Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/345

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2021/0328/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Мөнхбат,

Улсын яллагч Д.Батмөнх,

Шүүгдэгч Б.Ч, Б.О, Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ө овогт Б.Ч, Ш овогт Б.О, Х овогт Д.Э нарт холбогдох эрүүгийн 2102002010305 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Ө овогт Б.Ч /РД: ТИ82123078/, 1982 оны 12 дугаар сарын 30-нд Дархан-Уул аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь Цагдаагийн газрын Дархан татах хэсэг дэх цагдаа ажилтай, ам бүл 2, эцгийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, Наран хотхон 1 дүгээр байр, 116 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

2. Монгол Улсын иргэн, Ш овогт Б.О /РД: ФВ85042614/, 1985 оны 4 дүгээр сарын 26-нд О аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Барилгачдын талбай, 4/6 дугаар байр, 34 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

3. Монгол Улсын иргэн, Х овогт Д.Э /РД: ТЗ85072219/, 1985 оны 7 дугаар сарын 22-нд Дархан-Уул аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8  дугаар хороо, Ус 15 дугаар гудамж, 4 дүгээр байр, 12 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнэ нь шүүгдэгч Б.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэж, шүүгдэгч Б.Оыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэж, шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэж тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Тээврийн цагдаагийн албаны Төмөр замын цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Дархан зангилаа дахь цагдаа буюу нийтийн албан тушаалтан болох шүүгдэгч Б.Ч нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ** дугаар багийн **-** тоот хашаанд байхдаа хулгайд алдагдсан “.................” ХХК-ийн өмчлөлийн 4*-3* УБ улсын дугаартай экскаваторын асаалтын компьютерыг Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт П.Г гэгч нь худалдан борлуулах гэж байгаа тухай мэдээллийг Д.Эаас олж мэдсэний дагуу тухайн мэдээллийг чиглэлийн ахлах ажилтан Б.Бд мэдэгдэн, түүгээр хулгайд алдагдсан асаалтын компьютерыг П.Гас хураан авхуулж, улмаар өмчлөгч Б.Од өгснийхөө хариуд 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шүүгдэгч Б.Ооос шүүгдэгч Д.Эаар дамжуулан 1.000.000 төгрөг авсан,

шүүгдэгч Б.О нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ** дугаар багийн **-** тоот хашаанд байхдаа хулгайд алдагдсан “.................” ХХК-ийн өмчлөлийн 4*-3* УБ улсын дугаартай экскаваторын асаалтын компьютерыг Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт П.Г гэгч нь худалдан борлуулах гэж байгаа тухай мэдээллийг цахим сүлжээнээс олж мэдэн шүүгдэгч Д.Эаар дамжуулан Тээврийн цагдаагийн албаны Төмөр замын цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Дархан зангилаа дахь цагдаа буюу нийтийн албан тушаалтан бөгөөд шүүгдэгч Б.Чт мэдэгдэн асаалтын компьютерыг П.Гас хураан авхуулж, улмаар өөрт нь өгсний хариуд Д.Эаар дамжуулан Б.Чт 1.000.000 төгрөг өгсөн,

шүүгдэгч Д.Э нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ** дугаар багийн **-** тоот хашаанд байхдаа хулгайд алдагдсан “.................” ХХК-ийн өмчлөлийн 4*-3* УБ улсын дугаартай экскаваторын асаалтын компьютерыг Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт П.Г гэгч нь худалдан борлуулах гэж байгаа тухай мэдээллийг шүүгдэгч Б.Ооос олж мэдээд Тээврийн цагдаагийн албаны Төмөр замын цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Дархан зангилаа дахь цагдаа буюу нийтийн албан тушаалтан бөгөөд шүүгдэгч Б.Чт дамжуулан мэдэгдэх, улмаар асаалтын компьютерыг П.Гас хураан авхуулсны хариуд Б.Ооос Б.Чт өгүүлсэн 1.000.000 төгрөгийг Б.Чын данс руу шилжүүлэх зэргээр шүүгдэгч Б.Оы үйлдэлд урьдчилан амлалт өгч дэмжлэг үзүүлсэн болох нь:

Хэрэгт авагдсан:

