| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/02292/И |
| Дугаар | 102/ШШ2017/01598 |
| Огноо | 2017-05-30 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2017/01598
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл тосгон 5 дугаар баг, замчдын 30 тоотод оршин суух, Боржигин овогт Буянтогтохын Төртогтох /РД:мр81033011/,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл, тосгоны төвд оршин байх “Даваат хүдэр” ХХК /РД:2705834/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, “Рокмон биюулдинг” ХХК-ийн байрны 307 тоотод оршин байх, “Монгол дайвин” ХХК /РД:2791617/-д холбогдох,
91,254,398.46 төгрөг гаргуулах тухай үндсэн, 17,781,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Төртогтох, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Төртогтох миний удирддаг “Даваат Хүдэр” ХХК нь мод, модон материал үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулаад 14 жил болж байна. 2015 оны 3 сарын 18-ны өдөр “Монгол Дайвин” ХХК-ийн санал болгосны дагуу 2/15 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан. Энэхүү гэрээгээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт захиалагч тал буюу “Монгол Дайвин” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Эко Баян-Өндөр” жишиг хороолол төслийн хүрээнд 80 м.кв бүхий 2 давхар суурийн ажил гүйцэтгэгдсэн 7 ширхэг 560 м.кв талбай бүхий Канад модон байшингийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Мөн ажлын хөлсийг 1 м.кв-ийг НӨАТ орсон дүнгээр тооцож 770,000 төгрөгөөр тооцож 1 байшингийн ажлын төлбөрт 61,600,000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Манай компани уг төслийн 2 байшингийн эхний байшингын ажлын гүйцэтгэлийг 100 хувь хангаж 2015 оны 7 сарын 02-ны өдөр, 2 дахь байшингийн ажлыг мөн л 100 хувийн гүйцэтгэлийг хангаж 2015 оны 11 сарын 04-ний өдөр тус тус хүлээлгэж өгснөөр захиалагч айлууд нь хүлээлгэж өгсөн өдөртөө шууд орж байсан. Ингээд гэрээнд зааснаар гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэж өгснөөс хойш 7 хоногийн дараа санхүүжилтийн мөнгийг манай компанид шилжүүлж өгөхөөр тусгасан байсан. Гэтэл “Монгол Дайвин” ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй удаа дараа төлбөрөө шилжүүлэхгүй хойшлуулсаар өдийг хүрсэн. Энэ хугацаанд миний бие гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж хэд хэдэн удаа “Монгол Дайвин” ХХК-ийн байранд очиж удирдлагуудтай нь уулзаж байсан боловч ямар ч үр дүнд хүрч чадаагүй. Түүнчлэн ипотекийн зээл хаагдсан учраас энэ асуудал шийдэгдсний дараа мөнгийг чинь эхний ээлжинд 100 хувь барагдуулна гэж хэлэхэд нь хүртэл хүлээцтэй хандсан боловч бас л худлаа хэлсэн. Хамгийн сүүлд 2015 оны 12 сарын 31-ний өдөр гүйцэтгэх захирал н.Энхбилэг нь тооцоо нийлье гэж хэлээд нягтлан н.Энхжин болон намайг байлцуулан тооцоо нийлүүлснээр “тооцооны үлдэгдлийн баталгаа” гаргаж өгсөн. Гэсэн хэдий ч төлбөрөө барагдуулахгүй манай компанид хохирол учруулаад байна. Манай компани “Ажил гүйцэтгэх” гэрээний дагуу “Монгол Дайвин” ХХК-иас 2 байшингийн ажлын хөлсөнд 132,200,000 төгрөгийг авах ёстой. Үүнээс ажлын урьдчилгаанд 44,880,000 төгрөг, ажил дууссаны дараа 10,900,000 төгрөгийг тус тус бэлнээр авсан. Мөн дээрх ажлын хөлснөөс хийгдсэн байсан 2 байшингийн суурийн өртөг болох 6,000,000 төгрөгийг хасаж тооцоод гэрээний дагуу авах ёстой ажлын хөлс нийт 60,836,265.64 төгрөг үлдсэн. Иймд “Монгол Дайвин” ХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөр 60,836,265.64 төгрөг болон гэрээний 5.2-т зааснаар төлбөр төлөх хугацаа хожимдуулсан хоног тутамд 0,5 хувийн алданги төлнө гэсний дагуу алданги 30,418,132.82 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 680,000 төгрөг, нийт 91,934,398.46 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Монгол дайвин” ХХК Орхон аймгийн Баян-Өндөр суман хэрэгжүүлж буй “Эко Баян Өндөр жишиг хороолол төсөл”-ийн хүрээнд баригдаж байгаа суурийн ажлыг нь хийж гүйцэтгэсэн 80 м.кв талбай бүхий 2 давхар Канад модон байшингийн угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч Б.Төртогтохтой “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан. Энэхүү ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжпэгч Б.Төртогтохын зүгээс 2 ширхэг Канад байшинг барьж манай компанид хүлээлгэн өгсөн байх бөгөөд талуудын хооронд нийлсэн тооцоо нийлсэн актаар 60,936,265 төгрөгөөр тооцоо нийлж баталгаажуулсан байна. Тооцоо нийлснээс хойш хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч талд 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна. Монгол улсад үүсээд байгаа эдийн засгийн хямралт нөхцөл байдлын улмаас өнөөдрийн байдлаар манай компаний зүгээс нэхэмжпэгч талд санхүүгийн тайлан балансад тусгагдсан үлдэгдлээр өнөөдрийн байдлаар 59,836,265 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Иймд иргэн манай компанийн зүгээс нэхэмжлэгч Б.Төртогтохын гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас санхүүгийн тайланд тусгагдсан 59,836,265 төгрөгийг хүлээн зөвшөөрч үлдэгдэл 32,098,133 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө гэжээ.
Хариуцагчаас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: “Монгол Дайвин” ХХК нь Орхон аймгийн Баян-Өндөр суманд хэрэгжүүлж буй “Эко Баян-Өндөр” жишиг хороолол төслийн хүрээнд хариуцагч “Даваат хүдэр” ХХК-тай 2015 оны 3 дугаар сарын 18-ны 2/15 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулан суурийн ажил нь хийгдсэн 80 м.кв талбай бүхий 2 давхар, 7 ширхэг 560 м.кв талбайтай Канад модон байшингийн угсралтын ажлын хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож 80-5, 6 тоот хаягт байрлах 2 ширхэг амины орон сууцны ажлыг иж бүрэн хийж гүйцэтгэн захиалагч талд хүлээлгэн өгсөн байдаг. Тус ажлын хүрээнд баригдсан 80-5 тоот, 80-6 тоот хаягт байрлах амины орон сууцыг худалдан авсан оршин суугч болох Б.Сайнжаргал, Т.Баку нарын зүгээс барилгын ажлын гүйцэтгэлийн чанартай холбогдуулан манай компанид гомдол гаргасан бөгөөд, дээрх гомдол саналын дагуу холбогдох шалгалтыг хийж үзсэний үндсэн дээр доголдолыг арилгахад нийт 17,781,000 төгрөгийг Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. “Эко Баян-Өндөр жишиг хороолол төсөл”-ийн хүрээнд баригдсан 80-5, 80-6 тоот хаягт байрлах Канад модон байшингийн доголдлыг арилгахад шаардагдах 17,781,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Төртогтох, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид харилцан тохирч, эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд бидний эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид харилцан тохирч, эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд бидний эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүх хуралдаан байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдэж буй нэхэмжлэгч Б.Төртогтох, “Даваат хүдэр” ХХК-ийн хамтарсан нэхэмжлэлтэй, хариуцагч “Монгол дайвин” ХХК-д холбогдох хэргийн оролцогчид бид доорх нөхцлөөр харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр энэхүү гэрээг байгуулав. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага болох 91,254,398.46 төгрөгийн шаардлагын 16,254,398.46 төгрөгийн шаардлагаас татгалзаж, үлдэх 75,000,000 төгрөгийг хариуцагч талаас 2017 оны 8 дугаар сарын 30-ны дотор төлүүлнэ. Хариуцагч тал нэхэмжлэгч талд холбогдуулан гаргасан 17,781,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэгч талд 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 75,000,000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Төртогтох, “Даваат хүдэр” ХХК-иуд нь хариуцагч “Монгол дайвин” ХХК-д холбогдуулж 91,254,398.46 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын 16,254,398.46 төгрөгт холбогдох хэсгээсээ татгалзсан ба хариуцагч “Монгол дайвин” ХХК-иас үлдэх 75,000,000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар, мөн хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж эвлэрсэн болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Төртогтох болон “Даваат хүдэр” ХХК нь 91,254,398.46 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 16,254,398.46 төгрөгт холбогдох хэсгээсээ татгалзсан ба хариуцагч “Монгол дайвин” ХХК-иас үлдэх 75,000,000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгч талд төлж барагдуулахаар, мөн хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 614,230 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,850 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Монгол дайвин” ХХК-иас 532,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ
| ||||
| |