Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2020/0165

 

 

    Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: “Ф” ХХК.

      Хариуцагч: МУСС.

     Хариуцагч: МУСЯ-ны Худалдан авах ажиллагааны улсын ахлах байцаагч Ц.Б.

    Нэхэмжлэлийн шаардлага: “Сангийн сайдын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 223 дугаар “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” тушаалын “Ф” ХХК-д холбогдох хэсэг, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын ахлах байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн УБ/16 дугаар “Хяналт шалгалтын тухай” дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ё, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.З, хариуцагч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч “Ф” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “Ф” ХХК нь 2014 оноос эхлэн Монгол Улсад принтерийн хорыг үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 2016 онд Европын сэргээн босголт, Хөгжлийн банкны төсөлд шалгарч олон улсын ISO 9001, 14001 стандартыг нэвтрүүлэн 2017 оны 12 дугаар сарын 25-нд сертификатаа хүлээн авсан. Өнөөдрийн байдлаар Налайх дүүрэгт 17 ажлын байрыг 1 шинээр бий болгон импортыг орлох бүтээгдэхүүнийг Монгол улсдаа үйлдвэрлэж 2016, 2018 онуудад Нийслэл, дүүргийн шилдэг татвар төлөгч компаниар шалгарч байсан нийгмийн хариуцлагатай шинэ залуу компани юм. Манай компани нь үйл ажиллагаа явуулах хугацаандаа тендерт оролцохдоо аливаа зөрчил дутагдал гаргаж байгаагүй.

       Гэтэл худалдан авах ажиллагааны улсын ахлах байцаагч Ц.Б, З.Э нар нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн УБ/16 дугаартай “Хяналт шалгалтын тухай” улсын байцаагчийн дүгнэлт гаргаж манай компанийг Төрийн болон орон нутгийн өмчийн  хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1,6-д  “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон гэж заасан нөхцөл байдал үүссэн гэх үндэслэлээр тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн  төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн.

       Уг дүгнэлтийг үндэслэж Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 223 дугаартай “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” тушаал гарч манай компанийн тендерт оролцох эрхийг 3 жилийн  хугацаатайгаар хязгаарласан.

       Манай компани Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, ‘Тендерт оролцох эрхээ  хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1 -т заасан “илт худал мэдээлэл” бүхий тендер ирүүлээгүй.

    Харин Иргэний нисэхийн ерөнхий газраас зарласан ИНЕГ/УЗ/ТББ/Б-13/19 тоот принтерийн хор бичгийн цаас нийлүүлэх тендерт оролцохоор болоход Шүүхийн төрөлжсөн архиваас сүүлийн 3 жилийн байдлаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцсон эсэх талаарх тодорхойлолтыг авч амжаагүй байсан тул манай компанийн удирдлагуудад мэдэгдэлгүйгээр “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д хаяглуулсан 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №3422 тоот албан бичгийн огноо, хаягласан этгээдийг завсарлаж уг тендерт хүргүүлсэн болохыг компанийн удирдлагууд сүүлд мэдсэн. Уг тендерт хүргүүлсэн тодорхойлолт нь огноо, хаяглагдсан этгээдийн хувьд засвартай байсан боловч агуулгын хувьд илт худал мэдээлэл агуулаагүй, үнэн зөв байсан. Манай компани сүүлийн 3 жилийн байдлаар иргэний хариуцагчаар оролцож  байгаагүй нь үнэн байсан. Иймд  дээрх нөхцөл байдлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-т заасанчлан “илт худал мэдээл” бүхий тендерт ирүүлсэн гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

     Гэтэл энэхүү нөхцөл байдлаас үүдэж манай компанийн цаашдын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, тендерт оролцох нөхцөл хангахын тулд 5 жилийн хугацаанд шаргуу хөдөлмөрлөсөн  хөдөлмөрийн үр шимийг үгүй хийх ноцтой үр дагавар үүсээд байна.

     Манай компани 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн улсын байцаагчийн дүгнэлтийг эс зөвшөөрч 2019 оны 10 дугаар сарын 17-ны  өдөр Монгол улсын Сангийн яаманд хандсан боловч 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Сангийн яамнаас татгалзсан хариуг авсан.

      Манай компанитай хамт сонсгох ажиллагаанд оролцсон, илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн компаниуд Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 223 дугаартай “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” тушаалд оролгүй хасагдсан байна.

     Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 223 дугаартай “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” тушаалын “Ф” ХХК-д холбогдох хэсэг, Монгол Улсын Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын ахлах байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн УБ/16 дугаартай  “Хяналт шалгалтын тухай” дүгнэлтийг тус  тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Ф” ХХК нь 2014 оноос эхлээд принтерийн хорыг дотооддоо үйлдвэрлэж байгаа. Энэ үйл ажиллагааны дагуу тасралтгүй үйл ажиллагаагаа эрхэлсэн. Эрхэлж байх хугацаандаа төрийн байгууллагаас зарласан худалдан авах ажиллагаануудад орж ирсэн. Түүхийн хувьд тогтворжсон үйл ажиллагаатай. Налайх дүүрэгт үйлдвэрийн барилгатай 17 ажилтан ажиллуулах замаар үйл ажиллагаа явуулж байгаа. Үйл ажиллагааны хувьд 2017, 2018, 2019 онуудын шилдэг татвар төлөгч байгууллагаар шалгарч байснаар харагдана. 2019 онд Иргэний нисэхийн ерөнхий газраас зарласан принтерийн хор худалдан авах бичгийн цаасны тендерт оролцсон байдаг. Энэ үйл ажиллагаанд шаардагдах баримт бичгийг өгсөн байдаг. Энэхүү ажиллагааны явцад тус компанийн ерөнхий менежер н.Б гэж хүн шүүхийн төрөлжсөн архиваас төлбөр төлөх лавлагааг авахдаа цаг хуваарилалтын зохицуулалт муутайгаас болоод өмнөх тендерт оролцож байсан байгууллагад өгч байсан лавлагааг Иргэний нисэхийн ерөнхий газраас зарласан тендерийн шалгаруулалтын явцад хаяглагдсан компанийг солих байдлаар өгсөн байсан. Энэ нь Иргэний нисэхийн ерөнхий газрын хяналт шалгалтаар тогтоогдсон байдаг. Тендер шалгаруулалтын явцад тодорсон зүйлээс шалтгаалаад Сангийн яам буюу худалдан авах ажиллагааны улсын байцаагч энэхүү шалгалтын үйл ажиллагааг шилжүүлсэн. Байцаагч Ц.Б нь шүүхийн лавлагааны материалтай холбогдуулаад хяналт шалгалтыг хийсэн байдаг. Хяналт шалгалтын явцад тухайн байгууллагыг дуудаж уулзаад тайлбар мэдүүлгийг аваад дүгнэлт гаргасан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь хэсэгт зааснаар “Ф” ХХК-ийг илт худал мэдээлэл бүхий тендерийн материал ирүүлсэн гэсэн. Энэ нь өөрөө зөрчил гэж тогтоогдсон. Дараа нь тендерт оролцогч компаниудын хар жагсаалтад оруулсан байгаа. Сангийн сайдын хар жагсаалтад оруулсан тушаал болон улсын байцаагчийн дүгнэлтийг эс зөвшөөрч байгаа. Хар жагсаалт болон улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

       Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Хариуцагч талын тайлбарыг сонслоо. Нэхэмжлэгч байгууллагын хувьд хуурамч материал үйлдсэнтэй холбоотой дүгнэлт 10 дугаар сарын 16-ны өдөр гарсан байдаг. Энэ өдрөөс эхлээд нэхэмжлэгийн хувьд Сангийн сайд гэж оноосон байдаг. Сангийн сайд бичигт хариу өгөөд суудаггүй юм. Хаана хариу өгөх ёстой байдаг тэр газарт цохолт хийдэг. Энэ цохолтын дагуу “Ф” ХХК-иас гаргасан гомдолд Сангийн сайд цохолт хийгээд Төрийн нарийн бичгийн дарга худалдан авах ажиллагааны байцаагчийн дүрэмд заасны дагуу ерөнхий байцаагч буюу Төрийн нарийн бичгийн даргад энэхүү албан бичгийг цохолт хийсэн байдаг цохолт хийсэн болоод Төрийн нарийн бичгийн дарга энэхүү байцаагчийн дүгнэлттэй холбоотой 10 дугаар сарын 25-ны өдөр хариу өгсөн. Энэхүү хариунаас шалтгаалаад урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хангагдсан байна гэж үзээд шүүхэд хандахаар нь хүлээж авсан. 10 дугаар сарын 25-ны өдөр урьдчилан шийдвэрлэх ажиллагаагаа дуусгасан. 11 дүгээр сарын 15-ны өдөр анхны байцаагчийн дүгнэлт гарснаас хойш 30 хоногийн дараа юм. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа нь ерөнхий байцаагч хариу өгснөөр хангагдсан гэж үзэж байгаа. Төрийн болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь хэсэгт илт худал мэдээлэл гэж байгаа. Нэхэмжлэгчийн хувьд Иргэний нисэхийн ерөнхий газарт гаргаж өгсөн лавлагааг хүлээн зөвшөөрдөг хуурамч гэдгийг. Илт хуурамч гэдэг үгний тайлбар байхгүй ч гэсэн. Бусад хуулийн илт худал хуурамч гэдэг үгний тайлбарыг харъя гэх бол бодит байдалд байхгүй зүйлийг зориудаар бий болгохыг илт худал гэж ярина. Шүүхийн 7 сард Сангийн яамд ирүүлсэн 10 дугаар сарын 21-ний өдөр шүүхийн төрөлжсөн архиваас ирүүлсэн лавлагаа байгаа. Өнөөдөр манайд гаргаж өгсөн лавлагаа байгаа. Нэхэмжлэгч компани хэргийн оролцогч биш ямар нэг байдлаар төлбөр тооцооны асуудал байхгүй гэдэг зарчим байгаа. Энэ нь өөрөө тендер шалгаруулалтад ороод гарч ирэхэд ажлаа гүйцэтгэж чадахаа болих бий гэсэн зүйлийг тодорхойлох гээд байгаа зүйл юм. Цаанаа төрөлжсөн архиваас гарч ирж байгаа тодорхойлолт нь огт байхгүй биш юм. Тухайн үед ажилтны зохион байгуулалтаас үүссэн алдаа нь одоо шүүхийн төрөлжсөн архиваас гарч ирж байгаа лавлагаануудыг харвал илт хууль бус баримт гэж үзэхгүй байгаа.

