Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 123

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дашням,

улсын яллагч В.Төгсбаяр,

шүүгдэгч Д.Заяамөнх, П.Амартүвшин, тэдний өмгөөлөгч Н.Номин-Эрдэнэ (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 1206),

хохирогч Б.Сумъяа, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0-576),

шинжээч эмч М.Отгонбаатар нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Жалиар овогт Дагвадоржийн Заяамөнх, Бэсүд овогт Пүрэвдоржийн Амартүвшин нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2601 1017 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:  

Нэг. Жалиар овогт Дагвадоржийн Заяамөнх, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1978 оны 5 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Их засаг олон улсын их сургуулийн Чингис Соосэ цогцолборт багшаар ажиллаж байсан, ам бүл 2, эгчийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Очир хороолол, 70б байрны 24 тоотод оршин суудаг, ШБ78051813 регистрийн дугаартай, урьд нэг удаа ял шийтгүүлсэн,

1.1 Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 403 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1. дэх хэсэгт зааснаар нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 (долоо) дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 756.000 (долоон зуун тавин зургаан мянга) төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.

Хоёр. Бэсүд овогт Пүрэвдоржийн Амартүвшин, Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Бигэр суманд 1982 оны 3 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 56-35 тоотод оршин суудаг, ДЖ82032114 регистрийн дугаартай, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Д.Заяамөнх нь 2016 оны 4 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 56 дугаар байрны 36 тоотод  иргэн Б.Сумъяатай хувийн таарамжгүй харьцаанаас буюу айлд шүлсээ хаясан гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг зодож бие махбодод нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч П.Амартүвшин нь 2016 оны 4 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 56 дугаар байрны 36 тоотод  иргэн Б.Сумъяатай хувийн таарамжгүй харьцаанаас буюу айлд шүлсээ хаясан гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг зодож бие махбодод нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1. дэх хэсэгт зааснаар ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхээс тогтоосон үйл баримтын талаар:

2016 оны 4 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 56 дугаар байрны 36 тоот буюу П.Амартүвшингийн гэрт П.Амартүвшин, Д.Заяамөнх, Б.Сумъяа нар 1 литр хэмжээтэй Алтан Чингис нэрийн архи хуваан ууж, архидан согтуурсан байна. Энэ үеэр буюу 03:00 цагаас 04:00 цагийн үед Б.Сумъяа нь П.Амартүвшингийн гэрт шүлсээ хаясны улмаас Д.Заяамөнх Б.Сумъяатай маргалджээ. Улмаар Д.Заяамөнх Б.Сумъяаг газар унаган дээр нь гарч, түүний нүүр толгой руу гараараа цохисоны улмаас Б.Сумъяагийн бие махбодод тархи доргилт, хамар ясны далд хугарал, зүүн ухархайн доод хананы хугарал, зүүн хөмсөг, доод зовхины няцарсан шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан байна. Харин энэ зодооны дараа Б.Сумъяа нь П.Амартүвшинтэй дахин маргалдаж, улмаар П.Амартүвшин Б.Сумъагийн нүүр рүү нэг удаа гараараа цохисон бөгөөд энэ цохилтын улмаас Б.Сумъагийн биед шинээр гэмтэл учраагүй зэрэг үйл баримт нь дараах нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Д.Заяамөнх: 2016 оны 4 дүгээр  сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө П.Амартүвшингийн гэрт манай ажлын хүмүүс очиж хамт архи уусан. Тэгээд хохирогч Б.Сумъяа, П.Амартүвшингийн гэрт шүлсээ хаяад байхаар нь айлд битгий шүлсээ хаяад байгаач гэж хэлсэн чинь хохирогч Б.Сумъяа над руу уурлаад салаавч гаргаад байсан. Тэгээд дахин шүлсээ хаяхаар нь хэлсэн чинь хохирогч Б.Сумъяа над руу дайраад миний нүүрийг маажсан. Тэгэхээр нь би хохирогч Б.Сумъяаг салгах гэж түүнтэй зууралдаж түүний нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Б.Сумъяа бид хоёрыг П.Амартүвшин, Ж.Даваасүрэн хоёр салгасан. Бид нар ширээ сандлаа янзлаад байж байхад хохирогч Б.Сумъяа дахин агсамнаж, П.Амартүвшин рүү дайраад байхаар П.Амартүвшин, Б.Сумъяаг цохисон. Тэгэхээр нь би Б.Сумъяад чи айлын гэрт хэрүүл хийлээ гээд гараад явах гэж байсан чинь Б.Сумъяа надаас уучлалт гуйсан. Тэгээд би гэр рүүгээ явсан. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна гэв.

