| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2022/0007/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/19 |
| Огноо | 2022-01-10 |
| Зүйл хэсэг | 13.6.1., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/19
2022 01 10 2022/ШЦТ/19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Д.Сүхням,
улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,
өсвөр насны шүүгдэгч Ж.Т, түүний хууль ёсны төлөөлөгч С.Зулзаяа,
өсвөр насны шүүгдэгч С.С, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Санжаа,
өсвөр насны шүүгдэгч О.Т, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Пүрэвжаргал, тэдний өмгөөлөгч Б.Түвшинжаргал,
хохирогч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Б Ж.Т, Намсрай овгийн Санжаагийн С, Б О.Т нарт холбогдох эрүүгийн 2134000000318 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Зуунмод суманд 2004 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, 12 дугаар ангийн сурагч, ам бүл 5, аав, эгч, дүү нарын хамт урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, дугаарын регистртэй, Б Ж.Т,
Монгол улсны иргэн Төв аймгийн Зуунмод суманд 2004 оны 08 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, 12 дугаар ангийн сурагч, ам бүл 4, аав ээж дүүгийн хамт, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, дугаарын регистртэй, дугаарын регистртэй, Б С.С,
Монгол улсны иргэн, Төв аймгийн Зуунмод суманд 2004 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, 12 дугаар ангийн сурагч, ам бүл 2 ээжийн хамт, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, дугаарын регистртэй дугаарын регистртэй, Б О.Т,
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Өсвөр насны яллагдагч С.С, Ж.Т, О.Т нар нь урьдчилан үгсэн тохиролцож 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын баян хошуу 3 дугаар багийн 6-18 тоот хаягт оршин суух Б.Цгийн зөвшөөрөлгүйгээр түүний гэрт цонхоор нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Өсвөр насны шүүгдэгч С.С:
...2021 оны 07 дугаар сарын 20-25-ны хооронд Баярбилэгийнд амьдарч байсан. Багаасаа найзалж байсан. Хөдөө морин дээр цуг байхдаа гэрээр нь орж гардаг байсан. Бид 3 найз нөхдийн холбоотой. 3, 4 хоног цуг амьдарч байхдаа Ц эгчийг ажилтай байх үед түлхүүр нь надад явдаг байсан. Баярбилэг Хэнтий рүү наадамд явахаар болоод би гэрт нь нэг хоноод Ц эгчид түлхүүрийг нь буцааж өгсөн... гэж,
Өсвөр насны шүүгдэгч Ж.Т:
...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэж,
Өсвөр насны шүүгдэгч О.Т:
...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэж,
Хохирогч Б.Ц:
...2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр би ажил дээрээ ээлжтэй байсан. Орой 8 цагийн үед Т над руу яриад хүүгийн чинь найз байна хөдөөнөөс сая ирлээ гэрт чинь ороод хоночихъё гэхэд нь би ажилтай байна гээд зөвшөөрөөгүй. Эргээд хэд хэдэн удаа залгасан байсан. Хагалгаанд ороод завгүй байсан. Тэгээд байж байтал 103-ын утсаар танай гэрт хулгай ороод байна. 3 хүүхэд цонхоор чинь орчихлоо гээд манай хажуу талын айлын хүн мэдээлэл өгсөн. Тэгээд жижүүртэйгээ гэртээ ирэхэд энэ 3 хүүхэд цонхоор орсон байдалтай сууж байсан. Гэр рүү ороход дэргэдээ аяга тавьчихсан том пиво ууж байсан... гэж тус тус мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2134000000318 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Өсвөр насны шүүгдэгч С.С, Ж.Т, О.Т нарын урьдчилан үгсээ тохиролцон, 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын баян хошуу 3 дугаар багийн 6-18 тоот хаягт оршин суух Б.Цгийн зөвшөөрөлгүйгээр түүний гэрт цонхоор нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан үйл баримт нь дараах
гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-22 дугаар хуудас/,
аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 17-19 дүгээр хуудас/,
хохирогч Б.Цгийн ...2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр би ээлжтэй ажил дээрээ хонож байсан. Манай эмнэлгийн хүлээн авах 7027103 дугаарт манай гэрийн хажуу талын Алтанцэцэг гэх эгч залгаад -Манай хүлээн авах дээр гарч байсан хүнээр дамжуулж гэрт нь хулгай ороод байна төрөх тасгийн Б.Ц-д хэлээд өгөөч гэж залгасан. Хүлээн авахын ажилтан Батсуурь гэх манай ажлын хүн надад хэлсэн. Тэгээд би байгууллагын хамгаалагчтай цуг өөрийн гэртээ яваад очоод хаалгаа онгойлгож ороход жижиг өрөөний гэрэл асаалттай 3 хүүхэд сууж байсан. Тэгээд та нар яаж орсон бэ гэж асуухад -Том өрөөний цонхоор орж ирсэн гэж хэлсэн тэр хүүхдүүд дундаа аяга тавьсан нэг хүүхэд нь цүнхэнд нэг юм хийгээд цааш нь шидчхээр нь очоод харсан чинь том пиво 1 ширхэг байсан. Тэгээд би яаралтай ажилтай байсан учраас Цагдаагийн байгууллагад хэлэхгүй тэр 3 хүүхдийг дуудаад ар гэрт нь хүлээлгэж өгсөн... /хх-ийн 5-6 дугаар хуудас/,
түүний дахин өгсөн ...Миний өмнө нь өгсөн хохирогчийн мэдүүлэг үнэн нэмж ярих зүйл байхгүй. Би тийм зөвшөөрөл өгөөгүй над руу хажуу талын айлын хүн цонхоор чинь хүн ороод байх шиг байна гэж утсаар хэлэхээр нь хамт ажилладаг Цэдэндаш гэх хүнийг дагуулаад гэртээ очтол 3 хүүхэд сууж байсан ба манай гэрийн том өрөөний жижиг цонхийг түлхээд орчихсон байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 138 дугаар хуудас/,
гэрч Г.Цэдэндашийн ...Би 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр шөнө намайг хоёулаа хамт манай гэрт очоод ирье хулгай орсон юм шиг байна гэхээр нь за тэгье гээд хамт гэрт нь очсон. Тухайн гэрт нь очих үед хаалга нь цоожтой байсан гэр дотор 3 залуу сууж байсан ба гэрээс нь тэр 3-ын нуусан том пиво байхаар нь цүнхнээс нь олж гаргаж ирсэн. Та 3 яаж орж ирсэн юм бэ гэхэд цонхоор вакум цонхийг түлхэхээр онгойчихдог юм гэж хэлээд цонхоор нь түлхээд ороод ирсэн гэж байсан. Би тухайн үед сууж байсан 3 хүүхдийг танихгүй. Тухайн нуусан байсан пивоноос бага зэрэг уусан байсан. Тухайн үед ар гэрийг нь дуудаад өгөөд явуулсан... /хх-ийн 140 дүгээр хуудас/,
өсвөр насны яллагдагч Ж.Т ...Надад өмнө өгсөн мэдүүлэгтэй нэмж ярих зүйл байхгүй болсон бүх зүйлээ ярьсан. Би хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 37-36 дугаар хуудас/,
өсвөр насны яллагдагч С.С ...Надад өмнө өгсөн мэдүүлэгтэй нэмж ярих зүйл байхгүй болсон бүх зүйлээ ярьсан. Би хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 54 дүгээр хуудас/,
өсвөр насны яллагдагч О.Т ...Надад өмнө өгсөн мэдүүлэгтэй нэмж ярих зүйл байхгүй миний хэлсэн ярьсан зүйл үнэн. Би хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 73 дугаар хуудас/,
