Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 28

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Л.Баатар, И.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг,

улсын яллагч У.Солонго,

иргэдийн төлөөлөгч Д.Мөнх-Од,

хохирогч Э.Жаргалтулга,

шүүгдэгч Д.Ганболд, түүний өмгөөлөгч Н.Цэрэндулам (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0192) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Жаа овогт Дашбазарын Ганболдод Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626010693 дугаартай, 1 хавтаст хэргийг 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Жаа овогт Дашбазарын Ганболд, Баянхонгор аймагт 1971 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын лифтний механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден паркийн 103-81 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ФЖ71031511.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Д.Ганболд нь согтуугаар 2016 оны 02 дугаар сарын 29-ний шөнө 00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 2-26 тоот бусдын гэрт иргэн Э.Жаргалтулгыг тодорхой шалтгаангүйгээр илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хутгыг зэвсгийн чанартай зүйл болгон ашиглаж, хүч хэрэглэн зүүн гарын булчинд нь хутгалж судас гэмтээсэн, баруун чамархай, баруун далан тус газар-т нь зүсэж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Д.Ганболдын шүүхийн хэлэлцүүлэгт: 2016 оны 02 дугаар сарын 29-ний өглөө 08 цагт эхнэр Эрдэнэчимэгийн найз ирж цай уу гэж хэлсэн...эхнэрийн найз Энхбаярынд 2 шил архи уугаад 19 цагийн үед гэртээ ирээд эхнэр Эрдэнэчимэгийг 1 шил архи авчих гээд...Жаргалтулга бид 3 хувааж уусан. 21 цагийн үед эхнэрийн дүү Нармандах утсаар дуудаад тэднийд очихоор эхнэр бид хоёр Жаргалтулгыг дагуулаад явсан. Би Нармандахын гэрт ороод унтсан. ...босч ирэхэд Эрдэнэчимэг, Нармандах хоёр байхгүй байсан...Жаргалтулгаас асуухад архинд явсан гэж хэлсэн. ...яриад сууж байтал гэнэт миний хүүгийн талаар сэдэв гарч ирээд...Жаргалтулгыг манай дүүгээс салсан, тэгээд миний хүүгээс архи нэхэж уудаг гээд би уурлаад босч ирээд хатгасан...чих, даланд нь бас зүссэн. Цус гараад ирэхээр нь сандраад нэг мэдэхэд би гадаа гүйж явсан гэв.

Хохирогч Э.Жаргалтулгын шүүхийн хэлэлцүүлэгт: 2016 оны 02 дугаар сарын 29-ний шөнө би Ганболд, Эрдэнэчимэг нарын гэрт байсан. Энэ хоёр найзуудынх руугаа явсан...орой гаднаас орж ирээд намайг дэлгүүр ороод ир гэж хэлсэн. ...бид гурав архи хувааж ууж, хоолоо идэх гэж байхад Эрдэнэчимэг эгчийн дүү Нармандах утсаар яриад гэртээ дуудсан...бид 3 хамт явсан. Айлд очоод мах чанаж идээд архи уусан. Ганболд ах гаднаас орж ирээд шууд унтсан. ...сэрэхээр нь би та халуун хоол идээд сэргэ гэж хэлсэн. Тэгээд Ганболд ах амандаа хүүхдийнхээ талаар яриад бувтнаад юм яриад байсан. Архинд явсан 2 хүн орж ирсэн. Нармандах хүүхдээ унтуулах гээд хэвтсэн. Эрдэнэчимэг эгч их согтсон байсан. Тэгээд би тантай маргалдмааргүй байна, цаашаа суу гээд түлхсэн. Хэзээ хутга авсаныг нь мэдэхгүй, нэг мэдсэн намайг хатгах шиг болсон...тэгээд цагдаад дуудлага өгсөн гэв.