Шүүгдэгч П.Амартүвшин: 2016 оны 4 дүгээр сарын 9-нээс 10-нд шилжих шөнө намайг ирэхэд манай гэрийн үүдэн дээр Ж.Даваасүрэн, Б.Сумъяа, Д.Заяамөнх нар намайг хүлээгээд сууж байсан. Ж.Даваасүрэн тасарсан байдалтай байсан. Ж.Даваасүрэнг гэртээ оруулж буйдан дээр хэвтүүлээд байж байсан чинь хохирогч Б.Сумъяа нэг шил архи ууя гэхээр нь Д.Заяамөнх, Б.Сумъяа хоёрыг архинд явуулсан. Тэр хоёрын авчирсэн архийг ууж байхад хохирогч Б.Сумъяа нилээн согтсон. Хохирогч Б.Сумъяа манай гэрт шүлсээ хаяад байсан. Би тамхи татахаар тагт руу гарсан. Б.Сумъяа, Д.Заяамөнх хоёр хамт үлдсэн. Би зодоон болох үед нь тагтан дээр тамхи татаж байсан. Тэгтэл гэрт чимээ гарахаар нь эргээд ортол Б.Сумъяа, Д.Заяамөнх хоёр дээр доороо орсон Ж.Даваасүрэн салгах гэж байсан. Тэгэхээр нь би Ж.Даваасүрэнтэй хамт тэр хоёрыг салгасан. Дараа нь хохирогч Б.Сумъяа та нар намайг яагаад зодож байгаа юм гээд над руу дайраад байхаар нь би хохирогчид гар хүрсэн. Шалан дээр дуссан цусыг Д.Заяамөнх цэвэрлэж өгчихөөд явах гэхэд Б.Сумъяа араас нь гараад явсан. Хэсэг хугацааны дараа Б.Сумъяа буцаж орж ирээд надаас уучлал гуйгаад тал шил архиа хувааж ууж дуусгаад гараад явсан. Б.Сумъяа гарч явснаас хойш юу болсныг мэдэхгүй байна гэв. 

Хохирогч Б.Сумъяа: 2016 оны 4 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө 20 цаг 30 минутын үед Даваасүрэн декан над руу залгаад манай ажлынхан бүгд “Цэлмэг” гэдэг нэртэй паабад сууж байна гээд намайг дуудсан. Намайг очих үед 21 цаг болоогүй байсан. Намайг очих үед Д.Заяамөнх, Цэрэнпил, Ж.Даваасүрэн нар нэг шил 0.75 литрийн Алтан Чингис архи ууж байсан. Тэгээд би очоод маргааш ажилтай хоёр шил пиво авч уучихаад явлаа гэсэн чинь архи уу гээд байсан. Бид нар эхний 0.75 литрийн архийг нь ууж дуусгаад Ж.Даваасүрэн дахин нэг шил архи авсан. Тэгэхээр нь би одоо хэрэггүй гэсэн чинь Цэрэнпил багш одоо нэг шил архи авчих гээд байсан. Бид нар 2 дахь архиа ууж байхад Цэрэнпил багш утсаар яриад гарч яваад буцаж орж ирээгүй. Сүүлд авсан архийг уугаад Ж.Даваасүрэн багш өөрийгөө авч явах чадваргүй байхаар нь Д.Заяамөнх бид хоёр гэрт нь хүргэж өгөхөөр хамт явсан. Ж.Даваасүрэн багшийн гэрт очиход гэрийн түлхүүр нь байхгүй хамт амьдардаг Үүрийнтуяа багш руу залгаад асуусан чинь ирэх боломжгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь тус байранд амьдардаг Элбэгзаяа багш руу залгаад гэрт нь оруулах гэсэн чинь хөдөө явж байна. Манай нөхөр рүү залга гэж хэлэхээр нь Д.Заяамөнх багш П.Амартүвшин ах руу залгаад хөдөөнөөс тээвэрт яваад ирж байна гэж хэлсэн. П.Амартүвшингийн гэрийн гадна Ж.Даваасүрэн багш унтаж байсан. П.Амартүвшин ах ирээд Д.Заяамөнх, П.Амартүвшин ах хоёр Даваасүрэн багшийг гэр рүүгээ өргөж оруулсан. Энэ нь 2016 оны 4 дүгээр сарын 9-ний 01 цагийн үед болсон. Тэгээд П.Амартүвшин, Д.Заяамөнх, бид 3 архи уухаар ярилцаад Д.Заяамөнхийн гэрээс очиж, нэг шил 0.75 литрийн архи авч ирсэн. Тус архиа ууж байгаад би бие засах гээд “ОО”-ын өрөөнд орчихоод эргээд харсан чинь нүүрэн тус газраа цохиулсан. Ухаан ороод харсан чинь миний нүүрнээс цус гарчихсан. Том өрөөнд уйлаад сууж байсан. Би сэргээд гэртээ ирэх үед 04 цаг болж байсан. Д.Заяамөнх багш намайг олон хүүхэнтэй байсан талаар ярьж байсан. Тэгэхээр нь Д.Заяамөнх багшийг та бас олон хүүхэнтэй байсан биз дээ гэж хэлсэн. Тэгээд эргээд харсан чинь намайг цохиод унагасан. Д.Заяамөнх багшийг эхэлж цохисон гэж бодож байна. Намайг гэртээ очоод унтаж байхад гудас цус болсон байсан. Манай эхнэр намайг эмнэлэгт очиж үзүүл гэхээр нь дүүгээ дуудаад гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Хөмсөгний дээд талд 8 оёдол, доод зовхинд 4 оёдол тавьсан. Миний хамар гэмтсэн гэдгийг эмч  надад хэлсэн. Хамар хугарсан гэдгээ би өөрөө мэдэж байсан. Би “ЭМ Ж Ж” эмнэлэг дээр очиж үзүүлсэн чинь зураг авахуулаад ажлын өдөр хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь гэмтлийн эмнэлэг дээр эргэж ирээд компьютер томографийн зураг авахуулаад оёдол тавьсан эмчид үзүүлсэн чинь тархинд цус харвасан гээд шууд тархины тасагт хэвтүүлсэн. 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Мөнгөн гүүр эмнэлэг рүү шилжин хэвтэж тархины цус шимэх эмчилгээ 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хийлгэсэн. 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр “Монгол Хьюндай” эмнэлэгт очиж үзүүлэхэд хагалгаа хийх боломжтой хагалгаанд орох бол төлбөр мөнгөө тушаагаад хагалгаанд ор гэж хэлсэн. Би өөр гоо сайханы эмнэлэгт очиж хагалгаанд орсон. Тэгээд 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр нэгдүгээр эмнэлэгт ухархайн хананы мэс засал хийлгэсэн. Надад нийт 7.949.002 төгрөгийн хохирол гарсан байгаа гэв.

Шинжээч М.Отгонбаатар: Хохирогч нь зүүн нүдний ухархайн хананы хагалгаанд орсон байна. Хагалгаанд орохгүй бол зөөлөн эд хавчуулагдах, нүдний хөдөлгөөн хязгаарлагдах, нүдний алим суулт өгөх үр дагавартай учраас хагалгаа хийлгэх шаардлагатай. Энэ нь гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй, хөнгөн зэрэгт хамаарна. 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр авахуулсан нэг зургийг 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр уншихад тархинд цус харвалт байхгүй байсан. Хохирогчид учирсан гэмтэл нь хоёр буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр бусдад зодуулсан цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл. Хохирогчийн нүүрэнд нэг удаа цохих үед давхар гэмтэл үүсэх боломжтой. Хамар ясны хугарал нь нэг удаагийн үйлчлэлээр, зүүн нүдний гэмтлүүд нь бас нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Нийт 2 удаагийн үйлчлэлээр учирсан гэмтлүүд байна. Хохирогч сөрөг үр дагаварыг бий болгохгүйн тулд хагалгаанд орсон гэж ойлгож болно.