- ...Би Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Харгант гэх газар “Шинэ ерөө” нөхөрлөлд ажиллаж байхдаа тээврийн хэрэгслийн засвар болон эд зүйлээ хураасан хэсгээс тухайн экскаваторын асаалтын компьютерыг Шинээ /86082778/ гэгч хүний зөвшөөрлөөр авсан. Дээрх экскаваторын асаалтын компьютерыг хошууч Б.Бд хураалгасан. Цахим сүлжээний “Сүхдалай Баярмагнай” гэсэн хаягаас өөрийн эхнэрийн 95806560 гэсэн утасны дугаарыг тавьж уул уурхайн чиглэлийн цахим группт экскаваторын асаалтын компьютерыг худалдах зар тавьсан... гэх гэрч П.Гын мэдүүлэг /1-р хх-ийн 65/,

- ...Би 2020 оны 12 дугаар сард байх Дархан төмөр замын Вокзал дээр ээлжийн ажил үүргээ гүйцэтгэж байхад Төмөр замын ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч Бгийн сууж байсан өрөөнд цагдаа ахлагч Ч дуудахаар нь ороход “нэг хүүхдээс хулгайн эд зүйл хураан авч байна, та хөндлөнгийн гэрчээр оролцоод өг” гэхээр нь оролцсон. Эд зүйл хураан авах ажиллагаанд дээр нэр дурдсан Б, Ч, Билгээ, би, мөн хураалгасан залуу нар оролцсон. Би гэрчээр оролцож гарын үсэг зурсан... гэх гэрч Г.Эын мэдүүлэг /1-р хх-ийн 67/,

- ...2020 оны 12 дугаар сард ажил үүргээ гүйцэтгэж байхад ахлагч Б.Ч нь хошууч Бд хандаж “эзэнгүй хэрэг байх шиг байна хоёулаа шалгая” гэж танилцуулаад хамт гараад явсан. Хэсэг хугацааны дараа өрөөнд 1 залууг дагуулан орж ирснээ уулзаж байгаад түүнээс экскаваторын асаалтын компьютер хураан авсан. Би хураан авах ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр оролцсон... гэх гэрч Э.Бны мэдүүлэг /1-р хх-ийн 69/,

- ...2020 оны 12 дугаар сарын эхээр манай газрын Дархан зангилаан дахь хэсгийн чиглэлийн ахлах ажилтан, цагдаагийн хошууч Б.Б “Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс экскаваторын асаалтын компьютер хулгайлсан этгээдийг олж тогтоолоо” гэж утсаар хэлсэн. Тэгээд фейсбүүкийн чатаар 2020 оны 12 дугаар сарын 01-нд олж тогтоосон эд зүйл, зарах гэж байсан хүний зургийг нь явуулсан. Дараа нь “Сэлэнгэ аймгийн цагдаагийн газартай холбогдлоо, Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас алдагдсан эд зүйл байна, хэсгийн төлөөлөгч, экологийн мөрдөгчтэй нь холбогдлоо, цагдаагийн газрын гомдол, мэдээллийн бүртгэлд оруулаагүй юм байна, Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгч нь “тухайн экскаваторын асаалтын компьютерыг хураалгасан хүнээс гэрчийн мэдүүлэг аваад эд зүйл хураан авсан тэмдэглэлтэй өгөөд явуулчих, ковидтой холбоотой хөл хорио дуусахаар хүнийг нь дуудаж уулзана” гэж хэллээ” гэж надад танилцуулсан. Тухайн сардаа Б нь “хэд хоногийн дараа хохирогчийг тогтоогоод эд зүйлийг хүлээлгэж өгсөн, Сэлэнгэ аймгийн цагдаагийнхан хөл хорио дуусахаар материалжуулна гэнэ, Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрынхан тухайн хэрэг болсон газар нь очсон, гэхдээ бүртгэлд оруулаагүй байна” гэж надад танилцуулсан... гэх гэрч Б.Мийн мэдүүлэг /1-р хх-ийн 75-76/,

