| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/01365/И |
| Дугаар | 102/ШШ2017/01586 |
| Огноо | 2017-05-29 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2017/01586
| 2017 оны 05 сарын 29 өдөр | Дугаар 102/ШШ2017/01586 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн наран 13 дугаар гудамж, 7 тоотод оршин суух, Хотгойд овогт Болдоогийн Алтангоо /РД:рс94102822/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 14 дүгээр хороо, хандгайт 3 дугаар гудамж, 31Б тоотод оршин суух, Хариад овогт Доржийн Болдбаатар /РД:мю80031777/-т холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтох, хариуцагч Д.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Алтангоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Алтангоо би Д.Болдбаатартай 2011 онд танилцаад 2013 оноос хойш Д.Болдбаатарынд хамтран амьдрах болсон. Хамтран амьдрах хугацаанд 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүү Б.Ялалт төрсөн. Гэтэл Д.Болдбаатар нь хүүгээ төрснөөс хойш зан харилцааны хувьд их өөрчлөлт орж 2015 оноос хойш намайг зодож, их муухайгаар хараадаг болсон учир 2016 оны 8 дугаар сараас хойш тусдаа амьдарч эхэлсэн болно. Иймд бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул Д.Болдбаатараас хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Алтангоо нь хариуцагч Д.Болдбаатартай 2011 онд танилцаад 2013 оноос хойш хамт амьдарсан. Хамтран амьдрах хугацаанд буюу 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүү Б.Ялалт төрсөн. Д.Болдбаатар хүүг төрснөөс хойш зан харьцааны хувьд өөрчлөлт орсноор 2015 оноос хойш хүчирхийлэл үйлдэж эхэлсэн. Тиймээс 2016 оны 8 дугаар сараас хойш талууд тусдаа амьдарч байна. Тиймээс талууд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул хариуцагч Д.Болдбаатараас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хүү Б.Ялалтыг нэхэмжлэгч Б.Алтангоо өөрийн асрамжид авах хүсэлтэй байгаа гэжээ.
Хариуцагч Д.Болдбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүү Б.Ялалтыг эхийн асрамжинд үлдээхэд татгалзах зүйлгүй. Мөн нэхэмжлэлийн шаардлага болох хүүхдийн тэтгэлгийг хуулийн дагуу төлөх болно. Харин өөрийн хүүтэйгээ хүссэн үедээ уулзах боломжтой гэдгийг шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Б.Алтангоо нь хариуцагч Д.Болдбаатарт холбогдуулж хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд хандсан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Алтангоо болон хариуцагч Д.Болдбаатар нарын хамтран амьдрах хугацаанд буюу 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр тэдний дундаас хүү Б.Ялалт төрсөн болох нь хэрэгт авагдсан төрсний бүртгэлийн лавлагаа болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн “...бид 2016 оны 8 дугаар сараас тусдаа амьдарч байгаа” гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй ба талууд тусдаа амьдрах болсон үеэс хүү Б.Ялалт нь эх Б.Алтангоогийн асрамжид өсөж байгаа, мөн хүүхдийн насны онцлого зэргийг харгалзан цаашид хүүхдийн амьдарч дассан орчинг өөрчлөх шаардлагагүй. Нөгөөтэйгүүр, хариуцагч хүүхдийн асрамжийн тал дээр маргаан гаргаагүй болно.
Иймд хүү Б.Ялалтыг эх Б.Алтангоогийн асрамжид үлдээж, эцэг Д.Болдбаатараас сар бүр тэтгэлэг гаргуулж хүүхдэд олгуулах нь хууль болон хүүхдийн эрх ашигт нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү Болдбаатарын Ялалт /РД:уц14242915/-ыг эх Б.Алтангоогийн асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү Б.Ялалт /РД:уц14242915/-д 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Д.Болдбаатараас гаргуулан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 25,280 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 25,280 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