Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2017/01695

 

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2017/01695

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, 4 дүгээр хороо, “Дөл цамхаг” ХХК-ийн үйлдвэрийн байр, “Дөл цамхаг” ХХК /РД:5607493/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Замчдын гудамж, “Ган-очир трейд” ХХК-ийн байр, 302 тоотод оршин байх, “Топ дриллинг” ХХК /РД:5283833/-д холбогдох,

 

9,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Дамдиндорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Алтангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Топ дриллинг” ХХК-ийн захирал Ж.Алтангэрэл 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр тус компанийн үйлдвэр дээр гүний худаг ухах ажлыг 5 хоногийн дотор гүйцэтгэж өгнө гэж гэрээ хэлцэл байгуулан 6,000,000 төгрөгийн урьдчилгаа бэлнээр авч ажлаа эхлүүлэхээр болсон. Тэгэвч хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 4 хоногийн дараа наадмын амралт болж, үйлдвэр зогсож, ажилчид амарсан хойгуур явж алга болсон ба түүнээс хойш сураг тасарсан билээ. Иймд гэрээгээр хүлээсэн үүргээ умартан манай компанийг хохироож байгаа “Топ дриллинг” ХХК-иас урьдчилгаанд өгсөн 6,000,000 төгрөг болон байгуулсан гэрээний 5.1-д заасан гүйцэтгэгч ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлнө гэж харилцан баталсны дагуу нэхэмжилж буй 6,000,000 төгрөгийн 50 хувьтай тэнцэх 3,000,000 төгрөгийг хамтатган нийт 9,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа тул энэхүү асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Дамдиндорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр “Топ дриллинг” ХХК-тай гүний худаг гаргуулахаар гэрээ хийсэн. Хариуцагч байгууллага манай газар дээр буюу Налайх дүүрэг, 3 дугаар хороо, хуучнаар ил уурхайн үйлдвэрийн баазад худаг ухаж өгөхөөр харилцан тохирсон. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу хариуцагч компанийн дэд захирал Ж.Алтангэрэл бид хоёр гэрээг хийхэд хамт байсан. Тэрбээр ажлын хөлс 12,000,000 төгрөг болно гэсэн. Урьдчилгаанд 6,000,000 төгрөгийг бид хүлээлгэж өгсөн. Ингээд ажлаа эхлээд худгаа ухаж эхэлж байснаа гэнэт баяр наадам гээд алга болсон. Одоо бид худаг ч үгүй, мөнгө ч үгүй болоод байна. Иймд хариуцагч байгууллагаас гэрээний урьдчилгаанд өгсөн 6,000,000 төгрөг, гэрээгээр тохирсон алданги 3,000,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч талаас надад “...бид авсан мөнгөнийхөө хариуд өөр газарт худаг ухаж өгнө” гэж хэлж байсан боловч бодит байдал дээр ийм зүйл болоогүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч надад худлаа хэлж зугатаад байгаа. Би энэ компаниас олон жил гуйж, олон жил харж явлаа, одоо мөнгөө буцаан гаргуулж авна гэжээ.  

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч компанийн дэд захирал Ж.Алтангэрэл би 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр “Дөл цамхаг” ХХК-тай өрөмдмөл худаг өрөмдөх гэрээ байгуулан 100 м гүнтэй худгийг нэг метр бүрийг нь 100,000 төгрөг байхаар тохиролцон урьдчилгаа 6,000,000 төгрөг хүлээн авч ажлаа 2013 оны 7 дугаар сарын 06-ны өдөр эхлүүлсэн бөгөөд 56 метр өрөмдөөд цааш нь 60 метр хүртэл өрөмдөхөд 4 метрийн гүнтэй ухмал тунел таарсан байсан. Газрын гүнд юу тохиолдохыг зөвхөн өрмийн аргаар л баталгаажуулж мэдэх боломжтой байдаг. Бид нийтдээ 92 метр хүртэл гүн өрөмдсөн. Энэ ажилд ашиглалтын болон түлшний зардал гээд урьдчилж авсан мөнгөө бүрэн зарцуулсан. Цооногийн нуралтаас бид өрмийн хошуугаа 92 метрт шороонд даруулсан. Хошуугаа авах шаардлагатай арга хэмжээг авч байгаад өрмийн багажаа эвдэлсэн. Нэмж зардал бас гарсан гээд манай компани энэ ажлаас хохирол хүлээгээд байхад огт ажил хийгээгүй, зугтаж алга болсон мэтээр хандаж байгаа нь үндэслэлгүй байна. Газрын гүнд юу байгааг мэдэх боломжгүй, “Дөл цамхаг” ХХК өөрсдөө өрөмдүүлэх газраа зааж өгсөн. Бид захиалгын дагуу л ажил үүргээ биелүүлсэн. Бид цооногийн хүндрэлийн талаар мэдэгдсээр байхад ямар нэгэн хариу өгөөгүй. Гэрээний 3.2-т “...Ажил гүйцэтгэх явцад захиалагч тал хяналт тавьж, шаардлагатай гэж үзсэн үед хөндлөнгийн мэргэжлийн байгууллагыг татан оролцуулах эрхтэй...” гэж заасан байдаг. Ямар ч арга хэмжээ аваагүй. Манай компани Монгол улсад албан ёсны бүртгэлтэй хуулийн дагуу албан ёсны хаяг дээр үйл ажиллагаагаа явуулдаг байтал зугтаж алга болсон, олдохгүй байгаа мэтээр бичиж хандсан нь компанийн нэр хүнд, эрх ашигт буруугаар нөлөөлж байгаа хэрэг гэж үзнэ. Иймд захиалагч компаний нэхэмжлэлийг эс зөвшөөрч байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Алтангэрэл шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Бид нэхэмжлэгч “Дөл цамхаг” ХХК-тай гүний худаг ухахаар харилцан тохирч, гэрээ байгуулсан, уг гэрээний урьдчилгаанд 6,000,000 төгрөг авсан нь үнэн. Бид гэрээний дагуу ажлаа 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр эхлүүлсэн. Бид нийт 100 метр ухахаас 92 метр ухаад явж байтал биднээс шалтгаалахгүй асуудал үүссэн. Нэхэмжлэгчийн зааж өгсөн газар нь өөрөө худаг ухах боломжгүй, доогуураа нүх ухагдсан, худаг гарах боломжгүй газар байсан ба бидний техник эвдэрч гэмтсэн. Бид энэ хүндрэл, бэрхшээлийн талаар нэхэмжлэгч талд танилцуулж ч байсан. Ингэж явсаар баяр наадам болж бид өөрсдийн багаж, төхөөрөмжөө үлдээгээд явсан. Хэдийгээр биднээс шалтгаасан зүйл байгаагүй боловч би нэхэмжлэгчийн төлөөлөгчид “...нэгэнт ажил бүтээгүй учраас танд дараа нь хямд үнээр худаг ухаж өгье” гэж хэлсэн, өөрөө л энэ хүн ухуулаагүй. Тэгээд ч энэ олон жилийн дараа сураггүй байж байгаад гэнэт гэрээний зүйлээ шаардаж байгааг зөвшөөрөхгүй. Бид хийх ёстой ажлаа тухайн үед нь хийсэн, манай компани байгаа газраа байсан, энэ хүнээс зугтааж явсан зүйлгүй гэжээ.         

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Дөл цамхаг” ХХК нь хариуцагч “Топ дриллинг” ХХК-д холбогдуулж 9,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан ба шаардлагын үндэслэлээ “...хариуцагч гэрээгээр тохирсон худаг ухах ажлаа хийж гүйцэтгээгүй тул урьдчилгаанд өгсөн 6,000,000 төгрөгийг гэрээгээр тохирсон алдангийн хамт шаардах эрхтэй” гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч “Топ дриллинг” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ “...бид хийх ёстой ажлаа хийсэн боловч биднээс шалтгаалаагүй хүчин зүйлээс болж ажил зогссон, тэгээд ч энэ олон жилийн дараа гэрээний дагуу мөнгө шаардах эрхгүй” гэжээ.

 

“Дөл цамхаг” ХХК болон “Топдриллинг” ХХК-иуд 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр “Өрөмдмөл худаг гаргах аж ахуйн гэрээ”-г байгуулжээ. Уг гэрээгээр ажил гүйцэтгэгч буюу “Топ дриллинг” ХХК нь 100 метрийн гүнтэй худгийн цооногийн нэг метрийг 100,000 төгрөгөөр өрөмдөж, захиалагч болох “Дөл цамхаг” ХХК-ийн насосыг монтажлан, шавхалт, туршилт хийн ажлын 5 хоногт багтаан ашиглалтад өгөхөөр харилцан тохирсон ба шүүхээс талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ.

 

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээхийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ба зохигчид гэрээ байгуулсан болон гэрээний урьдчилгаанд 6,000,000 төгрөгийг “Топдриллинг” ХХК хүлээн авсан талаар маргаагүй.  

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нэхэмжлэгчийн зааж өгч худаг ухуулсан газар нь шаардлага хангахгүй байсан тул бид ажлыг орхиж явахаас өөр арга байгаагүй” гэх тайлбараас үзэхэд ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагч “Топдриллинг” ХХК нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасан “гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх”, 350.1.6-д заасан “захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх” үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болно. 

 

Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, цаашид ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй, энэ тохиолдолд мөн хуулийн 205 дугаар зүйлд зааснаар хариуцагч тал авсан мөнгийг буцаан өгч, улмаар гэрээнээс татгалзсанаас учирсан хохирлыг шаардах эрх нэхэмжлэгчид үүснэ. 

 

Гэвч аливаа гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхыг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зохицуулсан. Нэхэмжлэгч 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн “Өрөмдмөл худаг гаргах аж ахуйн гэрээ”-ний үүрэгтэй холбоотой асуудлаар 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх ба энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж шүүх үзлээ. 

 

Талууд 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн “Өрөмдмөл худаг гаргах аж ахуйн гэрээ” -г байгуулахдаа гэрээний хөөн хэлэлцэх хугацааг тохироогүй, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байх тул “Топ дриллинг” ХХК-иас 9,000,000 төгрөг гаргуулах тухай “Дөл цамхаг” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан “Топ дриллинг” ХХК-иас 9,000,000 төгрөг гаргуулах тухай “Дөл цамхаг” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 159,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Н.ХАНГАЛ