Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 000/0000/0000/З |
Дугаар | 221/МА2014/0262 |
Огноо | 2014-07-02 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2014/0262
М-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б, хариуцагч Д.Д, Д.Н, Г.Э нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 199 дүгээр шийдвэрт хариуцагч нараас гаргасан давж заалдах гомдлын дагуу М-н нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын ахлах байцаагч Д.Н, гаалийн улсын байцаагч Д.Д, Г.Э нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Гаалийн улсын байцаагч нарын 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 30/13 дугаар актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлж өгнө үү” гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Сангийн яамнаас өгсөн чиглэлийн дагуу Гаалийн ерөнхий газрын даргын удирдамжаар нэхэмжлэгчийн 2009- 2012 онуудад хөнгөлөлт чөлөөлөлтийн горимоор импортолсон барааны гаалийн мэдүүлэг болон бусад баримтад шалгалт хийсэн. Энэ хугацаанд Оросын Холбооны Улсаас бусад орноос импортолсон 48,6 тэрбум төгрөгийн бараа материалд Гаалийн тухай хуулийн 293.2-т зааснаар татвар, торгууль төлүүлэхээр тогтоосон. 1949 оны хэлэлцээр нь зөвхөн Монгол, Орос улсуудын хооронд байгуулагдсан бөгөөд гадаад худалдааны үндсэн дээр бусад улсаас импортолсон барааг татвараас чөлөөлөх үндэслэлгүй. Хэлцлийн 10 дугаар зүйлийн агуулга ч адил байна. Улаанбаатар төмөр зам нийгэмлэг нь бусад гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн адил хуулийг мөрдөх үүрэгтэй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 199 дүгээр шийдвэрээр: “Гаалийн тухайн хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, 293 дугаар зүйлийн 293.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн нэхэмжлэлийг хангаж, Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын ахлах байцаагч Д.Н, гаалийн улсын байцаагч Д.Д, Г.Э нарын тогтоосон 2013 оны 04 дүгээр сарын 19- ний өдрийн 30/13 дугаар актыг илт хүчин төгөлдөр бус акт болохыг хүлээн зөвшөөрч” шийдвэрлэжээ.
Хариуцагч нар давж заалдах гомдолдоо: “Сангийн яамнаас өгсөн чиглэлийн дагуу Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 02 дугаар сарын 20-ны 08/13 дугаар удирдамжаар шалгалт хийгдсэн. Шалгалтын явцад тус нийгэмлэгийн 2009-2012 онуудад хөнгөлөлт чөлөөлөлтийн 401 кодын горимоор бүрдүүлэлт хийж татвараас чөлөөлүүлсэн нийт 684,0 тэрбум төгрөгийн бараа, материал импортолсон байна. Үүнээс Оросын Холбооны Улсаас 635,4 тэрбум төгрөгийн бараа, материалыг, үлдсэн 48,6 тэрбум төгрөгийн бараа, материалыг бусад улс орноос гадаад худалдааны гэрээний үндсэн дээр импортолсон байна. Бусад улс орноос гадаад худалдааны гэрээний үндсэн дээр импортолсон 48,6 тэрбум төгрөгийн бараа, материалд Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 293. 2 дахь заалтыг үндэслэн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар 7,446,105,888.95 төгрөгийг, торгуульд 2,233,831,766.68 төгрөгийг тус тус ногдуулж, гаалийн улсын байцаагчийн 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 30/13 дугаар төлбөрийн актаар нийт 9,679,937,655.63 төгрөгийн татвар, торгуулийг нөхөн төлүүлэхээр тогтоосон.
Дээрх акттай холбоотой Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас гаргасан нэхэмжлэлд дурдсаны дагуу “Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс хоорондын 1949 оны Хэлэлцээр (цаашид Хэлэлцээр гэх)-ийн 8 дугаар зүйлийн “ж” болон 10 дугаар зүйлийн дагуу тус нийгэмлэгийн импортолсон дээрх бараа, материал нь гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөнө” гэж үзсэн нь дараах нөхцөл байдлуудын улмаас үндэслэлгүй юм. Үүнд:
1949 оны хэлэлцээрийн хэлэлцэн тохирогч тал биш бусад улс орнуудаас импортолсон бараанд Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг холбогдох гаалийн болон бусад татварыг төлдөг. Жишээ нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь 2010 онд 911000608 дугаар гаалийн мэдүүлгээр Америкийн Нэгдсэн Улсаас 1,1 сая төгрөгийн үнэтэй цахилгаан халаагуурыг импортлохдоо 176,8 мянган төгрөгийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг төлж бараагаа авсан. Мөн 2011 онд 03-2091015-11-131775 дугаар гаалийн мэдүүлгээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас 8,7 сая төгрөгийн барааг импортлохдоо 1,4 сая төгрөгийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг төлсөн нь 1949 гэрээ нь бусад улс орнуудад хамааралгүй нь нотлогдож байна.
Иймд дээр дурдсан үндэслэл, шаардлага, нөхцөл байдлыг хянан үзээд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 199 дүгээр шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, Гаалийн улсын байцаагчийн 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 30/13 дугаар актыг хэвээр үлдээж өгнө үү" гэжээ.
Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагч нар Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын 2009-2012 онуудад импортоор авсан барааны гаалийн болон санхүүгийн бичиг баримтад тулгуурлан бүрдүүлэлтийн дараах шалгалтыг хийгээд 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 30/13 дугаар актаар бусад улс орноос импортлох гэрээтэй бараа, тээврийн хэрэгслийг Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс хоорондын 1949 оны хэлэлцээрийн 1, 8, 10 дугаар зүйлүүдийн заалтад хамруулан гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж, гаалийн бүрдүүлэлтийн 401 горимын кодоор гаалийн бүрдүүлэлт хийсэн зөрчил гаргасан гэж үзэн Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 293.2-д заасныг үндэслэн горим буруу сонгож, татвараас чөлөөлсөн барааны үнэ 48,039,392,831.92 төгрөгийн зөрчилд 7,446,105,888.95 төгрөгийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг нөхөн ногдуулж, 2,233,831,766.78 төгрөгийн торгууль, нийт 9,679,937,655.63 төгрөгийг төлүүлэхээр тогтоожээ.
Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Зөвлөлтийн Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улсын хоорондох найрамдлын харилцааг бэхжүүлэн эдийн засгийн харилцааг цаашид хөгжүүлэх зорилгоор Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар ба Зөвлөлтийн Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар нь Наушка тосгоны район дахь Монгол Зөвлөлтийн хил дээр байгаа хязгаарын боомтоос Улаанбаатар хот хүртэл төмөр замын шугамыг тавих ба ашиглахын тулд Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэгийг байгуулахаар хэлэлцэн тохирч 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хэлэлцээр байгуулж, хэлэлцээрийнхээ Наймдугаар зүйлийн “ж”-д “Төмөр замын хайгуул шинжилгээ ба барилга болон ашиглалтад чухал хэрэглэгдэх төхөөрөмж материалуудыг шалган үзэх ба гааль татвар хураахгүйгээр Бүгд Найрамдах Монгол Ард Улсад нэвтрүүлэн оруулж байх...”-аар тохиролцжээ. Олон улсын гэрээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д “Олон улсын гэрээ” гэж Монгол Улс, Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Засгийн газраас гадаадын нэг буюу хэд хэдэн улс, тэдгээрийн Засгийн газар, олон улсын байгууллагатай тодорхой асуудлаар харилцан эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлон тогтоосон, олон улсын эрх зүйгээр зохицуулагдах хоёр буюу олон талын бичгээр үйлдсэн тохиролцоог хэлнэ”,
Монгол Улсын Үндсэн хуулийн хавсралт Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Үндсэн хуулиас Монгол Улсын Үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих тухай хуулийн Зургаадугаар зүйлийн 1-д “Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болох хүртэл даган мөрдөж ирсэн бөгөөд мөнхүү Үндсэн хуульд харшлахгүй Бүгд Найрамдах Монгол Ард Улсын олон улсын гэрээг Монгол Улс цаашид нэгэн адил дагаж мөрдөнө” гэх заалтуудаас үзвэл Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Зөвлөлтийн Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хооронд байгуулсан 1949 оны хэлэлцээр нь олон улсын гэрээнд хамаарч, өнөөг хүртэл даган мөрдөгдөж байна.
Дээрх олон улсын гэрээ нь хоёр улсын Засгийн газар хооронд байгуулагдсан хоёр талт гэрээ учир гэрээгээр хүлээсэн үүргийг тухайн байгуулсан этгээдүүд даган биелүүлэх ёстой. Тиймээс төмөр замын ашиглалтын зориулалтаар “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг гадаад улсаас бараа материал импортолж байгаа тохиолдолд аль улсаас оруулж байгаагаас үл шалтгаалж гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас гэрээний Наймдугаар зүйлийн “ж”-д зааснаар чөлөөлөх үүргийг Монгол Улс /Засгийн газар/ хүлээжээ.
Харин энэ талаар хариуцагч тал буруу тайлбарлаж, татвар ногдуулахаар акт тогтоожээ. Тухайлбал, Хэлэлцээрийн бусад заалтуудтай харьцуулан үзвэл гэрээний Наймдугаар зүйлийн “ж”-ийн “төмөр замын хайгуул шинжилгээ ба барилга болон ашиглалтад чухал хэрэглэгдэх төхөөрөмж материалуудыг шалган үзэх ба гааль татвар хураахгүйгээр Бүгд Найрамдах Монгол Ард Улсад нэвтрүүлэн оруулах” тухай заалтыг зөвхөн Зөвлөлтийн Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улс /Оросын Холбооны Улс/-аас импортолж байгаа бараа материалд хамаарна гэж ойлгогдохооргүй байна.
Гаалийн улсын байцаагч нар “хоёр улсын Засгийн газар хоорондын хоёр талт олон улсын гэрээний оролцогч тал бус бусад улс орнуудаас бараа импортолсноороо татвар төлнө” гэх боловч энэ нь үндэслэлгүй. Тодруулбал, импортолсон бараанд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах эсэх нь түүнийг төлөх этгээд буюу импортолж байгаа Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт хамааралтай учраас хоёр улсын Засгийн газар гэрээгээрээ ийнхүү импортолж байгаа бараанд татвар ногдуулахгүй байхаар тохирсон гэж үзэхээр байна. Харин гадаад худалдааны гэрээний үндсэн дээр худалдсан этгээдэд /Оросын Холбооны Улс ч хамаарна/ бараа материалыг Монгол Улс хилээрээ нэвтрүүлэхдээ татвар ногдуулах эсэх /өөрөөр хэлбэл Улаанбаатар төмөр зам татвар төлөх эсэх/ нь хамааралгүй тул экспортлогч улс орнуудыг гэрээнд нэрлэн заах шаардлагагүйгээс гадна хоёр талт гэрээнд бусад улсууд нэгдэн орох тухай ойлголт байхгүй. Иймд тухайн улсууд 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс өмнө байгуулагдсан байсан, эсхүл Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн байсан эсэх нь энд хамааралгүй.
Дээрхээс дүгнэн үзэхэд “Улаанбаатар төмөр зам” Хувь нийлүүлсэн нийгэмлэгээс зөвхөн өөрийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх барааг импортолсон тохиолдолд Гаалийн байгууллага Олон улсын гэрээний тухай хуулийн 19 дүгээр зүйлд “Монгол Улсын яам, тусгай газар болон тухайн гэрээгээр зохицуулж байгаа асуудлын хүрээнд хамрагдах бусад байгууллага монголын талын гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангана”, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-д “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр тогтоосон бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль тогтоомж нь Татварын ерөнхий хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ”, Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-д “Монгол Улсын олон улсын гэрээнд Монгол Улсын татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж заасны дагуу олон улсын гэрээний заалтыг биелүүлж гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг хураахгүй байх үүрэгтэй байна.
Энэхүү үүргээ гаалийн байгууллага урьд биелүүлж байсан нь Гаалийн газар,
хороодын дарга нарт хандаж Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын хэрэгцээнд гэрээний дагуу импортолсон тоног төхөөрөмж, эд материалыг Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Зөвлөлтийн Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээрийг үндэслэн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж, гаалийн бүрдүүлэлтийн “401”горимоор бүрдүүлэлт хийхийг зөвшөөрч байсан Гаалийн ерөнхий газрын даргын 2009, 2011,2012 оны албан бичгүүдээс тодорхой харагдаж байна.
Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧИД Б.ТУНГАЛАГСАЙХАН
Ц.ЦОГТ
Д.БАТБААТАР