Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/29

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалболд,  

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнхтулга,

Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал,

Хохирогч З.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Бт холбогдох эрүүгийн 2134000000146 дугаартай, 1 хавтаст хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ний өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Д.Б, 55 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг Өгөөмөр гэх нутагт байх иргэн З.Агийн эзэмшлийн өвөлжөөний 4.3 метр урттай 73 ширхэг шургааг модыг машин механизм ашиглаж хулгайлж 1 314 00 төгрөгийн хохирол учруулсан  үйл баримт тогтоогдсон.  

 

Энэ нь эрүүгийн 2134000000146 дугаартай хэрэгт авагдсан  

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-4/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-7/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлээр "уг модон шургаагаар 13 байр хашаанд 5-6 ширхэг шургааг модыг давхарлан өрж хашлага хийсэн. Уг модны урт 4х30 метр өргөн нь 16 см хэмжээтэй байв." гэх /хх 9-10/, /хх 28/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-17/,  

          Хохирогч З.Агийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Манайх Төв аймгийн Эрдэнэ сумын өгөөмөр 1 дүгээр баг Өгөөмөр гэх газар хэдэн жилийн өмнө өвөлжөө барьсан. Тэгээд одоо манайх Налайх дүүргийн 5 дугаар хороонд “Гялаан мөс” гэх газар амьдарч байгаа. Тэгээд би тухайн өвөлжөөндөө 2021 оны 3 дугаар сарын 21-ны өдөр очиход ачаад явчихсан байсан. Ойр орчмоор хэд хоног хайгаад сураг гаргаад тэгээд Цагдаагийн байгууллагад хандсан. Манай аав Зэстогоо гэх хүн амьд сэрүүн байхдаа надад барьж өгч байсан. Баримжаагаар 150 орчим ширхэг шургааг хулгайд алдсан. Одоо тухайн газар 20 орчим л шургааг үлдсэн байна. Зориулалтын үнэлгээ гаргадаг үнэлгээний байгууллагаар зах зээлийн үнэлгээг тогтоосон байсан. Шургааг модоо эргүүлж авсан.” гэх мэдүүлэг / хх 21-22/,

         Гэрч И.М өгсөн: “2021 оны 3 дугаар сарын 20-ны орчим санагдаж байна. Тухайн үед аав Б бид 2 уул руу явж байтал замд 1 хоосон өвөлжөө байсан чинь аав би эзнийг нь таних юм чинь хашааны модыг нь авчаад эзэнд нь хэлчихье гээд аавын “Портер” маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байгаад 1 удаа сайн ачаад 18 цагийн үед хөдлөөд гэртээ ирж модоо буулгасан. Маргааш нь аав Б бид 2 дахиад “Портер” маркийн машинтай явж нөгөө хашаанаасаа 1 удаа ачаад ирсэн нийтдээ 70 орчим ширхэг мод байсан. Тэгээд 2021 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр цагдаа нар ирээд хулгайн мод байна гээд шалгагдаж байна. Уг тээврийн хэрэгсэл аав Бын эзэмшлийнх. Улсын дугаарыг нь би мэдэхгүй байна. Аав Б л би өвөлжөөний эзнийг танина гээд л цуг очиж ачсан юм лоом, бахь, тээврийн хэрэгсэл ашигласан.” гэх мэдүүлэг / хх 27-28/,

           Шүүгдэгч Д.Бын өгсөн: “Би Налайх дүүрэг 5-р хороо Өндөр улааны 2-2 тоотод амьдардаг. Би мал төллөх дөхөөд хашаа задгай байсан болохоор хуучны найзынхаа өвөлжөөний модоор хашаа барьж малаа төллүүлчхээд буцаагаад аваачиж өгнө гэж бодоод 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр билүү 10-ны өдөр манай гэрээс 5 орчим километр зайтай Туул голын хойд талд байрлах Төв аймгийн Эрдэнэ сум 1-р баг Өгөөмөр гэх газар өөрийн хуучны найз болох талийгаач Зэстогоогийн өвөлжөөн дээр өөрийн хүү болох Мөнгөнбаяртай “Хюндай Портер” маркийн автомашинтайгаа очсон. Тус өвөлжөөнд миний мэдэхээр 10-аад жил хүн амьдраагүй. Тийм болохоор хэдэн модыг нь аваад малаа төллүүлчхээд буцаагаад аваачиж тавина гэсэн бодолтойгоор хүүгийнхээ хамт автомашиндаа ачиж эхэлсэн. Тэгээд багтах серийн унаж ирсэн “Портер” маркийн хэмжээгээр нь ачаад гэртээ харьсан. Тэгээд авчирсан модоороо 3 дугаар сарын 12-ны өдөр малын хашаагаа бариулсан. Тэгтэл 3 дугаар сарын 23-ны өдөр 3.А над рyy залгахаар нь би "ах нь модыг чинь малаа төллүүлчхээд буцаагаад өгий" гэтэл А "тийм юм байдаггүй юм, та надад 5 сая төгрөг" өг гэж хэлсэн. Төд удалгүй Төв аймгийн Эрдэнэ сумын хэсгийн төлөөлөгч над дээр хүрч ирсэн. 4.3 метрийн урттай 73 ширхэг шургааг модыг авч яваад хашаа барьчихсан байсан. Одоо би буцааж өгнө гэж бодоод хашаагаа буулгаад авч явахад бэлдээд хураагаад тавьчихсан байгаа. Би модыг нь хэрэглэчхээд буцаагаад өгнө гэж бодож байсан болохоос өөртөө авч үлдэх гэсэн зүйл огт байхгүй. Уг нь би өмнө Төмөртогоо, Гантогоо нарт /талийгаач найзын төрсөн ах болон дүү нь гэх/ хэлж өвөлжөөнийх нь модыг аваад буцаагаад барьж өгөөд 10-аад жил болж байна. Тэгтэл А гэх талийгаач Зэстогоогийн хүү нь гэв гэнэт хүрч ирээд мөнгө нэхэж байснаа цагдаад өргөдөл гаргасан байсан. Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, надад модыг нь буцаагаад өгөхөд татгалзах зүйл байхгүй / хх 24-25, 44/,

        “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ны 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 07/211 дугаартай иргэн Д.Бын өмчлөлийн улсын дугаар аваагүй “Hyundei Porter” маркийн тээврийн хэрэгслийг 647 700 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан” /хх 61-73/,

         “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ны 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 07/365 дугаартай иргэн З.Агийн эзэмшлийн 73 ширхэг шургааг модны зах зээлийн үнэлгээний 1 314 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан.” /хх 134-146/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 128-129/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Дээрх нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэхдээ хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, хэрэгт нотолбол зохих нөхцөл байдлыг бүрэн нотолсон гэж үнэлэв.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор заасан бөгөөд шүүгдэгч Д.Бын бусдын өвөлжөөн дээрээ барьж орхисон хашааг өмчлөгчид нь мэдэгдэлгүй хууль бусаар халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, энэ гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол хүндрүүлэн мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэхээр хуульчилсан байна.     

 

            Хяналтын прокурор шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

            Хохирогч З.А 150 орчим шургааг алдагдсан байхад 73 шургааг алдагдсан гэж үзэж үнэлгээг гаргасан миний хохирлыг буруу тооцсон гэж мэдүүлсэн. Хохирогч З.Агийн хавтаст хэргийн 22-р хуудсанд өгсөн мэдүүлэгт "баримжаагаар 150 орчим ширхэг шургааг хулгайд алдагдсан. Одоо тухайн газар 20 орчим л шургааг үлдсэн байна." гэх мэдүүлэг авагдсан. Шүүгдэгч Д.Б болон түүнтэй хамт явж уг модыг авсан гэх И.Мөнгөнбаяр нарын мэдүүлэгт "4.3 метр урттай 73 ширхэг шургааг мод авч хашаа барьсан." гэжээ. Мөрдөгч 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шинжээч томилж, шинжилгээ хийлгэхдээ шүүгдэгч, хохирогч нарт танилцуулж гарын үсэг зуруулсан /хх 132/, уг шургааг модонд үнэлгээ тогтоосон үнэлгээний тайланг мөн хэргийн оролцогч нарт танилцуулсан. /хх147-148/ Үнэлгээний тайланд хохирогч ямар нэг гомдол санал гаргаагүй, мөн хэргийн материалыг 2021 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр хохирогчид танилцуулсан. /хх 150/ Үүнд ямар нэг санал хүсэлт гаргаагүй байна. Хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаа 2021 оны 4 дүгээр сараас 2021 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр хүртэл үргэлжилсэн. Өөрөөр хэлбэл энэ хугацаанд хохирогч З.А хохирол буруу тооцсон гэж үзвэл шалгуулах шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх цаг хугацаа байсан гэж үзэв.          

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Амаржаргал миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, 73 тооны шургааг модыг эргүүлэн өгсөн тул зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү гэх санал гаргасан байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэргийн 45-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

  шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд ангиллын гэмт хэрэг, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээ нь 2021 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 24:00 цагаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэнд хамаарч, шүүгдэгч урьд өмнө Өршөөлийн хуульд хамрагдаж байгаагүй, тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

 

Түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан “...шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэсэн заалтад хамаарч байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солих хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.  

 

            Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Хохирогч З.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 73 ширхэг шургааг модыг эргүүлэн авсан болох нь хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож, хохирогч өөр нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

Харин түүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 647 700 төгрөгийн үнэ бүхий “Hyundei Porter” маркийн тээврийн хэрэгслийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүнээс албадан гаргуулна." мөн зүйлийн 2 дахь хэсэгт "гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эд хөрөнгө түүний үнэ, ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан  техник, хэрэгслийг ойлгоно, мөн зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, ...зэвсэг, зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байх нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураахаар зохицуулсан тул хурааж, зарж борлуулсны орлогыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв. 

 

Эрүүгийн 2134000000146 дугаартай хэрэгт 2021.5.01-ний өдрийн тогтоол, 73 ширхэг шургааг модыг битүүмжилсэн прокурорын 2021.10.25-ны өдрийн 24 дугаартай тогтоолыг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д.Быг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Быг 3 /гурав/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт оногдуулсан 3 жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

 

  5.Шүүгдэгч Д.Бт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, шүүгдэгчийн зорчих эрхийн бүсийг Улаанбаатар хотын Налайн дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Hyundei Porter” маркийн 674 700 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг хурааж, зарж борлуулсны орлогыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т зааснаар тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай. 

 

8.Эрүүгийн 2134000000146 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн хаймар резин, ногоон хиймэл зүлэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

           

9.Эрүүгийн 2134000000146 дугаартай хэрэгт “Hyundei Porter” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2021.5.01-ний өдрийн тогтоол, 73 ширхэг шургааг модыг битүүмжилсэн прокурорын 2021.10.25-ны өдрийн 24 дугаартай тогтоолыг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.БАТЖАРГАЛ