Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 221/Ма206/0320

 

Иргэн Ж.Н-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэйгээр, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгч Ж.Н-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н-, гуравдагч этгээд Ө.О- нарыг оролцуулан хийж, Д- аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 9 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Ж.Н-гийн нэхэмжлэлтэй, Д- аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Н- шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдөр би Ц.А-гаас СМУ-ийн 30 дугаар байрны хажууд 1170 м.кв худалдаа үйлчилгээний зориулалт бүхий газрыг шилжүүлэн авч, эзэмшихээр болсон. Миний эзэмшлийн 1170 м.кв газар дээр Ө.О- нь өөрийн эзэмшлийн МОЗЭ ХХК-иар худалдаа, үйлчилгээний барилгын ажил гүйцэтгэхээр 3 талт гэрээ байгуулсан. Ө.О- нь дээрх газрын тодорхой хувийг буюу 30 хувийг МОЗЭ ХХК-ийн нэр дээр шилжүүлэхгүй бол барилга барьж болохгүй гэж хуурч, тухайн газрын 70 хувь /819 м.кв/-ийг миний нэр дээр, тодорхой нөхцөл болзолтойгоор Ө.О-гийн нэр дээр 30 хувь /351 м.кв/-ийг газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлэн авч эзэмшихээр болж, Д- аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/261 дүгээр захирамж гаргуулсан. Дараа нь барилга барихад банкнаас зээл авах хэрэгтэй 2 тусдаа газрын гэрчилгээ байж болохгүй гэж дахин хуурч, бичиг баримт бүрдүүлэн миний эзэмшлийн 70 хувийг Ө.О- хамтарч эзэмших, Ө.О-гийн 30 хувийг би хамтран эзэмшихээр болсон. Гэтэл Д- аймгийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/334 дүгээр захирамжаар миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг 2015 оны 10 дугаар сард мэдэж, энэ дагуу Д- аймгийн Засаг даргад газар эзэмших эрхээ сэргээлгэхээр 10 дугаар сарын 16-ны өдөр гомдол гаргасан. Бидний гаргасан гомдолд 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 5/4888 дугаар албан бичгээр хариу өгснийг 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр миний бие гардан авсан. Иймд Д- аймгийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Газар эзэмших эрхийг хүчингүйд тооцох тухай А/334 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, Д- аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/525 дугаар захирамжийг сэргээж, агуулгыг өөрчилж, газар эзэмших эрхийг сэргээхийг даалгахыг хүсч байна. Мөн 1170 м.кв газрыг бүхэлд нь зөвхөн надад эзэмшүүлэхийг хүсч байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Г- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ газар Ж.Н-гийн эзэмшлийн газар мөн. Түүний газар эзэмших эрхийг МОЗЭ компанитай хамааруулж, хүчингүй болгож байгаа нь буруу юм. Газрын тухай хуулийг зөрчиж, Ж.Н-д хамааралгүй зүйлийг үндэслэл болгосон нь хууль бус юм. Хэсэгчлэн захирамж гарснаас хойш А/334 дүгээр захирамж гарсан. Уг захирамжид ямар хуулийг үндэслэл болгосон нь тодорхойгүй. Газрын албаны даргын үүрэг гүйцэтгэгч М.Арьяазул нь уг захирамжийн хэрэгжилтийг хангаж, гэрчилгээ олгохдоо хамтран эзэмшигчээс Ж.Н-гийн нэрийг хасаж, бичсэн. Үүнийгээ техникийн алдаа гэж тайлбарладаг. Дараа нь нөхөөд бичсэн юм байна. Ингээд үзэхээр А/525 дугаар захирамжийг эргэн сэргээх хэрэгтэй юм. Газар худалдаж авах тухайд нотлох баримтаар нотлогдохгүй байна. 819 м.кв газрыг хүчингүй болгосон талаар Ж.Н-д мэдэгдэх ёстой. Хариуцагч мэдэгдээгүй. Иймд А/334 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д- аймгийн Засаг дарга М.Б-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н-, Ч.Нэргүй нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Иргэн Ц.А- нь өөрийн эзэмшиж байсан газраас 819 м.кв газрыг иргэн Ж.Н-д, 351 м.кв газрыг иргэн Ө.О- нарт хэсэгчлэн шилжүүлэх хүсэлтийг гарган, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг нотариатаар баталгаажуулан ирүүлсэн бөгөөд аймгийн Засаг даргын 2014 оны А/261 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг хэсэгчлэн шилжүүлж, эзэмшлийн зориулалтыг өөрчлөн, газар эзэмших эрхийн 000441340, 000441339 дугаар бүхий гэрчилгээг олгосон. Гэтэл иргэн Ж.Н- нь өөрийн эзэмшлийн 819 м.кв газрыг Ө.