        “Ф” ХХК нь принтерийн хорны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Т*******” ХХК болон “Ф” ХХК гэж  ISO9001, ISO14001 чанарын шаардлага хангадаг 2 байгууллага байгаа. Тендерт оролцох боломжоо алдсан зэрэгцээ дотооддоо хэвийн борлуулалт хийж чадахаа болино. Байгууллагын ажилчдын ихэнх нь өрх толгойлсон эмэгтэйчүүд байгаа. Улсын байцаагчийн хувьд зөрчил гаргасантай маргахгүй. Манай цахим тендерийн эрх авсан хүн н.Б гэж хүн юм. Ерөнхий менежер үйл ажиллагааны эрхтэй байсан ч гэсэн байгууллагын хувьцаа эзэмшигчийн 50 хувьд нь н.Э гэж хүн явдаг. Энэ 2 хүн дээр явдаг байж байгаад н.Б-ны ажилд шууд хяналт тавихад итгэлцэл алдагдах тул чаддаггүй. Сангийн яамны сонсох ажиллагаа хийгээд дуудаж байгаа үед мэдсэн. Энэхүү хугацаанд н.Бы хувьд худалдан авах ажиллагааг хариуцаж байгаа хүмүүстэй уулзаж байна гэж ярьдаг тэр үүднээс зохицуулна гээд н.Э-д мэдэгдээгүй. Сангийн яамд ирсний дараа тухайн нөхцөл байдлыг мэдэж эхэлсэн. Яасан бэ гэхээр шүүхийн лавлагааны материалыг хуурамчаар үйлдсэн байдаг. Хамгийн гол хэлэх зүйл бол тухайн үед мэдэж байсан бол арга хэмжээг эрт авах байсан. н.Бы алдаанаас болж хариуцлагаа хүлээсэн гэж харж байна. Энэ нь өөрөө илт худал мэдээлэл мөн үү биш үү л гэдэг байна. Илт худал мэдээлэл гэдэг нь огт байхгүй зүйлийг гаргаж ирэхийг хэлж байгаа юм. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хувьд улсын байцаагчийн гаргасан дүгнэлтэд ерөнхий байцаагч дүгнэлт гаргана гэж байгаа. Ерөнхий байцаагчийн гаргасан шийдвэрт 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй юм. Нэхэмжлэгчийн зүгээс 10 дугаар сарын 16-ны өдөр дүгнэлтийг хүлээж аваад энэхүү дүгнэлтээр илт худал мэдээлэл гаргаж өгсөн байна гэж мэдсэн юм. Тухайн үед н.Б мэдэж байсан учир тухайн үед мэдээгүй. 21-ний өдөр л мэдсэн юм. 25-ны өдөр танай гомдлыг шийдвэрлэх боломжгүй байна гэсэн. Боломжгүй гэж байгаа бол дараагийн шат гэж байхгүй учир шүүхэд хандъя гээд хандсан. Илт худал мэдээллийг илт худал гээд хар жагсаалтад орсон. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

      Хариуцагч МУСЯ шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  “Монгол Улсын Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г, Т.Э бид Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 10 дугаар сарын 18-
ны өдрийн “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” 223 дугаартай тушаалын “Ф” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гардан авч танилцаад, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, энэхүү тайлбарыг гаргаж байна.

       Монгол Улсын Сангийн сайд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.14 дэх заалтад төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь “энэ хуулийн 14.5~д заасан тендерт оролцох эрхээ
хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх, хяналт тавих, мэдээлэх” бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж, тус хуулийн 14.5-д “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6, 14.1.7 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын  байцаагчийн            шийдвэрийг  үндэслэн  тендерт оролцох эрхээ язгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ” гэж, Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам”-ын 2.4-т “Төсвийн асуудал төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 2.2-т заасны дагуу ирүүлсэн саналд үндэслэн 30 хоногийн дотор энэ журмын хавсралтаар баталсан маягтын дагуу тушаал гарган, эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заасны дагуу 2019 оны 223 дугаар тушаалаар “Ф” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулжээ. “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам”-ын 2.1-д “Тендерт оролцогч ... илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг худалдан авах ажиллагааны улсын байцаагч тогтоосон ... нь тухайн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах үндэслэл болно” гэж тодорхой заасан бөгөөд “Ф” ХХК-тай холбоотойгоор дээр дурдсан нөхцөл үндэслэл бүрдэж, Худалдан авах ажиллагааны улсын ахлах байцаагч Ц.Б-аас тус компанийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл байдал үүсгэсэн болохыг тогтоож, холбогдох саналаа төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн байна.

        Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 521 дугаар зүйлд заасан худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад байх боловч тэдгээр нь улсын байцаагчийн эрх үүргээ
хэрэгжүүлэхдээ Сангийн сайдаас хараат бусаар, холбогдох хуулийн заалт болон Засгийн газрын тогтоолоор батлагдсан дүрмийн дагуу бие даан үйл ажиллагаа явуулдаг юм. Иймд улсын байцаагчийн санал ирсэн байхад Сангийн сайд бүртгэлд хамруулахгүй байх, эсхүл саналд заасан арга хэмжээг дураар өөрчлөх хууль, эрх зүйн боломжгүй болохыг тэмдэглэж байна.

       Түүнчлэн “Ф” ХХК нь нэхэмжлэлдээ “Манай компани 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн улсын байцаагчийн дүгнэлтийг эс зөвшөөрч 2019 оны 10 дугаар сарын 17-ны Монгол Улсын Сангийн яаманд хандсан боловч 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Сангийн яамнаас татгалзсан
хариуг авсан" гэх ташаа мэдээллийг бичжээ. Тус компаниас Сангийн сайдад хандаж ирүүлсэн 2019 оны 10 дугаар 17-ны өдрийн 2019/00301, 22-ны өдрийн 2019/00304 дугаартай албан бичгүүд нь яг ижил агуулгатай байсан бөгөөд угаас дүгнэлттэй холбоотой гомдлыг Сангийн сайдад гаргах үндэслэлгүй тул тэдгээр бичиг УБ/16 дүгнэлтийг эс зөвшөөрсөн агуулгатай байгаагүй болно. Харин ч тус хоёр бичгээс үзвэл нэхэмжлэгч нь дүгнэлтийн агуулгыг хүлээн зөвшөөрдөг ба хариуцлагын өөр арга хэмжээ авахуулахыг хүссэн байдаг. Энэхүү хүсэлтийн хариуг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээд болох Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 6-1/7194 дугаартай албан бичгээр хүргүүлсэн нь ямар нэг гомдол шийдвэрлэж хүргүүлсэн хариу биш болохыг дурдах нь зүйтэй. Тус -1/7194 дугаартай албан бичгээр Сангийн сайд нь улсын байцаагчийн ирүүлсэн саналаас өөр шийдвэр гаргах эрх хэмжээгүй тухай мэдэгдэж байсан болно. Иймд дээр дурдсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Засгийн газрын 274 дүгээр тогтоолоор баталсан улсын байцаагчийн дүрэм гэж байгаа. Улсын байцаагчийг эс зөвшөөрвөл гомдлоо улсын ерөнхий байцаагчид шийдвэр гарснаас хойш 10 хоногийн дотор хандана гэж байгаа. Хугацааны хувьд яагаад тусгайлан зохицуулсан гэхээр хэрвээ улсын байцаагч хар жагсаалтад оруулахаар тендерт оролцох эрхийг хязгаарлахаар дүгнэлт гаргаад ийм санал гаргасан бол үүнтэй холбоотой асуудлыг хурдан хугацаанд шийдвэрлэх ёстой. Яагаад гэхээр нөгөө компани өөр тендерүүдэд оролцоод явах боломжтой байгаа. Энэ компанийн хувьд улсын ерөнхий байцаагчид хугацаандаа хандсан зүйл байхгүй байгаа. Яг энэ дүгнэлтийг хүлээж авсны дараа зөрчил үйлдсэн нь үнэн юм гэхдээ улсын байцаагчийн дүгнэлтэд байгаа саналаас өөр тендерт оролцох эрхийн хязгаарлахаас өөр арга хэмжээ авж өгнө үү гэсэн хүсэлтийг Сангийн яам буюу сайдад хандаж гаргасан. Сангийн сайд энэ хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэж тухай бүрд нь хүргэж явж байсан. Энэ хүсэлтийг шүүхэд 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гомдлоо гаргасан байгаа. 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дөнгөж Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад улсын ерөнхий байцаагчийн хувьд хандсан юм. Улсын байцаагчийн акттай маргах боломжгүй яагаад гэвэл хугацаа хэтэрсэн. Энэ журмын дагуу гомдол гаргаагүй атлаа Сангийн сайдад хүсэлт гаргаад явж байсан. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам хэрэгжүүлэх боломжтой байхад хэрэгжүүлээгүй учир шүүх хэрэг үүсгэх боломжгүй байсан гэдгийг хэлэх нь зүйтэй байх гэдгийг хэлье.

