалтай хамтран хэрэгжүүлж байгаа арга хэмжээ байсан тийм учир удирдамж нь гэсэн тэрийг хариуцсан ажилтанд цохогдсон байгаа болохоос Г.Б гэдэг хүнд ямар ч хамаагүй. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр бичлэгийн талаар ярьж байна. Бид өнөөдөр бичлэгийг зүгээр хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудын хамт ийм нөхцөл байна гэдэг утгаар гаргаж өгсөн болохоос биш энэ нотлох баримтаас гадна өөр шүүхийн хэлэлцүүлэгт өөрөө Үндсэн хууль зөрчсөн ажиллагаа байна. Нэхэмжлэгч  нь өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байгаа. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11-р зүйлийн 11.4-д зааснаар “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Өөрөө манай Цагдаагийн байгууллага тусгайлан зохицуулсан хуультай тийм учир бид энэ гаргасан актуудыг цагдаагийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудад тулгуурлан, цагдаагийн албаны тухай хуульд заасан арга хэмжээгээ авсан байгаа” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

       Нэхэмжлэгч Г.Б ЦЕГД-ын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/910 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож урьд эрхэлж байсан Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын мөрдөн шалгах ажиллагаа хариуцсан чиглэлийн ахлах мөрдөгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, Цагдаагийн хошууч цолыг сэргээлгэх, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

    Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж дүгнэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

     Нэхэмжлэгч Г.Б Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын мөрдөн шалгах ажиллагаа хариуцсан чиглэлийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байхдаа хамт ажилладаг албан хаагчийн гуйлтаар иргэн Птой зүй бус харьцаж, цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж үзэж цагдаагийн албанаас халж, “цагдаагийн хошууч” цолыг хураах шийтгэл оногдуулсан ЦЕГД-ын Б/910 дугаар тушаалын Г.Б-т холбогдох хэсэг хууль зөрчөөгүй.

          Цагдаагийн ерөнхий газарт иргэн П-оос ирүүлсэн гомдлын дагуу тус газрын даргын 2017 оны А/246 дугаар тушаалаар батлагдсан “Байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт зохион байгуулах журам” /код-112/-ын 112.6-д зааснаар албаны шалгалт явуулж, Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн илтгэх хуудсаар мөрдөн шалгах ажиллагаа хариуцсан чиглэлийн ахлах мөрдөгч Г.Быг албанаас халах сахилгын шийтгэл хүлээлгэх санал уламжилжээ.

        Уг шалгалтаар цагдаагийн хошууч Г.Б нь хамтран ажилладаг алба хаагчийн гуйлтаар иргэн Пийг албан өрөөндөө ирүүлэн бусдын мөнгийг төлүүлэх талаар шаардсан, эхнэрийг нь дуудан  ирүүлж мэдүүлэг авахаар чирэгдэл учруулсан, албан тушаалын байдлаа ашиглан дарамталсан, харьяаллын бус маргаанд оролцож Төрийн албаны болон Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/129 дүгээр тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг зөрчсөн болох нь тогтоогджээ.

         Цагдаагийн мөрдөгч Г.Б-ын дээрх үйлдэл нь хууль, дүрмийг ноцтой зөрчсөн гэж дүгнэн хариуцлага оногдуулсан хариуцагчийн маргаан бүхий тушаал үндэслэлтэй.

      Учир нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:”, 37.1.1-д “Монгол улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх;”, 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх;”, Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Цагдаагийн алба хаагчид Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авилгын эсрэг хуулиар хориглосон үйл ажиллагаанаас гадна дараахь зүйлийг хориглоно:”,69.1.2-т “албан тушаал, байгууллагын нэрээр бусдыг эрхшээлдээ оруулах, дарамтлах;”, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/129 дүгээр тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2.2.2-т “цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ бусдын эрхэнд хууль бусаар халдах, чирэгдүүлэх, дарамтлах, хүнд суртал гаргахгүй байх;”, 2.3.3-д “...харьяаллын бус хэрэг, маргаанд оролцохгүй байх;”, 2.3.6-д “албан тушаал, хуулиар олгогдсон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглахгүй байх, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа этгээдэд давуу байдал бий болгох, үгсэн тохирох, далайлган сүрдүүлэх...;”, 2.4.2-д “албан тушаалын байдлаа урвуулах ашиглах, ялгаварлан гадуурхах, эрхшээлдээ байлгах, басамжлан доромжлох, сүрдүүлэхгүй байх;” гэж тус тус зохицуулжээ.