Мөрдөн байцаалтад: (Эрүүгийн 2016 2601 1017 дугаартай хэргээс)

Хохирогч Б.Сумъяагийн өгсөн: ...2016 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 21 цагийн үед манай декан Ж.Даваасүрэн дуудсанаар Цэлмэг гэх Паабад очиж, Ж.Даваасүрэн, Д.Заяамөнх, Цэрэнпил нартай хамт 0.75 литрийн хэмжээтэй 2 шил архи хувааж уусан. Даваасүрэн их согтсон тул Д.Заяамөнх бид хоёр түүнийг хүргэж өгөхөөр тэдний байранд очтол гэрт нь хүн байгаагүй. Тэгэхээр нь тэдний байранд байдаг Элбэгзаяа багшийнд Ж.Даваасүрэнг үлдээх гэтэл бас л хүнгүй байсан бөгөөд Элбэгзаяа багштай утсаар ярихад тэрээр “өөр газар байна, очиж амжихгүй манай нөхөр хөдөөнөөс ирж яваа удахгүй очино” гэсэн. Тэгээд Элбэгзаяа багшийн нөхөр П.Амартүвшинтэй утсаар яриад “...ирж байна...” гэхээр нь орцонд нь хүлээсэн. Энэ хооронд Даваасүрэн орцонд унтаж байсан. Бид нар орцонд П.Амартүвшинг хүлээж байсан бөгөөд тэрээр 30 орчим минутын дараа ирсэн. Ингээд П.Амартүвшингийн гэрт Д.Заяамөнх бид хоёр Даваасүрэнг дагуулж ороод түүнийг буйдан дээр унтуулсан ...Ингээд тэднийд дахиад нэг шил архи уусан. Тэгээд би бие засахаар 00-ийн өрөө ороод эргээд харсан чинь миний нүүрний зүүн тал руу нэг хүн цохихоор нь би ухаан алдсан. Тэгээд нэг сэрсэн чинь миний зүүн хөмсөгнөөс цус гарч байсан. Намайг хэн, юугаар, хэдэн удаа, миний хаана цохисныг би санахгүй байна. Намайг сэргэхэд П.Амартүвшин, Д.Заяамөнх, Ж.Даваасүрэн нар хажууд байсан. Даваасүрэн салгаж байсан. Тэгээд би “та нар намайг яагаад ингэж байгаа юм бэ” гэхэд “чи бид нарыг доромжилсон” гэж Амартүвшин ах хэлсэн. Тэгэхээр нь “би та нарыг ах шигээ санадаг байсан, арай ч дээ” гээд хувцсаа аваад гутлаа өмсөөд шууд гэртээ харьсан. Харьж амарчихаад 07 цагийн үед хөмсөгнөөс дахиад цус гараад, том ангайгаад байхаар нь дүүгээ дуудаад гэмтлийн эмнэлэг рүү машинаар нь явж, оёдол тавиулаад тархины томографф зураг авахуулаад эмнэлэгт хэвтсэн... гэх мэдүүлэг (хх-ийн 26-27 дугаар хуудас),

