Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 005

 

 Х.Е, К.Ө нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Ө- даргалж, шүүгч Б.Дамба, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 148 дугаар цагаатгах тогтоолтой, Х.Е-, К.Ө-  нарт холбогдох эрүүгийн 201504000296 дугаартай хэргийг Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд тус аймгийн ерөнхий прокурор Т.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маншүк, цагаатгагдсан этгээд Х.Е-, цагаатгагдсан этгээд К.Ө-ийн өмгөөлөгч А.Серикжан нар оролцов.

 

Цагаатгагдсан этгээд: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1984 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн С суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Ө сумын 2 дугаар багт оршин суудаг, бага боловсролтой, мэргэжилгүй, “Газрын-Од” ХХК-д хот хоорондын хүн тээврийн жолооч ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт К-ын Ө, регистрийн дугаар БИ00000000,

 

Цагаатгагдсан этгээд: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1986 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Х аймгийн Бэрхийн уурхай гэх газар төрсөн, 31 настай, эрэгтэй, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Ө сумын 6 дугаар баг, 00 тоотод оршин суудаг, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Захиргаа удирдлагын тасгийн дарга ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, А овогт Х-ны Е-, регистрийн дугаар СФ00000000.

 

Цагаатгагдсан этгээд К.Ө- нь 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 74-60 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргаж, захиргааны журмаар шалгагдах хугацаандаа өөрийн үйлдсэн гэмт хэргийг нуун дарагдуулах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулахгүй байх зорилгоор нийтийн албан тушаалтан Замын цагдаагийн тасгийн ахлах байцаагч Х.Е-д хээл хахуульд 800000 төгрөг өгч 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт хамаарах,

 

Цагаатгагдсан этгээд Х.Е- нь Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн ахлах зохицуулагчаар ажиллаж байхдаа хээл хахууль өгөгч К.Ө-ийн ашиг сонирхлын үүднээс түүний 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр холбогдсон гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг нуун дарагдуулж, 262622 дугаартай жолоочийн үнэмлэхийг буцаан өгч хээл хахуульд 800000 төгрөг авч 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 148 дугаар цагаатгах тогтоолоор:

“1. Шүүгдэгч Х.Е-, К.Ө- нарыг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр тус тус цагаатгасугай.

2. Х.Е-, К.Ө- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Энэ хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэлгүй, Х.Е-, К.Ө- нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Х.Е- нь 28 хоног цагдан хоригдсон, К.Ө- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Е-, К.Ө- нарт холбогдуулан үйлдсэн прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 121 дугаартай яллах дүгнэлтийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.

5. Эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД, бичгийн баримтаар ирүүлсэн Х.Е-ы эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, К.Ө-ийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг тус тус хэргийн хамт прокурорт хүргүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар К.Ө-, Х.Е- нар нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас эд хөрөнгө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санаанд хохирол учирсан гэж үзвэл уг хохирлыг төлүүлэх, үр дагаврыг арилгуулахаар Цагаатгах тогтоолыг хүлээн авснаас хойш 10 жилийн дотор Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

7. Хэрэгт Х.Е-ы өмчлөлийн “Шарп” маркийн 41 инчийн хавтгай дэлгэцтэй телевизор, “Веко” маркийн 2 хаалгатай хөргөгч зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.” гэж шийдвэрлэжээ.

 

Прокурорын эсэргүүцэлд: “Яллагдагч К.Ө- нь 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 74-60 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргаж, захиргааны журмаар шалгагдах хугацаандаа өөрийн үйлдсэн гэмт хэргийг нуун дарагдуулах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулахгүй байх зорилгоор нийтийн албан тушаалтан Замын цагдаагийн тасгийн ахлах байцаагч Х.Е-д хээл хахуульд 800000 төгрөг өгсөн, яллагдагч Х.Е- нь нийтийн албан тушаалтан бүхий Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн ахлах зохицуулагчаар ажиллаж байхдаа хээл хахууль өгөгч К.Ө-ийн ашиг сонирхлын үүднээс түүний 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр холбогдсон гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг нуун дарагдуулж, 262622 дугаартай жолоочийн үнэмлэхийг буцаан өгч хээл хахуульд 800000 төгрөг авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас X.Е-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт, К.Өмибекийг мөн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 121 тоот яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд, “шүүгдэгч К.Ө- нь 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 74-60 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргаж, захиргааны журмаар шалгагдах хугацаандаа өөрийн үйлдсэн гэмт хэргийг нуун дарагдуулах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулахгүй байх зорилгоор нийтийн албан тушаалтан Замын цагдаагийн тасгийн ахлах байцаагч Х.Е-д хээл хахуульд 800000 төгрөг өгсөн, шүүгдэгч Х.Е- нь нийтийн албан тушаалтан бүхий Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн ахлах зохицуулагчаар ажиллаж байхдаа хээл хахууль өгөгч К.Ө-ийн ашиг сонирхлын үүднээс түүний 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр холбогдсон гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг нуун дарагдуулж, 262622 дугаартай жолоочийн үнэмлэхийг буцаан өгч хээл хахуульд 800000 төгрөг авсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

Хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна гэж байгааг хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ. Учир нь ...шүүгдэгч X.Е-ыг “албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй” гэсэн үндэслэл тогтоогдохгүй байна. Дээрх байдлаас дүгнэхэд шүүгдэгч К.Ө-, X.Е- нар нь энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдохгүй байх тул тэднийг энэ хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүчингүй болгож, К.Ө-, X.Е- нарыг цагаатгаж, хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв.” гэж дүгнээд цагаатгах тогтоолын 1 дэх заалтаар тэднийг цагаатгаж, 4 дэх заалтаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын яллах дүгнэлтийг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж шийджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийг баримтлан шүүгдэгч нарыг цагаатгасан шүүхийн энэхүү цагаатгах тогтоол нь хууль бус болжээ. Учир нь шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэж цагаатгах тогтоол гаргасан байна гэж дээд шатны прокурор үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоол гаргавал хэргийг прокурорт хүргэж улмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах болж байна. Хэрэг нь байгаа боловч уг хэргийг шүүгдэгч нар үйлдсэн нь нотлогдоогүй бол дээрх заалтыг удирдлага болгох ёстой юм. Гэтэл хахууль өгсөн, авсан гэмт хэргийн хувьд өгсөн авсан гэх хоёр хүнийг цагаатгасан тохиолдолд цаана нь хэрэг үлдэх учиргүй.

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд “К.Ө-, X.Е- нар нь энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдохгүй байх тул тэднийг энэ хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүчингүй болгож” гэж дүгнэсэн нь шүүгдэгч нарыг өөр гэмт хэрэгт холбогдуулан дахин шалга гэсэн логиктой болжээ. Ингэснээр хүнийг нэг гэмт хэрэгт нэг удаа ял шийтгэх хуулийн үзэл баримтлал алдагдаж, хууль тогтоогчийн үзэл санаатай зөрчилдөж байна. Хэргийг хэрэгсэхгүй болгоогүй нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулан дахин гэмт хэрэгт холбогдуулан шалгахад хүргэсэн байна. Шүүхийн шийдвэр дутуу гарсан буюу хэргийг хэрэгсэхгүй болгоогүй байж шүүгдэгч нарыг цагаатгасан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэнтэй холбоотой байна.

Шүүгдэгч К.Ө-, X.Е- нарыг цагаатгасан шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй байна. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 148 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолтой холбогдуулан гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр  хязгаарлахгүйгээр К.Ө-, Х.Е- нарт холбогдох 201504000296 дугаартай 4 хавтас хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхэд бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулаагүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан үйл баримт тогтоогдоогүй болно.

           

Анхан шатны шүүх К.Ө-, Х.Е- нарын үйлдэл гэмт хэрэг мөн эсэх, тухайн гэмт хэрэгт шүүгдэгч нар гэм буруутай эсэх, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх зэргийг үндэслэлтэй, зөв дүгнэсэн боловч Эрүүгийн хуулийн хэрэглэвэл зохих зүйл, хэсэг, заалтыг хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн бөгөөд дээрх алдаа зөрчлийг давж заалдах шатны шүүхээс засах боломжтой байх тул дараах үндэслэлээр цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн зарим заалтыг хүчингүй болгож, заримыг нь өөрчилж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэв. 

           

Нэг. Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх

 

Давж заалдах шатны шүүхээс К.Ө-, Х.Е- нарын үйлдэл гэмт хэргийн шинжгүй буюу хэргийг мөрдөн шалгах явцад гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэдийд хаана, хэрхэн үйлдэгдсэн нь тогтоогдоогүй байна гэж үзлээ. 

 

Улсын яллагчийн яллах дүгнэлтэд шүүгдэгч К.Ө- нь 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргаж, өөрийн үйлдлээ нуух зорилгоор тээврийн хэрэгслийн жолоодох эрхээ хасуулахгүй байх зорилгоор цагдаагийн албан хаагч Х.Е-д 800.000 төгрөг өгсөн, шүүгдэгч Х.Е- нь ашиг сонирхлын үүднээс К.Ө-ээс хээл хахуульд 800.000 төгрөг авсан нь нотлох баримтуудаар тогтоогдож байна гэжээ.

 

Шүүгдэгч К.Ө- нь анх 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр өгсөн тайлбартаа “Х.Е-д 800.000 төгрөг өгсөн. Эхлээд 500.000 төгрөг өгсөн. Дараа нь 300.000 төгрөг өгсөн. Мөнгө өгөхдөө эхний удаад албан өрөөнд нь өгсөн. 2 дахь удаа 300.000 төгрөг хаана өгснөө санахгүй байна” гэж, 2016 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэлд “Би 2 сая төгрөгийг аваад зам тээврийн ослын хохирогч Т-т 1.500.000 төгрөг өгсөн, үлдэх 500.000 төгрөг дээр надад байсан 500.000 төгрөгөөс 300.000 аваад замын цагдаагийн ахлах байцаагч Х.Е-д өгсөн. ... 18-ны өдөр 500.000 төгрөг, үлдэх мөнгийг 20-ны өдөр өгсөн.” гэж, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчийг байцаасан тэмдэглэлд “маргааш нь буюу 20-ны өдөр Х.Е- байцаагч дээр очоод надад 500.000 төгрөг байна. Энэ мөнгийг өгье намайг зүгээр явуулаач гэж хэлээд учир байдлаа дахин хэлсэн. Тэгэхэд Х.Е- надаас 500.000 төгрөг аваад энэ мөнгө чинь бага байна. Чи нэмээд 300.000 төгрөг өг гэсэн” ... “С ах над руу 2 сая төгрөгийг Төрийн банкаар миний дансны дугаар луу шилжүүлснийг хүлээн авсан. Тэгээд зам тээврийн ослын хохирогч Т-т 1.500.000 төгрөгийг Х.Е-ы өрөөнд Т болон түүний аав С нарт тоолж өгсөн. Т, С нар гарч явсны дараа Х.Е-д 300.000 төгрөгийг өгсөн тэгэхэд Х.Е- миний жолооны үнэмлэхийг надад өгөөд “за чи одоо явж болно” гээд намайг явуулсан.” гэж тус тус мэдүүлснээс үзвэл, К.Ө- нь 800.000 төгрөгийг шүүгдэгч Х.Е-д хэзээ, хэрхэн, хаана, ямар зорилгоор өгсөн нь хэрэгт авагдсан бусад нотолгооны хэрэгслээр тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч К.Ө- нь 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 31 дугаартай анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд “энэ асуудлыг өмнө нь ойлгоогүй, ойлгомжгүй асуудал байна. Би монгол хэл сайн мэдэхгүй. Тийм учраас өгсөн мэдүүлэгт маань тэгж бичээд байсан юм шиг байна. Би Х.Е-д ямар ч мөнгө өгөөгүй. 800.000 төгрөг өгсөн гэдэг нь худал. Би Х.Е-ы өрөөнд хохирогчид 1.500.000 төгрөг өгсөн. Тэр асуудлыг яриад байх шиг байна. Миний өгсөн мэдүүлэгт бичигдсэн мөнгө өгсөн гэдэг нь худал. Би урьд нь өмгөөлөгч авна гэхэд өмгөөлөгч авахуулаагүй. Надад чиний асуудал дуусна гээд өмгөөлөгч авахуулаагүй. Х.Е- жолоодох эрх хассан учир би түүнд юу гэж мөнгө өгөх юм бэ?” гэж, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд удаа дараа “Х.Е-д мөнгө өгөөгүй” гэж мэдүүлжээ.

 

Шүүгдэгч К.Ө-ээс анх тайлбар авахдаа түүнд эрх, үүргийг нь тайлбарлаагүй, хүлээх хариуцлагыг урьдчилан сануулаагүй тул тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1-д тус тус зааснаар “нотлох баримтын төрлүүдийг нэрлэн заасан байх бөгөөд тайлбар нь үүнд хамаарахгүй тул дээрх тайлбарыг шүүх нотлох баримтаар үнэлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ” гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Мөн 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т “монгол хэл, бичиг мэддэггүй иргэнд холбогдох хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад өмгөөлөгчийг заавал оролцуулна” гэсэн хуулийн заалтыг зөрчиж мэдүүлэг авчээ.

 

Тухайн хэргийг мөрдөн шалгах явцад Э.А, Х.А, С.С, Г.Р, Г.С, С.Т, А.Е нараас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд эдгээрийг улсын яллагчаас яллах талын нотлох баримтаар шинжлэн судлуулсан байна. Гэрч нарын мэдүүлгээс үзвэл, тухайлбал гэрч С.С “...Автобус авах гэж байна гэж утсаар ярьж надаас гуйхаар нь би 2 сая төгрөг өгсөн нь үнэн. Тухайн үед автобус худалдаж авсан нь бас үнэн” гэж мэдүүлжээ.

Гэрч С.С-аас 2 сая төгрөгийг зээлж аваад С.Т, Х.Е- нарт өгсөн гэх асуудал нь цаг хугацааны хувьд тохирохгүй байна. Энэ нь 3 дугаар хавтаст хэргийн 2 дугаар хуудсанд шүүгдэгч К.Ө- мэдүүлэхдээ “...Зам тээврийн осол 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр болсон бөгөөд 18-ны өдрөөс замын цагдаагийн ахлах байцаагч Х.Е-д шалгуулсан. Тэгээд шалгуулж байхдаа буюу 18-ны өдөр 500.000 төгрөгийг эхэлж өгсөн. Дараагийн 300.000 төгрөгийг зар сонинд зар тавиад зар өгсөн баримтаа аваачиж өгөхдөө буюу 20-ны өдөр өгсөн юм.” гэжээ. Шүүгдэгч К.Ө- нь 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр телевиз болон сонинд зар өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Гэтэл 3 дугаар хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудсанд авагдсан мөрдөн байцаагчийн тэмдэглэл болон шүүгдэгч К.Ө-ийн Төрийн банкны депозит дансны хуулгаар 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр шүүгдэгч К.Ө-ийн дансанд 2.000.000 /хоёр сая/ төгрөг орж мөн өдрөө гарсан болох нь тогтоогдож байна. Иймээс хахуульд өгсөн гэх мөнгөний эх сурвалж болох С.С-аас зээлсэн 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг хахуульд өгсөн асуудал цаг хугацааны хувьд зөрүүтэй байх тул нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.

Мөн гэрч С.Т-ын мэдүүлэгт “...Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн байцаагч Х.Е-ы өрөөнд байцаалт өгөөд сууж байх хугацаанд Х.Е- нь К.Ө-ийг дуудаад энэ хүний хохирол барагдуул гээд шаардахад манай аав, Х.Е- байцаагч нарын хажууд надад 1.500.000 төгрөг өгсөн.” гэжээ. Гэрч С.С-аас зээлсэн 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг хэрхэн зарцуулсан нь эргэлзээтэй байх тул гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлэх боломжгүй бөгөөд хахуульд дээрх 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөс өгсөн гэдэг нь тогтоогдохгүй байна.

