| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/01408/И |
| Дугаар | 102/ШШ2017/01523 |
| Огноо | 2017-05-23 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2017/01523
| 2017 оны 05 сарын 24 өдөр | Дугаар 102/ШШ2017/01523 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-17, Гэрэгэ тауэр 14 давхарт оршин байх, “Жи эс пропертиз” ХХК /РД:5566398/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 65 дугаар байр, 43 тоотод оршин суух, Бааваа овогт Батгэрэлийн Пүрэв-Очир /РД:фв92111910/-т холбогдох,
13,668,717 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Солонго, хариуцагч Б.Пүрэв-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Жи эс пропертиз” ХХК нь 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Б.Пүрэв-Очиртой №GS4/C/2А дугаартай орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээ байгуулж, орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгсөн. Захиалагч нь 2015 оны 7 дугаар сарын 25-ны дотор төлбөрийг төлж барагдуулах байсан боловч төлөхгүй хугацаа хэтрүүлээд байна. “Жи эс проперти” ХХК-ийн зүгээс захиалагч талд 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд төлбөрөө төлж барагдуулах нэмэлт хугацаа тогтоож өгсөн тухай 3 удаагийн мэдэгдэл хүргүүлсэн боловч тодорхой үр дүнд хүрээгүй юм. Иймд Иргэний хуулийн 352.5.1, 219.2 дахь хэсэг заасны дагуу гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 12,210,500 төгрөг, орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээний 4.1 дэх хэсэгт тусгасан алдангийн төлбөр болох 1,458,217 төгрөг, нийт 13,668,717 төгрөгийг Б.Пүрэв-Очироос гаргуулж “Жи эс проперти” ХХК-д олгуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Солонго шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид эвлэрлийн гэрээ байгуулсан тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Пүрэв-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Энэхүү эвлэрлийн гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу нэг талаас “Жи эс проперти” ХХК /цаашид нэхэмжлэгч гэх/-ийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Солонго, нөгөө талаас Б.Пүрэв-Очир /цаашид хариуцагч гэх/ нар 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр дараах нөхцлөөр харилцан тохиролцож байгуулав. Үүнд: нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан 13,668,717 төгрөгийн үнийн дүнгээс алданги болох 1,458,217 төгрөгийг татгалзаж байна. Нэхэмжлэл гаргаснаас хойш нэхэмжлэгч болон хариуцагч нар дахин тооцоо нийлж үндсэн төлбөр болох 12,210,500 төгрөгөөс 2,986,000 төгрөгийг хасаж 9,224,500 төгрөгийг хариуцагч дараах байдлаар төлөхөөр тохиролцов. Үүнд: 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн дотор 3,400,000 төгрөгийн барилгын материал нийлүүлэх эсвэл мөнгөн дүнг бэлнээр төлнө. 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг бэлнээр төлөх, 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг бэлнээр төлөх, 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор үлдэгдэл 1,824,500 төгрөгийг бэлнээр төлнө гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жи эс пропертиз” ХХК нь хариуцагч Б.Пүрэв-Очирт холбогдуулж 13,668,717 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд нэхэмжлэгч 13,668,717 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 4,444,217 төгрөгт холбогдох хэсгээсээ татгалзсан ба хариуцагч үлдэх 9,224,500 төгрөгийн 3,400,000 төгрөгт оногдох хэсэгт 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн дотор барилгын материал нийлүүлэх /эсхүл мөнгөөр/, 2,000,000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор, 2,000,000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор, 1,824,500 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохирч, эвлэрсэн болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Жи эс пропертиз” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 13,668,717 төгрөгийн 4,444,217 төгрөгт холбогдох хэсгээсээ татгалзсан ба хариуцагч үлдэх 9,224,500 төгрөгийн 3,400,000 төгрөгт оногдох хэсэгт 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн дотор барилгын материал нийлүүлэх /эсхүл мөнгөөр/, 2,000,000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор, 2,000,000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор, 1,824,500 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,294 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 162,542 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