Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/13

 

 

 

 

 

        

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалболд,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сүрэнхорол,

Шүүгдэгч Ч.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Нт холбогдох эрүүгийн 2134001740409 дугаартай, 1 хавтаст хэргийг 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, Ч.Н, 35 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 3, эх, эгчийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

1.Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 844 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгэгдэж, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10-р шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 07-ний өдрийн 3/1007 дугаартай магадлалаар тэнсэж 1 жил 6 сар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Н нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2-р багийн нутаг Жирмийн цагаан  нуур гэх газарт нутагладаг иргэн Д.Бын хоттой хониноос бусдын эзэмшлийн тээврийн хэрэгсэл ашиглан 6 тооны хонь хулгайлж, 1 509 000 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч Ч.Н нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2-р багийн нутаг Жирмийн цагаан нуур гэх газраас иргэн Д.Бын хоттой хониноос бусдын эзэмшлийн тээврийн хэрэгсэл ашиглан 6 тооны хонь хулгайлж, 1 509 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.

 

Энэ нь эрүүгийн 2134001740409 дугаартай хавтаст хэрэгт авагдсан:

 

Хохирогч Д.Бын өгсөн: “Би Төв аймгийн Аргалант сумын “Жирмийн цагаан нуур” гэх газар хэдэн малтай нутаглаж байгаа юм. Би 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хооронд малаа бүртгэж үзээгүй байж байгаад 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хонио бүртгэж үзэхэд манай хонин дотроос 20 тооны эр хонь байхгүй болсон байсан. Би тэр орчим байдаг айлуудын хонин дотор шүүж үзтэл манай хонинууд олдохгүй байгаа болохоор би Цагдаагийн байгууллагад хандсан. Би хамгийн сүүлд 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр эхнэр бид хоёр малаа бүртгэж тоолоход манай хонь бүрэн байсан. Тэгээд 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хонио тоолж үзэхэд 20 тооны эр хонь алга болсон байсан. Манай хонинууд хар халзан эр хонь 8 тооны хонь алга болсон уг хонинууд зүүн чих нь араасаа хоёр ухам имтэй, нөгөө 10 тооны хонь нь баруун талын чих нь хойноосоо ухам имтэй зүүн чих нь онь имтэй 2 хонь болохоор баруун талын чих нь шоргоолж зүүн чих нь дотор имтэй хонинууд алдагдсан байна. Надад одоогоор сэрдэж хардаж байгаа хүн байхгүй. Би нэг хонио 270 000 төгрөгөөр үнэлж байна. Нийт 5 400 000 төгрөгийн хохирол учирсан. Тухайн өдөр манай хойд айлын туслах малчин Н гэх залуу намайг шөнө гэртээ унтаж байхад орж ирээд 0.75 литрийн “Хараа” архи гаргаж ирээд надтай хамт хувааж уугаад би согтоод тасраад гэртээ унтаад өгсөн. Н өглөө сэрхэд байхгүй би гэртээ ганцаараа унтаж байсан. Би Ныг гэр нь ойрхон байдаг учраас гэр лүүгээ харьсан юм байх гэж бодсон. Би гэртээ ганцаараа байсан Нтай цуг хүн орж ирээгүй, над дээр ганцаараа 1 шил архи барьж орж ирээд хамт уугаад би архи дуусах үед л тасраад унтаад өгсөн. Би Ныг манайд юутай ирснийг нь мэдээгүй ээ. 2021 оны 6 дугаар сарын 17-ний өдөр манайх “Жирмийн цагаан нуур”-нд нүүж очсон. Тэр үед манайхтай саахалт Хос барс ХХК-ны малчин Батбаатар гэх айлын туслах малчнаар ажиллаж байсан юм тэр үеэс Ныг таньдаг болсон. Би одоогоор 2021 оны 7 дугаар сарын 02-ны шөнө хотноос алдагдсан 6 толгой эр хонио нэхэмжилнэ. Алдагдсан үлдсэн малаа тусад нь гомдол гаргаж шалгуулна." гэх мэдүүлэг / хх 12-14/,