О-д шилжүүлэх хүсэлт гаргаж, гэрээг нотариатаар батлуулсан бөгөөд дээрх иргэдийн хүсэлтийн дагуу Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх заалтын хүрээнд аймгийн Засаг даргын 2014 оны А/525 дугаар захирамжаар хамтран эзэмшүүлэх хууль зүйн үндэслэл бүхий шийдвэрийг гаргасан. Тус газар дээр газар эзэмшигч иргэд 6 давхар худалдаа үйлчилгээ бүхий орон сууцны барилгын ажлыг эхлүүлсэн боловч иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу мэргэжлийн хяналтын улсын байцаагч хяналт шалгалт хийхэд барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдож, Барилгын тухай хууль болон холбогдох дүрэм, журмыг зөрчсөн үндэслэлээр 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр үйл ажиллагааг нь зогсоосон. Аймгийн Засаг дарга Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтаар олгогдсон эрх хэмжээний хүрээнд барилга, техникийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 12-07-048-102 дугаартай актыг тус тус үндэслэн аймгийн Засаг даргын 2015 оны А/334 дүгээр захирамжаар Ө.О-, Ж.Н- нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцсон. Энэ нь хууль зүйн хувьд үндэслэлтэй шийдвэр гэж үзэж байна. Иймд Ж.Н-гийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Ө.О- шүүхэд гаргасан тайлбартаа: ... 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Ган ширээс ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн ЛФШ-, МОЗЭ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.О- миний бие, БНХАУ-ын иргэн МФ-нарын хамтран ажиллах гэрээний дагуу 3 тал адил тэнцүү хөрөнгө оруулалт хийж, барилгын ажил эхлэхээр тохиролцсон. Уг гэрээнд зааснаар МФ-нь эхнэр Ц.А-гийн эзэмшлийн 1170 м.кв газрыг 220000000 /хоёр зуун хорин сая/ төгрөгөөр үнэлж, хөрөнгө оруулалт хийхээр гэрээнд тусгаж, уг газрын 30 хувийг Ө.О- миний нэр дээр шилжүүлэхээр тохирч гэрээ байгуулсан. Тухайн өдрөө Ц.А-гийн эзэмшилд байсан 1170 м.кв газрын 30 хувийг Ө.О- миний эзэмшилд, үлдсэн 70 хувийг Ж.Н-д шилжүүлэх гэрээ хийж, нотариатаар баталгаажуулсан... Уг газар нь Ц.А-гийн нэр дээр байсан боловч захиран зарцуулах эрх нь БНХАУ-ын иргэн МФ-д байсан... 2014 оны 3 дугаар сард уулзаж, МФ-өөрийн хүсэлтээр барилгын ажлаас гарах, 2013 онд хийсэн 3 талт хамтран ажиллах гэрээний хугацаа дуусаж байгаа учир түүнгүйгээр хамтран ажиллах гэрээг ЛФШ-, Ө.О- нарын хооронд шинэчлэн хийхээр тохирч, 1170 м.кв газрыг үнэлж, хөрөнгө оруулалт хийсэн 220.0 сая төгрөгийг бэлэн мөнгөөр тооцож, газрыг зарахаар тохиролцож, газрыг Ө.О- миний нэр дээр шилжүүлж өгөхөөр болсон. Ингээд 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 05-ны хооронд нийт 700.0 мянган юань буюу тухайн үеийн ханшаар ойролцоогоор 220,0 гаруй сая төгрөг авсан. 2014 оны 05 дугаар сарын 24-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг дахин шинэчлэн хийх болсон. Барилгын хөрөнгө оруулалт, санхүүжилт дутагдсаны улмаас банкнаас зээл авч барилгаа дуусгах зорилгоор МФ-д: -Чи газар зарсан мөнгөө авсан, одоо газраа шилжүүлэх хэрэгтэй байна гэж хэлэхэд та нараас ашиг авах ёстой, 3 өрөө байр, авто машины зогсоолын хамт өг гэж тулгах болсон. ЛФШ- бид дахин ярилцаад 3 өрөө 2 байр өгөхөөр тохиролцож, газар ашиглах гэрээ хийхээр болсон. 2014 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулсан... Аймгийн Засаг даргын 2014 оны А/525 тоот захирамжийн дагуу 1170 м.кв газрын үндсэн эзэмшигчээр Ө.О-, хамтран эзэмшигчээр Ж.Н- болсон. Бид ойлголцож чадахгүй явсаар 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр газар эзэмших эрхийг хүчингүй болсон талаар сонсож, аймгийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/334 тоот захирамжийг хүлээж авсан. Газрын төлбөрийг бүрэн өгч барагдуулсан байтал яагаад газар эзэмших эрх шилжүүлж өгөхгүй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахгүй, банкнаас зээл авахуулахгүй, бидний ажлыг үргэлжлүүлж хэвийн ажиллах боломж олгохгүй байгаа шалтгаан нь газар эзэмших эрхээрээ шантаажлан биднийг дарамталж, хууль бус аргаар хөрөнгөжих санаатай байсан нь тодорхой болсон. Монгол улсын хууль тогтоомжуудыг байнга зөрчиж байдаг БНХАУ-ын иргэн МФ-, Монгол улсын иргэн Ж.Н- нарт дахин хууль бус үйлдэл хийх боломж олгохгүй байх, бодит үнэнийг олж, шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсч байна гэжээ.

