Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/26

 

 

 

     2022             01                24                      2022/ШЦТ/

                                          

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалболд,  

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнхтулга,

Шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Хт холбогдох эрүүгийн 2134002830434 дугаартай, 1 хавтаст хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ний өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.Х, 48 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч Б.Х нь 2021 оны 9 дүгээр сарын 07-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Төмстэйн 2 дугаар багийн нутаг Цагаан чулуут гэх газар Эрдэнэсийн эрэг ХХК-ны ХV-020820 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд өөрийн эзэмшлийн Кia.Bongo 2641 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, цахилгаан үүсгэгч мотор, 50 метрийн  2 ширхэг резинэн хоолой /шланк/, шороо нарийсгах төхөөрөмж, хөл гагнаж суурилуулсан 100 литрийн төмөр поошиг зэргийг ашиглан олборлолт, боловсруулалт явуулж алтны хайгуул хийсэн үйл баримт тогтоогдсон. 

 

Энэ нь эрүүгийн 2134002830434 дугаартай хэрэгт авагдсан 

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 2-3/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-8/, 2641 ОРХ улсын дугаартай Киа Бонго маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /хх 9/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон тээврийн хэрэгсэл битүүмжилсэн ажиллагааг хүчинтэйд тооцсон 2021 оны 9 дүгээр сарын 09-ны өдрийн 39 дугаартай прокурорын тогтоол /хх 13/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 15-16/, гэрэл зургийн үзүүлэлт /17-19/, 40 метрийн урттай резинэн хоолой /шланк/, 100 литрийн төмөр поошиг тайрч гагнаж хөл суурьлуулсан, хоёр талаараа хашлага хийсэн 2 метрийн урттай хавтгай төмөр төхөөрөмж, цахилгаан үүсгэгч мотор зэргийг эд мөрийн баримтаар тооцсон 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /хх 28/,

Гэрч С.Б өгсөн: “Би гэртээ хүүхдээ хараад байж байсан чиньХ ах хамт ажил хийгээд шороо ачилцаад өг гэж хэлсэн. Тэгэхээр зөвшөөрөөдХ ах болон эхнэрийнх нь хамт Төв аймгийн Заамар сумын Төмстэй 2-р баг Цагаан чулуут гэдэг газар очоод 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр тэндээ хоносон. Тэгээд өглөө нь уурхайн ашигласан шороог буудаж угааж үзсэн тэгээд юм гарахгүй болохоор нь овоолсон шороог машины тэвшин дээр ачиж байсан чинь цагдаа ирээд баригдсан.Х ахдаа туслах санаатай л байсан.Х ах, Гэрлээ эгч бид 3 хамт “Бонго” маркийн  ОPX улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан. Хүрз, цахилгаан гаргах зориулалттай мотор болон усан пайжуур байсан. Хүрзээр шороо шидсэн. Ус бол ашигласан гэхдээ тэр нь борооны тогтоол ус байсан. Уурхай ашиглаад хаягдсан шороо байсан. Гэрлээ эгч юу ч хийгээгүй хараад л зогсож байсан.Х ах шороогоо угаасан би шороо хүрздэж хийсэн. Портерын тал хүрэхгүй шороо л ачсан. Гарсан шороог зөөсөн асуудал байхгүй.” гэх мэдүүлэг / хх 30-31/,

Гэрч Б.Г өгсөн: “Би 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр нөхөрХын хамт Төв аймгийн Заамар сумын төвд хадмын бие муу байгаа гэхээр нь ирсэн. Тэр орой нь Заамарын төвөөс Банзай гэдэг залууг гуйгаад хамт Цагаан чулуут гэдэг газар очиж хоноод өглөө нь тэр хавьд байсан ашиглагдсан шороон дээр очсон. Тэгээд портерийн тэвшин дээр шороо ачиж байсан би хажууд нь хараад байж байсан. Тэгээд удалгүй Цагдаагийн алба хаагч нар ирээд дагуулаад явсан. Манай хадмын бие муу бид Улаанбаатар хот явах шаардлага гараад тэр газраас алт гарвал түлшний мөнгө хийчихье гэж бодоод угааж үзсэн. Хадам аавын бие муудаад тэгээд л ирсэн. НөхөрХ, Банзай гэх залуугийн хамт “Бонго” маркийн  OPX улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Хүрз байсан, усан буу байсан. Зөөж амжаагүй тэвшин дээрээ ачиж эхэлж байсан. Тэр газар очсон чинь борооны ус тогтсон байсан тэр усны хажуу талын шорооноос ашиглаж үзээд юм гарахгүй байхаар нь өөр газраас шороо зөөе гээд ачиж байсан. Тэнд борооны тогтсон ус байсан тэрийг ашигласан. Эрүүл газар ухсан юм байхгүй, тухайн газар өмнө нь техникээр ухсан ашигласан шороонууд л байсан. Банзай шороо суллаж манай нөхөр хүрзээр ачиж байсан би наана нь хараад зогсож байсан. Тал портер хүрэхгүй шороо  ачсан, зоосон асуудал байхгүй.” гэх мэдүүлэг /хх 33-34/,

            Шүүгдэгч Б.Хын өгсөн: “Би 2021 оны 9 дугаар сарын 06-ны өдөр эхнэр Гэрэлт-Ирээдүйтэй хамт Эрдэнэтээс Төв аймгийн Заамар суманд ирсэн. Тэгээд бид хоёр Улаанбаатар хот руу явж байсан бензин тосны мөнгө хэрэг болоод Банзай гэдэг нутгийн залууг гуйгаад орой нь Төв аймгийн Заамар сумын Төмстэй 2-р багийн Цагаан чулуут гал газар очоод тэндээ хоносон. 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өглөө нь тухайн хоносон газрын ойролцоох овоолсон шороо байсан тэрнээс зөөж угааж үзэх гээд портерийн тэвшин дээр ачиж байх үед Цагдаагийн алба хаагч нар ирээд баригдсан. Хаягдал шороог угааж үзээд алт гаргах санаатай байсан. Эхнэр Гэрэлт-Ирээдүй, Банзай гэх залуугийн хамт “Бонго жи-2” маркийн  ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Шороог хийгээд усаар угаах зориулалттай жижиг оврын гар хийцийн төхөөрөмж, хүрз зэрэг багажтай явсан. Овоолсон байсан шорооноос угааж үзсэн, тэгээд машины тэвшин дээр ачаад байж байсан надад алт олсон зүйл байхгүй. Тэнд тогтсон борооны ус байсан тэрийг ашигласан. Эрүүл газар ухсан зүйл байхгүй. Тэнд овоолсон шороо байсан. Банзай шороог суллаж өгөөд би өөрөө хүрздэж хийсэн. Манай эхнэр бие муутай болохоор ажил хөдөлмөр хийх боломжгүй намайг дагаж явсан. Портерийн тэвшний тал байсан байх тэр шороог угаагаагүй ачиж байсан. Харин ойрхон овоолсон байсан шорооноос хэдэн хүрзийг угааж үзсэн. Шороо зөөвөрлөөгүй. Би өмнө нь 2019 онд Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р багийн нутаг Нарангийн энгэр гэх газар байж байгаад Цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан. Би гэм буруу хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх 36-37, 48-49/,

         Гэрч З.Ганпүрэвийн өгсөн: “Төв аймгийн Заамар сумын Цагдаагийн хэлтсээс ирүүлсэн захиалгын дугаартай дээжинд зөвхөн алтны агууламж тодорхойлох шинжилгээ хийхэд үр дүн нь 0.01 мг хуваах нь кг гарсан байна. “Пробир” аргаар тодорхойлсон. Пробир арга нь дээжинд хар тугалганы исэл тусгай бодисын дээжтэй хольж 1100 градуст 1 цаг хайлуулж шинжилдэг. Тухайн шинжилгээнд ирүүлсэн дээжийг шинжилхэд 1 кг дээжинд 0.01 мг алтны агууламж илэрсэн. Тухайн агуулага нь алт тодорхойлох “Пробир”-ын аргаар илэрч байгаа хамгийн бага агууламж гарч байгаа юм.” гэх мэдүүлэг /хх 41-42/,

             Гэрч Б.Мөнх-Эрдэнийн өгсөн: “Би Б.Х гэх хүнийг танина. Манай хадам аав байгаа юм. 26-41 ОРХ улсын дугаартай “Киа Бонго” маркийн тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг. Учир нь манай хадам аав Б.Х нь Орхон аймгийн дугаар авч тээвэрт явах зорилгоор миний нэр дээр машинаа авсан. Манай хадам аавын иргэний үнэмлэхийн харьяалал Төв аймгийн Заамар сумын харьяалалтай байсан учраас Орхон аймгийн дугаар авах боломжгүй байсан. ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлого болгоход ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх 46/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ны 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 07/280 дугаартай "иргэн Б.Хын өмчлөлийн ОРХ улсын дугаартай “Киа Бонго” маркийн тээврийн хэрэгслийг 1 691 000 төгрөгөөр, цахилгаан үүсгэгч моторыг 48 880 төгрөгөөр, 50 метрийн шланкыг 29 530 төгрөгөөр, шороо нарийсгах төхөөрөмжийг 22 500 төгрөгөөөр үнэлсэн талаархи" үнэлгээний тайлан /хх 51-62/, Геологийн төв лабораторийн шинжилгээний дүн /хх 69-70/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Дээрх нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэхдээ оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, хэрэгт нотолбол зохих нөхцөл байдлыг бүрэн нотолсон гэж үнэлэв.

 

            Шүүгдэгч Б.Хын дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэн,   

 

            хяналтын прокуророос шүүгдэгчийг дээрх зүйл ангиар гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Х нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэргийн 89-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон.

 

Шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

  шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нэг жилээс таван жил хүртэл хорих ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг, шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзэв.

 

            Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүнээс албадан гаргуулна." мөн зүйлийн 2 дахь хэсэгт "гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эд хөрөнгө түүний үнэ, ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан  техник, хэрэгслийг ойлгоно, мөн зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, ...зэвсэг, зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байх нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураахаар зохицуулсан тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Кia.Bongo  ОРХ улсын дугаартай 1 691 000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг хурааж улсын орлогод оруулах, гэмт  хэрэг үйлдэхдээ ашигласан тоног төхөөрөмж болох цахилгаан үүсгэгч мотор, 50 метрийн  2 ширхэг резинэн хоолой /шланк/, шороо нарийсгах төхөөрөмж, гагнаж хөл суурилуулан тайрсан 100 литрийн төмөр поошиг зэргийг зарж, борлуулсны орлогыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т зааснаар тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв. 

 

Эрүүгийн 2134002830434 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн хаймар резин 1 ширхэг, ногоон хиймэл зүлэг 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,

шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Хыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Б.Хын тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Кia.Bongo 2641 ОРХ улсын дугаартай 1 691 000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг хурааж улсын орлогод оруулах,

 гэмт  хэрэг үйлдэхдээ ашигласан тоног төхөөрөмж болох цахилгаан үүсгэгч мотор, 50 метрийн  2 ширхэг резинэн хоолой /шланк/, шороо нарийсгах төхөөрөмж, гагнаж хөл суурилуулан тайрсан 100 литрийн төмөр поошиг зэргийг зарж, борлуулсны орлогыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т зааснаар тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай. 

 

6.Эрүүгийн 2134002830434 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн хаймар резин, ногоон хиймэл зүлэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7.Шүүгдэгч Б.Хын тэнссэн хугацаанд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

           

8.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.БАТЖАРГАЛ