- ...2020 оны намар 9 дүгээр сард санаж байна зүс үл таних Бүүвэй гэх хүн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн иргэн Б.Боын хашаанд байсан “.................” ХХК-ийн эзэмшлийн экскаваторыг Улаанбаатар хот руу авч явахад “ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай вэ?, цагдаагийн байгууллагад бүртгүүлж гарах ёстой юу?, мөн тухайн Т.Бо гэх айлын хашаанд САТ загварын экскаваторын асаалтын компьютер хэзээ алдагдсан нь тодорхойгүй, алга болсон байна, тухайн айлын хашаанд тавьж харуулаад 1 жил гаруй болсон, экскаватороо Улаанбаатар хот руу тээвэрлэх гэж ирээд авах гэсэн боловч компьютер нь байхгүй болсон байна” гэж хэлж байсан. Энэ талаар цагдаагийн байгууллагад ямар нэгэн өргөдөл гомдол гаргаагүй. Тэгтэл Дархан-Уул аймгийн Төмөр замын цагдаагийн газраас цагдаагийн хошууч Б.Б гэх хүн нь 2020 оны 12 дугаар сарын сүүлээр миний 9962**** дугаарын утас руу холбогдож “Танай суманд экскаваторын асаалтын компьютер алдагдсан хэрэг байгаа юу?” гэж ярихад нь “Б.Бо гэх айлын хашаанаас САТ загварын экскаваторын асаалтын компьютер алдагдлаа гэж нэг хүн хэлээд шаардлагатай бол албан ёсоор бичгээр өргөдлөө гаргаж өгнө гэж хэлээд явсан. Гэхдээ уг хүн албан ёсоор эд зүйлээ алдсан талаар мэдэгдээгүй тул цагдаагийн байгууллагын гомдол, мэдээллээр орж, бүртгэгдсэн зүйл байхгүй” гэж хэлсэн. Гэтэл 2021 оны 4 дүгээр сард нэг дугтуйтай материал хүнээр над руу өгч явуулаад “2020 оны 12 дугаар сард авсан гэж хэлж өгч тус болооч” гэж утсаар ярихаар нь би гайхаад өнгөрсөн... гэх гэрч Л.Мын мэдүүлэг/1-р хх-ийн 83-84/,

- ...Дархан-Уул аймгаас буцаж байтал 9937****, 9939**** дугаарын гар утастай нэрийг нь сайн мэдэхгүй Ерөө сумын иргэн Пийн охин гэх эмэгтэй нэг жижиг хайрцагтай зүйл, “2020 он хэсгийн төлөөлөгч Мд” гэсэн бичигтэй дугтуй өгсөн... гэх гэрч Я.Хын мэдүүлэг /1-р хх-ийн 89/,

- ...Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэн Боын хашаанд байрлуулсан “.................” ХХК-ийн эзэмшлийн САТ маркийн экскаваторын асаалтын компьютер хулгайд алдагдсан талаарх гомдол, мэдээлэл болон гэмт хэрэг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт бүртгэгдэн шалгагдаагүй байна... гэх гэрч М.Аын мэдүүлэг /1-р хх-ийн 111-112/,

- ...2019 оны 8 дугаар сарын сүүлээр Бүүвэй манай хашаанд 4 ширхэг техникээ үлдээж яваад 2020 оны 9 дүгээр сарын эхээр ирээд САТ нэртэй экскаваторыг асааж үзсэн. Экскаватор ассан боловч эргэхгүй байна гээд шалгахад тухайн экскаваторын компьютер нь алга болсон байсан. Бү техник хэрэгслүүдээ авч явахаар ачаад бэлтгэж байтал манай Ерөө сумын цагдаа нар болох Мө, А нар “ямар учраас техник хэрэгсэл ачиж байгаа” талаар тодруулж ирж уулзсан. Би цагдаа нарт болсон асуудлын талаар тайлбарлаад Бү техник хэрэгслээ авч явж байгаа талаар хэлсэн. Тухайн үед САТ нэртэй экскаваторын компьютер алга болсон талаар хэлж байсан боловч би болон Бү албан ёсоор цагдаад өргөдөл, гомдол гаргаагүй... гэх гэрч Т.Боын мэдүүлэг /1-р хх-ийн 113-115/,

