| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/01326/И |
| Дугаар | 102/ШШ2017/01599 |
| Огноо | 2017-05-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2017/01599
| 2017 оны 05 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2017/01599 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 99 дүгээр байр, 6 тоотод оршин байх, “Шигтгээ-Үүд” СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 85А байр, 52 тоотод оршин суух, Харчин овогт Галбадрахын Хишигмаа /РД:хв66111106/-д холбогдох,
277,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай СӨХ нь 85, 85А байранд 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн бүх гишүүдийн хурлын шийдвэрийн үндэслэлээр удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэхээр 140 өрхтэй байрны нийтийн үйлчилгээ, дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний ашиглалт хадгалалт хамгаалалтыг 3 жилийн хугацаанд хариуцан хариуцлагатайгаар ажиллаж байна. Хариуцагч Г.Хишигмаа түүний гэр бүл 15 сарын хугацаанд СӨХ-оос өөрсдийн ашигласан нийтийн үйлчилгээний төлбөрөө төлөөгүйгээс сар бүр мэдэгдэл 2 удаа гэрт нь хүргэгддэг, СӨХ-ны тайлангийн хурлын шийдвэр, оршин суугчдын нийтлэг эрх ашгийг үл хүндэтгэж, 85, 85А байрны удирдах зөвлөлийн, хяналтын зөвлөлийн тогтоол шийдвэрийг биелүүлэхгүй байна. Хариуцагч Г.Хишигмаа түүний гэр бүл хамтаараа байрныхаа дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалтанд засвар үйлчилгээнд хийгдсэн бүхий л үр дүнг амьдрал ахуйдаа ашиглаж байгаа юм. Мөн орцны цэвэрлэгээ, жижүүрийн ажил хөдөлмөрийн бүтээмж, лифтний техник ашиглалтыг орцны гэрэлтүүлэг орцны дулаан сантехникийн магистраль шугамын засваруудын байранд хийгдсэн тохижилтын ажлуудын ялангуяа хогоо хаясан төлбөрийг гэх мэт СӨХ-ны нийтлэг үйл ажиллагааны өгөөжийг 15 сарын турш хэрэглэж байгаа бөгөөд төлбөрөө төлөөгүйгээс 2016 оны 1-12, 2017 оны 1-3 сарын төлбөр 277,500 төгрөгийн СӨХ-ны 2016 оны жилийн эцсийн, 2017 оны 1 дүгээр улирлын санхүүгийн тайланд өр авлагыг үүсгээд байна. Иргэний хуулийн 49 дүгээр зүйлийн 149.1.1, 149.2 заалт “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13.2.3 заалтуудыг тус тус үндэслэн Иргэний анхан шатны шүүхээр хариуцагч Г.Хишигмаагаас 277,500 төгрөгийг гаргуулахаар СӨХ-ноос нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Г.Хишигмаа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Шигтгээ-Үүд” СӨХ-ны нэхэмжилсэн 277,500 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Шигтгээ-Үүд” сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/ нь хариуцагч Г.Хишигмаад холбогдуулж, 277,500 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд бичгээр гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч Г.Хишигмаа нь нэхэмжлэгч “Шигтгээ-Үүд” СӨХ-ны 277,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 4,490 төгрөгийг улсын орлогоос, 4,490 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ХАНГАЛ