Д- аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 9 дүгээр шийдвэрээр Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан Д- аймгийн Засаг даргад холбогдох, Хэрлэн сумын 10 дугаар багийн иргэн Ж.Н-гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Газар эзэмших эрхийг хүчингүйд тооцох тухай Д- аймгийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/334 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Д- аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/525 дугаар захирамжаар Ж.Н-, Ө.О- нарт олгосон газар эзэмших эрхийг нь сэргээж, СМУ-ийн 30 дугаар байрны урд талын 1170 м.кв газрын үндсэн эзэмшигчээр Ж.Н-г, хамтран эзэмшигчээр Ө.О-г тогтоон газар эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгуулахыг аймгийн Засаг даргад даалгаж, 1170 м.кв газрыг бүхэлд нь зөвхөн Ж.Н-д эзэмшүүлэхийг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н- давж заалдах гомдолдоо: Д- Хэрлэн сумын иргэн Ж.Н-гийн "аймгийн Засаг даргын 2014 оны А/334 захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгох, аймгийн Засаг даргын 2014 оны А/334 дүгээр захирамжийн агуулгыг өөрчлөн зөрчигдсөн болон газар эзэмших эрхийг сэргээхийг даалгах" тухай нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг Д- аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд гаргасан 09 дүгээр шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Давж заалдах шатны журмаар гомдол гаргаж байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь аймгийн Засаг даргын 2014 оны А/525 дугаар захирамжаар Ж.Н- Ө.О- нарын газар эзэмших эрхийг сэргээж, Газар эзэмших эрхийг хүчингүйд тооцох тухай" 2015 оны А/334 дүгээр захирамжийг хүчингүй болгон, Смугийн 30 дугаар байрны урд талын 1170 м.кв газрын үндсэн эзэмшигчээр Ж.Н-г, хамтран эзэмшигчээр Ө.О-г тогтоон газар эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгуулахыг аймгийн Засаг даргад даалгасан Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр шийдвэр хууль зүйн үндэслэлгүй байна.