 Гэрч Ж.Даваасүрэнгийн өгсөн: ...2016 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Б.Сумъяа, Д.Заяамөнх нарын хамт хоол идчихээд 0.75 литрийн 2 шил архи хувааж уучихаад 12 цагийн үед тэр хоёр намайг хүргэж өгөхөөр манай гэрт очтол хүнгүй, надад гэрийн түлхүүр байхгүй байсан. Тэгээд П.Амартүвшин ахынд орох гэтэл бас хүнгүй байсан. Тэгэхээр түүнтэй утсаар ярьсан юм билээ. Тэгээд Амартүвшин ахыг ирэхээр нь бид нар тэдний гэрт ороод би унтсан. Намайг унтаж байсан чинь ширээ унах чимээ гараад би сэртэл Д.Заяамөнх багш Б.Сумъяа багшийг газар унагаачихсан дээрээс нь заамдаад сууж байсан. Тэгээд намайг очихын завдалгүй Заяамөнх багш Сумъяа багшийн нүүр рүү 2 удаа гараараа цохисон. Тэгэхээр би гүйж очоод салгасан. Тэр үед Амартүвшин ах тагтан дээрээс орж ирээд Сумъяа багшид хандан “чи голомтон дээр орж ирчихээд нус цэрээ хаяад байх юм” гэсэн. Тэгээд бид нар унасан аяга шаазан ширээгээ цэгцлээд Сумъяаг 00-ийн өрөө рүү оруулж нүүр амыг нь угаалгасан. Тэр хооронд Д.Заяамөнх багш уурлаад гутлаа өмсөөд явах гэж байсан чинь Б.Сумъяа, П.Амартүвшин нар хоорондоо хэрэлдэж байгаад Б.Сумъяа согтуурхаад П.Амартүвшин ах руу агсамнасан чинь П.Амартүвшин ах Б.Сумъяа багшийг цохих гэж гараа далайгаад дайрах үед нь Д.Заяамөнх багш бид хоёр тэр хоёрыг салгасан. Гэхдээ П.Амартүвшин ах Б.Сумъяа багшийг цохиж амжсан эсэхийг би хараагүй... гэх мэдүүлэг (хх-ийн 33-34 дүгээр хуудас),

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн №5170 дугаартай

1. Б.Сумъяагийн биед тархины дунд зэргийн няцрал, хамар ясны далд хугарал, зүүн ухархайн дотор хананы хугарал, зүүн хөмсөг доод зовхины няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Энэ гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй... гэх дүгнэлт (хх-ийн 37 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй, №582 дугаартай

1. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №510 үндэслэлтэй байна.

2. Б.Сумъяад тархи доргилт, хамар ясны далд хугарал, зүүн ухархайн дотор хананы  хугарал, зүүн хөмсөг, доод зовхины няцарсан шарх гэмтэл учирчээ. Тархины таславч хооронд цус харвалт үгүй байна. Дээрх гэмтэл хатуу, мохоо бүхий зүйлийн 2-с дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.  Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ШЭГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт (хх-ийн 43 дугаар хуудас),

Шинжээч эмч Ц.Ганболдын өгсөн: ... гурваас дээш удаагийн үйлчлэлээр үүссэн эсэхийг нарийн тогтоох боломжгүй. Уг гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд нэгэн зэрэг үүсэх боломжтой...гэх мэдүүлэг (хх-ийн 65-67 дугаар хуудас),

П.Амартүвшингийн яллагдагчаар өгсөн: ...Тэгээд архиа ууж байхад Б.Сумъяа Д.Заяамөнх бид хоёр руу салаавч гаргаад Заяамөнхийг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд л тэр хоёрыг согтож байна гэж бодоод би ор засаж өгчихөөд гэрийнхээ тагтан дээр гарч, тамхи татаж байсан юм. Тамхи татаад зогсож байтал гэрт пижигнэх чимээ гарахаар нь яваад ортол Д.Заяамөнх Б.Сумъяагийн дээр гарчихсан шалан дээр барьцалдаад байж байсан. Ж.Даваасүрэн босоод ирчихсэн байсан. Тэгээд Ж.Даваасүрэн бид хоёр тэр хоёрыг салгасан. Тэгэхэд Б.Сумъяагийн зүүн нүдний дээд хэсгээс цус гарч байсан учир 00-ийн өрөө орж цэвэрлүүлсэн. Ж.Даваасүрэн Б.Сумъяаг 00-ийн өрөө рүү оруулж өгсөн. Б.Сумъяа 00-ийн өрөө рүү ганцаараа орсон. Тэр хооронд бид нар гэр орны юм янзлаад байж байсан. Тэгээд Сумъяа 00-ийн өрөөнд нилээн байж байгаад гарч ирснээ “та нар намайг яаж байгаан” гээд агсамнаад дайраад байсан. Тэгээд архи ууж байхдаа болон гэр цэвэрлэчихээд байхад дахин шүлс, нусаа манай гэрт хаяад Увсынхныг та нар барахгүй шүү гэж орилоод над руу дайрахаар нь би түүнээс өрсөөд нэг удаа гараараа цохисон. Тэгэхэд Д.Заяамөнх, Ж.Даваасүрэн нар бид хоёрыг салгасан. ...Эдгээр зодоонууд хоорондоо 10-15 минутын зайтай болсон... гэх мэдүүлэг (хх-ийн 83 дугаар хуудас),