- ...цагдаа Чын хэлсэн мэдээллийн дагуу экскаваторын компьютер зарах гэж байсан нөхрийг дуудаж худалдаж авах гэж байгаа хүн болж авчраад, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын 102-руу залгаж Ерөө сумын хэсгийн төлөөлөгчийн утсыг авсан, тэгээд өгсөн утас руу нь залгахад болохгүй, холбогдох боломжгүй байсан учир хэд хэдэн удаа залгаж байгаад нэг утас олж аваад залгахад Ерөө сумын экологийн байцаагч Ан билүү, Аа билүү нэг залуутай утсаар ярьсан. Утсаар ярихад манай Ерөөд 2020 оны 3 дугаар сард иргэн Бо гэж хүний хашаанд байрлуулсан экскаваторын асаалтын компьютер хулгайд алдагдсан хэрэг гарсан гэж хэлсэн, тухайн үед хашааны хажуугаар Ш гэж хүн явж байсан гэдгийг хүн харсан байдаг, бид Шыг тухайн хэрэгт сэжиглээд тогтоож чадаагүй юм гэсэн..., Тухайн үед Сэлэнгэ аймгийн Ерөө сумын экологийн байцаагч залуу надтай утсаар ярьж байхдаа надад хандаж “Б ахаа та экскаваторын компьютер хураан авсан тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг зэргийг манайх руу шуудангаар явуулчих, харин экскаваторын компьютерыг нь хохирогч нарт нь өгчих экскаваторын компьютероо авах юм бол гомдол саналгүй юм байна лээ, бид нар хулгайн хэргийг нь хөл хорионы дараа шалгая” гэж ярьсан. Тэгэхээр нь 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын цагдаагийн хэсгийн экологийн байцаагч залуугийн гарт нь гэж хаяглаад хүнсний тээвэр хийж байсан замын унаагаар явуулсан. Цагдаа Ч хохирогчид нь экскаваторын компьютерыг хүлээлгэн өгсөн байдаг... гэх гэрч Б.Бгээс дахин авсан мэдүүлэг /2-р хх-ийн 104-107/,

- ...2020 оны намар 11-р сарын үеэр манай компанийн САТ-320-Д экскаваторын хэрэглээний компьютерыг зарна гээд фейсбүүкийн чат дээр хүн зар тавьсан байсныг бид нар өөрсдөө олоод тухайн хүнийх нь утасны дугаар, фейсбүүк хаяг зэрэг мэдээллийг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын цагдаагийн тасгийн хэсгийн байцаагч Мө, экологийн цагдаа А нарт утсаар танилцуулан яах бэ гэж хэлсэн. Тэгэхэд энэ 2 цагдаа нар одоо Ковид-19 өвчний хөл хорионы улмаас бид нар Дархан руу явах ямар ч боломж байхгүй, та нар өөрсдөө Дархан Уул аймгийн цагдаад ханд гэж хэлсэн. Үүнийг нь би “.................” ХХК-ийн удирдлагад танилцуулж байсан. Үүний дараа тухайн өдрийн үдээс хойш шиг санагдаж байна А, Мө 2-ын нэг нь над руу залгаад танай САТ-320-Д экскаваторын хэрэглээний компьютерыг зарах гэж явсан хүнийг Дарханы цагдаагаас барьсан, та нар энэ утас руу ярьж Дарханы цагдаагаас САТ-320-Д экскаваторын хэрэглээний компьютероо аваарай гээд нэг утасны дугаар өгч байсан... гэх гэрч Ч.Бүгээс дахин авсан мэдүүлэг /2-р хх-ийн 108-111/,

- ...Б.О надад хэлэхдээ “манай Сэлэнгэ аймгийн Ерөө суманд үйл ажиллагаа явуулдаг уурхай дээр ажиллаж байсан экскаваторын хулгайд алдагдсан асаалтын компьютерыг Хүнд машин, механизмын фейсбүүк групп дээр зарна гээд зар тавьсан байна. Зар тавьсан хүнтэй нь холбогдоод зургийг нь чатаар үзсэн чинь манай компанийн экскаваторын асаалтын компьютерын дугаартай таарч байна. Таньдаг цагдаагаар экскаваторын асаалтын компьютероо тэр зар тавьсан хүнээс авхуулмаар байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Дарханд ажилладаг найз Б.Ч луу холбогдоод найз Б.Оы хэлсэн асуудлыг хэлээд “тэр экскаваторын асаалтын компьютер зарах гэж байгаа залууг нь дуудаж уулзаад компьютерыг нь аваад өгөөч” гэж гуйсан. Б.Ч “ямар ч байсан би уулзаад хариу хэлье” гэсэн. Тухайн өдрийн орой нь Б.Ч над руу холбогдоод “экскаваторын асаалтын компьютер зарна гэсэн залуугаас компьютерыг авчихлаа, тэр алдагдсан экскаваторын компьютер мөн юм уу?” гээд Б.Отой холбоо бариад тээврийн хэрэгслийн гэрчилгээний зургийг нь харж тулгаж үзсэн гэсэн. Тэгээд галт тэрэгний тээшээр экскаваторын асаалтын компьютерыг явуулсныг Б.О нь компанийн ажилтнаараа авхуулсан байсан. Үүний дараа Б.О нь “баярлалаа, найздаа өгчхөөрэй” гээд над руу 1.000.000 төгрөг шилжүүлэхээр нь би тэр даруй найз Б.Чоос Хаан банкны дансны дугаарыг нь аваад шилжүүлсэн... гэх шүүгдэгч Д.Эын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 162-164/,