          Шүүгдэгч Ч.Нын өгсөн: “2021 оны 7 дугаар сарын 03-ны өглөө Аргалант сумын “Жирмийн цагаан нуур” гэх газар М, Ууганаа, О нарын хамт цагаан өнгийн марк дугаарыг мэдэхгүй жижиг машинтай ирсэн. Б гэх ахад 0.75 грамм “Хараа” архийг өгөөд хамт уугаад Б нэлээн согтоод ирэхээр нь би тэдний хониноос эхлээд хар толгойтой хар халзан 6 тооны хонь ачаад хот руу явах замдаа мал мах авдаг ченжид өгсөн.” гэх мэдүүлэг / хх 16-18, 41-42/,

          Гэрч Д.Уын өгсөн: “Би 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хот Баруун салаа гэх газар М гэх найзын гэрт байж байтал Нараа гээд нөхөр миний  дугаарын утас руу залгаад ах шөлний хонио ирж авахгүй юм уу гэсэн. Тэгэхээр би өнөөдөр очно гэж хэлээд Сүхээ гэх найздаа дүү ирж шөлний хонь ав гээд байна хамт явж чи шөлний хонь ав гэж хэлтэл тэгье гээд бид хоёр хотоос гараад Аргалант сумын нутаг “Жирмийн цагаан нуур” дээр иртэл Нараа хэдэн хүмүүстэй архи уугаад сууж байсан ...надад шүдлэн ямаа барьж өгөөд надтай хамт явсан Сүхээ гэх хүнд 1 хонь барьж өгсөн. Ямааг бол танд бэлгэд өгч байна хонины мөнгийг найзаас чинь хот ороод авна гээд бид хэд хот руу хамт явцгаасан. Би Мийн гэрт очиж ямаа шарж идээд хоносон. Тэгсэн маргааш өглөө нь над руу утсаар залгаад би одоо хөдөө явлаа гээд миний утсаар Мтой яриад Мийн гэрт ирсэн хуушуур архитай ирсэн бөгөөд бид хэд архийг нь хувааж уугаад салцгаасан. М, О машины жолооч Улаанаа, Н нар хөдөө явж хонь авахаар хамт явцгаасан. Тэгээд тэр өдрийн орой 22 цагийн үед О, М нар хөдөөнөөс ирлээ гээд орж ирсэн нөгөө бацаан мөнгөө аваад зугтсан гэж надад ярьж байсан. Тэрнээс хойш юу болсон нь сайн мэдэхгүй байна. Би Аргалант сумын Хөшөөт 2-р багийн нутагт найз Алтанхуягийн гуанзны барилгын гадаа зогсоол хийж байх үед анх танилцаж байсан. Тэр үед хонь зармаар байна гээд яваад байсан.” гэх мэдүүлэг /хх 20, 46/,

          Гэрч Н.Оын өгсөн: “Би 2021 оны 07 сарын 04-ны өдөр найз М, Н дүү нарын хамт Т.Приус маркийн машинтай Төв аймгийн Аргалант сумын “Жирмийн нуур” орчим нэг танихгүй айлд ирсэн айлын гадаа зогстол Н гэр лүү нь ороод уулзаж юм ярьж байгаад гарч ирээд хонин дотроос 6 хонь эхэлж Т.Приус маркийн машинд ачаад нөгөө айлын гэрт ортол хоёр танихгүй хүн байж байгаад бид хэдийг ортол зөрөөд гараад явцгаасан. Нөгөө айлын хүнтэй танилцаад юм ярьж сууж байгаад бид хэд явцгаасан. Тэгээд явж байгаад замын хажууд байрлах ченжид замдаа зараад хот руу ороод Н 5 шарын автобусны буудалд дээр буугаад үлдсэн бид хэд цаашаа яваад Мийн гэрт очоод унтаж байтал өглөө Н 2 шил “Хараа” архитай орж ирээд хамт хувааж уугаад Мийн гэрт хоноод маргааш нь би хөдөө гэрт нь хүргэж өгөөд буцаад явсан. Би М, Н хоёртой хамт 1 удаа л очиж хонь авсан дараа нь хүргэж өгөөд нэг очсон. Би зарсан хонины мөнгөнөөс 100 000 төгрөг авсан. ...Ныг 2021.7.05-ны өдөр анх Мийнд харж танилцсан ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. ...Тухайн үед Б эрүүл байсан наадмаар ирж хонь ямаа аваарай гээд гар бариад салсан” гэх мэдүүлэг / хх 22, 25-26, 44/,

