| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/01530/И |
| Дугаар | 102/ШШ2017/01585 |
| Огноо | 2017-05-29 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2017/01585
| 2017 оны 05 сарын 29 өдөр | Дугаар 102/ШШ2017/01585 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Жалханзхутагт Дамдинбазарын гудамж, 52/1 тоотод оршин байх, “Амури оргил” ХХК /РД:5378125/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 11 дүгээр байр, 37 тоотод оршин байх, “Монгол гоо сайхан холбоо” НҮТББ /РД:8212716/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 11 дүгээр байр, 37 тоотод оршин суух, Хамжаа овогт Жавхланбаярын Анхбаяр /РД:ей94080410/ нарт холбогдох
9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Манлайхүү, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага нь “Монгол гоо сайхан холбоо” НҮТББ /Mongolian Beauty Association/-тай 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн №1694 дугаарын гэрээ байгуулан хамтран ажилласан. “Монгол гоо сайхан холбоо” НҮТББ нь “Face of Beauty International” Олон улсын миссийн тэмцээнийг зохион байгуулах хугацаандаа миссүүдийг манай “Гранд Хилл” зочид буудалд байрлуулан, хурлын заал, хүлээн авалтын заалуудыг ашиглан, хоол ундаагаар мөн үйлчлүүлсэн. Манай байгууллага Монгол улсын нэрийг дэлхийд таниулах их ажил үйлс бүтээж буй залуусыг дэмжин, үндсэн үнээс маш их хэмжээний хөнгөлөлтийг үзүүлсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөр хийгдсэнгүй. Иймээс манай байгууллагад төлөх ёстой төлбөрийн үлдэгдэл 9,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Амури оргил” ХХК-ийн 9,000,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Зочид буудлын хөлс 24,000,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 9,000,000 төгрөгөнд маргаангүй болно. 2017 оны 12 дугаар сарын 12 дугаар сарын дотор багтаан төлнө гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Манлайхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид харилцан тохирч, эвлэрсэн тул бидний эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид харилцан тохирч, эвлэрсэн тул бидний эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “Амури оргил” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Монгол гоо сайхан холбоо” НҮТББ, байгууллагын тэргүүн, Ж.Анхбаяр нарт холбогдох 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар төлөхөөр харилцан тохирч эвлэрлийн гэрээ байгуулав. 2017 оны 6 дугаар сарын 1,000,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сард 1,000,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сард 1,000,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сард 1,000,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 15-нд үлдэх 5,000,000 төгрөгийг багтаан төлөхөөр тохиролцов. Улсын тэмдэгтийн хураамж 158,950 төгрөгийг талууд тал хувиар 79,475 төгрөгөөр төлөхөөр мөн тохиров гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Амури оргил” ХХК нь хариуцагч “Монгол гоо сайхан холбоо” НҮТББ болон Ж.Анхбаяр нарт холбогдуулж 9,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн ба талууд төлбөрийг төлөх хугацаан дээрээ эвлэрч байна. Тодруулбал, хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлага болох 9,000,000 төгрөгийн 1,000,000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сард багтааж, 1,000,000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сард багтааж, 1,000,000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сард багтааж, 1,000,000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сард багтааж, үлдэх 5,000,000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 15-нд нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохирсон болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Түүнчлэн хариуцагч талаас “улсын тэмдэгтийн хураамжийн тал хувийг төлнө” гэснийг нэхэмжлэгч зөвшөөрснийг дурдах нь зүйтэй.
Зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлага болох 9,000,000 төгрөгийн 1,000,000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сард багтааж, 1,000,000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сард багтааж, 1,000,000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сард багтааж, 1,000,000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сард багтааж, үлдэх 5,000,000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 15-нд “Амури оргил” ХХК-д төлөхөөр нэхэмжлэгчтэй харилцан тохирсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 79,475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