өсвөр насны яллагдагч О.Тийн дахин өгсөн ...Би бол өмнө нь Баярбилэг буюу Ц эгчийн гэрт нь очдог байсан. Баярбилэг нь манай найз 2-3 жил найзалж байна. Тухайн үед буюу хэрэг гарах үед Т нь утсаар ярихад Ц эгч бид нарыг гадаа байж бай би түлхүүр гаргаад өгье гэж байсан. Бид нар тухайн үед ажлынх нь гадаа буюу Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн гадаа хүлээгээд байсан гарч ирэхгүй болохоор нь бид нар гэрт нь орохыг зөвшөөрсөн гэж ойлгоод гэрт нь очоод цонхоор нь орсон удалгүй Ц эгч ажлын газрын хүнтэйгээ ирсэн... /хх-ийн 144 дүгээр хуудас/,
өсвөр насны яллагдагч С.Сүх-Эрдэнийн дахин өгсөн ...Би Баярбилэгтэй 7-8 жил найзалж байгаа гэрээр нь байнга орж гарч хонож өнждөг байсан. Би тухайн Цгийн гэрт нь орохоос өмнө нь түүний төрсөн хүүхэд болох Баярбилэгийн гэрт нь 5 өдөр хамт хоносон тухайн үед бол ээж нь бас байсан зарим өдөр нь гараатай байсан Баярбилэг бид хоёр багаасаа найзалж байгаа. Би 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Баярбилэгийн гэрт нь хамт хоносон Баярбилэг Хэнтий аймаг явахаар болоод надад гэрийнхээ түлхүүрээ үлдээгээд энэ түлхүүрийг чи маргааш ээжид өгчхөөрэй гэсэн би тэгэхээр нь тухайн өдрөө намайг Ц эгч дуудаад худалдаж авсан хүнсээ намайг үүнийг манай гэрт авч очоод тавьчих гэсэн тэгэхээр нь би авч очиж үлдээсэн харин намайг Ц эгч манай гэр эзэнгүй манайд хоноод гэрийн түлхүүрийг маргааш эгчдээ өгчхөөрэй гэж хэлсэн. Харин би түлхүүрийг нь маргааш нь авч очиж өгсөн. Энэ өдрөөс 3 хоногийн дараа Т, Т хоёр над руу орой уулзая гэж яриад уулзахаар болсон орой нь бид гурав уулзаад Төв аймгийн эмнэлгийн тэнд очоод Ц эгчтэй өнөөдөр хонох газар байхгүй танай гэрт чинь хонож болох уу гэж асуусан харин Ц эгч би ажилтай байна эргээд залгая гэж хэлсэн тэгэхээр нь бид гурав гэртээ ор гэж байгаа юм байх гэж ойлгоод гэрт очоод цонхоор орсон... /хх-ийн 148 дугаар хуудас/,
өсвөр насны шүүгдэгч Ж.Тийн дахин өгсөн ...Би Баярбилэг гэх хүүхэд буюу Цгийн төрсөн хүүхэдтэй найзууд байсан. Өмнө нь бол гэрт нь очдог байсан. Тухайн үед би, С, Т бид 3 Төв аймгийн нэгдсэн эмнэлэг дээр очоод Ц эгчтэй би утсаар ярьж бид 3 хонох газаргүй болчихлоо танайд хонож болох уу гэхэд за ойлголоо эргээд залгая гэж хэлсэн. Бид 3 хүлээж байгаад гадаа хүйтэн байсан болохоор Цгийн цонхоор орчихсон. Би тухайн прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид 3 зөвшөөрөөгүй бол гэрт нь орохгүй харин за ойлголоо гэж хэлсэн болохоор гэрт нь орчихсон юмаа... /хх-ийн 151 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон өсвөр насны шүүгдэгч Ж.Тийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 41-45, 84 дүгээр хуудас/, өсвөр насны шүүгдэгч С.Сүх-Эрдэний хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 58-61, 85 дугаар хуудас/, өсвөр насны шүүгдэгч О.Тийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 78-82, 86 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт
Өсвөр насны шүүгдэгч С.С, Ж.Т, О.Т нарын урьдчилан үгсэн тохиролцож зөвшөөрөлгүйгээр бусдын гэрт нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.
Гэм буруугийн шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ:
...Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ би прокурорын тухай хуулийн 17, 19 зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон төрийн нэрийн өмнөөс өсвөр насны шүүгдэгч Ж.Т, С.С, О.Т нарт холбогдох эрүүгийн 2134000000318 дугаартай хэрэгт төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож дараах гэм буруугийн дүгнэлтийг гаргаж байна.