1.  Аймгийн Засаг даргын 2015 оны А/334 дүгээр захирамжийг хүчингүй болгон
аймгийн Засаг даргын 2014 оны А/525 дугаар захирамжаар Ж.Н-, Ө.О-
нарын газар эзэмших эрхийг сэргээсэн нь үндэслэлгүй юм. Учир нь аймгийн Засаг
даргын 2015 оны А/334 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн
40.1 /Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших
эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно/ дэх заалтаар олгогдсон эрх хэмжээний хүрээнд
Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай
хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 V, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2,
40.2, Барилгын тухай хуулийн /2008/ 16 дугаар зүйлийн 16.6, Барилга техникийн
хяналтын улсын байцаагчийн 2014 оны  12-07-048-102 дугаартай актыг тус тус
үндэслэн Ө.О-, Ж.Н- нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд
тооцсон. Монгол улсын Барилгын тухай хуулийг зөрчин зөвшөөрөлгүй барилгын ажил
эхлүүлэн үйл ажиллагаа  явуулсныг шүүх шийдвэртээ  хууль  зөрчөөгүй  мэтээр
тайлбарласан байна. Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа
иргэн хуулийн этгээд Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд зааснаар 17.1-д
Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх үүргийг хуульчилж
өгсөн. Мөн Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 /Газар эзэмших, ашиглах
хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн,
аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий
байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж,
байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй/ хэмээн заасан.

Иймд барилгын ажил эхлэх зөвшөөрөлгүй барилга барьж эхэлсэн тус иргэдийг газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй.

2.   Мөн тус шүүхийн шийдвэрт "МОЗЭ" ХХК нь маргаан бүхий газар дээр
барилга барихдаа эрх бүхий байгууллага албан тушаалтнаас барилга эхлүүлэх
үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй нь Ж.Н-гийн газар эзэмших эрхийн
гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй хэмээн тайлбарласан нь шүүхийн
 шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй хоёрдмол утгыг илэрхийлж байна. Мөн Ж.Н- Ө.О- нар хамтран ажиллахаар тохиролцож барилгын ажил эхлүүлсэн нь хэргийн оролцогчийн тайлбар, нотлох баримтуудаар нотлогддог. Гэтэл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан шүүх нотлох баримтыг цуглуулах үүргийнхээ хүрээнд цуглуулж үнэлэх ёстой байтал нэхэмжлэгчийн шүүх хуралд гаргасан тайлбарыг шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэг болгон гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

3. Ж.Н- нь нэхэмжлэлдээ эзэмшлийн газрын хувь хэмжээний талаар шаардлага гаргаагүй байхад шүүх шийдвэртээ 1170 м.кв газрын 70 хувийг эзэмшигч буюу үндсэн эзэмшигч Ж.Н-, Ө.О- нь тухайн газрын 30 хувийг эзэмшигч буюу хамтран эзэмшигч хэмээн шийдвэрлэсэн нь Газрын тухай хууль тогтоомжид нийцэхгүй байна. Мөн газрын хувь хэмжээний асуудал нь тухайн иргэд хоорондын асуудал учир захиргааны хэргийн шүүх тус асуудлыг харьяалан шийдвэрлэж шийдвэртээ тусгасан нь үндэслэлгүй байна.

Иймд Д- аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Гуравдагч этгээд Ө.О- давж заалдах гомдолдоо: Д- аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунтунгалаг нь Д- аймаг, Хэрлэн сум, 10 дугаар багийн иргэн Ж.Н-гийн нэхэмжлэлтэй, Д- аймгийн Засаг даргад холбогдох Д- аймгийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/334 дүгээр захирамжийг хүчингүй болгож, 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/525 дугаар захирамжийг сэргээж, агуулгыг өөрчилж, газар эзэмших эрхийг сэргээхийг даалгахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ Д- аймаг, Хэрлэн сум 10 дугаар багийн иргэн Ж. Н-гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, "Газар эзэмших эрхийг хүчингүйд тооцох тухай" Д- аймгийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/334 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Д- аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/525 дугаар захирамжаар Ж.Н-, Ө.О- нарт олгосон газар эзэмших эрхийг нь сэргээж Хэрлэн сумын 6 дугаар баг СМУ-ын 30 дугаар байрны урд талын 1170 м.кв газрын үндсэн эзэмшигчээр Ж.Н-г, хамтран эзэмшигчээр Ө.О- намайг тогтоон газар эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгуулахаар аймгийн Засаг даргад даалгахаар шийдвэрлэсэн нь буруу шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байгаа болно.

Д- аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг дутуу үнэлж, шүүхийн харьяалал зөрчиж иргэний хэргийн шүүхийн харьяаллын маргаан шийдвэрлэж, Ж.Н-г Хэрлэн сумын 6 дугаар баг СМУ-ын 30 дугаар байрны урд талын 1170 м.кв газрын үндсэн эзэмшигчээр Ж.Н-г, хамтран эзэмшигчээр Ө.О- намайг тогтоосон байна.

Ж.Н- бид Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хүрээнд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулсан бөгөөд Ж.Н- нь өөрийн хүсэлтээр өөрийн эзэмшлийн 819 м.кв газрыг Ө.О- миний эзэмшлийн газартай нэгтгэж нийт 1170 м.кв газрын үндсэн эзэмшигчээр Ө.О- миний бие, хамтран эзэмшигчээр Ж.Н- байхаар тохиролцож хуулийн дагуу хүсэлт гаргаж, гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан болно.

Иймд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн гаргасан Хэрлэн сумын 6 дугаар баг СМУ-ын 30 дугаар байрны урд талын 1170 м.кв газрын үндсэн эзэмшигчээр Ж.Н-г, хамтран эзэмшигчээр Ө.О- намайг тогтоож газар эзэмших эрх сэргээсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Д- аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/525 дугаар захирамжийг хэвээр нь сэргээхийг Д- аймгийн Засаг даргад даалгаж өгнө үү.

Уг газрын үндсэн бөгөөд хамтран эзэмшигч иргэн хэн байх нь Ж.Н- бидний хооронд ярилцаж тохиролцох, иргэний хуулийн дагуу шийдвэрлэх асуудал ба энэ нь захиргааны хэргийн шүүхийн харьяалалд огт хамааралгүй асуудал гэж үзэж байгаа тул давж заалдах шатны шүүх хэргийн бодит үнэнийг тогтоон үнэн зөв шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтын зарим хэсэгт үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн ч нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс ...миний эзэмшлийн 1170 м.кв газар дээр Ө.О- нь өөрийн эзэмшлийн МОЗЭ ХХК-иар худалдаа, үйлчилгээний барилгын ажил гүйцэтгэхээр 3 талт гэрээ байгуулсан... Ө.О- нь дээрх газрын 30 хувийг ... шилжүүлэхгүй бол болохгүй гэж хуурч, тухайн газрыг газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлэн авч эзэмшихээр болсон ... дараа нь барилга барихад банкнаас зээл авах хэрэгтэй 2 тусдаа газрын гэрчилгээ байж болохгүй гэж дахин хуурч, бичиг баримт бүрдүүлэн миний эзэмшлийн 70 хувийг Ө.О- хамтран эзэмших, Ө.О-гийн 30 хувийг би хамтран эзэмшихээр болсон. Гэтэл Д- аймгийн Засаг даргын 2015 оны А/334 дүгээр захирамжаар миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон... Д- аймгийн Засаг даргын 2015 оны А/334 дүгээр захирамжийг хүчингүй болгож, 2014 оны А/525 дугаар захирамжийг сэргээж, агуулгыг өөрчилж, газар эзэмших эрхийг сэргээхийг даалгах, мөн 1170 м.кв газрыг бүхэлд нь зөвхөн надад эзэмшүүлэх... гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодорхойлжээ.

Харин хариуцагчаас ...иргэн Ж.Н- нь өөрийн эзэмшлийн 819 м.кв газрыг Ө.О-д шилжүүлэх хүсэлт гаргаж ... дээрх иргэдийн хүсэлтийн дагуу Газрын тухай хуульд зааснаар аймгийн Засаг даргын 2014 оны А/525 дугаар захирамжаар хамтран эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан...тус газар дээр 6 давхар худалдаа үйлчилгээ бүхий орон сууцны барилгын ажлыг эхлүүлсэн боловч иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу мэргэжлийн хяналтын улсын байцаагч хяналт шалгалт хийхэд барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдож... үйл ажиллагааг нь зогсоож, аймгийн Засаг даргын 2015 оны А/334 дүгээр захирамжаар Ө.О-, Ж.Н- нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцсон... гэж, гуравдагч этгээдээс ...Аймгийн Засаг даргын 2014 оны А/525 тоот захирамжийн дагуу 1170 м.кв газрын үндсэн эзэмшигчээр Ө.О-, хамтран эзэмшигчээр Ж.Н- болсон. Бид ойлголцож чадахгүй явсаар 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр газар эзэмших эрхийг хүчингүй болсон талаар сонсож, аймгийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/334 тоот захирамжийг хүлээж авсан... газрын төлбөрийг бүрэн өгч барагдуулсан байтал газар эзэмших эрх шилжүүлж өгөхгүй ... үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахгүй, банкнаас зээл авахуулахгүй бидний ажлыг үргэлжлүүлж хэвийн ажиллах боломж олгохгүйбайсан... гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно, 40.1.2-т газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон, 40.2-т Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ гэж тус тус заажээ.

Д- аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, СМУ 30 дугаар байрны хажууд байрлах 1170 м.кв газрыг эзэмшигч иргэн Ц.А- өөрийн эзэмшлийн газраас 819 м.кв газрыг иргэн Ж.Н-д, 351 м.кв газрыг иргэн Ө.О- нарт хэсэгчлэн шилжүүлэхээр 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ[1] байгуулж, газрыг шилжүүлэх хүсэлтийг гаргаснаар тус аймгийн Засаг даргын 2014 оны А/261 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг хэсэгчлэн шилжүүлж, газар эзэмших эрхийн 000441340 дүгээр гэрчилгээгээр 819 м.кв газар, 000441339 дугаар бүхий гэрчилгээгээр 351 м.кв газар эзэмших эрх үүссэн байна.

Улмаар газар эзэмшигч Ж.Н-, Ө.О- нараас 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүсэлт гаргаснаар Д- аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/525 дугаар захирамж[2], 000441431 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ[3]-ээр 1170 м.кв газрыг хамтран эзэмших эрхтэй болсон байна.

Хариуцагчаас Д- аймгийн Мэргэжлийн хяналтын газраас маргаан бүхий газар дээр баригдаж буй худалдаа, үйлчилгээ, орон сууцны зориулалттай 6 давхар барилгын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж,Барилга, техникийн хяналтын улсын байцаагчийн Хэрлэн сумын 6 дугаар багт баригдаж байгаа Худалдааны төвтэй 32 айлын орон сууцны барилга нь барилга эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй ажиллаж хүний амь нас эрүүл мэндэд хор хохирол учруулахуйц нөхцөл байдал үүсч байгаа тул ... барилгын үйл ажиллагааг бүрмөсөн зогсоохоор тогтов гэж дүгнэсэн 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 12-07-048-102 дугаартай актыг үндэслэн 2015 оны А/334 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Ж.Н-, Ө.О- нарт газар эзэмшүүлсэн 2014 оны А/525 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасантай нийцээгүй байна.

Тодруулбал, тус аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 12-07-048-102 дугаар актыг үндэслэж, барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдож, барилгын үйл ажиллагааг зогсоосон байхад газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсний улмаас газар эзэмшигч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.