          Гэрч Б.Мийн өгсөн: “Би 2021 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод Н манай гэрт ирж наадмын шөлний хонь очиж ав гээд байсан. Тэгээд Оийн эзэмшлийн 92-40 УБО улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй найз О, О, Н нарын хамт Төв аймгийн Аргалант сумын нутаг “Жирмийн цагаан нуур” гэх газар 19 цагийн орчим замын хойд талд байх хоёр гэртэй айлд ирээд Н, О хоёр эзэнтэй нь уулзаад 6 хонь авахаар болсон. Дараа нь 8 хонь болгоод өгөхөөр тохирсон гээд Н гарч ирсэн. Тэгээд хонийг нь хурааж ирээд талыг нь хашиж байгаад Н бид хоёр 7 хонио бариад хөлийг уяж Оийн машинд ачиж аваад Оыг гэрээс нь дуудаж гаргаж ирээд хамт хот явж байтал О, Н нар намайг бүх асуудлыг зохицуулаад байхад зарж борлуулж чадахгүй арчаагүй юм бэ гээд байхаар Алтанхуяг гэх махны ченж залууд 5 хонийг 500 000 төгрөгөөр өгөөд дарагдсан байсан хонийг 50 000 төгрөгөөр өгөөд О голыг тастаад өгье гээд хутга аваад голыг нь тастаад үлдээсэн. Үлдсэн 1 шар халзан хонийг жолооч Од өгөөд бид хэд хот ороод 550 000 төгрөгөө хуваагаад Нт 200 000 төгрөг аваад Н түц ороод ирнэ гээд алга болсон.” гэх мэдүүлэг / хх 28-29, 31-33, 48/,

          Гэрч З.Оийн өгсөн: “Доо гэж хэлээд байгаа нь миний хоч манай найзууд намайг тэгж дууддаг. Ныг танихгүй Оаар дамжуулж л саяханаас таньдаг болсон. М, О, Ууганаа нар манай нэг нутгийн найз нар байгаа юм. ...О, М, Н гурав хүлээгээд байж байсан. Ингээд миний машинд суугаад хаашаа явах юм бэ гэж асуухад айлд очиж хонь авчирна гэж хэлээд та бензинээ өөрөө хий айлд хоосон очоод яах вэ архи тамхи ундаа ав танд 1 хонь өгнө гэж хэлсэн. Ингээд би замдаа 2 шил архи тамхи дэлгүүрээс аваад баруун тийшээ “Жирмийн цагаан нуур”-ын тэнд очоод замын хажуу талын 2 гэртэй айлд ороод Н ганцаараа гэрт ороод удалгүй айлын эзэн бололтой нэг хүн дагуулж гарч ирээд юм ярьж байгаад нөгөө хэдийг буугаад ир гэж хэлээд нөгөө гэрийн эзэн бололтой ах манай хонь догшин хашиж байгаад бариарай гэж хэлээд хонины талыг нь хашаад нөгөө ах хаалган дээрээ зогсоод нөгөө гурав 7 хонь барьсан. Нөгөө гэрийн ах цэнхэр будагтай хонь барихгүй шүү ээжийн хонь гэж хэлж байсан. Ингээд машиндаа ачаад замдаа 6 хонь зараад надад нэг хонь өгсөн. Ингээд Улаанбаатар хот ороод Н 5 шар дээр бууж үлдээд нөгөө хоёрыг гэрт нь хүргэж өгсөн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг / хх 35, 50/,