Өсвөр насны шүүгдэгч Ж.Т, С.С, О.Т нар нь урьдчилсан үгсэн тохиролцож 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Зуунмод сум Баянхошуу 3 дугаар багийн 6-18 тоотод оршин суух хаягтай Б.Цгийн гэрт зөвшөөрөлгүйгээр түүний гэрт цонхоор нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хохирогч Б.Ц, гэрч Цэдэндаш нарын мэдүүлэг өсвөр насны шүүгдэгч Ж.Т, С.С, О.Т нарын гэм буруу дээрээ маргахгүй гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул өсвөр насны шүүгдэгч Ж.Т, С.С, О.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирол учраагүй бөгөөд хохирогч Б.Ц нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаараа хүсэлт илэрхийлж байна. Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурдаж байна... гэсэн,
Өсвөр насны шүүгдэгч С.С, Ж.Т, О.Т нарын өмгөөлөгч Б.Түвшинжаргал:
...Миний үйлчлүүлэгч өсвөр насны шүүгдэгч С.С, Ж.Т, О.Т нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргахгүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, цаашдаа гадагшаа явж суралцах сонирхолтой хүүхдүүд. Гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байгаа юм... гэсэн,
Өсвөр насны шүүгдэгч Ж.Т:
...Гэм буруутай... гэсэн,
Өсвөр насны шүүгдэгч С.С:
...Гэм буруутай... гэсэн,
Өсвөр насны шүүгдэгч О.Т:
...Гэм буруутай... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Тухайлбал өсвөр насны шүүгдэгч Ж.Т, С.С, О.Т нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар, мөн тэдний өмгөөлөгч Б.Түвшинжаргал өсвөр насны шүүгдэгч нарын гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар тус тус маргадаггүй бөгөөд өсвөр насны шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул тэднийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд өсвөр насны шүүгдэгч Ж.Т, С.С, О.Т нар нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Прокуророос өсвөр насны шүүгдэгч Ж.Т, С.С, О.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх...” гэсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Өсвөр насны шүүгдэгч Ж.Т, С.С, О.Т нарын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд өсвөр насны шүүгдэгч Ж.Т, С.С, О.Т нар урьдчилан үгсэн тохиролцон зөвшөөрөлгүйгээр хохирогч Б.Цгийн гэрт нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан байна.
Эрүүгийн хуулийн Арван гуравдугаар бүлэгт хуульчлагдсан Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэргүүдээс “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэрэг нь Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хувь хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, түүний дотор орон сууцны халдашгүй байдалд халдаж буй үйлдэл бөгөөд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, өөрөөр хэлбэл зөвшөөрөлгүйгээр бусдын орон байранд нэвтэрсэн үйлдэл бүрэн хийгдсэнээр төгсдөг, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Иймд өсвөр насны шүүгдэгч Ж.Т, С.С, О.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ:
...Шүүхээс шүүгдэгч Ж.Т, С.С, О.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж, мөн шүүгдэгч нар нь гэм буруу дээрээ маргаагүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хийсэн хэрэгтээ гэмшсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, оногдуулсан ялыг 2 дахин багасгаж 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна... гэсэн,
Өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Түвшинжаргал:
...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүгийн хариуцлага нь хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ”, хуулийн 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн ба 18 насанд хүрээгүй хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасны дагуу ялаас чөлөөлж албадлагын арга хэмжээ оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна.
Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон эрүүл мэнд, ёс суртахуун сэтгэцийн онцлогийг харгалзан нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнхэн хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна.
Мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүүхдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ бүлэгт заасан журмын дагуу ял оногдуулж, оногдуулсан ял дээр нэмж, эсхүл ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, хуулийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг гэм бурууг нь ухамсарлуулах, хохирлыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргийг хүлээлгэнэ” гэж зааснаар ялаас чөлөөлж албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэсэн саналтай байна.
Шүүгдэгч нар нь анхнаасаа мэдүүлэг өгөхдөө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгч С.С нь хохирогч Б.Цгийн хүүтэй багаасаа найз нөхдийн харилцаатай тэдний гэрээр байнга орж гардаг байсан. Хэрэг болохоос хэдхэн хоногийн өмнө Б.Цгийн гэрт 5 хоног амьдарч байсан зэргийг харгалзаж үзээсэй гэж хүсэж байна.
