Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2007

 

П.Эы нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/06228 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч П.Э,

Хариуцагч Г.Яд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 44 290 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгч П.Итгэлийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч П.Э, түүний өмгөөлөгч Г.Болорцэцэг,

Хариуцагчийн өмгөөлөгч П.Итгэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний өмгөөлөгч Г.Болорцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Э миний бие хариуцагч Г.Ягийн гаргасан хүсэлтийн дагуу түүнд нийт 3 удаагийн зээлийн гэрээгээр бүгд 22 500 000 төгрөгийг тодорхой хугацаатай хүүтэй зээлсэн. Үүнд: 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Г.Ятэй зээлийн гэрээ байгуулж уг гэрээний дагуу 15 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн ба мөнгийг тэр өдөр нь Г.Яд бэлнээр нь хүлээлгэн өгсөн. 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Г.Я нь өөрийн компанийн нягтлан бодогч С.Оюунбатаар дамжуулан зээлийн гэрээ байгуулж уг гэрээний дагуу 5 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн бөгөөд мөнгийг мөн өдөр нь хүлээлгэн өгсөн. Г.Я энэ мөнгийг хүлээн авсан талаараа маргаагүй. 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр мөн Г.Ятэй зээлийн гэрээ байгуулж уг гэрээний дагуу 2 500 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлсэн ба уг өдрөө мөнгийг түүнд хүлээлгэн өгсөн.

Г.Я нь зээлийн гэрээнүүдийн хугацаанд зээлийн хүүг тодорхой хэмжээгээр төлж байсан бөгөөд уг гэрээнүүдийн хугацаа дуусахад зээлиин үндсэн төлбөр, зээлийн хүүг бүрэн төлж дуусгах үүргээ биелүүлээгүй. Зээл болон зээлийн хүүг бүрэн төлж дуусгахыг удаа дараа утсаар мэдэгдсэн бөгөөд Г.Я нь өөрийн ажил болоод санхүүгийн нөхцөл байдлын улмаас төлж чадахгүй байна гэх шалтгааныг хэлдэг байсан. Ингээд Г.Ятэй дээр дурьдсан зээлийн гэрээнүүдийн дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх үүрэг хоцорч байгааг ярилцаж, төлөх төлбөрийн талаар тооцоо нийлэн бид 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зээлийн нэмэлт гэрээг байгуулж зээлийн гэрээнүүдийн хугацааг 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгаж, гэрээний үүргийг дүгнэсэн тооцоо нийлсэн акт үйлдсэн.

Уг актаар зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 22 500 000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 10 450 000 төгрөг, /2016 оны 2 дугаар сарын дуусталх байдлаар/ буюу зээлдэгчийн төлөх ёстой нийт төлбөр 32 950 000 төгрөг болохыг баталгаажуулсан. Гэвч энэ хугацаанд Г.Я нь ямар нэгэн төлбөр төлөөгүй. Зээлийн нэмэлт гэрээний 3 дахь заалтын дагуу Г.Я нь 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд зээлийн үндсэн төлбөрөөс 6 хувийн хүү төлөх үүргийг хүлээсэн. Мөн тус нэмэлт гэрээний 5 дахь заалтын дагуу 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам төлөх ёстой зээлийн үндсэн төлбөрөөс 0.2 хувийн алданги төлөх үүрэг хүлээсэн.

Иймд Г.Ягээс үндсэн зээл 22 500 000 төгрөг, зээлийн хүү 14 500 000 төгрөг, алданги 7 290 000 төгрөг, нийт 44 290 000 төгрөгийг нэхэмжилж нэхэмжлэл гаргасан бөгөөд Г.Ягийн байдлыг харгалзаад алдангиас 3 290 000 төгрөгийг нэхэмжлэхгүй, 3 290 000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Одоо Г.Ягээс үндсэн зээл 22 500 000 төгрөг, зээлийн хүү 14 500 000 төгрөг, алданги 4 000 000 төгрөг, нийт 41 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй байна.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232
дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Ягээс 41 000 000 төгрөг
гаргуулан нэхэмжлэгч П.Эд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар
зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч П.Эы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 379 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ягээс 362 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Эд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч П.Итгэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 5 000 000 төгрөгийн зээлийн гэрээгээр П.Э нь Г.Яд мөнгө шилжүүлээгүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч энэ гэрээний үүргийг Г.Ягээс шаардах эрхгүй гэж үзэж байна. 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн энэ гэрээ нь өмнөх зээлийн гэрээгээр авсан зээлүүдийг нэгтгэсэн нэмэлт гэрээ гэх боловч өмнөх гэрээний талууд өөр өөр, зээлийн дүн харилцан адилгүй, гэрээгээр тохиролцсон дүн нь үндсэн зээлийн нийлбэрээс өөр дүнтэй байх тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй.

Энэ ч үүднээсээ энэ гэрээгээр хийгдсэн сунгалтыг өмнөх гэрээнүүдэд хамааруулж, тэдгээрийн хугацаа сунгагдсан гэж үзэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгч нь 2013 оны 11 дүгээр сарын 27, 2013 оны 12 дугаар сарын 03, 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээний үүргийг зээлдэгч тус бүрээс шаардах эрхтэй байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гэрээний хугацаанд болон сунгасан хугацааны хүүг зээлдэгч нараас шаардах эрхтэй бөгөөд сунгагдаагүй хугацааны хүү шаардах эрхээ алдана.

Зохигч шүүх хуралдааны бүх шатанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргахад тэгш эрхтэй оролцох талаар хуульд тусгасан байна. Гэтэл 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 15 цагийн хуралдаанд Г.Я хүндэтгэн үзэх шалтгаантай өвчтэй гэсэн эмчийн акт, магадлагаа, шүүх хуралдааныг хойшлуулж өгөх хүсэлтийг өөрийн төрсөн охин С.Солонгоор шүүх хурал болохоос 1 цагийн өмнө өгч явуулсан боловч шүүгчийн туслах С.Нэргүй хүлээж авахгүй байсан тул нагац эгч Г.Оюунцэцэгийг дуудаж хоёул шүүх хурал эхлэхээс өмнө удаа дараа шүүгчийн туслах С.Нэргүйд эмчийн магадлагааг хүсэлтийн хамт өгөх гэсэн боловч хүлээж авахгүй байсаар шүүх хуралдааныг эхлүүлсэн.

Шүүх хуралдааныг хойшлуулж, хуралдаанд Г.Я биеэр оролцож мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх бололцоогүй болгосон. Иймд дээрх үндэслэлүүдийг хянан хэлэлцэж зээлийн гэрээний үүргийн биелэлтэнд 44 290 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч П.Эы хариуцагч Г.Яд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 41 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ огноог 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөр тодорхойлж, 101/ШШ2016/06228 дугаарыг авчээ.

            Харин шүүх хуралдааны тэмдэглэл нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөр бичигдсэн байх тул тэмдэглэл, шийдвэрийн огноо зөрүүтэй байдлыг үндэслэн шүүх хуралдааныг явуулаагүй гэж дүгнэхээр байна.

Шүүх хуралдааныг хэзээ хийсэн талаарх шүүх хуралдааны тэмдэглэл, шийдвэрийг хэзээ гаргасан талаарх шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэг зөрүүтэй байгааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, 118 дугаар зүйлийн 118.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзэх ба хэзээ гаргасан нь тодорхойгүй шийдвэрийг давж заалдах журмаар хянах боломжгүй гэж үзэв.

Энэ зөрчил нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарч байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/06228 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 362 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Э.ЗОЛЗАЯА

                                    ШҮҮГЧИД                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