Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2020/0166

 

 

     Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

      Нэхэмжлэгч: М.Ц

       Хариуцагч: БСШУС-ын сайд.

      Нэхэмжлэлийн шаардлага: “М*******” цогцолбор сургууль болон ******* дугаар сургуулиудын захирлын албан тушаалыг хүлээлгэн өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, үүний улмаас учирсан 14407532 төгрөгийн хохирлыг гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Б, нэхэмжлэгч М.Ц, түүний өмгөөлөгч Ш.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч М.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “Миний бие 2017 онд ******* дугаар сургуулийн гадаад хэлний сургалтын менежерээр ажиллаж байсан ба намайг удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэлтэй байгааг, мөн захирлын шалгуурыг хангасан гэж үзэн БСШУС Ж.Б-ын 2017 оны 03 сарын 10-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар БГД-ийн “М*******” цогцолбор сургуулийн захирлаар томилсон болно. Үүний дагуу 2017 оны 03 сарын 15-ны өдөр ******* дугаар сургуулийн Гадаад хэлний сургалтын менежерийн ажлыг хүлээлгэн өгч "М*******” цогцолбор сургуулийн захирлын үүрэгт ажлыг авахаар ажил хүлээлцэх комисс гарч тус сургууль дээр очиход Монгол улсын гавъяат багш Н.Л ажлаа өгөхгүй, миний хувийн өмчийн барилга, байгууламжийн асуудлыг яам хохиролгүй болгосон цагт ажил хүлээлцэнэ хэмээн миний бие тус сургуулийн захирлын албан тушаалыг хүлээж авч чадаагүй.

Үүний дагуу БСШУС Ж.Б-ын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/28 дугаар тушаалаар ******* дугаар сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байдаг. Гэвч тус сургуулийн хуучин захирал болох Р.Г-ын хүсэлтээр мөн Л миний бие тус сургуулийн захирлын ажлыг авч чадалгүй хүлээх болсон. Гэтэл өмнөх захирал Р.Г-ыг ажлаа 2018 он гараад надад хүлээлгэж өгнө гэсэн итгэлтэйгээр хүлээж байтал Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд 2018 оны 02 дугаар сард ******* дугаар сургуулийн захирлаар Ц.Ц-ыг томилж миний бие албан ёсоор ажилгүй болсон.

Өөрөөр хэлбэл, миний бие ******* дугаар сургуулийн Гадаад хэлний сургалтын
менежерээр 2017 оны 03 сарын 15 хүртэл ажиллаж байгаад үе үеийн БСШУС-ын тушаалуудаар 2018 оны 02 сарын 09-ний өдөр хүртэл нийт 11 сар ажилгүй байсан болно.

Энэ хугацаанд өөрийн асуудлыг шийдвэрлүүлэхээр 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр БСШУСайд Ц.Ц-д “ажлын байраар хангаж өгнө уу” гэх утга бүхий хүсэлт, 2017 оны 11 сарын *******-ны өдөр ахин БСШУСайд Ц.Ц-д "... ойн арга хэмжээний дараа таны асуудлыг шийдвэрлэнэ. Та 9 сар тэвчээртэй хүлээсэн хүн чинь дахиад сар гаруй тэсээд хүлээж бай ... гэх үгэнд итгэн хүлээж байна. иймдажлын байраар хангаж өгнө үү” гэх утга бүхий хүсэлт, 2018 оны 02 сарын 08-ны өдөр гуравдах удаагаа БСШУСайд Ц.Ц-д ажилгүй байсан хугацааны цалинг шийдвэрлэж өгөхийг” хүссэн хүсэлт тус бүрийг гаргаж байсан байдаг.

Дээрх хүсэлтүүдийг хүлээн авсан хэдий ч бичгээр хариу өгч байгаагүй бөгөөд
амаар “асуудлыг шийдвэрлэж өгнө, ажлын байраар хангах" тухай удаа дараа хэлж байсан болно. Хамгийн сүүлд дахин миний хүсэлтүүдийг хэрхэн шийдвэрлэх, хэзээ шийдвэрлэж өгөх талаар БСШУЯ-ны Ерөнхий боловсролын сургуулийн Хүний нөөц хариуцсан мэргэжилтэн Д.Н*******ын амаар өгсөн 2019 оны 10 сарын 30-ны өдрийн хариунд “шүүхээр шийдвэрлүүлнэ үү” гэсний дагуу арга буюу шүүхэд
хандсан байдаг. Тэгээд ч БСШУСайдын удаа дараагийн гаргасан шийдвэрүүд нь
хуулийн хүчин төгөлдөр байхаас гадна уг тушаалуудтай холбоотой аливаа
гуравдагч этгээдээс гомдол гаргаж байсан удаа байхгүй нь “М*******” цогцолбор
сургууль болон ******* дугаар сургуулиудын захирлын албан тушаал хуулийн хүчин
төгөлдөр болохыг харуулж байна. Гаргаж буй нэхэмжлэл нь уг тушаалыг
хэрэгжүүлээгүйтэй холбоотой болохыг онцлон тэмдэглэж байна.

Нэхэмжлэлийн шаардлага нь “М*******” цогцолбор сургууль болон ******* дугаар
сургуулиудын захирлын албан тушаалыг хүлээлгэж өгөөгүй, ажиллах боломжоор
хангаж, тушаалын биелэлтийг хангаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох билээ. Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12-д заасны дагуу ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлыг томилох чөлөөлөх эрх хэмжээ сайдад ба нэгэнт томилогдсон албан тушаалтанд Төрийн албаны тухай хуулийн /хуучин/ 27 дугаар зүйлийн 27.1.2-д заасны дагуу албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангуулах баталгааг эдлэх, нөгөөтээгүүр, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д “ажил олгогч нь ажилтныг ажлаар, ... хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох үүрэгтэй” гэж  заасныг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд зөрчсөн байна. Дээрх хуульд заасан зөрчлийг гаргасан буюу хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс ажиллах боломжгүй болж, улмаар ажилгүй байсан хугацаанд 14,407,532 төгрөгийн хохирол учирсан тул хоёрдугаар шаардлагаар дээрх мөнгөн дүнг нэхэмжилсэн болно” гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Тухайн үед Б сайд намайг дуудаад ямар шалтгаантай түр гүйцэтгэгчээр томилох тухайгаа хэлээд н.Л захирал өөрөө ямар шалтгаанаар ажлаасаа гарч байгаагаа өөрөө өндөр насны тэтгэвэрт гарах өргөдлөө өгсөн учраас бид нар чөлөөлж таныг томилох гэж байна гэж хэлж байсан. Тухайн үед яам хохироосон учраас хүсэлтээ бичиж өгсөн. Авлигатай тэмцэх газар яаманд шалгалт хийгдсэн байдаг. 2 жилийн хугацаанд тухайн хүнийг их хүлээсэн. Би хохирсон ч гэсэн төрийн захиргааны төв байгууллагад итгэж хүлээсэн. Эцэст нь шүүхэд нэхэмжлэл гаргасан гэдгээ хэлмээр байна” гэв.  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч иргэн Ц нь боловсролын салбарт 30 жил ажилласан. Үүнээс 22 жилийг Улсын тэргүүний ******* дугаар сургуульд ажилласан. 18 жил удирдах албан тушаал эрхэлсэн. 2015 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнагдаж байсан. Төрийн үйлчилгээний албан тушаалтны удирдах албан тушаалтан сонгон шалгаруулалтын нөөцөд бүртгэгдсэн мэргэшсэн төрийн албан хаагч байсан. 2015 онд ******* дугаар сургуулийн гадаад хэлний сургалтын менежерээр ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаанд удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэлтэй байгааг удирдах албан тушаалтанд ажиллах нөхцөлийг хангасан гэж үзээд Боловсрол, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар Баянгол дүүргийн “М*******” цогцолбор лаборатори сургуулийн захирлаар томилогдсон. 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ******* дугаар сургуулийн гадаад хэлний сургалтын менежерийн ажлыг хүлээлгэн өгч сайдын тушаалын дагуу Баянгол дүүргийн “М*******” цогцолбор лаборатори сургуулийн захирлын ажлын хүлээн авах ажил хүлээлцэх комисс гарч өгсөн байдаг. 

Тухайн үед Баянгол дүүргийн “М*******” цогцолбор лаборатори сургуулийн захирал Монгол Улсын гавьяат багш н.Л “би захирлын ажлаа хүлээлгэн өгөхгүй, миний хувийн өмчийг хохиролгүй болгосон цагт эдийн хөрөнгийн маргаан шийдэгдсэний дараагаар ажил хүлээлцэнэ” гэж хэлэхэд ажил хүлээлцэх комисс ажлыг хүлээлцэж чадаагүй. Үүний улмаас миний үйлчлүүлэгч нь сургуулийн захирлын албан тушаалыг хүлээн авч чадаагүй юм. Боловсрол, шинжлэх ухаан, спортын сайд 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/28 дугаар тушаалаар ******* дугаар сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Тус сургуулийн захирлын хүсэлтээр мөн Ц сургуулийн захирлын албан тушаалын ажлыг хүлээж авч чадаагүй. ******* дугаар сургуулийн захирлаар 2018 оны 2 дугаар сард н.Ц гэдэг хүнийг томилж, М.Ц захирлын ажил албанд очих боломжгүй болсон. Сүүлд ******* дугаар сургуулийн захирлын тушаалаар М.Ц нь сургалтын менежерээр томилогдсон. ******* дугаар сургуулийн сургалтын менежерээр 2017 оны 03 дугаар сар хүртэл ажиллаж байтал үе үеийн сайдуудын тушаалаар 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл нийт 11 сарын турш ажилгүй байсан. Энэ хугацаанд М.Ц нь өөрийн сайн дураар нийгмийн даатгалын санд нийт 968.000 төгрөг төлсөн. Баянгол дүүргийн “М*******” цогцолбор лаборатори сургуульд 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд ээлжийн амралтыг оруулан тооцож ажилласан гэж үзвэл 9.076.725 төгрөгийн хохирол, ******* дугаар сургуульд ажиллаж байсан хугацааг үзээд 4.470.807 төгрөгийн хохирол буюу нийт 13.547.532 төгрөгийн хохирол учирсан байгаа юм.

Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар төрийн албан хаагчийн удирдах албан тушаалд томилогдсоноос хойш ажил албан тушаалд ажиллах боломжоор хангаагүй гэдэг гомдлыг гаргасан.  Төрийн албаны тухай хуучин хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-т заасны дагуу ажил албан тушаалд шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангуулах баталгааг эдлэх эрхтэй байсан.  Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй.” гэж заасны дагуу ажил олгогч ажилтанд тохирсон цалин хөлсийг олгох үүргийг төрийн захиргааны төв байгууллага хангах үүрэгтэй байдал үүнийг хангаагүйн улмаас ийм хэмжээний нөхцөл байдал үүссэн гэж үзээд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу хөдөлмөрийн үүрэг, хөдөлмөрийн хөлсөнд тохирох цалин хөлсийг олгох үүргийг үндэслэл болгон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-т заасны дагуу нэхэмжлэл гаргасан. Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасны дагуу захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлд төрийн үйлчилгээний албан тушаалтны тодорхойлж өгсөн.   Ингээд учирсан хохирлыг гаргуулж өгнө үү гэж хүсч байна”

Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Захиргааны байгууллагын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгохоор гаргасан. М.Ц-д эрх үүссэн бөгөөд дараагийн тушаал гарч комисс үүсгээд сайд шийдвэр гаргасан. Сайд тушаал гаргаснаар тушаалын биелэлтийг хангагдах баталгаа нь үүсч байгаа юм. Ажлын байраар хангагдах эрх нь үүссэн байсан. 2 удаагийн тушаалтай маргаагүй, хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйтэй маргаж байгаа юм. Захиргааны актын үйл ажиллагаатай маргаж байгаа юм. Тушаалыг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй нь М.Ц-д хохирол үүсэх нөхцөл байдал үүсгэжээ. Үнийн дүн 14 сая төгрөг болж байгаа юм. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-т зааснаар захиргааны байгууллага шуурхай зарчмыг мөрдөж ажиллагаагүйгээс болоод 11 сар гэх хугацаа гарч ирсэн юм. Цалингийн хэмжээ болоод бусад байдлаар цаг хугацаагаар хохирлын хэмжээ тогтоогдож гарч ирээд байгаа юм.

Захиргааны актыг хэрэгжүүлэх үүрэг захиргааны байгууллагад өөрт нь байгаа юм. Захиргааны ерөнхий хуулийн 84.1-т зааснаар захиргааны актыг батлан гаргасан захиргааны байгууллага шийдвэрийг гүйцэтгэх ёстой. Гэтэл захиргааны байгууллага гаргасан шийдвэрийг гүйцэтгээгүй. Ямар нэгэн байдлаар хүч хэрэглэсэн байдлаар албадлагын арга хэмжээ авах боломж захиргааны байгууллагад байсан боловч энэ үүргийг хэрэгжүүлээгүй. Иймд эс үйлдэхүйгээр захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учирсан хохирлыг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагчийн зүгээс тушаал гарсны дараа маргааш нь очсон гэх тайлбар хэллээ. М******* сургууль дээр хэзээ очсон гэхэд хариуцагч хэдийгээр нотлох баримтыг цуглуулах шаардлагатай байдаг ч өөрөө нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй байдаг. Хариуцагч цаг хугацааны хувьд холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй учраас нотлогдоогүй тайлбар гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч МУСЯ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн М.Ц-аас БСШУС-д холбогдуулан гаргасан Ерөнхий боловсролын лаборатори “М******* цогцолбор”
сургууль болон Ерөнхий боловсролын лаборатори ******* дугаар сургуулийн захирлын албан тушаалыг хүлээлгэж өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, түүний улмаас ажилгүй байсан 14,407,532. төгрөгийн учирсан хохирлыг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Нэг: БСШУС-ын  2017 оны 03 сарын 10-ны өдөр Б/07 дугаар тушаалаар М.Ц-г Ерөнхий боловсролын лаборатори “М******* цогцолбор” сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа дуусах хүртэлх хугацаанд захирлын үүрэг гүйцэтгэгчээр М.Цг томилсон. Тухайн шийдвэр гарсан даруй М.Ц нь үүрэгт ажил болох *******-р сургуулийн гадаад хэлний сургалтын менежерийн үүрэгт ажлаасаа сайн дураар чөлөөлөгдсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 39.1-т “Хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно”- гэж заажээ. Үүний дагуу М.Ц халагдах өргөдлөө өгснөөс хойш 30 хоногийн хугацаанд *******-р сургуулийн гадаад хэлний менежер албан тушаал дээрээ ажиллах ёстой байтал ажиллаагүй болох нь харагдаж байна.

Хоёр: БСШУС-ын яамны хувьд 2017 оны 03 сарын 10-ны өдөр Б/07 дугаар тушаал гарч тухайн тушаалын биелэлтийг хангуулахаар ажиллаж байсан.

Иймд М.Ц******* нь тус хугацаанд өөрийн хүсэлтээр ажлаасаа халагдсан нь буруу гэж үзэж байна. Тухайн шийдвэрийн биелэлт хангагдсан үед М.Ц нь үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн бол маргаан бүхий нөхцөл байдал үүсэхгүй байсан. Тиймээс маргаан бүхий тухайн шийдвэрийн биелэлт хангагдсан үед М.Ц нь үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх ёстой байсан гэж үзэж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл БСШУС-ын 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/07 дугаар болон 2017 оны 11 дүгээр сарын Б/28 дугаар тушаалуудыг Боловсролын сайд хууль тогтоомжийн дагуу гаргасан. Эдгээр тушаалууд гараад хэрэгжээгүйгээс болоод нэхэмжлэгчид 14 сая төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байгаа гэж ойлголоо. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид учирсан 14 сая төгрөгийн хохирлыг захиргааны байгууллагаас гаргасан ямар нэгэн шийдвэрийн улмаас үүдэлтэй гэж үзэхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т заасны дагуу ******* дугаар сургуулийн сургалтын менежерээр ажиллаж байхдаа М.Ц нь өөрөө сайн дураараа өргөдлөө өгсөн байдаг.  Өөрөө өргөдлөө өгөхөд нь яамны зүгээс ямар нэгэн шахалт шаардлага тавиагүй. Сайн дураараа өргөдлөө өгсөн асуудал байна.  Ийм учраас учирсан хохирлыг гаргуулах боломжгүй юм. Сайдаас гаргасан тушаалын хувьд н.Л захирал өндөр насны тэтгэвэрт гарах нас нь хүрсэн байсан.  Сайд ямар үндэслэлээр М.Ц-г захирлын үүргийг түр гүйцэтгэгчээр тушаал гаргасанг сайн мэдэхгүй байна. Сайдын тушаал гарсантай холбогдуулан тушаалыг хэрэгжүүлэх үүднээс ажлын хэсэг байгуулагдаж нэр бүхий хүмүүс очсон байдаг. Ажлын хэсгийн хүмүүс учиргүй дайрч давшлан тамга тэмдгийг хураан авсан явдалгүй. Харилцан тохиролцон бие биедээ хүндэтгэлтэй хандах үүднээс ******* дугаар сургуулийн захирал н.Г-ын удирдлагын зүгээс авч хэрэгжүүлж байгаа байдал, аудитын тайланд зөрчилтэй байсан учраас ажлаас чөлөөлсөн байдаг. Ингээд М.Ц-г захирлын түр үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Тухайн албан тушаалд бүр мөсөн томилсон бус сонгон шалгаруулалтын хугацаагаар буюу түр хугацаанд үүрэг гүйцэтгэгчээр томилсон асуудал байгаа юм. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч маш уялдаагүй хуулийн заалтууд тайлбарлалаа. Жишээ нь тухайн хүн тухайн албан тушаалд очиж жинхлэгдсэний дараагаар тухайн албанд очихоор байсан. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах боломжгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д зааснаар захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаанаас болж хохирол учруулсан бол гэдэгт захиргааны байгууллагын ажиллагаанаас бус харин нэхэмжлэгч М.Ц нь өөрөө сайн дураараа өргөдлөө өгч цуцалсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

Нэхэмжлэгч М.Ц “М*******” цогцолбор сургууль болон ******* дугаар сургуулиудын захирлын албан тушаалыг хүлээлгэн өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, үүний улмаас учирсан 14407532 төгрөгийн хохирлыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр БСШУС-ын 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар Баянгол дүүргийн “М*******” цогцолбор сургуулийн захирлын, мөн сайдын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/28 дугаар тушаалаар ******* дугаар сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр тус тус томилогдсон хэдий ч ажил хүлээлцүүлж, ажиллах боломжоор хангаагүй нь хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй бөгөөд хариуцагч гаргасан актын биелэлтийг хэрэгжүүлээгүйгээс ажилгүй байсан хугацаанд 14407532 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж дүгнэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нэхэмжлэгч М.Ц боловсролын байгууллагад олон жил ажилласан, Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад орж тэнцэж, ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын нөөцөд бүртгэгдсэн төрийн албан хаагч байна.

М.Ц БСШУС-ын 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар Баянгол дүүргийн “М*******” цогцолбор сургуулийн захирлын, мөн сайдын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/28 дугаар тушаалаар ******* дугаар сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр тус тус томилогдсон боловч өмнөх захирлууд ажлаа хүлээлгэж өгөөгүй шалтгаанаар уг тушаалууд хэрэгжээгүй байна.

Хариуцагчаас “М*******” цогцолбор сургуулийн захирлын ажлыг хүлээлцүүлэх албан ёсны комисс томилогдоогүй хэдий ч тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын ам шийдвэрээр хүний нөөцийн, хуулийн болон сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тус сургууль дээр ажил хүлээлцүүлэхээр ажилласан боловч өмнөх удирдлага нь өмчийн маргаантай гэсэн үндэслэлээр, мөн ******* дугаар сургуулийн захирлын ажлыг хүлээлцэхээр тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.О*******, мэргэжилтэн Д.Н*******, Б.А******* нар ажилласан боловч хуучин захирал нь тамгаа аваад явсан ирээгүй учир ажил хүлээлцүүлэх ажил тус тус хэрэгжээгүй үйл баримтууд тогтоогджээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн нөхцөл байдлаас үзэхэд хариуцагч  байгууллагаас М.Ц-г дээрх сургуулиудын захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон тушаалаа хэрэгжүүлэхийн тулд ажлын хэсэг зохион байгуулан ажиллуулсан байгаа нь уг албан тушаалыг хүлээлгэн өгөөгүй эс үйлдэхүй байсан гэж үзэх боломжгүй гэж дүгнэв.

“М*******” болон нийслэлийн ерөнхий боловсролын ******* дугаар цогцолбор сургуулиудын захирлын ажлыг хүлээлцэх үйл ажиллагаа бодитой хэрэгжээгүй нь хариуцагч Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үйл ажиллагаанаас шалтгаалаагүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус гэж үзсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд захиргааны акт хууль бус байх, үүнээс үүссэн хохирол мөн хууль бус шийдвэрийн улмаас үүссэн байхыг шаардана.

Гэтэл БСШУС-ын Б/07 болон Б/28 дугаар тушаалуудыг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, эдгээр тушаалуудыг хууль бус гэж шийдсэн эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй байна.

Мөн Б/07 дугаар тушаалыг хариуцагч өөрийн Б/28 дугаар тушаалаар хүчингүй болгосон харин Б/28 дугаар тушаал нь ерөнхий боловсролын ******* дугаар сургуулийн захирлаар Ц.Ц*******рыг томилсон 2018 оны 02 дугаар сараас эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болсон одоо хүчин төгөлдөр акт гэж үзэхээргүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч М.Ц нь 2017 оны 03 дугаар сард ******* дугаар сургуулийн сургалтын менежерийн ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөнийг хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус байснаас шалтгаалсан гэж дүгнэх боломжгүй байна.

Тодруулбал захирлын ажлыг хүлээж аваагүй нэхэмжлэгчийн хувьд шинээр өөр сургуулийн захирлаар томилсон тушаал бүрэн хэрэгжээгүй байхад ******* дугаар сургуулийн захирлын тушаалаар сургалтын менежерийн ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөнийг зөвтгөх, харин эсрэгээрээ М.Цг захирлын ажилд томилсон боловч ажил хүлээлцүүлэх үйл ажиллагааг  хэрэгжүүлээгүй  үндэслэлээр хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

Нөгөө талаар захиргааны байгууллага гаргасан шийдвэрээ биелүүлэхийг шаардах, биелүүлэхгүй тохиолдолд албадан биелүүлэх боломжтой, энэ үүргээ бодитой хэрэгжүүлээгүй үйл баримт байгаа хэдий ч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн нэхэмжлэгчийн хувьд хариуцагчийн эс үйлдэхүйгээс хохирол учирсан гэж дүгнэх боломжгүй.

Учир нь нэхэмжлэгч захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн хохирлыг л шаардах эрхтэй бөгөөд захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаа нь захиргааны актыг хэрэгжүүлэх талаар огт шийдвэр гаргаагүй, зохион байгуулаагүй эсхүл хууль бусаар татгалзсан байх нөхцөлөөр тодорхойлогдохоор байна.

Гэтэл үр дагавар бүхий дээрх тушаалуудыг  хэрэгжүүлэхээр ажлын хэсэг гарган ажиллуулсан нэхэмжлэгчид учирсан хохирлыг барагдуулахыг ******* дугаар сургуульд уламжилж албан бичиг[1] хүргүүлсэн зэрэг зохион байгуулалтын шинжтэй үйл баримтууд тогтоогдсон нь хариуцагчийг энэ талаар хууль бус эс үйлдэхүй гаргасан, хууль бусаар татгалзсан гэж дүгнэх боломжгүй.

            Нөгөө талаар нэхэмжлэгч БСШУС-ын тушаалаар өөр ажилд үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон, уг захиргааны акт бодитой хэрэгжээгүй, хариуцагчаас тодорхой хугацаанд хүлээлт үүсгэж, ажилгүй байснаас хохирол учирсан гэх боловч хариуцагчийн шийдвэрлэхгүй байгаа асуудлаар гомдол гаргаагүй байна.

          Түүнчлэн Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 28.1.12-т “....ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх;” гэсэн бүрэн эрхийн хүрээнд гарсан сайдын Б/07, Б/28 дугаар тушаалуудыг хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгчид шууд хохирол учирсан гэж дүгнэх боломжгүй. 

          Ийнхүү дээрх байдалд дүгнэлт хийхэд хариуцагчийн Б/07, Б/28 дугаар тушаалуудыг биелүүлэх талаар хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус байсан гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг үндэслэн ТОГТООХ нь:

            1.Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12-т заасныг баримтлан “М*******” цогцолбор сургууль болон ******* дугаар сургуулиудын захирлын албан тушаалыг хүлээлгэн өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, үүний улмаас учирсан 14407532 төгрөгийн хохирлыг гаргуулах нэхэмжлэгч М.Цгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дугаар зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Захиргааны хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  114  дүгээр  зүйлийн

114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

             

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        А.НАСАНДЭЛГЭР

 


[1]Хавтас хэргийн 68 дугаар хуудас