Хэрэгт авагдсан Ө.О-, Ж.Н- нарын аймгийн газрын хил хамгаалах албанд гаргасан ....хамтран эзэмшигчээр Ж.Н- намайг оруулж газар эзэмших эрхийг шилжүүлж өгнө үү... гэсэн хүсэлтүүд, дээрх хүсэлтүүд дээр үндэслэн гарсан Д- аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/525 дугаар захирамжаар ...нийт 1170 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаагаар Ө.О- болон хамтран эзэмшигч Ж.Н- нарт эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл тус захирамжид газар эзэмшигч нарын эзэмших газрын хувь хэмжээг тодорхойлоогүй, мөн үндсэн эзэмшигч, хамтран эзэмшигчийн талаар хүсэлтүүддээ тодорхой дурдаж байсан байхад шүүх тус аймгийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/334 дүгээр захирамжийг хүчингүй болгосноор 1170 м.кв газрыг нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт хамтруулан эзэмшүүлж шийдвэрлэсэн 2014 оны А/525 дугаар захирамжийн үйлчлэл сэргэхээр байхад ...А/525 дугаар захирамжаар Ж.Н-, Ө.О- нарт олгосон газар эзэмших эрхийг нь сэргээж давхардсан агуулга бүхий шийдвэр гаргасан нь учир дутагдалтай байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Ж.Н- нь нэхэмжлэлдээ эзэмшлийн газрын хувь хэмжээний талаар шаардлага гаргаагүй байхад шүүх шийдвэртээ 1170 м.кв газрын 70 хувийг эзэмшигч буюу үндсэн эзэмшигч Ж.Н-, Ө.О- нь тухайн газрын 30 хувийг эзэмшигч буюу хамтран эзэмшигч хэмээн шийдвэрлэсэн нь Газрын тухай хууль тогтоомжид нийцэхгүй байна гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Түүнчлэн дээр дурдсанчлан А/334 дүгээр захирамжийг хүчингүй болгосноор 2014 оны А/525 дугаар захирамжийн үйлчлэл сэргэхээр байхын дээр нэхэмжлэгч Ж.Н-гаас газрыг хамтран эзэмших хүсэлт гаргасны дагуу гуравдагч этгээд болон нэхэмжлэгчид газрыг хамтран эзэмшүүлэх тухай тухай А/525 дугаар захирамж гарсан, түүнчлэн нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийн хувь хэмжээг зааж нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх шүүх ...маргаан бүхий 1170 м.кв газрыг Ж.Н-, Ө.О- нар тэгш эрхтэйгээр хамтран эзэмших эрхтэй бөгөөд тэдний эрх зүйн байдал адилхан, энэхүү газрыг бусдад шилжүүлэх, барьцаалах тохиолдолд зайлшгүй харилцан бие биенээсээ зөвшөөрөл авах ёстой ... гэж дүгнэсэн атлаа СМУ-ийн 30 дугаар байрны урд талын 1170 м.кв газрын үндсэн эзэмшигчээр Ж.Н-г, хамтран эзэмшигчээр Ө.О-г тогтоон газар эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгуулахыг аймгийн Засаг даргад даалгаж... шийдвэрлэсэн нь өмнөх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй зөрчилдсөн байна.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд ...Д- аймгийн Засаг даргын 2015 оны А/334 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, 2014 оны А/525 дугаар захирамжийг үйлчлэлийг сэргээлгэх гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсныг дурдах нь зүйтэй байна.

Харин нэхэмжлэгч Ж.Н- нь анхнаасаа 1170 м.кв газрыг бүхэлд нь эзэмшиж байгаагүй, түүний 70 хувь буюу 819 м.кв газрыг эзэмших эрхтэй байсан тул маргаан бүхий газрыг зөвхөн түүнд бүхэлд нь эзэмшүүлэх үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Д- аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 9 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...Д- аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/525 дугаар захирамжаар Ж.Н-, Ө.О- нарт олгосон газар эзэмших эрхийг нь сэргээж, СМУ-ийн 30 дугаар байрны урд талын 1170 м.кв газрын үндсэн эзэмшигчээр Ж.Н-г, хамтран эзэмшигчээр Ө.О-г тогтоон газар эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгуулахыг аймгийн Засаг даргад даалгаж ... гэснийг ...Д- аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/525 дугаар захирамжаар Ж.Н-, Ө.О- нарт олгосон газар эзэмших эрхийг нь сэргээж, СМУ-ийн 30 дугаар байрны урд талын 1170 м.кв газрын үндсэн эзэмшигчээр Ж.Н-г, хамтран эзэмшигчээр Ө.О-г тогтоон газар эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгуулахыг аймгийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