Мөн хүүхдүүд урлаг, спортын авьяастай, цаашдаа хоёр хүүхэд нь цэргийн сургуульд суралцахаар гадагшаа явах сонирхолтой, нэг хүүхэд нь хятад улсад үргэлжлүүлэн сурах сонирхолтой байгаа. Ийм учраас ялаас чөлөөлж хүүхдүүдийн ирээдүйг бодолцож үзээд албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэж хүсэж байна. Хүүхдийн хувийн байдлыг тодорхойлсон шагнал урамшууллын баримтуудыг шүүхэд өгсөн... гэсэн,
Өсвөр насны шүүгдэгч Ж.Т:
...Хэлэх зүйл байхгүй... гэж,
Өсвөр насны шүүгдэгч С.С:
...Хэлэх зүйл байхгүй... гэж,
Өсвөр насны шүүгдэгч О.Т:
...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Түвшинжаргал ...ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ авч өгнө үү... гэсэн дүгнэлтийг гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Учир нь энэ хуулийн Арван гуравдугаар бүлэгт хамаарах “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэрэг нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа энэ хуулийн бүрэлдэхүүн хэсэг ба үйлдэл, эс үйлдэхүйг шинээр гэмт хэрэгт тооцсон, шинээр эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тогтоосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан Хууль ёсны зарчмаар тодорхойлогдоно.
Түүнээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж,
мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй.” гэж зааснаар өсвөр насны шүүгдэгч С.С, Ж.Т, О.Т нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгчийн ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэх дүгнэлт тохирохгүй байна.
Улмаар өсвөр насны шүүгдэгч нарын энэ хуульд заасан “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим” юм.
Шүүх өсвөр насны шүүгдэгч Ж.Т, С.С, О.Т нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Харин гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өсвөр насны шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр Эрүүгийн хариуцлагын зорилго, хүрэх үр дүнд нийцүүлж, өсвөр насны шүүгдэгч тус бүрт нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэг зуун хорин цагаар тогтоож шийдвэрлэлээ.
Өсвөр насны шүүгдэгч Ж.Т, С.С, О.Т нарт оногдуулсан тус бүрийн нэг зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар, Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй.
Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Ж.Т, С.С, О.Т нарт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
тэдэнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Хохирол, хор уршгийн талаар:
өсвөр насны шүүгдэгч Ж.Т, С.С, О.Т нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Цгийн халдашгүй байх эрхэд хохирол учирсан байна.
Хохирогч Б.Ц нь өсвөр насны шүүгдэгч Ж.Т, С.С, О.Т нараас мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хохирол төлбөр нэхэмжлээгүй болох нь түүний шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч Ж.Т, С.С, О.Т нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2134000000318 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, өсвөр насны шүүгдэгч Ж.Т, С.С, О.Т нар энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Б Ж.Т, Намсрай овгийн Санжаагийн С, Б О.Т нарыг бүлэглэн, Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Б Ж.Т, Намсрай овгийн Санжаагийн С, Б О.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг нэг зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Б Ж.Т, Намсрай овгийн Санжаагийн С, Б О.Т нарт шүүхээс оногдуулсан нэг зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар, Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Б Ж.Т, Намсрай овгийн Санжаагийн С, Б О.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан тус бүрийн нэг зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Өсвөр насны шүүгдэгч Б Ж.Т, Намсрай овгийн Санжаагийн С, Б О.Т нарт шүүхээс оногдуулсан тус бүрийн нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн 2134000000318 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, өсвөр насны шүүгдэгч Б Ж.Т, Намсрай овгийн Санжаагийн С, Б О.Т нар энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Б.Ц нь өсвөр насны шүүгдэгч нарт гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, тэднээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд өсвөр насны шүүгдэгч Б Ж.Т, Намсрай овгийн Санжаагийн С, Б О.Т нарт тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч Б Ж.Т, Намсрай овгийн Санжаагийн С, Б О.Т нарт тус бүр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН