Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2017/01524

 

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2017/01524

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 23 дугаар байр, 92 тоотод оршин суух, Баяжих овогт Жамсранжавын Жамбалдорж /РД:чк58102313/-ын

 

1977 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1982 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ж.Жамбалдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Түмэн-Өлзий нар оролцов.

                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Ж.Жамбалдорж шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Жамбалдорж миний бие тухайн үеийн нэрээр Улаанбаатар хотын худалдааны техникумыг нягтлан бодогч мэргэжлээр төгсөөд Улаанбаатар хотын Худалдаа удирдах газрын томилолтоор худалдааны 7 дугаар конторт хувиарлагдан 1977 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ажилд орсон юм. Тус конторт 4 жил 7 сар тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байгаад Найрамдлын районы намын хорооны тоо бүртгэл хариуцсан зааварлагчаар ажилласан юм. Ажил шилжсэнтэй холбогдуулж хөдөлмөрийн дэвтрээ бичилт хийлгэн авсан ба ажиллаж байсан байгууллагуудаараа ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөнийг тухай бүр бичилт хийлгэж ирсэн боловч нийгмийн даатгалын тогтолцоонд шилжин хөдөлмөрийн дэвтэр хаалгах энэ үед тус конторт ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэнийг мэдсэн. Миний ажиллаж байсан контор нь Улаанбаатар хотын байгууллага учир Нийслэлийн Архивын газарт шүүлгэхэд манай конторын нэг хуудас ч материал архивт шилжүүлэгдээгүй байсан учир тодорхойлолт гаргуулан авсан болно. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж конторт ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан болон хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Ж.Жамбалдорж нь 1977 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1982 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд “Худалдааны 7 дугаар контор”-т нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд ханджээ.

 

Баяжих овогт Жамсранжавын Жамбалдорж нь 1977 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1982 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд “Худалдааны 7 дугаар контор”-т нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан түүний иргэний үнэмлэхийн хуулбар, Худалдаа бэлтгэлийн яамны харьяа Улаанбаатар хот дахь Худалдааны техникумын сургуулиас түүнд олгосон №8850 бүртгэлийн дугаартай, №4875 тоот диплом, 1982 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Худалдааны  7 дугаар конторын тооцооны нягтлан бодогч Жамсранжавын Жамбалдоржийн ажил байдлын тодорхойлолт, 1982 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №44 тоот Улаанбаатар хотын Найрамдалын Районы намын хорооны товчооны тогтоол, гэрч Я.Өлзийтогтох, С.Цэрэндулам нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна. 

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Ж.Жамбалдоржийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

            ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Баяжих овогт Жамсранжавын Жамбалдорж /РД:чк58102313/-ыг 1977 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1982 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд “Худалдааны 7 дугаар контор”-т нягтлан бодогчоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар Ж.Жамбалдоржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг хүсэлт гаргагч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Н.ХАНГАЛ