- ...найз Э “манай найзын компанийн хулгайд алдагдсан экскаваторын асаалтын компьютерыг Дарханд нэг хүн зарах гэж байна. Тэр экскаваторын асаалтын компьютерыг аваад өгөх боломж байна уу?” гэхээр нь ахлах байцаагч Бд танилцуулаад Гас уг экскаваторын асаалтын компьютерыг хураан аваад галт тэрэгний тээшээр Э луу явуулсан. Д.Эаас миний данс руу шилжин орж ирсэн 1.000.000 төгрөгийн 500.000 төгрөгийг “Дархан” захын ойр байдаг АТМ-аас аваад түлшний өрөнд өгч байсан санагдаж байна..." гэх шүүгдэгч Б.Чын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 173-176/,

- ...Тухайн үед Э “найз нэг цагдаа байгаа” гэж ярьж байсан. Э луу шилжүүлсэн 1.000.000 төгрөгийг би Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо Хүүшийн ам 1229-18 тоотод гэртээ байхдаа шилжүүлсэн...” гэх шүүгдэгч Б.Оы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 190-192/,

- 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 5046****** дугаартай Д.Эын данснаас “ochirood Erkas” гэсэн гүйлгээний утгатай 1.000.000 төгрөгийн орлого хийгдсэн тухай шүүгдэгч Б.Чын Хаан банкны 5055****** дугаартай дансны хуулга /1-р хх-ийн 11/,

- Сэлэнгэ аймгийн Ерөө сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Л.Мөаас хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн “2020 оны ... дугаар сарын ...-ны өдөр гэх сар өдөр бичигдээгүй, “Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл” 1 хуудас, 2020 оны 12 дугаар сарын ...-ны өдөр гэх өдөр нь бичигдээгүй “Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл" 2 хуудас, “Сэлэнгэ аймгийн Ерөө сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Л.Мөд гарт нь ТЗУГ-ын чиглэлийн ахлах ажилтан х/ч Б.Б 2020.12.02 дугаар сар” гэж хаягласан дугтуй зэргийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 59/,

- Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн чиглэлийн ахлах ажилтан, цагдаагийн хошууч Б.Бгийн үйлдсэн “Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл”, П.Гас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг баримтууд /1-р хх-ийн 61-63/,

- Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газраас гаргуулан авсан “Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Л.Мө 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “..2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ** дугаар баг **-** тоот хашаанд байсан “.................” ХХК-ийн өмчлөлийн экскаваторын компьютер хулгайд алдсан...” гэх хэрэг бүртгэлтийн 21310**** дугаартай хэрэг нээсэн тогтоолын хуулбар /1-р хх-ийн 124/,

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас авсан “.................” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 127/,

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас авсан “................” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 143/,

- Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газраас гаргуулан авсан 4*-3* УБ улсын дугаартай САТ-320-Д маркийн экскаватор нь “.................” ХХК-ийн өмчлөлийн болох талаарх лавлагаа /1-р хх-ийн 245/,

- Тээврийн Цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэв журмын цагдаагийн албан тушаалын тодорхойлолт /2-р хх-ийн 25-27/,

- Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газрын 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/77 дугаартай “Б.Чыг ажилд томилох тухай” тушаал /2-р хх-ийн 28/,

- 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 5113****** дугаартай данснаас “ekske computer” гэсэн гүйлгээний утгатай 1.000.000 төгрөгийн орлого хийгдсэнийг “ochirood Erkas” гэсэн гүйлгээний утгатай 5055****** дугаартай данс руу шилжүүлсэн тухай шүүгдэгч Д.Эын Хаан банк дахь 5046****** дугаартай дансны хуулга /2-р хх-ийн 40/,

- 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “ekske computer” гэсэн гүйлгээний утгатай 1.000.000 төгрөгийг 5046****** дугаартай данс руу зарлага хийж шилжүүлсэн тухай шүүгдэгч Б.Оы 5113****** дугаартай дансны хуулга /2-р хх-ийн 134/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйл, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар Тээврийн цагдаагийн албаны Төмөр замын цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Дархан зангилаа дахь цагдаа Б.Ч нь нийтийн албан тушаалтанд хамаарч байна.

Шүүгдэгч Б.Чын Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ** дугаар багийн **-** тоотод байрлах Т.Боын хашаанаас алдагдсан “.................” ХХК-ийн өмчлөлийн 4*-3* УБ улсын дугаартай экскаваторын асаалтын компьютерыг Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт П.Г гэгч нь худалдан борлуулах гэж байгаа тухай мэдээллийг Д.Эаас олж мэдсэний дагуу тухайн мэдээллийг чиглэлийн ахлах ажилтан Б.Бд мэдэгдэн, түүгээр хулгайд алдагдсан асаалтын компьютерыг П.Гас хураан авхуулж, улмаар өмчлөгч Б.Од өгснийхөө хариуд 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шүүгдэгч Б.Ооос шүүгдэгч Д.Эаар дамжуулан 1.000.000 төгрөг авсан үйлдэл нь нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд мөнгө авсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хахууль авах гэмт хэргийн шинжийг,

шүүгдэгч Б.Оы өөрийн “.................” ХХК-ийн өмчлөлийн 4*-3* УБ улсын дугаартай экскаватораас хулгайд алдагдсан асаалтын компьютерыг Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт П.Г гэгч нь худалдан борлуулах гэж байгаа тухай мэдээллийг цахим сүлжээнээс олж мэдэн шүүгдэгч Д.Эаар дамжуулан Тээврийн цагдаагийн албаны Төмөр замын цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Дархан зангилаа дахь цагдаа Б.Чт мэдэгдэн асаалтын компьютерыг П.Гас хураан авхуулж, улмаар өөрт нь өгсний хариуд Д.Эаар дамжуулан Б.Чт 1.000.000 төгрөг өгсөн үйлдэл нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэргийн шинжийг,

шүүгдэгч Д.Эын Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ** дугаар багийн **-** тоот хашаанд байхдаа хулгайд алдагдсан “.................” ХХК-ийн өмчлөлийн 4*-3* УБ улсын дугаартай экскаваторын асаалтын компьютерыг Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт П.Г гэгч нь худалдан борлуулах гэж байгаа тухай мэдээллийг шүүгдэгч Б.Ооос олж мэдээд Тээврийн цагдаагийн албаны Төмөр замын цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Дархан зангилаа дахь цагдаа буюу нийтийн албан тушаалтан бөгөөд шүүгдэгч Б.Чт дамжуулан мэдэгдэх, улмаар асаалтын компьютерыг П.Гас хураан авхуулсны хариуд Б.Ооос Б.Чт өгүүлсэн 1.000.000 төгрөгийг Б.Чын данс руу шилжүүлэх зэргээр шүүгдэгч Б.Оы үйлдэлд урьдчилан амлалт өгч дэмжлэг үзүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэх шинжийг тус тус бүрэн агуулж байна. 

Шүүгдэгч Б.Ч нь хахууль авах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.О нь хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Д.Э нь хахууль өгөх гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.     

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Ч, Б.О, Д.Э нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Чт нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал,  шүүгдэгч Б.Од нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал, шүүгдэгч Д.Эт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал тус тус гаргасныг шүүгдэгч нар нь хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүгдэгч Б.Ч, Б.О, Д.Э нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 105, 2-р хх-ийн 67, 74/-аар нотлогдож байна.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нарын хувийн байдал, бусад орлого олох боломжийг харгалзан улсын яллагчийн саналаар шүүгдэгч Б.Чт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд сар бүр 250.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч Б.Од оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд сар бүр 250.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч Д.Эт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд сар бүр 225.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Авлигатай тэмцэх газрын барьцаа, хохирлын Төрийн сангийн 100900000717 дугаартай дансанд байршуулсан шүүгдэгч Б.Чын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.000.000 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж, хэргийн хамт ирсэн 1 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргавал зохино.

Шүүгдэгч нарт торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө овогт Б.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ш овогт Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х овогт Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чт оногдуулсан 6.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд сар бүр 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч Б.Од оногдуулсан 3.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд сар бүр 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч Д.Эт оногдуулсан 2.700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд сар бүр 225.000 /хоёр зуун хорин таван мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Авлигатай тэмцэх газрын барьцаа, хохирлын Төрийн сангийн 100900000717 дугаартай дансанд байршуулсан шүүгдэгч Б.Чын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.000.000 /нэг сая/ төгрөгийг улсын орлого болгосугай.

6. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч, Б.О, Д.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Ч, Б.О, Д.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР