Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
Хэргийн индекс | 188/2016/0009/Э |
Дугаар | 30 |
Огноо | 2016-05-22 |
Зүйл хэсэг | 099.2., |
Улсын яллагч | Ж.Энх-Амгалан |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг,
улсын яллагч Ж.Энх-Амгалан,
насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч П.Цэрэнсодном,
шүүгдэгч Г.Мягмар, түүний өмгөөлөгч Л.Батаа (Шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1824) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Ганзоригийн Мягмарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626010482 дугаартай 1 хавтаст хэргийг 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овогт Ганзоригийн Мягмар, Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1998 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, яс үндэс халх, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн 12 дугаар дунд сургуулийн 9а бүлгийн сурагч, ам бүл 7, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 5-1 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар МЮ98121511.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)
Шүүгдэгч Г.Мягмар нь давтан үйлдлээр 2016 оны 01 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Чингис Соосэ сургуулийн орчимд хохирогч А.Анхбаяр, Т.Билгүүн нарыг зээлсэн 10.000 төгрөгөө өгсөнгүй гэх шалтгаанаар тоосгоор цохиж улмаар А.Анхбаярын бие махбодид тархи доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн чихний дэлбээнд зулгаралт, цус хуралт, баруун бугалга, шуунд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл, Т.Билгүүний бие махбодидод тархи доргилт, баруун нүдний гадна булан, шанааны зөөлөн эдийн няцрал, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний салстын цус хуралт бүхий хөнгөн гэмтэл тус тус санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч Г.Мягмар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч А.Анхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: ...Би 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 22 цагийн үед 21 хорооллын автобусны буудал дээр...зогсож байтал үл таних 3 хүүхэн гал асуухаар нь өгсөн. Тэгээд би тэд нартай ойр зуурын юм ярьж байгаад танилцаад...Депогийн автобусны буудлын ард байдаг J NIGHT бааранд орсон бөгөөд зөөгч нь манайд ширээ байхгүй байна гэж хэлээд сүүлд нь нэрийг нь мэдэхэд Мягмар, Энхжаргал гэдэг хоёр бандитай цуг суулгасан. Бид нар бааранд 10 шил пиво захиалж аваад ууцгаасан бөгөөд 3 цагийн үед би найз Билгүүнийг утсаар дуудсан. Билгүүнийг ирэх хооронд би баарны тооцоонд 40 гаруй мянган төгрөгний тооцоо хийчихээд гарах гэтэл зөөгч нь дахиад 20 орчим мянган төгрөгний тооцоо дутуу байна гэж хэлэхээр нь би хамт сууж байсан Мягмар гэдэг залуугаас 10.000 төгрөг зээлж аваад зөөгчид өгсөн. Гадаа Билгүүн ирчихсэн байна гэх хэлэхээр нь би гарч Билгүүнтэй уулзаад түүнийг дагуулаад баар руу буцаад ороход нөгөө 3 хүүхэн явчихсан байсан. Энхжаргал, Мягмар, Билгүүн бид дөрөв цуг баарнаас гараад би Мягмарт маргааш мөнгийг чинь өгчихье гэж хэлээд гар утасныхаа дугаарыг үлдээчихээд Билгүүн бид хоёр манай гэрт очиж амрах санаатай Чингис Соосэ их сургуулийн тэр хавьд явж байтал Мягмар, Энхжаргал хоёр хүрч ирээд Мягмар нь мөнгөө авъя, одоо өгөөдөх гэхээр нь би одоо мөнгө алга байна аа, өглөө өгье гэж хэлсэн чинь Мягмар нь уурлаад газраас чулуу авч над руу дайрахад нь Билгүүн салгасан чинь Мягмар нь гартаа барьж байсан чулуугаараа Билгүүний баруун шанаа руу цохьчихсон. Мягмар нь гартаа барьж байсан чулуугаараа дахиад миний зүүн талын шанаа руу цохьчихоор нь түүнтэй цуг явсан Энхжаргал гэдэг банди бид хоёр Мягмарыг чулуугаа хая гэж хэлэхэд Мягмар чулуугаа хаясан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),
Хохирогч Т.Билгүүний мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр...Анхбаяр утсаар яриад 21-т байдаг J NIGHT бааранд хүрээд ир гэхээр нь би 02 цаг өнгөрөөд очтол Анхбаяр баарнаас гарч ирж уулзаад би дотор 3 охин, 2 бандитай цуг сууж байгаа гэж хэлээд намайг дагуулаад ороход нөгөө 3 охин нь явчихсан байсан. Тэгээд удалгүй зөөгч нь ирээд тооцоогоо нэхэхэд Анхбаяр надаас 10.000 төгрөг байна уу гэж асуухаар нь би байхгүй гэж хэлтэл Анхбаяр ширээндээ хамт сууж байсан 2 залуугийн нэгээс нь буюу сүүлд нь нэрийг нь мэдэхэд Мягмар гэдэг залуугаас 10.000 төгрөг аваад зөөгчид өгсөн. Ингээд бид нар баарнаас гарахад Анхбаяр Мягмарт ах нь маргааш мөнгийг чинь өгье гэж хэлээд утасныхаа дугаарыг өгчихөөд бид хоёр тэдний гэрт нь очиж хонох санаатай Чингис Соосэ сургуулийн тэр хавьд явж байтал араас Мягмар гэдэг залуу хамт явсан найзтайгаа цуг хүрч ирээд хөөе 2 пизда минь ингээд явчихна гэж бодож байна уу, мөнгөө авъя гэж хэлэхэд нь Анхбаяр чи ямар сүртэй юм бэ, чамд маргааш өгнө гэж хэлээ биз дээ гэж хэлээд тэр хоёр маргалдсан. Мягмар нь газраас тоосго аваад замын хашлага мөргүүлж хагалаад Анхбаяр руу дайрахаар нь би болиулах гээд урдуур нь орсон чинь миний баруун шанаа руу тоосгоороо 1 удаа цохичихсон гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),
Шүүгдэгч Г.Мягмарын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 01 дүгээр сарын 16-ны орой 21 цагийн орчим би Энхжаргалын гэрт очоод ханиндаа хүүхэд дээр очоод цамц аваад ирье гэж хэлсэн. ...манай гэрт очиход манай аавын найз Батаа гэдэг ах манайд байсан ба надад 10.000 төгрөг өгсөн. Ингээд бид хоёр манайд жаахан юм ярьж байтал Э.Энхжаргал хоёулаа хамт бааранд орж жаахан бүжиглэх үү гэж хэлэхээр нь зөвшөөрөөд бид хоёр Дипо-ийн тэнд байх J гэх нэртэй шөнийн клубт 23 цагийн орчим орсон. ...Сэнгүр нэртэй нэг шил 500 граммын пиво Энхжаргалд би авч өгсөн. ...гаднаас 1 залуу, 3 охин орж иртэл тухайн бааранд хүн их байсан болохоор манай ширээнд шахаж суулгасан. Ингээд бид нар хоорондоо танилцаад юм яриад сууж байтал нөгөө ах /Анхбаяр/ нь бид хоёрыг тамхинд явуулсан ба гараад тамхи хайсан боловч онгорхой дэлгүүр байгаагүй тул буцаж орж ирээд тамхи олдсонгүй талаар хэлэхэд нөгөө ах тооцоо хийх гэсэн чинь мөнгө дутчихлаа. Та хоёрт 10.000 төгрөг байвал түр зээлчих, гараад өгчихье гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр ахад 10.000 төгрөг өгсөн. Тэгээд уг баарнаас бид хэд гарсан ба нөгөө 3 охин нь яваад өгсөн. Нөгөө ах /Анхбаяр/ дээр найз нь гээд нэг залуу ирсэн /Билгүүн/. Тэгээд бид хоёр мөнгөө авъя гэж гэтэл цуг ийшээ явъя гэж хэлээд...тэр хоёр гүйхээр нь хойноос нь гүйтэл Чингис-Соосэ их сургуулийн урд талын автобусны буудал дээрээс нэг нь такси барих гээд зогсож байсан ба нөгөөдөх нь машины ардуур орж нуугдсан. Тэгэхээр нь би Анхбаярыг барьж аваад мөнгөө өг гэтэл хариуд нь одоо мөнгө байхгүй, маргааш өгье гэж хэлсэн. Би маргааш бол худлаа, одоо олоод өгчих гэж хэлсэн. Тэгтэл Анхбаяр нь манай найзад 7500 төгрөг байгаа, тэрийг аваад явчих гэхээр нь за тэгье гэж хэлээд нөгөө Билгүүнээс нь мөнгө асуутал чадахгүй гэж хэлсэн. ...би Анхбаярыг гараа зангидаж байгаад баруун шанаа хэсэг рүү нь нэг удаа цохьсон. Тэгтэл Энхжаргал ирээд салгатал Билгүүн нь гүйж ирээд түлхэхээр нь би газарт тал тоосго байхаар нь аваад Билгүүнийх нь шанаа хэсэг рүү нэг удаа цохисон... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дахь тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 1369 дүгээр дүгнэлтэд:
1. А.Анхбаярын биед тархи доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн чихний дэлбээнд зулгаралт, цус хуралт, баруун бугалга, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг тү хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй (хавтаст хэргийн 30 дахь тал),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 1368 дугаар дүгнэлтэд:
1. Т.Билгүүний биед тархи доргилт, баруун нүдний гадна булан, шанааны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй (хавтаст хэргийн 33 дахь тал),
-Хохирогчийн өргөдөл (хавтаст хэргийн 7), Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 1368, 1369 дүгээр дүгнэлтүүд (хавтаст хэргийн 30, 33), нас тоолсон тэмдэглэл (хавтаст хэргийн 68), насанд хүрээгүй шүүгдэгчийн төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 65), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 63), насанд хүрээгүй шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд (хавтаст хэргийн 57-61) болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэж шүүх нотлох баримтад үнэлэв.
Шүүх хуралдаанаар шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
Насанд хүрээгүй шүүгдэгч Г.Мягмар нь давтан үйлдлээр 2016 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Чингис Соосэ их сургуулийн орчимд хохирогч А.Анхбаяр, Т.Билгүүн нарыг зээлсэн 10.000 төгрөгөө өгсөнгүй гэх шалтгаанаар тоосгоор цохиж улмаар А.Анхбаярын бие махбодид тархи доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн чихний дэлбээнд зулгаралт, цус хуралт, баруун бугалга, шуунд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл, Т.Билгүүний бие махбодидод тархи доргилт, баруун нүдний гадна булан, шанааны зөөлөн эдийн няцрал, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний салстын цус хуралт бүхий хөнгөн гэмтэл тус тус санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь шүүгдэгчээс үйлдсэн хэргийнхээ талаар мэдүүлсэн болон хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл Г.Мягмар нь хувийн сэдэлтэй үүссэн маргааны улмаас А.Анхбаярын эрх чөлөөнд халдан бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг, мөн үүний дараагаар Т.Билгүүний эрх чөлөөнд халдаж биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн, хохирогч нарын бие эрүүл мэнд нь өөр өөр обьект төдийгүй, тухайн гэмт хэргүүдийг үйлдэх санаа зорилго тус тусдаа үүссэн, тус бүрдээ бие даасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч Г.Мягмарыг бусдын бие махбодид давтан үйлдлээр хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна..
Шүүгдэгч Г.Мягмарыг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Г.Мягмар нь 1998 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар (17 нас 6 сар 7 хоногтой) болох нь түүний 102/006897 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 63)-р тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Мягмар нь хохирогч А.Анхбаярт 100.000 төгрөг, хохирогч Т.Билгүүнд 200.000 төгрөг тус тус нөхөн төлсөн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн гэж үзлээ.
Хохирогч нар нь Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд суухгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Мягмар нь насанд хүрээгүй байхдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч А.Анхбаяр, Т.Билгүүн нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тогтоолд тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Ганзоригийн Мягмарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3-т тус тус зааснаар шүүгдэгч Г.Мягмарт 6 (зургаа) сарын хугацаагаар засарч хүмүүжихийг даалгаж, П.Цэрэнсодномын хяналтад өгөх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулсугай.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
4. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Мягмарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