Гэрч Г.Р-ийн “...Тухайн үед манай нөхөр зам тээврийн осол гаргаад замын цагдаа дээр шалгагдсан. Тэгж байхдаа байцаагч Х.Е- гэж хүнд 800000 төгрөг өгөөд үнэмлэхээ авчихлаа намайг явж болно гэсэн гээд надад ярьж байсан. С суманд байдаг хамаатны ахаасаа 2 сая төгрөг зээлээд өгсөн байсан” гэж мэдүүлэг авчээ. Мэдүүлэг авахдаа гэрч Г.Р нь шүүгдэгч К.Ө-ийн эхнэр бөгөөд түүнээс гэрчийн мэдүүлэг авахдаа Монгол Улсын Үндсэн хуульд заасан “Гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрх”-ийг нь сануулахгүйгээр мэдүүлэг авсан нь уг мэдүүлэг хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан мэдүүлэг байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

 

Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч, бэхжүүлэгдээгүй, нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл тогтоогдсон тул шүүгдэгч К.Ө-, Х.Е- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7, 14 дахь хэсэгт нийцжээ.

 

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх:

 

Баян-Өлгий аймгийн прокурорын газраас яллагдагч К.Ө- нь нийтийн албан тушаалтанд хээл хахууль өгсөн гэмт үйлдэлдээ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар, яллагдагч Х.Е- нь нийтийн албан тушаалтны хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийж хээл хахууль авсан гэмт үйлдэлдээ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэхээр тогтоожээ.

 

Шүүгдэгч Х.Е-ы үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр өөрөө эсхүл бусдаар дамжуулан хээл хахууль авсан” гэх нөхцөл байдал тогтоогдсон байхыг шаардаж байна. Хуулийн энэ заалтын гэмт хэргийн бүрэлдэхүүнд “албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж хээл хахууль авсан байхаар” байна. Хээл хахууль авах гэмт хэрэг нь хахууль авагч тал нь өөртөө ашиг олох, өгөх тал нь ажил хэргээ бүтээх гэсэн авах, өгөх хоёр талын ашиг сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нийгмийн шударга ёсыг зөрчсөн байдаг.

 

1992 оны Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Согтууруулах ундааны зүйл уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан ...бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл ногдуулна” гэж заасан. 1 дүгээр хавтаст хэргийн 47 дугаар хуудаст “2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Захиргааны шийтгэл ногдуулах тухай шийдвэр”, “К.Ө-ийн ... тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж захиргааны шийтгэл ногдуулахаар” шийдвэрлэжээ. Гэрч М.Н-ийн “энэ асуудлаас болоод К.Ө- жолоочийн эрхээ хасуулсан ба үүнтэй холбоотой автобусаар хүн тээвэрлэх зөвшөөрөл нь хүчингүй болоод ... базынхаа нэр дээр хүн тээвэрлэх зөвшөөрөл арай гэж гаргуулаад аваад явж байна гээд би Улаанбаатар орж байхад хотоос гараад явж байсан” гэсэн мэдүүлэг хавтаст хэрэгт авагджээ.  

Тухайн гэмт хэргийн гол шинж нь хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хээл хахууль авдаг, энэхүү хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн үед хээл хахууль өгөгч шүүгдэгч К.Ө-ийн хувьд ашиг сонирхол нь жолооны үнэмлэхийн эрхийг хасуулахгүй байх хүсэл шаардлага байсан. Шүүгдэгч Х.Е- нь албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлсэн нь дээрх баримтаар тогтоогдож байна.

 

Улсын яллагчийн “ Х.Е- нь нийтийн албан тушаалтан бүхий Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагчаар ажиллаж байхдаа хээл хахууль өгөгч К.Ө-ийн ашиг сонирхлын үүднээс түүний 2016 оны 6 дугаар сарын 18-ны өдөр холбогдсон гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг нуун дарагдуулж, 262622 дугаартай жолоочийн үнэмлэхийг буцаан өгсөн” гэх яллах үндэслэл нь дээр дурдсан үндэслэлээр няцаагдаж байна.

 

Шүүгдэгч К.Ө-, Х.Е- нарыг яллах үндэслэл болсон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үнэлж, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэл бүхий болжээ гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч К.Ө-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэг, шүүгдэгч Х.Е-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт тус тус зааснаар албан тушаалтанд хээл хахууль өгсөн, хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийж хээл хахууль авсан болох нь нотлогдсон гэхэд эргэлзээтэй байх тул 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар “хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг удирдлага болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-т заасныг баримтлан, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2.-т заасныг удирдлага болгож Ш овогт К-ын Ө-, А овогт Х-ны Е- нарт холбогдох эрүүгийн 201504000296 дугаартай гэмт хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч К.Ө-, Х.Е- нарын үйлдэл 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр болсон бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн 268, 269 дүгээр зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн 268, 269 дүгээр зүйл ангид “нийтийн албан тушаалтан” гэдэг хуулийн хэллэг байхгүй байхад “нийтийн” гэдэг үг ашигласныг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Гурав. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын талаар:

                       

Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Е-, К.Ө- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр тус тус цагаатгасугай” гэж /тогтоох хэсгийн 1 дүгээр заалт/ шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүгдэгч К.Ө-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэг, шүүгдэгч Х.Е-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийг журамлан хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байжээ. Анхан шатны шүүх цагаатгах тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-т заасныг хэрэглээгүй орхигдуулсан байна.

 

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолоор хуульд заасан зарим асуудлыг бүрэн шийдвэрлээгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг зөрчжээ. Тухайлбал, цагаатгах тогтоолын Тогтоох хэсэгт шүүгдэгч нарыг ямар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эсэх, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар заалтыг баримталж хэргийг хэрэгсэхгүй болгож байгааг шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул цагаатгах тогтоолын Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-т зааснаар өөрчлөх үндэслэлтэй байна.

 

Цагаатгах тогтоол гаргахдаа анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн З6.2 дугаар зүйл /Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтэц/,-ийн 5 дахь заалт /Шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана/, мөн хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйл /Шүүхийн цагаатгах тогтоол/-ийн 2 дахь хэсэг /Шүүхийн цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт дараах зүйлийг тусгана/ гэсэн заалтуудыг баримтлах байжээ. Цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэв. Энэ талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийг зүйлчлэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн тохирох заалтыг баримтлаагүй байх тул дээр дурдсан үндэслэлээр цагаатгах тогтоолын зарим заалтыг хүчингүй болгож, өөрчилж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 148 дугаар цагаатгах тогтоолын Тогтоох хэсгийн хуулийн зүйл заалтыг удирдлага болгосон хэсгээс “Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн 31.3.1,” гэснийг хасаж, Тогтоох хэсгийн 1, 4 дэх заалтыг тус тус хүчингүй болгож, цагаатгах тогтоолд:

 

“1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-т зааснаар Баян-Өлгий аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт К-ын Ө,

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Х-ны Е- нарыг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр тус тус  цагаатгаж, 201504000296 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт оруулж,

 

цагаатгах тогтоолын 5 дахь заалтын дугаарыг “4” гэж, 6 дахь заалтын дугаарыг “5” гэж, 7 дахь заалтын дугаарыг “6” гэж, 8 дахь заалтын дугаарыг “7” гэж, 9 дэх заалтын дугаарыг “8” гэж тус тус өөрчилж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Е- нь 28 хоног цагдан хоригдсоныг дурдсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг тэмдэглэсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ,

                                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ              С.ӨМИРБЕК

                                      ШҮҮГЧИД                             Б.ДАМБА

                                                                                    Д.МӨНХӨӨ