Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/25

 

 

 

 

 

 

 

 

 

   2022            01               13                                                 2022/ШЦТ/25                                    

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Г.Самбуу,

улсын яллагч Б.Мөнхтулга,

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б Э.Бд холбогдох эрүүгийн 2134002410375 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

       

                                                Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 1992 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, дугаарын регистртэй, Б Э.Б,

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                                            /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            Яллагдагч Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутагт Манзушир хийд явах асфальтан зам дээр 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 97-92 ТӨЗ улсын дугаартай Даюун маркийн мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох 3.7а “Жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 7.2 “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын тэмдгийг энэ дүрмийн 1 дүгээр хавсралт, тэмдэглэлийг 2 дугаар хавсралтад заасан утга агуулга, үйлчлэлийн хүрээнд дагаж мөрдөнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Х.Сандагдорж нь нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                   

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч Э.Б:

...Гэм буруу дээрээ маргахгүй байгаа тул мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар: 

Эрүүгийн 2134002410375 дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Бын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутагт Манзушир хийд явах асфальтан зам дээр 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 97-92 ТӨЗ улсын дугаартай Даюун маркийн мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох 3.7а “Жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 7.2 “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын тэмдгийг энэ дүрмийн 1 дүгээр хавсралт, тэмдэглэлийг 2 дугаар хавсралтад заасан утга агуулга, үйлчлэлийн хүрээнд дагаж мөрдөнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Х.Сандагдорж нь нас барсан үйл баримт нь дараах

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 8 дугаар хуудас/, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 9 дүгээр хуудас/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 26 дугаар хуудас/,

цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 34-38 дугаар хуудас/,

2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн мөрдөгчийн лавлагаа, гэрэл зургийн үзүүлэлтүүд ...97-92 ТӨЗ улсын дугаартай мотоциклийн жолооч Э.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэх заалтуудыг зөрчсөн байна”... /хх-ийн 10-18 дугаар хуудас/,

шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 3814 дугаартай ... “Э.Б” гэж хаягласан цусанд 1.4 промилли спиртийн агууламж илрэв. Цусанд илэрсэн 1.4 промилли спиртийн агууламж нь согтуурлын хөнгөн зэрэгт хамаарна”... талаарх дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 371 дугаартай ... “Э.Бын биед тархины эдийн няцралт, хатуу хальсан дээрх цусан хураа, гавал ясны шугаман хугарал, зүүн эгэм ясны хугарал, зүүн бугалга ясны хугарал, тархи доргилт, баруун зулай, чамархай зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэргийн тогтоох журмын 3.1.1-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна”...талаарх дүгнэлт /хх-ийн 44-46 дугаар хуудас/,

техникийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 09/10 дугаартай ... “Даюун” маркийн 97-92 ТӨЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Б нь МУ-ын ЗХД-ийн 3.7 “а”-р заалт буюу “Жолоочид ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг ...хориглоно”, 7.2-р заалт буюу “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын тэмдгийг энэ дүрмийн 1 дүгээр хавсралт, тэмдэглэлийг 2 дугаар хавсралтад заасан утга агуулга, үйлчлэлийн хүрээнд дагаж мөрдөнө” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна. “Даюун” маркийн 97-92 ТӨЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Б нь МУ-ын ЗХД-ийн 3.7 “а” болон 7.2-р заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан байна. зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэж байна... гэх дүгнэлт /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Тын ...Би Талийгаач Сандагдоржийн төрсөн хүү. 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гэртээ Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг 3-1 тоотод би эхнэр 3 хүүхэд аав нарын хамтаар юм угаагаад байж байтал манай найз болох би бүтэн нэрийг нь мэдэхгүй байна. Нааяа гээд байдаг юм манай гэрт ирээд манай аавыг хоёулаа хойшоо тарваганд явчхаад ирье гэж хэлсэн аав тухайн үед хамт яваад өгсөн байсан тухайн үед өдрийн 15 цаг болж байсан. Тухайн үед манай найз Нааяа нь өөрийн эзэмшлийн улаан өнгийн хужаа мотоциклтой ирсэн ба аавыг аваад явсан миний мэдэхээр аав мотоцикл, машин барьж чаддаггүй хүн байсан ба ард нь суугаад явах шиг болсон. Би Нааяаг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг нь сайн мэдэхгүй байна. Талийгаач нь ямар нэгэн хууч өвчин бол байхгүй байсан. Миний аав буюу талийгаач нь 1945 онд төрсөн одоо 76 настай хүн байсан ба ном уншиж юм үзэж мэргэлдэг хүн байсан ямар нэгэн хууч өвчин байхгүй байсан ааш зангийн хувьд хүүхдүүдтэй хайртай элдэв ааш араншин байхгүй сайн хүн байсан. Одоогийн байдлаар би нэг их сайн мэдэхгүй байна гэр бүлийн хүмүүстэйгээ ярьж байгаад сүүлд нь хэлье... /хх-ийн 22 дугаар хуудас/,