      Сангийн сайдаас гаргаж байгаа тушаалын тухайд улсын байцаагчийн дүгнэлт ирсэн Төрийн болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг Сангийн яам хөтлөхөөр заасан байгаа. Энэ дагуу бүртгэл хөтлөх журам байгаа энэ журмаар мөн илүү тодорхой заасан байгаа. Улсын байцаагчаас санал ирэх бол түүнийг журмын хавсралтаар заасан маягтын дагуу тушаал гаргаж бүртгэл хөтөлнө гэдгийг тодорхой заасан байгаа. Мөн хуулийн 14.1.6-д заасан үйл баримтыг тогтоосон улсын байцаагчийн дүгнэлт ирсэн бол түүнийг албажуулж бүртгэж байгаа юм. Нийгмийн хариуцлагатай компани гэдэг ч юм уу энэ шалтгаанаар болих нэхэмжлэгч байгууллага хаалгах боломжгүй. Бүртгэл хөтлөх нөхцөл байдлыг хэн тогтоох вэ гэхээр тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6, 14.1.7 дахь тус тус заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521 дэх хэсэгт заасан улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг бүртгэж нийтэд мэдээлнэ гэж заасан байгаа. Улсын байцаагч болон Сангийн сайдын шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл байхгүй.

       Нэхэмжлэгч талаас шинэ нотлох баримт гаргуулж ирүүлсэн нь шүүхийн төрөлжсөн архивын лавлагаа ирүүлсэн байна. Энэ компани тухайн тендерт шалгаруулалтад оролцохдоо нотлох баримтыг хуурамчаар үйлдэж ирүүлсэн гэсэн ч шүүх маргаангүй байсан гэдгээ нотлох гэж байгаа болов уу. Энэ маргаантай хамаагүй юм. Маргаан бүхий асуудал тендерт оролцохдоо хуурамч баримт бичиг ирүүлсэн үгүй гэх л асуудал юм. Энэ компани үүнийгээ өөрөө нотолсон. Цаанаа ямар шалтгаантай байсан нь хамаагүй юм. Шударгаар өрсөлдөх гэсэн хуулийн зарчим алдагдана” гэв.

       Хариуцагч ахлах байцаагч Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Худалдан авах ажиллагааны улсын ахлах байцаагч Ц.Б миний гаргасан 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Хяналт шалгалтын тухай” УБ/16 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулахаар “Ф” ХХК-иас 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна.

1. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам биелүүлээгүй тухай Дээр дурдсан УБ/16 дүгнэлттэй холбоотой нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь заалтыг үндэслэн хүлээн авахаас татгалзах нь зүйтэй юм. Учир нь Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм”-ийн 7,1-д “Улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл холбогдох этгээд түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногт багтаан улсын ерөнхий байцаагчид гомдол гаргана” гэж заасан ба тус компани энэ хугацаанд багтаж Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагч буюу Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад гомдол гаргаагүй болно. Тус компани танай шүүхэд нэхэмжлэл гаргах өдрөө буюу 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр л Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчид хандан 19/16 дугаартай албан бичгээр гомдол гаргасан ба Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагч 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 6-1/7854 тоот албан бичгээр дээрх дүрэмд заасан 10 хоногийн хугацаа хэтэрсэн үндэслэлээр гомдлыг хүлээн аваагүй болно.

      Тус компани УБ/16 дугаартай дүгнэлтийн хувийг гардаж аваад Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчид гомдол гаргаагүй ба харин Сангийн сайдад хандаж 2019 оны 10 дугаар 17-ны өдрийн 2019/00301, 22-ны өдрийн 2019/00304 дугаартай албан бичгүүдийг ирүүлсэн байдаг. Эдгээр албан бичиг нь тус компани дүгнэлтэд дурдсан зөрчлийг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулахаас өөр арга хэмжээ авахыг Сангийн сайдаас хүссэн яг ижил үг, өгүүлбэртэй байдаг. Эдгээр хүсэлтүүд нь УБ/16 дугаартай дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж эрх бүхий улсын байцаагчид гомдол гаргасан явдал биш бөгөөд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нь төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг төлөөлөх эрх бүхий албан тушаалтны хувьд энэхүү хүсэлтэд 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 6-1/7194 дугаартай албан бичгээр хариу хүргүүлэхдээ хуульд заасны дагуу Сангийн сайд нь эрх бүхий улсын байцаагчийн ирүүлсэн саналаас өөр шийдвэр гаргах эрх хэмжээгүй тухай дурдсан байна. Мөн тус 6-1/7194 дугаартай албан бичгээр Сангийн сайдын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 223 дугаартай тушаалын хуулбарыг хүргүүлжээ.

2. Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн тухай Хэдийгээр шүүх Худалдан авах ажиллагааны улсын ахлах байцаагч Ц.Б миний УБ/16 дугаартай дүгнэлттэй холбоотойгоор “Ф” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой боловч нэхэмжлэлд дурдсан үндэслэл нь хууль тогтоомжид нийцээгүй тухай тайлбарыг гаргаж байна.

       Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тус компани ИНЕГ-ын тендерт оролцохдоо Шүүхийн төрөлжсөн архивын тодорхойлолтыг авч амжаагүй байсан тул “Улаанбаатар цахилгаан сүлжээ” ТӨХК-д хаяглуулсан 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 3422 дугаартай албан бичгийн огноо, хаяглагдсан этгээдийг засварласан болохоо дурдсан ба ийнхүү засварласан тодорхойлолт нь огноо, хаяглагдсан этгээдийн хувьд засвартай байсан боловч агуулгын хувьд илт худал мэдээлэл агуулаагүй, үнэн зөв байсан гэж тайлбарлажээ.

    Худалдан авах ажиллагааны улсын ахлах байцаагчийн хяналт шалгалтын явцад тус компани Шүүхийн төрөлжсөн архивын дээрх тодорхойлолтын огноог 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөр өөрчилж, хаяглагдсан этгээдийн нэрийг дарж Шүүхийн төрөлжсөн архиваас тухайн байгууллагад гаргаж өгөөгүй баримт бичиг үйлдсэн болох нь тогтоогдсон. Ийнхүү үйлдсэн баримт бичиг буюу Шүүхийн төрөлжсөн архиваас гаргаагүй тодорхойлолтыг тендертээ ирүүлсэн нь захиалагч болон үнэлгээний хороог тус компани энэхүү тодорхойлолтыг Шүүхийн төрөлжсөн архиваас авсан байна гэсэн төөрөгдлийг бий болгох зорилготой бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн ийм баримт бичиг Шүүхийн төрөлжсөн архив үйлдэж байгаагүй тул илт худал мэдээлэл гэж үзэхээс аргагүй юм.

     Тус компани худалдан авах ажиллагааны цахим системээр тендер илгээхдээ эрх бүхий этгээдийн тоон гарын үсгээр баталгаажуулж илгээдэг бөгөөд ирүүлсэн тендерийн үнэн зөвийг тус хуулийн этгээд бүрэн хариуцах юм. Тиймээс тус компанийн ажилтан удирдлагадаа мэдэгдэлгүйгээр тодорхойлолтыг засварласан гэдэг нь тус компани дотооддоо ажилтандаа хариуцлага хүлээлгэх үндэслэл болохоос биш улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэл биш юм.

        Энд нэг зүйлийг цохон тэмдэглэхэд, тус компани тодорхойлолтыг хуурамчаар үйлдсэн боловч түүний агуулга нь үнэн зөв байсан гэж тайлбарлаж байгаа нь өөрсдийгөө Шүүхийн төрөлжсөн архивын лавлагаа, тодорхойлолтыг үйлдэх эрх бүхий этгээд гэж үзэж буй мэт ойлгомжгүй тайлбар байна. Тендер
шалгаруулалтын захиалагч нь тендер шалгаруулалтад оролцогчдын тендерт оролцох эрх бүхий этгээд мөн эсэхийг холбогдох эрх бүхий байгууллагаас гаргасан хүчин төгөлдөр лавлагаа, тодорхойлолтод үндэслэж тодорхойлдог болохоос биш тухайн тендерт оролцогч өөрийнхөө мэдээллийг өөрөө баталгаажуулдаг журам байхгүй юм.

      Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

     Хариуцагч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Засгийн газраас худалдан авах ажиллагааг шинэ төвшинд гаргах үүднээс 2017 оноос цахим системийг улс оронд хэрэгжүүлж эхэлсэн байгаа. Цахим системд орсонтой холбогдуулаад цаасан материал авахгүй байгаа. Үнэн зөв байдлыг хангахад тодорхой хэмжээнд хүндрэл учирсан байгаа. Бид нар цаг бүр мэдээллийг оруулж үнэн эсэхийг нь холбогдох эрх бүхий байгууллагаас лавлаж явсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Улсын Их хурлын ээлжит бус чуулганаар нэмэлт өөрчлөлт оруулсан. Тендерт оролцохдоо ямар нэг худал мэдээлэл бүхий материал ирүүлэх, засаж тендерт шалгарах зорилгоор аливаа баримт бичгийг шаардсан материал ирүүлэх бол энэ нь мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь хэсэгт хамаарах зөрчил болох тул Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 74 дүгээр тушаалаар батлагдсан тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийг бүртгэлийг бүртгэх журмыг Монгол Улс даяар мөрдөж байгаа. Хуулиараа сангийн яам улсын байцаагчтай байх бөгөөд эрхийг нь худалдан авах ажиллагааны хэлтэс хэрэгжүүлж байгаа. Худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга нь улсын ахлах байцаагч мэргэжилтнүүд юм. Төрийн нарийн бичгийн дарга бол худалдан авах ажиллагааны ерөнхий байцаагч байна. Иргэний нисэхийн тендер шалгаруулалтад нийт 4 компани хуурамч бичиг баримт ирүүлсэн болох нь тогтоогдсон байгаа. Үүний дагуу улсын байцаагч удирдамж гаргаад хяналт шалгалт хийх явцад “Ф” ХХК нь Иргэний нисэхийн ерөнхий газраас зарласан тендерт ялах зорилгоор шүүхийн төрөлжсөн архивын лавлагаа ирүүлэх ёстой гэсэн шалгуур үзүүлэлтэд зориулаад авсан байсан тодорхойлолтын хаягласан этгээдийг болон огноог өөрчилж ирүүлсэн. Үнэлгээний хорооноос авч үзэхэд илт өөр байсан. Тухайн он сартай авч байсан өөр тодорхойлолтын дугаар нь зөрж байсан. Нэг байгууллагаас гарсан албан бичиг зөрүүтэй байх боломжгүй гэж үзээд лавлагаа явуулсан байдаг. Шүүхийн төрөлжсөн архиваас манайх ийм тодорхойлолт гаргаагүй болно гэсэн лавлагаа ирүүлсэн учир хуурамч нотлох баримтыг бүрдүүлэн тендерт ирүүлсэн гэж үзэж Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа хийгээд оролцогч компанийн төлөөлөгч мөн материалыг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрсөн байгаа. Цахим худалдан авах ажиллагааны журам байгаа. Энэ журмаар тендерт оролцогчид хэрвээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу аливаа тендер шалгаруулалт орох хүсэлтэй байгаа бол энэ тухайгаа бичгээр гаргаад мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэр дээр нэвтрэх эрхийг аваад уг нэвтрэх эрхийн дагуу материалаа илгээдэг журамтай байгаа. Мөн гүйцэтгэх захирал эсвэл тухайн компанийг төлөөлөх эрх бүхий этгээдийн итгэмжлэлийн дагуу холбогдох албан тушаалтан цахим гарын үсэг авна. Энэ бол ямар нэг ажилтны хийх зүйл биш юм. Энэ нь төлөөлөх эрх бүхий этгээдийн хийх зүйл юм. Монгол Улсын цахим гарын үсгийн хуулийн дагуу явагддаг байгаа. Үндсэндээ тендер шалгаруулалтад оролцоод тендерт шалгарах зорилгоор хуурамч тодорхойлолтыг үйлдсэн нь тогтоогдсон учир хууль болон журамд заасны дагуу хар жагсаалтад оруулах хүсэлтийг гаргаад Сангийн сайд тушаал гарган тендерт оролцох эрхийг 3 жилээр хассан байгаа. Ийм учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

       Нэхэмжлэгч “Ф” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Д Сангийн сайдын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 223 дугаар “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” тушаалын “Ф” ХХК-д холбогдох хэсэг, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын ахлах байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн УБ/16 дугаар “Хяналт шалгалтын тухай” дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

         Шүүх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

    Нэхэмжлэгч “Ф” ХХК Иргэний нисэхийн ерөнхий газраас зарласан ИНЕГ/УЗ/ТББ-13/19 тоот Принтерийн хор бичгийн цаас нийлүүлэх тендерт оролцож тендерийн материал ирүүлэхдээ илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн нь тогтоогдсон, энэ үйл баримтыг хяналт шалгалтаар тогтоож гаргасан улсын байцаагчийн УБ/16 дугаар дүгнэлт, уг дүгнэлтэд үндэслэсэн Сангийн сайдын 223 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсэг хууль зөрчөөгүй.

       Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Энэ хуулийн дагуу худалдан авах ажиллагааны талаар төрөөс хэрэгжүүлэх бодлого, арга зүй, хяналтын асуудлыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхэлж, дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.”, 52.1.14-д “энэ хуулийн 14.5-д заасан тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, хяналт тавих, мэдээлэх;”, 14 дүгээр зүйлийн 14.5-д “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6, 14.1.7-д заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ.”, 14.1.6-д “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон;”, 521.1-д “Худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий улсын ахлах байцаагч, байцаагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад байна.”, 521.2-т “Худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь худалдан авах үйл ажиллагаанд тавих мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэхдээ Төрийн хяналтын тухай хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.”, 521.2.1-д “энэ хуулийн ...14.1.6...-д заасан нөхцөл үүсэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах’” гэж, Монгол улсын Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам”-ын 2.1-д “Тендерт оролцогч......илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг худалдан авах ажиллагааны улсын байцаагч тогтоосон.....нь тухайн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах үндэслэл болно.”, 2.2-т “Худалдан авах ажиллагааны улсын байцаагч энэ журмын 2.1-д заасан нөхцөл үүссэнийг тогтоосон бол тухай” этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналаа холбогдох баримтын хамт төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.”, 2.3-д “Эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хөтөлнө.”, 2.4-д “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 2.2-т заасны дагуу ирүүлсэн саналд үндэслэн 30 хоногийн дотор энэ журмын хавсралтаар баталсан маягтын дагуу тушаал гаргаж, эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэнэ.” гэж тус тус зохицуулсан байх бөгөөд хариуцагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын болон улсын байцаагчийн гаргасан шийдвэр хуулийн дээрх заалтуудтай нийцсэн байна.

      Нэхэмжлэгч компани тендер сонгон шалгаруулалтад оролцохдоо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчин “Улаанбаатар цахилгаан түгээх сулжээ” ТӨХК-д хаяглуулсан 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №3422 тоот албан бичгийн огноо, хаяглагдсан этгээдийг засварлан уг тендерт хүргүүлсэн болохоо хүлээн зөвшөөрсөн атлаа энэ нь хууль зөрчөөгүй гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна.

       Харин Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн 2019 оны 10 дугаар удирдамжийн дагуу хяналт шалгалт явуулж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д заасан нөхцөл байдал үүссэн гэж дүгнэсэн худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

      Түүнчлэн илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн зөрчилд нэхэмжлэгч компанийг тендерт оролцох эрхээ 3 жилийн хугацаанд хязгаарлуулахаас өөр хариуцлага хүлээлгэх талаар хүсэлт ирүүлснийг хүлээн авах боломжгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.

       Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 521 дугаар зүйлд заасны дагуу ирүүлсэн худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн саналд заасан арга хэмжээг өөрчлөх эрх төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хуулиар олгогдоогүй байна.

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Монгол улсын Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм”-ийн 7.1-д заасан хугацаанд нэхэмжлэгч улсын байцаагчийн дүгнэлтэд гомдол гаргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар хүлээн авахаас татгалзах үндэстэй гэж тайлбарлаж байгаа хэдий ч Сангийн сайдын 223 дугаар тушаалыг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт өгч бүхэлд нь шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. 

      Ийнхүү дүгнэхэд нэхэмжлэгч “Ф” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг үндэслэн ТОГТООХ нь:

     1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, 521 дүгээр зүйлийн 521.2.1-д заасныг баримтлан Сангийн сайдын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 223 дугаар “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” тушаалын “Ф” ХХК-д холбогдох хэсгийг, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын ахлах байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн УБ/16 дугаар “Хяналт шалгалтын тухай” дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэгч “Ф” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Дийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

         2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дугаар зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

       

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            А.НАСАНДЭЛГЭР