Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/30

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалболд,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат,

Өсвөр насны шүүгдэгч Г.С, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Г,

Насанд хүрээгүй хохирогч М.А, түүний хууль ёсны төлөөлөгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Г.Ст холбогдох эрүүгийн 2134000000398 дугаартай, 1 хавтаст хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол улсын иргэн, Г.С, 17 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

          Холбогдсон хэргийн талаар:

 Өсвөр насны шүүгдэгч Г.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч Г.С нь Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар багийн нутагт 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 15 настай М.Аыг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцралт, хамрын таславч мурийлт бүхий хөнгөн хохирол учруулсан  үйл баримт тогтоогдсон. 

 

Энэ нь эрүүгийн 2134000000398 дугаартай хэрэгт авагдсан 

 

Насанд хүрээгүй хохирогч М.Аы мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2021 оны 4 дүгээр сарын 13-ний өдөр 18-19 цагийн үед Төв аймгийн Батсүмбэр сумын 284-р точикоос гэрээсээ сагс тогтохоор гарсан. Тэгээд найз Стэй хамт сагсны талбай болон дүүжин савлуурын хажууд ирээд байж байтал найз С намайг тоглоод хавирч газар унгаад дээрээс дараад бид хоёр ноцолдсон. Тэгээд би босож ирээд мөн тоглоод Сийг хавирч унагаад дээрээс нь дараад тоглож байтал С уурлаад байхаар нь би тавиад боссон. Тэгтэл Сийн уур нь гарахгүй намайг биеэрээ мөрлөөд байсан. Тэгэхээр нь би гараараа Сийг цааш түлхтэл С давраад байгаарай гээд надад тулж ирчхээд муухай хараад байсан. Тэгэхээр нь би хөлөөрөө гэдэс хэсэгт нь тийрсэн. Тэгтэл С хоёр гараараа намайг балбах гээд савчаад эхэлсэн түүнийг хоёр цохилт намайг оносон нэг нь хамарт нэг нь данз хэсэгт таарсан. Тэгээд би Сийг тэвэрч унагаад дээр нь гараад дараад байж байтал танихгүй том хүн тэр хавиар явсан. Тэр хүнийг бид хоёр хараад больсон. Тэгээд салтал миний хамар мурийсан юм шиг байсан. Тэгээд би гэртээ ирж ээжид болсон асуудлыг хэлсэн. Тэгээд эмнэлэгт үзүүлээд хамар хугарсан байна гэж байсан. Сийн ээж нь миний эмчилгээний зардлыг өгнө гэхээр нь тухайн үедээ цагдаад хэлээгүй. Тэгээд түүнээс хойш огт мөнгө өгөөгүй. Миний хамрыг хагалгаа хийж эмчилнэ гэж насанд хүрсний дараа 18 нас хүрч байж хагалгаанд оруулна гэж байсан. Хагалгааны зардал 3 700 000 төгрөг гэж байсан. Одоогийн байдлаар 36 000 төгрөгний эмчилгээ хийсэн бусад зардлыг нь даатгалаар улс даасан. Сийн ээж нь анх хамрыг нь гараар засах үед 30 000 төгрөг өгсөн байгаа. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг / хх 7, 10/,

          Өсвөр насны шүүгдэгч Г.Сийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2021 оны 4 дүгээр сарын 13-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд найз Атай дүүжин савлуурын хажууд цасаар бие биенээ угааж байлдаж тоглосон. Тэгээд Aрман намайг араас барьж аваад газар унагаад бид хоёр ноцолдсон. Тэгээд би одоо ноцолдож тоглохоо болъё гэхэд болохгүй надтай зууралдаад тогло гээд байсан. Тэгээд би одоо тоглохоо больё чи чамтай тоглохгүй гээд тоглохоо больчхоод байж байтал намайг А гэнэт араас хавирч унагасан. Тэгээд миний уур хүрээд тоглохоо болъё гэж хэлээ биз дээ гээд гэтэл тэгвэл барилдъя гэсэн. Тэгээд бид хоёр барилдсан. Тэгтэл би дийлэхгүй уначихсан тэр хооронд А миний нүүр лүү гараагаа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд нүүр лүү нь гараараа цохисон. Тэгээд А уурлаад надтай зууралдаад надаас салахгүй байсан тэгээд тоглоомын талбайн хажуу айлын эгч гараад иртэл бид хоёр салаад явсан. Тухайн үед миний амнаас цус гарсан, Аы нүд хацар хэсэг нь хавдсан байсан. Бид хоёр хамт тоглож байгаад бие биенийхээ тоглоомыг даахгүй харилцан зодолдсон.” гэх мэдүүлэг /хх 14/,

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 7 дүгээр сарын 30-ны өдрийн №391 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.М.Аы биед хамар ясны хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцралт, хамрын таславч мурийлт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн тогтонги чадвар алдалтад нөлөөлөхгүй." гэжээ /хх 20-21/,

насанд хүрээгүй хохирогч М.А нь хэрэг учрал болсон цаг хугацаанд буюу 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 15 нас 1 сар 20 хоногтой байсан талаарх нас тоолсон тэмдэглэл, түүний төрсний гэрчилгээний хуулбар /хх 8-9/, өсвөр насны шүүгдэгч Г.С нь хэрэг учрал болсон цаг хугацаанд 16 нас 11 сар 29 хоногтой байсан талаархи тэмдэглэл, түүний иргэний үнэмлэхийн хуулбар /хх 15-16/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Дээрх нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэхдээ хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, хэрэгт нотолбол зохих нөхцөл байдлыг бүрэн нотолсон гэж үнэлэв.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор заасан бөгөөд шүүгдэгч өсвөр насны шүүгдэгч Г.С, насанд хүрээгүй хохирогч М.А нар нь тоглож байгаад улмаар уурлаж бие биенийхээ эрх чөлөөнд халдаж шинжээчийн дүгнэлтээр Г.Сийн эрүүл мэндэд хохирол учраагүй М.Аы эрүүл мэндэд Г.Сийн Аы нүүр лүү гараагаа цохисон үйлдлийн улмаас хамар ясны хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцралт, хамрын таславч мурийлт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

            Хяналтын прокурор насанд хүрээгүй шүүгдэгч Г.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна.       

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах санал,

Өсвөр насны шүүгдэгч Г.С болон түүний хууль ёсны төлөөлөгч Б.Г ямар  нэг санал гаргаагүй байна.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээ нь 2021 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 24:00 цагаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэнд хамаарч, шүүгдэгч урьд өмнө Өршөөлийн хуульд хамрагдаж байгаагүй байна.

 

2021 онд баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ" гэж заасан бөгөөд өсвөр насны шүүгдэгч  Г.Сийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дээрх заалтад хамаарч байх тул өршөөн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Насанд хүрээгүй хохирогч М.А, түүний хууль ёсны төлөөлөгч Т.Б нар нь ирэх очих унааны зардал болон эмчилгээний зардалд 42 500 төгрөг нэхэмжилж, насанд хүрэхээр хамарны хагалгаанд орно гэсэн тул цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэжээ.

 

            Насанд хүрээгүй хохирогч М.Аы ирэх очих унааны зардал болон эмчилгээний зардал гэх 42 500 төгрөг нь шүүх хуралдаанд өгсөн бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул хангах, мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзэв.  

 

Эрүүгийн 2134000000398 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Өсвөр насны шүүгдэгч Г.Сийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Ст холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

           

3.Эрүүгийн 2134000000398 дугаартай дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч Г.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав тус тус дурдсугай.

 

4.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

5.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Г.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.БАТЖАРГАЛ