гэрч Э.Б ...2021 оны 08 дугаар сарын 13-ны орой талийгаач Сандагдорж ах над руу залгаад айлд очиж ном уншина хамт яваад өгөөч эгсэн тэгэхээр нь би маргааш өдөр нь би Сандагдорж ахын гэрт нь очсон хоёулаа Манзушир хийдийн тийшээ айлд очно 15 цаг өнгөрөөд явий гэхээр нь би гэртээ очоод шүд өвдөөд байхаар нь Хараа нэртэй архинаас 2 удаа архины жижиг аягаар уусан тэгээд 15 цаг 30 минутад талийгаач Сандагдоржийн гэрт нь очсон удалгүй гарч ирээд бид хоёр Усны аж ахуйгаас Манзушир хийд рүү шинээр баригдаж байгаа замаар ороод явсан тухайн үед би өөрийн эзэмшлийн 97-92 ТӨЗ маркийн мотоциклтойгоо хоёулаа би жолоо бариад явж байсан яг явж байх үед асфальтан зам дээр овоолсон шороо байсан гэтэл хажууд дугуйтай хүүхэд гараад ирсэн би айсандаа хажуу тийш дараад зам дээр байх овоолсон шороог мөргөөд онхолдоод унасан би ухаан алдаж унаад эмнэлэгт сэрсэн. Би тухайн үед жолоо барьж явсан талийгаач Сандагдорж ах хойно сууж явсан өөр хүн байгаагүй. Би гэрээсээ гарахаасаа шүдээ зайлах зорилгоор Хараа нэртэй архинаас 2 удаа архины аяганд хийж уусан талийгаач нь архи уугаагүй байсан. Би тухайн үед тийм их хурдтай яваагүй байсан ба хэдэн км цагийн хурдтай явж байснаа хараагүй 2 дугаар араатайгаа явж байсан. Би тэр замаар огт явж байгаагүй уг асфальтан замыг баригдаж байгаа талаар мэдээгүй байсан. Намайг уг зам руу орох үед ямар нэгэн хаалт тэмдэг харагдаагүй. Амь хохирогч Х.Сандагдорж ах намайг гуйгаад айлд очоод ирье гэхээр нь явж өгч байсан. Намайг уг зам руу орох үед ямар нэгэн хаалт тэмдэг харагдаагүй. Амь хохирогч Сандагдорж ах намайг гуйгаад айлд очоод ирье гэхээр нь явж өгч байсан. Би талийгаач Сандагдоржид үзүүлж харуулдаг байсан ба 8 жилийн өмнөөс хойш таньдаг болсон... /хх-ийн 24-25 дугаар хуудас/

яллагдагч Э.Бын ...2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр талийгаач Сандагдорж над руу утсаар залгаад надтай хамт хөдөө яваад өгөөч гэж хэлсэн тэгэхээр нь өдрийн 15 цаг 30 минутад талийгаачийн гэрт нь очиж аваад бид хоёр Төв аймгийн Манзушир хийдийн тийш миний эзэмшилд байдаг 97-92 ТӨЗ улсын дугаартай мотоциклоор явсан шинээр баригдаж байгаа асфальтан замаар явж байх үед дугуйтай хүүхэд гарч ирээд хажуу тийш дараад овоолсон шороо мөргөөд онхолдоод унасан... /хх-ийн 91 дүгээр хуудас/, гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Э.Бын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ий 51, 53-62, 81-85 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Быг согтуурсан үедээ зам тээврийн осол гаргаж гэмт хэрэг үйлдсэн гэж яллаж байгаа нь хавтаст хэргийн 29-30 дугаар хуудсанд авагдсан шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 3814 дугаартай ...Э.Б гэж хаягласан цусанд 1.4 промилли спиртийн агууламж илрэв. Цусанд илэрсэн 1.4 промилли спиртийн агууламж нь согтуурлын хөнгөн зэрэгт хамаарна”... гэсэн дүгнэлтээр тогтоогдож байх тул түүний согтуурсан үедээ гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.Бын согтуурсан үедээ 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 97-92 ТӨЗ улсын дугаартай Даюун маркийн мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох 3.7а “Жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 7.2 “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын тэмдгийг энэ дүрмийн 1 дүгээр хавсралт, тэмдэглэлийг 2 дугаар хавсралтад заасан утга агуулга, үйлчлэлийн хүрээнд дагаж мөрдөнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Х.Сандагдоржийн амь нас хохирсон үйл баримт тогтоогдсон байна гэж үзлээ.

 

            Гэм буруугийн шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч Б.Мөнхтулга:

            ...Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнхтулга би прокурорын тухай хуулийн 17, 19 зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон Монгол улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн шүүгдэгч Бд холбогдох хэргийн шүүх хуралдаанд орж дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутагт Манзушир хийд явах асфальтан зам дээр 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 97-92 ТӨЗ улсын дугаартай Даюун маркийн мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох 3.7а “Жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 7.2 “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан  замын тэмдгийг энэ дүрмийн 1 дүгээр хавсралт, тэмдэглэлийг 2 дугаар хавсралтад заасан утга агуулга, үйлчлэлийн хүрээнд дагаж мөрдөнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Х.Сандагдорж нь нас барсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай анийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгчийн зүгээс 6 сая төгрөг төлсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй болохыг дурдаж байна... гэсэн,

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн:

            ...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Бын өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгч нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ Э.Бын зүгээс маргахгүй байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Тд хохирол болох оршуулгын зардал 6 сая төгрөг төлсөн байгаа... гэсэн,

 

            Шүүгдэгч Э.Б шүүх хуралдаанд хэлсэн эцсийн үгэндээ:

            ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Э.Б согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчиж, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас зорчигч Х.Сандагдоржийн амь нас хохирсон байна.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн байна.

