Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2017/01623

 

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2017/01623

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, бага тойруу-3/9 тоотод оршин байх, “Жи мобайл” ХХК /РД:5055873/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар, Хатанбаатар Магсаржав, 21А байр, 8 тоотод оршин суух, Хавчиг овогт Батгаригийн Ганболор /РД:ею92061003/-т холбогдох

 

172,500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Ганболор нь манай компанитай 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1143287 тоот “Төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах” гэрээ байгуулан 240,000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмжийг урьдчилгаа 20,000 төгрөг төлж, үлдэгдэл 220,000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20,000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан. Б.Ганболор нь одоогийн байдлаар манай компанид NP10 төхөөрөмжийн 115,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд Б.Ганболороос “Төхөөрөмжийн зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-ний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 115,000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 908 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги 57,500 төгрөг буюу нийт 172,500 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Жи Мобайл” ХХК нь хариуцагч Б.Ганболороос төхөөрөмжийн үнэ 172,500 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Гэвч хариуцагч Б.Ганболор нь төлбөрөө бүрэн төлж барагдуулсан байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Өөр нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн санал хүсэлт байхгүй ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтийг судлаад

                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь хариуцагч Б.Ганболорт холбогдуулж 172,500 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ганболор нь “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 172,500 төгрөгийг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 172,500 төгрөгийг хариуцагч Б.Ганболор төлж биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2,913 төгрөгийг хариуцагч Б.Ганболороос гаргуулж нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д  олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

                                 ШҮҮГЧ                                          Н.ХАНГАЛ