| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/01650/И |
| Дугаар | 102/ШШ2017/01493 |
| Огноо | 2017-05-23 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2017/01493
| 2017 оны 05 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2017/01493 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Их Монгол Улсын гудамж, Хансвилл хотхон 110 дугаар байр, 4 давхарт оршин байх, “Файнэншилтрипл групп ББСБ” ХХК /РД:5843146/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон 16 дугаар байр, 168 тоотод оршин суух, Сүмэд овогт Энхтуяагийн Цэцэгжаргал /РД:ки89090600/-д холбогдох,
6,200,582.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Цэцэгжаргал нь манай байгууллагаас 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 8,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлэн авч ЗГ-15/0003 дугаартай зээлийн гэрээг байгуулсан. Зээлийн гэрээний хугацааг нэг удаа буюу 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх 6 сарын хугацаагаар сунгуулах хүсэлт тавьж сунгуулсан. Хариуцагч нь ББСБ-д нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд цалингаа барьцаалан зээл авсан. Зээл авснаас хойш хугацаанд зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж, доорх төлөлтүүдийг хийж байсан. Үүнд:
2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 175,000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 730,841.67 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 894,000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 874,000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 905,990.01 төгрөг, 2015 оны 6 дуаар сарын 30-ны өдөр 779,999.49 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 263,351.01 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөгийн төлөлтүүдийг тус тус хийж байсан. Гэтэл түүнээс хойшхи хугацаанд зээлээ хугацаандаа төлөхгүй байсаар өдийг хүрлээ. Үүнтэй холбоотойгоор хариуцагчид удаа дараа зээлийн эргэн төлөлт хийхтэй холбоотой мэдэгдэл өгч байсан боловч зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхгүй байсаар байна. Мөн зээлийн гэрээний хугацаа дууссан тул шүүхэд хандаж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 4,337,315.06 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 2,554,251.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 220,942.72 төгрөг, нийт 7,112,508.89 төгрөгийг төлөөгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагад 6,200,582.86 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Э.Цэцэгжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: “Файнэншилтрипл групп ББСБ-ын нэхэмжилсэн 6,200,582.86 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Файнэншилтрипл групп ББСБ” ХХК нь хариуцагч Э.Цэцэгжаргалд холбогдуулж гэрээний үүрэгт 6,200,582.86 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Цэцэгжаргал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд бичгээр гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч Э.Цэцэгжаргал нь нэхэмжлэгч “Файнэншилтрипл групп ББСБ” ХХК-ийн 6,200,582.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114,160 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 57,080 төгрөгийг улсын орлогоос, 57,080 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ХАНГАЛ