Учир нь замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүний хүний амь нас хохирсноороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж зүйлчлэхээр байгаа хэдий ч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гарган хүний амь нас хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан хүндрүүлэх шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт гэж үзлээ.

 

Тэрээр шүүгдэгч Э.Бын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж буй энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний амь нас хохирсон хохирол, хор уршиг нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ. 

 

Мөн болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байсан гэж хайхрамжгүй хандсан гэх хоёр хэлбэрээр илэрдэг болно.

 

Хамгийн гол хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдаж шинжтэй.

 

Мөн шүүгдэгч Э.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Учир нь гэм буруу гэдэг нь тухайн гэм буруутай этгээд үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч өгсөн мэдүүлгээрээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлдэг.

 

Иймд шүүгдэгч Э.Быг согтуурсан үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

            Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч Б.Мөнхтулга:

            ...Шүүхээс шүүгдэгч Э.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэх саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт болон баримт  бичиггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна... гэсэн,

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн:

            ...Улсын яллагчийн зүгээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ял оногдуулах санал гаргаж байна. Миний үйлчлүүлэгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эдлэх боломжтой гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар улсын яллагчийн санал болгосон 2 жилийн хорих ялыг 1 жил болгож багасгаж өгнө үү. Э.Бын хувьд гэр бүл 5-уулаа эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Бага хүүхэд нь төрөөд 10 хонож байгаа. 0-5 насны 3 хүүхэдтэй амьдардаг. Энэ гэмт хэргийн улмаас Э.Б нь өөрөө хүнд гэмтэл авсан байгаа. Гэм буруу дээрээ маргахгүй байгаа байдал хохирол төлбөрөө төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг хэрэглэж өгнө үү... гэсэн,

 

            Шүүгдэгч Э.Б:

            ... Эрүүгийн хариуцлагыг багасгаж өгнө үү... гэсэн дүгнэлт, мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 

Шүүх шүүгдэгч Э.Бд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг, улмаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус харгалзан үзэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзээд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэх нь тохирно гэж үзлээ.

 

Өөрөөр хэлбэл шүүхээс хэдийгээр хүний амь нас хохирсон, хор уршиг арилаагүй гэж үзэхээр байгаа боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар шүүхэд хүсэлт гаргасан тул дээрх зүйл заалтыг хэрэглэсэн болно.

 

Шүүгдэгч Э.Бд оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан мөн хуульд заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэж, мөн тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж... гэж тус тус хуульчилсан учраас шүүгдэгч Э.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, нэмэгдэл ялыг хорих ялаа эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Э.Бын болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас иргэн Х.Сандагдоржийн амь нас хохирсон байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Т нь мөрдөн байцаалтын шатанд оршуулгын зардалтай холбоотой 8.223.574 /найман сая хоёр зууг хорин гурван мянга таван зуун далан дөрөв/ төгрөгийг, мөн  сэтгэл санааны хохирол болох 5.000.000 /таван сая / төгрөгийг, зээлийн үлдэгдэл зэргийг тус тус нэхэмжилсэн.

 

Гэтэл шүүхийн шатанд шүүгдэгч Э.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Т нар 6.000.000 /зургаан сая/ төгрөг дээр харилцан тохиролцож, 8.223.574 /найман сая хоёр зууг хорин гурван мянга таван зуун далан дөрөв/ төгрөгөөс 2.223.574 /хоёр сая хоёр зууг хорин гурван мянга таван зуун далан дөрөв/ төгрөг, мөн  сэтгэл санааны хохирол болох 5.000.000 /таван сая/ төгрөг, зээлийн үлдэгдэл зэргээс тус тус татгалзсан байна.

 

Үүнтэй холбоотойгоор шүүгдэгч Э.Б тохиролцсоны дагуу 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Тд бэлнээр төлсөн, сэтгэл санааны хохирол, зээлийн үлдэгдэл зэргээс татгалзсан, мөн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн болох нь шүүхэд оролцогчоос гаргаж өгсөн нотариатаар батлуулсан хүсэлтээр тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Э.Быг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзсэн болно.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2134002410375 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Э.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Т нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.  

 

     Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1., Эрүүгийн хэрэг

            хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,

     36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн

       1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага

болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б Э.Быг согтуурсан үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч Б Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн 2134002410375 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Э.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Т нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Э.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолсугай. 

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

 

             7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

 8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б Э.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.ГАНДАНСҮРЭН