          Гэрч Д.Дын өгсөн: “Би 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын “Жирмийн цагаан нуур” гэх төрсөн дүү Б гэх айлд ирсэн. Б "ах манай хонинд байсан айлын тавиул малнуудаас нэлээн хэд дутаад байна" гэж хэлж байсан. Тэгэхээр нь чи энэ хойд урд айлын малд очиж хонио хар гээд явуулсан. Тэгсэн айлын хонинд 20 гаран хонь нийлсэн байна гээд намайг хамт явж ялгаад ирье гэхээр нь хамт очиж ялгаж аваад ирсэн. Тэгээд дахиад хонио бүртгээд үзтэл 20 гаран хонь дутаад байна гээд байж байтал 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр цагаан приус-20 маркийн дугаарыг нь санахгүй байна нэг туранхай нүүрэндээ түлэнхийн сорвитой бор залуу сүүлд нь нэрийг сонсоход Н гэх залуу өөрөөсөө гадна 3-н залуутай ирээд машинаас 1 шил хараа 1 ундаа бариад бууж ирээд энэ хүмүүсийг таньж байна уу гээд Н Бааг асуугаад машиндаа суулгах гээд байхаар нь би суулгаагүй. Тэгсэн нөгөө архиа задлаад Бт өгөхөөр нь би уурлаад Быг архи уулгаагүй. Тэгсэн Н нэлээн байж байгаад нөгөө машинтай хүмүүсийг явуулсан. Би утсаар яръя гээд толгойгоороо дохиод явуулсан. Тэгээд Н гэх нөхөр Баас ах нэг хонь өгчих гээд байсан. Тэгсэн манай дүү Б ах ирсэн байна гэсэн чинь ах нэг хонь өгчих гээд над дээр ирэхээр нь би өгөхгүй гээд хэлсэн чинь над руу голоо цохиод байх юм нэг хонь өгчиж чадахгүй гээд над руу Н гэх залуу уурлаад байсан. Би хотоос машин хөлслөөд ирсэн байхад гээд байсан. Тэгсэн Хос бэрсийн малчин залуугийн эхнэрт машинтай ирээд Н гэх хүнийг гэр лүүгээ аваад явсан. Би тухайн машинтай ирсэн хүмүүсийг танихгүй хүмүүс байсан сүүлд нь үлдсэн Н гэх хүн ирсэн талаар Б дүүгээсээ сонссон. Намайг 7 дугаар сарын 07-ны орой ирэхэд согтуу байсан. 8-ны өглөө архи нь гараад малаа бүртгэж хонь дутсан байна гээд байсан.  Би асуусан тэгтэл тавиул малын эзэн Шарав ахын малнаасаа хүүхэд нь шөлний хонь ирж авсан гэж ярьж байсан. Харин улаан хүрэн Приус-20 эхнэр нөхөр хоёр намайг байж байх хугацаанд ирж хуц, ухны хариулсан өртөг гээд 2 ямаа нэг төлөг авсан. Өөр хүн ирж мал аваагүй. Би сайн мэдэхгүй байна. Дүү Б манай малнаас дутаад байна гээд байсан. Надад мал худалдан борлуулсан энэ тэр гэж хэлж яриагүй асуухаар бэлчээрээс нь хулгайд алдсан байна гээд байгаа юм.” гэх мэдүүлэг /хх 37/,

          Гэрч М.Өы өгсөн: “Би Төв аймгийн Аргалант сумын нутаг “Хүйтний хонхор” гэх газар “Ариун ундрага” мал мах худалдан авдаг цэг дээр ажиллаж байхад 2021 оны 7 дугаар сарын эхээр оройны 20 цагийн үед саарал өнгийн Т.Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй багаажиндаа хонь амьдаар ачсан 3 залуу ирсэн. Тэгээд хонь авах уу гэхээр би авна гээд хонийг үзье гэтэл машины багаажийг хоёр залуу онгойлгоод би хонийг үзсэн чинь багаажинд 6 хонь байсан. Төлөг байсан. Би тухайн үед гарал үүслийн гэрчилгээ бичиг баримт байна уу гэж асуухад байхгүй авч чадаагүй манай гэр ойрхон байдаг сум орж авч чадаагүй гээд Н гэх үүдэн шүдгүй бор залуу "ах авчих дүү нь баяр ёслол болох гээд мөнгө хэрэгтэй байна" гээд гуйгаад байхаар би нэг хонийг нь 100 000 төгрөгөөр бодоод авч болно гэхэд Н цаашаа нөгөө хэдтэйгээ ярилцаж байгаад эргэж ирээд та жаахан үнийг нь өсгөөд авчих дүү нь эхнэр, 3 хүүхэдтэй мөнгө хэрэг болоод байна та үнэмшихгүй бол миний зургийг дараад ав дүү нь өөрийнхөө хэдэн малыг зарж борлуулж байгаа юм гээд байсан. Тэгсэн хамт явж байсан өндөр бор залуу та авчих ах гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь би авахаар болоод тухайн залуучуудад манайд хонь алах хүн байхгүй та хоёр янзалж өг гэсэн чинь Н за тэгье гээд надаас хутга аваад 6 хонины голыг Н тасдаад өндөр бор залуу нь хонийг нь барьж машинаас зөөж өгөөд байсан. Би тухайн саарал өнгийн машинд жолооч тэгээд надад хонь зарсан хоёр залуу байна гэж бодсон өөр хүн харагдаагүй.” гэх мэдүүлэг / хх 39/, 6 тооны хонийн нэг бүрийн үнийг 251 500 төгрөгөөр тооцож зах зээлийн ханшаар 1 620 000 төгрөгөөр үнэлсэн Эй Жэй Жэй Эм ХХК-ны үнэлгээний тайлан /хх 57-62/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Хавтаст хэрэгт авагдсан гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр алдагдсан малын тоо зөрүүтэй харагдах бөгөөд улсын яллагч хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн "Би одоогоор 2021.7.02-ны шөнө манай хоттой хониноос 6 тооны эр хонь хулгайлсан хүмүүсийг Цагдаагийн байгууллагаар шалгуулаад олж тогтоолгоод байгаа учраас 6 тооны хонио нэхэмжилнэ. Үлдсэн хонинуудыг тус тусад нь гомдол гаргаж шалгуулна." /хх 13/ гэх мэдүүлгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдсэн гэж тайлбарласан болно. Үүнд дээр хохирогч маргаагүй хавтаст хэрэгт "Нэг сая таван зуун мянган төгрөгийг бэлнээр авсан гомдолгүй, Ныг хөнгөнөөр шийдэж өгнө үү." /хх 137/ гэх хүсэлт ирүүлсэн болохыг дурдаж,    