                                              

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Мөрдөн байцаалтад хохирогч Э.Жаргалтулгын өгсөн: ...Хамаатны эмэгтэй болох Цэрэн-Одонтой үерхэж байсан болохоор түүгээр дамжуулан Бадмаадорж болон Ганболд, Эрдэнэчимэг гэх хүмүүстэй танилцаж байсан. ...2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн өглөө намайг тэдний гэрт хүүхдүүдтэй нь хамт байхад Ганболд ах, Эрдэнэчимэг эгч хоёр гараад үдээс хойш 19 цагийн орчим байх буцаж гэртээ ирсэн. Тэр хоёр ирээд хоол, цайгаа идэж уугаад байж байхад Ганболд ах эхнэрийгээ архи авъя гэхэд нь Эрдэнэчимэг эгч надад мөнгө өгөөд би гарч гаднаас идэж уух юм, нэг шил 0.75 литрийн архи аваад Ганболд ах, Эрдэнэчимэг эгч бид гурав талд нь ортол уугаад Эрдэнэчимэг эгч Ганболд ахыг аваад явах гэж байснаа намайг хамт явъя гэхээр нь би зөвшөөрөөд бид хамт Баянхошууны Буурал ээж гээд автобусны буудлын орчим Эрдэнэчимэг эгчийн дүүгийнх гэх нэг айлд ирсэн. Тэнд 40 орчим насны Мандах гэх эмэгтэй бага насны хүүхэдтэйгээ гэртээ байсан ба бид нар тэднийд ирсэн хойно Ганболд ах унтаад өгсөн. Тэр айлынх бидэнд мах чанаж өгөөд Эрдэнэчимэг эгч, дүү Мандахтайгаа гараад нэг шил 0.75 литрийн архи авчирсан. ...Тухайн үед Ганболд ах уг нь унтаж босож ирээд согтолт нь гайгүй байсан боловч сүүлд авсан архинаас уучихаад буцаад нилээн согтсон ба амандаа бувтнаад юм яриад...би тантай маргамааргүй байна, зүгээр цаашаа дуугүй суу гээд ярьж байхад...хэзээдээ хутга авсан юм мэдэхгүй, гэнэт л миний хажуунаас зүүн гарын булчин руу хатгах шиг л болсон. Гэтэл миний гарнаас цус ихээр гараад байсан ба Ганболд ах ч бас амандаа бувтнаад гартаа барьсан хутгаа над руу савчуулж байгаад дахин миний чих болон нуруу орчим зүсчихээд гэнэт л хутгаа хаяад гараад явчихсан. ...Тэдний ширээн дээр мах идэж байсан хар иштэй жижиг хутга байсан, тэрүүгээр Ганболд ах миний гаранд хутгалсан. Эмчилгээний зардалаа нэхэмжилж байна гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 тал),

Мөрдөн байцаалтад гэрч Б.Нармандахын өгсөн: ...Би хүүхдээ унтуулах гээд цаашаа хараад хэвтэж байгаад хэсэг хугацаанд зүүрмэглэсэн байсан. ...Намайг зүүрмэглэхээс өмнө л бол маргаж муудалцаагүй. ...сэрэхэд тэр залуугийн гарнаас их цус гараад сайн тогтож өгөхгүй манай гэр орон нил цус болчихсон байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

Мөрдөн байцаалтад гэрч Г.Бадмаадоржийн өгсөн: ...Тухайн өдрийн шөнө ...манай ээж Эрдэнэчимэг аав нь Жаргалтулгатай муудаад түүнийг хутгалсан, аав чинь одоо байхгүй байна. Би цагдаа дээр байна. Аавыгаа гэртээ ирвэл дагуулаад ирээрэй гэж байсан. Намайг ээжтэй утсаар яриад удаагүй байхад аав гэртээ ирсэн ба намайг юм асуухад тодорхой юм хэлээгүй, сандарсан байдалтай л байсан ба удаагүй буцаад цагдаа руу явсан. Манай аав ер нь бол сүүлийн үед архи уух дуртай болчихсон. Уухаараа ширүүн ааштай болчихдог. Жаргалтулга ах ч гэсэн ааш сайтай хүн биш. Энэ хоёр хэн хэнээсээ л болж ийм асуудал гаргасан байх.... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахь тал),

Шинжээч эмч М.Отгонбаатарын мэдүүлсэн: Э.Жаргалтулгын биед үүссэн гэмтлүүд нь бүгд нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой бөгөөд бүгд тус бүрийн нэг удаагийн хурц ир, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн гарын булчин судас гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх нь дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Харин баруун чамархай, баруун даланд үүссэн шарх нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56-57 дахь тал),

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Ганболдын өгсөн: ...намайг Жаргалтулга байх татаж сэрээхэд манай эхнэр Эрдэнэчимэг болон Мандах нар байгаагүй. ...Тухайн үед би авчирсан архинаас нь ууж суухдаа би хэсэгхэн хугацааны зүйлийг санахгүй байгаа юм. ...Нэг мэдэхэд л Жаргалтулга Ганбаа ахаа та яаж байгаа юм бэ гэхээр нь би ухаан орсон ба би гартаа жижигхэн хар хутгаар мах огтолж байсан, тэрүүгээрээ Жаргалтулгын гар руу хатгасан юм шиг байсан. Жаргалтулгын гарнаас цус гараад байхаар нь би сандраад гараад явсан ба гэртээ шууд оччихоод цагдаа дээр ирсэн... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63-68 дахь тал),

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 3112 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 1. Э.Жаргалтулгын биед зүүн гарын булчин, судас гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун чамархай, баруун даланд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Жаргалтулгын цусны бүлгийг ГССҮТ-д В/III/ бүлгийн харъяалалтай гэж тогтоосон байна.

6. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүснэ (хавтаст хэргийн 35 дахь тал),

 

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 4-5), гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-8), хохирогч Э.Жаргалтулгын өвчний түүх (хавтаст хэргийн 79-85), хохирлын баримтууд (хавтаст хэргийн 86-94), хохирол төлсөн баримтууд (хавтаст хэргийн 77-78), хохирогч Э.Жаргалтулгын хүсэлт (хавтаст хэргийн 95), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 73), урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 72) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал буюу хэргийн үйл баримтанд дүгнэлт хийвэл уг хэрэг нь хувийн таарамжгүй харьцаанаас үүссэн байна гэж үзэж Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Ганболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж түүнийг Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт  зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иймд шүүгдэгч Д.Ганболдыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 72)-р тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Ганболд нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.300.000 төгрөг нөхөн төлсөн (хавтаст хэргийн 95, 99), хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй (хавтаст хэргийн 99) гэсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Шүүх шүүгдэгч Д.Ганболдод ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх, шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Эрүүгийн 201626010693 дугаар хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 190 мм урттай, ир хэсэг нь 100 мм урттай, 90 мм урт хар өнгийн хуванцар иштэй хутга 2 ширхэг, Viva нэртэй 0.75 литрийн архины шил, цагаан өнгийн дугтуйнд хийсэн цусны дээж 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг даалгаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 284, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Жаа овогт Дашбазарын Ганболдыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Д.Ганболдыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцсугай.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ганболдыг 450 (дөрвөн зуун тавин) цаг албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ганболд нь албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг 1 хоног баривчлах ялаар  тус тус сольж болохыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Ганболд нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Э.Жаргалтулга нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т тус тус зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 190 мм урттай, ир хэсэг нь 100 мм урттай, 90 мм урт хар өнгийн хуванцар иштэй хутга 2 ширхэг, Viva нэртэй 0.75 литрийн архины шил, цагаан өнгийн дугтуйнд хийсэн цусны дээж 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Эд мөрийн баримт устгах комисс-т даалгасугай.

 

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Ганболдод авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                             

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.МӨНХЗУЛ

 

                                    ШҮҮГЧИД                                           Л.БААТАР

 

                                                                                                И.ГАНБАТ