Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/14

 

 

 

 

 

 

 

 

 

    2022          01               03                                                  2022/ШЦТ/14          

                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалболд,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Отгонбаяр,

Шүүгдэгч Ж.Д, Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.Д, Д.Г нарт холбогдох эрүүгийн 2134000000148 дугаартай, 1 хавтаст хэргийг 2021 оны 12 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, 63, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

2.Монгол улсын иргэн, 29, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

1.Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялаар шийтгүүлж,тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Д, Д.Г нар нь бүлэглэн бүлэглэж, гар хөрөө ашиглан 2021 оны 02 дугаар сард Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд буюу “Горхи, тэрэлжийн байгалийн цогцолбор газар”-ын Бэлхийн ам гэх ойн сан бүхий газарт зөвшөөрөлгүйгээр 11,1 м3 хэрэглээний хуурай шинэс мод бэлтгэн, уг модоо гарал үүслийн гэрчилгээгүйгээр бусдын эзэмшлийн ..... ӨМА улсын дугаартай ГАЗ-66 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, байгаль орчинд 3 369 727 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч Ж.Д, Д.Г нар нь гар хөрөө ашиглан 2021 оны 02 дугаар сард Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд буюу “Горхи, тэрэлжийн байгалийн цогцолбор газар”-ын Бэлхийн ам гэх ойн сан бүхий газарт зөвшөөрөлгүйгээр 11,1 м3 хэрэглээний хуурай шинэс мод бэлтгэн, уг модоо гарал үүслийн гэрчилгээгүйгээр бусдын эзэмшлийн 2047 ӨМА улсын дугаартай ГАЗ-66 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйл баримт тогтоогдсон

 

Энэ нь эрүүгийн 2134000000148 дугаартай хэрэгт авагдсан

 

            Иргэний нэхэмжлэгч Н.Эийн өгсөн: “Манай Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Дгийн өгсөн үүргийн дагуу иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Үнэлгээгээр гарсан хохирлыг төлж барагдуулах хүсэлтэй байна. Манай байгууллагын нөхөн төлбөрийн данс болох 100900013072 тоот дансанд учирсан хохирлоо барагдуулна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 44/,

            Гэрч О.П өгсөн: “Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг “Бэлхийн ам” гэх газар барьсан байгаа саравчийг Д гэдэг хүн хүүхдүүдтэйгээ хамт барьсан гэж сонссон би яг барьж байхад нь байгаагүй. Би хэзээ гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Энэ өвөл бэлтгэсэн болов уу гэж бодож байна. Ямар ч байсан бэлтгэсэн модоо Сүндэвийн хүүгийн 66 маркийн машинаар зөөвөрлөн буулгасан гэж байсан. Манай ажил бол хувь хүнд мод бэлтгэх эрх олгодоггүй. Зөвхөн аж ахуйн нэгжүүдэд гоожин өгч бэлтгүүлдэг.” гэх мэдүүлэг /хх 48/,

            “Би Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт “Даваагийн даваа” гэх  газар байгаль хамгаалагчаар ажилладаг. Би 2021 оны 3 дугаар сарын дундуур цагдаа ирээд явсан гэж сонсоод л мэдсэн. Би хэзээ баригдсан болох хаанаас модоо татсаныг нь мэдээгүй. Өгөөмөр буюу Баянзүрх уулын араас модоо татсан гэж сонссон. Би Д гэж хүнийг танина. Ойрхон зусдаг айл, садан төрлийн холбоо байхгүй. Өвөлжөө барих талаар надаас 2-3 жилийн өмнөөс гуйгаад байсан. Тэрнээс биш би өөрөө зөвшөөрөл өгсөн асуудал байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 58/,

 Гэрч Б.Н өгсөн: “Манай гэрээс зүүн хойд талд барьсан байгаа малын саравчийг 2021 оны 3 дугаар сарын үеэр байхаа бид нар Дангаа гэж дууддаг хүн барьж байгаад явсан гэж сураг сонссон. Түүнээс би өөрөө очиж хараагүй болохоор сайн мэдэхгүй байна. Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Энэ оны 3 дугаар сард саравч барьсан гэдгийг нь л хүнээс хальт сонссон. Манай гэрээр орж ирээгүй. Би түүнийг ирсэн байхыг нь ч хараагүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 50/,