 

            шүүгдэгч Ч.Н улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаж мэтгэлцээгүй болохыг дурдаж түүнийг бусдын малыг машин механизм ашиглан хулгайлсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Ч.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг,

Шүүгдэгч ямар нэг санал гаргаагүй болно.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Н нь урьд:

            Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 844 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгэгдэж, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10-р шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 07-ний өдрийн 3/1007 дугаартай магадлалаар тэнсэж 1 жил 6 сар хянан харгалзсан болох нь  хавтаст хэргийн 111-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, 125-127-р хуудсанд авагдсан шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдсон. Энэ нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно.

 

Шүүгдэгч Ч.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.  

 

Шүүгдэгч Ч.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жил хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд ангиллын гэмт хэрэг.

 

            Хүнд ангиллын гэмт хэрэг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэн тэнсэх боломжгүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн хэдий ч шүүх түүнд оногдуулах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжгүй гэж үзсэн. Учир нь: Шүүгдэгч амар хялбар аргаар мөнгө олох зорилготой, тухайн гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчийг архидан согтууруулж, тасарч унаган хоттой хониноос нь авсан үйл баримт тогтоогдсон. Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хуульд заасан хүний өмчлөх эрхэд ноцтойгоор халдсан хууль бус үйлдэл. Улсын яллагч шүүгдэгчид холбогдуулан нэг удаагийн үйлдэлд яллах дүгнэлт үйлдсэн хэдий ч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хэд хэдэн удаагийн үйлдэл харагддаг.      

 

Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар

 

Хохирогч хавтаст хэрэгт "Нэг сая таван зуун мянган төгрөгийг бэлнээр авсан гомдолгүй, Ныг хөнгөнөөр шийдэж өгнө үү." /хх 137/ гэх хүсэлтээр шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгч Ч.Н нь гэмт хэрэг үйлдэхдээ З.Оийн эзэмшлийн 9240 УБО улсын дугаартай Т.Приус маркийн тээврийн хэрэгслийг ашигласан байх бөгөөд "Эй Жэй Жэй Эм" ХХК уг тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийг 11 704 000 төгрөгөөр үнэлсэн /хх 71-77/ байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.", мөн зүйлийн 2 дахь хэсэгт "гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж "Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийг ойлгоно." гэж заасан тул мөн хуулийн 3, 4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн үнэ 11 704 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэв.     

 

Эрүүгийн 2134001740409 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Ч.Ныг бусдын малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2.Шүүгдэгч Ч.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 /хоёр/ жил хорих ял оногдуулсугай.

 

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нт оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Наас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Т.Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 11 704 000 /арван нэгэн сая долоон зуун дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

 5.Эрүүгийн 2134001740409 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

 6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Т.БАТЖАРГАЛ