        Гэтэл нэхэмжлэгч Г.Б өөрт олгогдоогүй чиг үүрэг хэрэгжүүлж  хуулиар харьяалуулаагүй асуудлаар цагдаагийн алба хаагчид хориглосон үйл ажиллагаа явуулж хууль, журам зөрчсөн болох нь албаны шалгалтаар тогтоогдсон байна.

        Өөрөөр хэлбэл иргэн Пийг эрэн сурвалжилж байгаа шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг даалгасан болон уг этгээдтэй холбоотой гомдол мэдээлэл тус цагдаагийн газарт бүртгэгдээгүй, харьяалуулсан хэрэг, маргаан байхгүй байхад хамт ажилладаг алба хаагчийн гуйлтаар түүнийг албадан ирүүлж эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөн ажиллагаа явуулсныг хууль зөрчсөн гэж үзсэн хариуцагчийн шийдвэрийг хууль бус гэж дүгнэх боломжгүй.

      Цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагаа, ёс зүйтэй холбоотой асуудлаар иргэнээс ирсэн гомдлын  дагуу Цагдаагийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх зарчмын хүрээнд албаны шалгалт явуулж нэхэмжлэгч Э.Бын гаргасан үйлдэл нь энэ хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3-д “энэ хууль болон ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн нь сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болно.” гэж заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт хууль зөрчөөгүй.

     Нэхэмжлэгч Г.Б цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчин, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтууд хэргийн оролцогчдын тайлбараар бүрэн тогтоогдсон байна.

      Харин хариуцагчаас нотлох баримтаар ирүүлж шүүхийн шатанд судлуулсан аудио бичлэг бүхий  CD болон флаш нь нотлох баримтын эх сурвалж нь тодорхойгүй, хуульд заасан журмын хүрээнд олж авсан талаар эргэлзээтэй байх тул түүнийг нотлох баримтын хүрээнд үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж дүгнэв.

     Түүнчлэн Захиргааны ерөнхий хуульд заасан сонсгох ажиллагаа явуулаагүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч албаны шалгалт явуулсан тухай 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн тэмдэглэлд[1] уг материалтай танилцсан талаар  бичиж гарын үсэг зуржээ.   

      Харин ЦЕГД-ын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Албанаас халж цагдаагийн цолыг хураах тухай” Б/910 дугаар тушаалд нэхэмжлэгчийн гомдол гаргах эрхийг заагаагүй зөрчил байх боловч энэ үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй.

  Ийнхүү дүгнэхэд нэхэмжлэгч Г.Б-ын хууль, журам зөрчсөн байдал албаны шалгалтаар бүрэн тогтоогдсон, сахилгын шийтгэл хүлээлгэсэн маргаан бүхий тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг үндэслэн ТОГТООХ нь:

       1.Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.1, 37.1.7, Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 21.1.12, 69 дүгээр зүйлийн 69.1, 69.1.2, 81 дүгээр зүйлийн 81.3, 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.1, 97 дугаар зүйлийн 97.1-д заасныг баримтлан ЦЕГД-ын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/910 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож урьд эрхэлж байсан Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын мөрдөн шалгах ажиллагаа хариуцсан чиглэлийн ахлах мөрдөгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, Цагдаагийн хошууч цолыг сэргээлгэх, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэгч Г.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

        2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

         3.Захиргааны хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  114  дүгээр  зүйлийн  114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.НАСАНДЭЛГЭР

 

 

 


[1] Хавтаст хэргийн 77 дугаар хуудас