Гэрч Д.О өгсөн: “Төв аймгийн Эрдэнэ сумын Мухарын адаг гэх газарт шугуй дотор манайх өвөлжөөний газартай. Тэгэхдээ тухайн газар нь албан ёсны зөвшөөрөлтэй газар бол биш газрын зөвшөөрлөө аваагүй байгаа. Тухайн өвөлжөөний газарт манай нөхөр Д өвөлжөөний мод бэлтгэж дутуу барьсан ба тухайн өвөлжөөний модыг манай нөхөр өвөлжөө байгаа газраас ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт Баянзүрх гэх уулын араас хуучин мод бэлтгэдэг байсан газраас түүж авч байсан юм. Зөвшөөрлийн бичиг байхгүй, зөвшөөрлийн бичиг авалгүйгээр бэлтгэсэн. Тухайн модыг бид нар бэлтгэж, хөрөөдөж унагаагаагүй ба газарт унасан байсан мод болон мод бэлтгэсэн байсан үзүүр болон шатсан, өмхөрч унасан мод ашиглаж барьсан. Газ-66 маркийн ногоон өнгийн тээврийн хэрэгсэл ашиглаж тээвэрлүүлсэн ба Сүндэв гэх айлын хүүхэд болох /поолой/ гэж дууддаг хүүхдээр тээвэрлүүлж авч ирүүлсэн. Манай нөхрийн бие нь өвдөөд даралт нь ихсээд босож чадахгүй байгаа юм. Тэгээд энэ асуудлын талаар би мэдэж байгаа учраас хүрээд ирсэн юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 54/,

             Гэрч Д.Б өгсөн: “Төв аймгийн Эрдэнэ сумын Мухарын адаг гэх газарт шугуй дотор манай аав ээж хоёр өвөлжөөний газартай гэхдээ албан ёсны гэрчилгээ зөвшөөрөл нь авагдаагүй газар байгаа. Манай аав, ээж хоёр гэр бариад амьдрах санаатай малын өвөлжөө барьсан барих үед нь би очиж хоол ундыг нь хийж өгч байсан. Би тэр өвөлжөө барьсан модыг хэн хаанаас бэлдсэнийг мэдэхгүй намайг ирэхэд бэлдсэн байсан. Зөвшөөрлийн бичиг байгаа үгүйг би бас сайн мэдэхгүй. Би сайн мэдэхгүй намайг цагаан сарын дараа 2021 оны 02 дугаарын сүүлээр очход манай аав Дгийн гэрийн гадаа өвөлжөө барина гээд мод хураалттай байсан. Би мэдэхгүй байна. Намайг ирэхэд байсан би хаанаас хэнээс хэзээ авсан талаар аав Ж Дгаас асууж байгаагүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 56/,

            Гэрч Ж.С өгсөн: “Уг машиныг 2020 оны намар “Шар хоолойд” байдаг Баяа гэдэг хүнээс манай хүү Лувсанданзан 5 000 000 төгрөгөөр худалдан авсан. Бичиг баримт нь Улаанбаатар хотод байгаа байх. Манай хүү машинтайгаа хүний машин татаж өгөх гэж яваад машинаа ууланд эвдээд хаячихсан гээд машинаа янзлах гээд явсан. Хаана байгааг нь мэдэхгүй байна. Би болсон явдлын талаар мэдэхгүй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 57/,

            Гэрч А.З өгсөн: “Би тухайн хүнийг танина. Манайх ойн мэргэжлийн байгууллага гээд Гачууртад ойн цэвэрлэгээ хийдэг байсан тэр үеэс эхлээд мэддэг болсон. Тэрнээс биш садан төрлийн холбоо бол байхгүй. Миний хувьд 2020 оны 12 дугаар сарын 17-ны үед байсан байх яг сайн санахгүй байна. 10м3 мод зарсан 2 метрийн урттай мод байсан. Тэгээд зах зээлийн үнээс хямд өгсөн. Нийт үнэ нь 650 000 төгрөгөөр өгсөн байх. Түлээний мод л өгсөн. Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг Гачуурт тосгон Шар хоолойд гэрт нь буулгаж өгсөн байгаа. Хуурай шинэс мод байгаа. Тэрнээс биш харвал танихгүй манайхаас 2 метрийн уртаас багатай хуурай мод л гарсан байгаа. Түүнээс урт гарсан бол манайхаас авсан мод биш болно. Надад байгаа би хуулбарлаад гаргаж өгнө. Надад хэлэхдээ түлээ саравч барих талаар ярьж байсан.” гэх мэдүүлэг /хх 61-62/,

            Гэрч Б.С өгсөн: “ГАЗ-66 маркийн 20-47 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр бүртгэлтэй байдаг байсан. Тухайн үед 2006 онд би Ганбаа гэдэг хүнээс Өмнөговь аймгийн Цогтцэций суман дээр байхдаа 1 600 000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тэгээд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3-р баг Гоёот гэдэг газарт байдаг хөдөө гэрт миний аав барьж гэрээ нүүлгэхдээ унаж хэрэглэдэг байж байгаад портер машин авсны дараа ашиглаж унаж хэрэглэхгүй хөдөө гэрийн гадна талд байдаг байсан. Тэгээд 2014 онд Улаанбаатар хот руу Батсуурь гэдэг хунд 1 500 000 төгрөгөөр худалдаж байсан. Худалдахдаа би тэр хүнд нэрээ шилжүүлээгүй худалдан борлуулж байсан. Би одоо хаана байгааг нь огт мэдэхгүй тухайн үед худалдсан цагаас эхлээд сураг тасарсан.” гэх мэдүүлэг /хх 65-66/,

            Шүүгдэгч Ж.Дгийн өгсөн: “Би 2021 оны 02 дугаар сарын эхээр өөрийн төрсөн хүү болох Гийн хамт Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багийн нутаг “Баянзүрх” гэдэг газраас мод бэлтгэн, бэлтгэсэн модоо тус сумын нутаг “Бэлхийн ам” гэх газар буулган саравч барьсан. Дээрх модыг миний танил болох Сүндэвийн хүүгийн 66 маркийн машинаар тээвэрлэн одоо саравч барьсан байгаа газраа буулгасан. Тэгээд үргэлжлүүлээд 3 дугаар сарын эхээр малын саравчаа барьж эхэлсэн. Би өөрийнхөө гар хөрөөгөөр хөрөөдөж бэлтгэсэн. Би хүүгийнхээ хамт мод бэлтгэсэн бөгөөд босоо модоо тасдаагүй, дандаа унанга мод бэлтгэсэн. Тэгэхдээ 4 метрийн уртаар тасдсан, тоог нь сайн санахгүй байна 100 гаруй ширхэг мод болсон байхаа. Би мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй.” гэх мэдүүлэг /хх 46, 92-93, 231/,

               2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 17 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Тухайн иргэдийн бэлтгэсэн гэх модонд хийсэн үзлэг, фото зургаас харахад шилмүүст мод буюу шинэс, хуурай хэрэглээний мод байна. 2.194 ширхэг мод нь 11.1м3 хэрэглээний мод байна. Экологи-эдийн засгийн үнэлгээг тооцоход 10.6м3  +0.5м3 =11.1м3. Хууль бусаар бэлтгэсэн модны экологи-эдийн засгийн үнэлгээг БОАЖС-ын 2020 оны 3  дугаар сарын 16-ны А/176-р тушаалын нэгдүгээр хавсралт "Ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ"-ний дагуу,экологи-эдийн засгийн үнэлгээг тооцоход 11.1 м³ * 168 655 * 1.8 = 3 369 727 төгрөг хэрэглээний мод экологи-эдийн засгийн үнэлгээ нь 3 369 727 төгрөг болж байна. 3. 4м урттай 172 ширхэг мод нь 10.6м³  болж байна. Хууль бусаар бэлтгэсэн модны экологи-эдийн засгийн үнэлгээг БОАЖС-ын 2020 оны 3 дугаар сарын 16-ны А/176-р тушаалын нэгдүгээр хавсралт "Ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ"-ний дагуу, экологи-эдийн засгийн үнэлгээг тооцоход 10.6м³ * 168 655 * 1.8 = 3 217 937 мянган төгрөг хэрэглээний мод 4м урттай 172 ширхэг модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 3 217 937 мянган төгрөг болж байна. 5.Ж.О гаргасан экологи эдийн засгийн үнэлгээтэй таарч байна. Уг үнэлгээ нь хуулийн хүрээнд хийж гүйцэтгэсэн байна.” гэх дүгнэлт /хх 211-212/,

            Шургааг модоор барьсан саравчинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-8/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-11/, гар хөрөөг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 13-15/, 194 мод битүүмжилсэн хяналтын прокурорын 2021.5.01-ний өдрийн 10 дугаартай тогтоол /хх 17-18/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүгдэгч Д.Г гэм буруу дээрээ маргаж, намайг хийгээгүй хэрэгт яллаж байна гэсэн нь шүүгдэгч Ж.Дгийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтууд үгүйсгэгдсэн. 4 метрийн урттай 172 ширхэг шургааг модыг Ж.Д нь ганцаараа бэлтгэх боломжгүй юм. Ойгоос мод бэлтгэхдээ зохих зөвшөөрөл авах ёстойг хэн аль нь мэдэж байсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.Гийг тухайн үйлдэл холбогдолд оролцоогүй байна гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.   

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгч нарын буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд хохирол учирсан гэж үзэн шүүгдэгч Ж.Д, Д.Г нарыг бүлэглэн, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Д, Д.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргаж,

Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс миний үйлчлүүлэгч нарын холбогдсон гэмт хэрэг учруулсан хохирлын хувьд онц ноцтой биш хөнгөн ангиллын гэмт хэрэг. Анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон. Миний үйлчлүүлэгч нар хохирлоо зарим хэсгийг нөхөн төлсөн, үлдэх хэсгээ нөхөн төлөхөө илэрхийлсэн тул улсын яллагчийн санал оруулсан ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү гэх саналыг гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Ж.Д нь мал аж ахуй эрхлэн Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт эхнэрийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй талаар хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн хуудас авагдсан, одоо 63 настай талаархи,  

Шүүгдэгч Д.Г нь эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 20-р хороонд эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд нь Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялаар шийтгүүлж, тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар авагджээ.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

Шүүгдэгч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг нь нэг жилээс таван жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах мөн хорих ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

 Шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тус бүрийг 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

   Шүүгдэгч Ж.Д, Д.Г нар нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт оршин суудаг байх тул  шүүгдэгч нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр явахыг тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

 

            Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эд хөрөнгө түүний үнэ, ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан  техник, хэрэгслийг ойлгоно, мөн зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, ...зэвсэг, зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байхгүй бол үнийг гаргуулахаар зохицуулсан тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 1 600 000 төгрөгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т зааснаар,

гэмт хэрэг үйлдэж олсон 10.6 м3 172 ширхэг модны үнэ 3 217 937 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний үнэ 9 653 811 төгрөгөөс түүний төлсөн 3 217 937 төгрөгийг хасаж үлдэх 6 435 874 төгрөгийг, мөн гэмт хэрэг үйлдэж олсон 10.6 м3 172 ширхэг модыг зарж борлуулсан үнийг тус тус Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.5-т зааснаар тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв. 

 

Хяналтын прокурорын 2021.5.01-ний өдрийн 10 дугаартай тогтоолоор /хх 17-18/ битүүмжилсэн 194 модноос 2 м 6 см урттай 22 ширхэг модыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.Дд буцаан олгож, хяналтын прокурорын 2021.5.01-ний өдрийн 10 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн 2134000000148 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ж.Дгийн эзэмшлийн 1 ширхэг гар хөрөөг хурааж, улсын төсөвт оруулж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ж.Д, Д.Г нарыг бүлэглэж, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Ж.Д, Д.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тус бүрийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар байгаль орчин учруулсан гэм хорын хохирол 6 435 874 /зургаан сая дөрвөн зуун гучин таван мянга найман зуун далан дөрөв/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.  

 

  4.Шүүгдэгч Ж.Д, Д.Г нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нарын зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр явахыг тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д, Д.Г нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д, Д.Г нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 1 600 000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т зааснаар,

гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан

 6 435 874 /зургаан сая дөрвөн зуун гучин таван мянга найман зуун далан дөрөв/ төгрөгийг, мөн гэмт хэрэг үйлдэж олсон 10.6 м3 172 ширхэг модыг зарж борлуулсан үнийг тус тус Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.5-т зааснаар тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай. 

 

7.Эрүүгийн 2134000000148 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ж.Дгийн эзэмшлийн гар хөрөө 1 ширхэгийг хурааж улсын төсөвт оруулсугай.

           

8.Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Д, Д.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.БАТЖАРГАЛ