Д.Заяамөнхийн яллагдагчаар өгсөн: ...Тэгээд юм яриад сууж байгаад Б.Сумъяа гэрийн шалан дээр шүлсээ хаяхаар нь чи битгий айлд шүлсээ хаяад бай гэхэд би шүлсээ хаяагүй гээд надтай муудалцаад над руу салаавч гаргаад байхаар нь би эхэндээ тоогоогүй юм. Харин дахин салаавч гаргаад над руу дайраад хэрэлдээд байхаар нь би “айлд битгий агсраад бай шүлсээ хаясан чинь үнэн биз дээ” гээд бид хоёр барьцалдсан. Б.Сумъяа надтай барьцалдахдаа миний нүүрийг самардсан. Тэгэхээр нь би өөрөөсөө салгах гээд түүнийг гараараа шанаадаад бид хоёр барьцалдсан чигтээ шалан дээр унасан. Тэгсэн Ж.Даваасүрэн, П.Амартүвшин нар бид хоёрыг салгасан. Тэгээд Ж.Даваасүрэн “та хоёр чинь юу болоод, ямар юм аа булаацалдаад байгаа юм бэ” гэхээр нь би “наад Б.Сумъяа чинь над руу дайраад байхаар нь ийм юм боллоо” гэсэн. Тэгээд бид хоёр салаад Б.Сумъяагийн зүүн хөмсөг сэтэрсэн тэндээс нь цус гарч байсан тул чи наадхаа угаа гээд Б.Сумъяа 00-ийн өрөө рүү орсон. Би наана нь буйдан дээр сууж байсан. П.Амартүвшин Б.Сумъяаг “чи дандаа агсам тавьж байх юм, яасан тавьтаргүй юм” гээд загнаж байсан. Тэгээд бид нар ширээн дээрээс унасан юмс болон газраар байгаа юмнуудыг цэвэрлээд байж байтал Б.Сумъяа 00-ийн өрөөнд нилээн байж байгаад гарч ирээд П.Амартүвшин рүү агсамнаад цохих гээд дайрахад П.Амартүвшин Б.Сумъяаг цохиод унагасан. Тэгэхээр нь Ж.Даваасүрэн бид хоёр гүйж очоод П.Амартүвшин тэр хоёрыг салгасан. ...Над руу агсамнаад салаавч гаргаад барьцалдаж авах гээд миний нүүрийг самардахаар нь өөрөөсөө холдуулах гээд гараараа нүүр рүү нь нэг удаа цохисон. Б.Сумъяа намайг цохих гэж дайрахаар нь би бултаад Б.Сумъяаг нэг цохисон юм. ...Б.Сумъяа бид хоёрын болон П.Амартүвшин, Б.Сумъяа нарын зодоон хоорондоо ойролцоогоор 30 орчим минутын зайтай болсон. Эхлээд би Б.Сумъяатай зодолдож дууссан, дараа нь Б.Сумъяа П.Амартүвшин рүү дайраад тэр хоёр хоорондоо зодолдсон. Сумъяа тэнд огт ухаан алдаагүй. Би Сумъяатай барьцалдаж авчихаад салаад буйдан дээр суусан. Б.Сумъяа 00-ийн өрөөнд ганцаараа орсон байх. Би 00-ийн өрөөнөөс наагуур шалан дээр дуссан цус энэ тэрийг янзлаад явж байсан. Б.Сумъяа 00-ийн өрөөнөөс зүгээр гарч ирсэн... гэх мэдүүлэг (хх-ийн 86-87 дугаар хуудас),

Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол (хх-ийн 1 дүгээр хуудас), хохирогч Б.Сумъяагийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл (хх-ийн 4 дүгээр хуудас), Д.Заяамөнхийн тайлбар (хх-ийн 9 дүгээр хуудас), П.Амартүвшингийн тайлбар (хх-ийн 10 дугаар хуудас), мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Т.Цэрэгсүрэнгийн тэмдэглэл (хх-ийн 13 дугаар хуудас), гэрч Ж.Даваасүрэнгийн мэдүүлэг (хх-ийн 33-34 дүгээр хуудас), П.Амартүвшинийг батлан даалтад авах тухай хүсэлт (хх-ийн 73 дугаар хуудас), ял өөрчилж сонсгох тухай прокурорын тогтоол (хх-ийн 125 дугаар хуудас), улсын яллагчийн яллах дүгнэлт (хх-ийн 127-130 дугаар хуудас), хохирлын баримтууд (хх-ийн 110-119 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон үйл баримт нотлогдож байх бөгөөд эдгээр нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нар нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрсдийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч Д.Заяамөнхийн үйлдсэн гэмт хэрэг бусад нотлох баримтаар батлагдаж байх тул яллах үндэслэл болгов. Харин шүүгдэгч П.Амартүвшин хохирогч Б.Сумъяаг нэг удаа цохисон гэх боловч түүний улмаас гэмтэл учраагүй болох нь нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болгосонгүй.

Хууль зүйн дүгнэлтийн талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас П.Амартүвшинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн боловч;

  • гэрч Ж.Даваасүрэнгийн “...Намайг унтаж байсан чинь ширээ унах чимээ гараад би сэртэл Д.Заяамөнх багш Б.Сумъяа багшийг газар унагаачихсан дээрээс нь заамдаад сууж байсан. Тэгээд намайг очихын завдалгүй Д.Заяамөнх багш Б.Сумъяа багшийн нүүр рүү 2 удаа гараараа цохисон, Тэр үед Б.Сумъяагийн зүүн хөмсөгний дээд хэсгээс цус гарч байсан..., ...Б.Сумъяа багш П.Амартүвшин ах руу агсамнаад дайрсан, харин П.Амартүвшин ах гараараа далайгаад дайрах үед нь Д.Заяамөнх бид хоёр салгасан. П.Амартүвшин ах Б.Сумъяаг цохиж амжсан эсэхийг би хараагүй..., ...П.Амартүвшин ах, Б.Сумъяа нарыг салгахад Б.Сумъяагийн нүүрэнд нэмж гэмтэл, шарх үүсээгүй байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 33-34 дүгээр хуудас),
  • хохирогч Б.Сумъяагийн “...Намайг хэн, юугаар, хэдэн удаа, миний хаана цохисныг би санахгүй байна. Намайг сэргэхэд П.Амартүвшин, Д.Заяамөнх, Ж.Даваасүрэн нар хажууд байсан. Даваасүрэн салгаж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 26-30 дугаар хуудас), “...тухайн болж өнгөрсөн үйл явдлыг бүрэн санахгүй байна..., намайг хэн, хэн, хэдэн удаа цохисныг би мэдэхгүй...” гэх мэдүүлэг (шүүхийн хэлэлцүүлэгт),
  • шинжээч эмч М.Отгонбаатарын “...хохирогч Б.Сумъяагийн биед учирсан гэмтлүүд нь 2 удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Хамар ясны далд хугарал нь нэг хүчин зүйл, зүүн ухархайн дотор хананы хугарал, зүүн хөмсөг, доод зовхины няцарсан шарх нь нэг хүчин зүйлийн үйлчлэлээр тус тусдаа үүссэн байх боломжтой байна...” гэх мэдүүлэг (шүүхийн хэлэлцүүлэгт)-ээр шүүгдэгч П.Амартүвшин хохирогч Б.Сумъяаг цохиж бие махбодод нь хөнгөн гэмтэл учруулаагүй нь бүрэн нотлогдож байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн хохирогч Б.Сумъяа нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийг нь хэн цохисныг мэдэхгүй, болж өнгөрсөн үйл баримтыг санахгүй, эх сурвалжаа тодорхойлж чадахгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 83 дугаар зүйлийн 83.2. дахь хэсэгт зааснаар түүний мэдүүлгээс хэргийн үйл баримтын талаарх хэсгийг үнэлсэнгүй. Харин түүний бие махбодод үүссэн гэмтэл, түүний улмаас учирсан хохирол, эмчилгээний талаарх мэдүүлгийг нотлох баримтаар үнэллээ.

Шүүгдэгч Д.Заяамөнх нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 403 дугаартай шийтгэх тогтоолоор “бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1. дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 (долоо) дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 756.000 (долоон зуун тавин зургаан мянга) төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн” бөгөөд хөнгөн гэмт хэрэгт ял шийтгүүлснээс хойш нэг жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.2. дахь хэсэгт зааснаар ялгүй болсон байна.

Шүүгдэгч Д.Заяамөнхийн яллагдаж буй хэрэг нь гэрч Ж.Даваахүүгийн мэдүүлэг (хх-ийн 33-34 дүгээр хуудас), бүрэлдэхүүнтэй шинжээчийн №582 дугаартай дүгнэлт, шинжээч эмч М.Отгонбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон түүний өөрийнх нь мэдүүлгээр эргэлзээгүй нотлогдон тогтоогдож байна. Харин гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь “айлын гэрт шүлсээ хаясан, хамт байсан нөхрийнхөө зүй ёсны шаардлагыг эсэргүүцэж агсамнасан” зэрэг монгол зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг бүдүүлгээр зөрчсөн хохирогчийн зүй бус ажиллагаатай холбоотой байх тул шүүгдэгч Д.Заяамөнхийг хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу хувийн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.  

Дээрх бүгдээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.Заяамөнхийг бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1. дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Д.Заяамөнхөд ял шийтгэл оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнг хүндрүүлэх, хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзаж, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй тул түүнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлбэл зохино.

Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Б.Сумъяа нь эмчилгээний болон тээвэр, өмгөөлөгчийн зардалд баримтаар нийт 7.948.997 (долоон сая есөн зуун дөчин найман мянга есөн зуун ерэн долоо) төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Д.Заяамөнх, П.Амартүвшин нар 6.020.000 (зургаан сая хорин мянга) төгрөгийн хохирлыг сайн дураар нөхөн төлсөн нь хавтаст хэргийн 163 дугаар хуудаст авагдсан баримтаар нотлогдож байна.   

Харин хохирогч Б.Сумъяа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.3.1. дэх хэсэгт заасан эрхийн дагуу өмгөөлөгч Л.Жавзмааг сонгон авч, хууль зүйн туслалцааны хөлс болох 1.000.000 (нэг сая) төгрөг төлсөн нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, зайлшгүй гарах зардал биш тул өмгөөллийн хөлсийг  хохирлоос хасаж тооцов.

Иймд шүүгдэгч Д.Заяамөнхөөс 928.997 (есөн зуун хорин найман мянга есөн зуун ерэн долоо) төгрөг гаргуулж, хохирогч Б.Сумъяад олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч П.Амартүвшин, Д.Заяамөнх нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус тогтоолд дурдав. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1., 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3., 294, 296, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Прокуророос шүүгдэгч Бэсүд овогт Пүрэвдоржийн Амартүвшинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1. дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл, холбогдолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1. дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Шүүгдэгч Жалиар овогт Дагвадоржийн Заяамөнхийг бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцсугай.

3. Шүүгдэгч Д.Заяамөнхөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1. дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

4. Шүүгдэгч Д.Заяамөнхөд оногдуулсан 2 сарын хугацаагаар баривчлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1. дэх хэсэгт зааснаар тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Заяамөнх, П.Амартүвшин нар цагдан хоригдсон хоноггүй, тэдний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтууд нь шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Заяамөнхөөс 928.997 (есөн зуун хорин найман мянга есөн зуун ерэн долоо) төгрөг гаргуулж, хохирогч Б.Сумъяа (РД:ОЮ85121270, Хаяг: Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 27-42 тоот, утасны дугаар: 96026248, 88029890)-д олгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1. дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Сумъяагийн нэхэмжлэлээс 1.000.000 (нэг сая) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3. дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Д.Заяамөнхийг цагдан хорьж, түүний ял эдэлсэн хугацааг 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1. дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1. дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Заяамөнхөд авсан цагдан хорих, шүүгдэгч П.Амартүвшинд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус бүр хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА