| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/01070/И |
| Дугаар | 102/ШШ2017/01492 |
| Огноо | 2017-05-21 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2017/01492
| 2017 оны 05 сарын 22 өдөр | Дугаар 102/ШШ2017/01492 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, шүүгч Ж.Кульдана, М.Мөнхтөр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу 12А өөрийн байранд оршин байх, “Ксения” ХХК /РД:2029243/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрлэлийн баруун бүс, Эрчим хүчний гудамж-3 тоотод оршин байх, “Альянс тех” ХХК /РД:2664453/-д холбогдох,
Эвдэлсэн зам талбайгаа дахин нөхөн сэргээж засварлахыг “Альянс тех” ХХК-д даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Жигмэддагва, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттүвшин, хариуцагчийн өмгөөлөгч Д.Сайнзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ксения” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 онд улсын төсвөөр хийгдэх төлөвлгөөт ажлуудын нэг болох “УБДС” ТӨХК-иас зарласан 5 ж магистраль, Тк-588-Тк-590 дүгээр цэг хүртлэх худгийн хооронд дулааны шугам шинэчлэх тендерт “Alliance-Tech” компани шалгарч 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл энэхүү ажлыг хийж гүйцэтгэсэн. Тендерт шалгарагч “Альянс тех” ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 503-аар албан тоотдоо манай компани “УБДС” ТӨХК-иас зарласан “5ж магистраль, Тк-588-Тк-590 худгийн хооронд 2ф500 мм голчтой 208 хос метр дулааны шугам хэсэгчлэн шинэчлэх ажил”-ыг гүйцэтгэж байгаа билээ. Дээрхи ажлын шугамын трасс нь танай эзэмшлийн авто зогсоолын талбайг дайран өнгөрч байгаа бөгөөд бид шугамын ажлыг хийж дууссаны дараа уг авто зогсоолын зам талбайг нөхөн сэргээж, хэвийн байдалд оруулан хулээлгэж өгнө гэдгээ үүгээр мэдэгдэж байна гэсэн. Мөн тухайн үеийн БЗИД-ийн авто зогсоол, шинэчлэн засварлах талбайн ойр орчмын асьфалтан замын 8 ширхэг фото зургийг энэхүү албан тоотод хавсаргаж манай компанид ирүүлж баталгаа гаргаж өгч байсан. Мөн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн УБДС ТӨХК-ийн 2/765 тоотоор “...танай хойд талаар 5 ж магистраль, Тк-588 дугаар цэгээс Тк-590 дугаар цэгийн хоорондох дулааны шугам солих ажлын гүйцэтгэгчээр “Альянс тех” ХХК шалгарсан, шугам сольсны дараах нөхөн сэргээлтийг хийж, буцааж тохижуулах зардал нь тендерийн ажлын төсөвт тусгагдсан болно гэсэн албан тоотуудыг тус тус ирүүлж байсны дагуу манай талаас нийт 97,700,000 төгрөгийн өөрийн хөрөнгөөр тохижуулсан нийтийн эзэмшлийн талбай, дулааны шугамыг шинэчлэх үйлдэлд ямарваа нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй, харин ч цаг хугацаанд нь бусад байгууллагаас хамгийн түрүүнд дулааны шугамын дагуух болон ажил хийх нөхцлийг нь хангаж ойр орчмын асьфалтан зам талбайг асуудалгүй чөлөөлж дэмжиж ажилласан билээ. Харин “Альянс тех” гүйцэтгэгч компани нь манай байгууллагын дэргэд барилга барьж байгаа компанитай (хоосон хашаа) учраа ололцолгүй байсаар 6 дугаар сарын сүүлээр эхлүүлж тэр үеэс л манай талд чирэгдэл учруулсаар бүр 8 дугаар сарыг гарахад хүртэл ухсан шороогоо булахгүй алга болж байсан удаатай. Эцэст нь бодит байдал дээр өнөөдрийн байдал тендерт шалгарсан “Альянс тех” компани нь шугамын дагуух асьфалтан замыг нөхөн сэргээсэн гэх боловч “Альянс тех” компанид дулааны шугамын зурвасын дагуу ажиллах боломжоор хангаж БЗИД-ийн өөрийн эзэмшлийн асьфалтаар хучигдсан зам талбайд техник хэрэгсэл байршуулсан зам талбайг нүх ухагч бульдозерийн шанаганы шүдээрээ гэмтээж олон гүн зураас, нүхийг бий болгосныгоо шинэчлээгүй, засварлаагүй жудаггүй үйлдэл гаргалаа. Түүнээс гадна зөвхөн өөрсдийн шугам сольсон хэсгийг асьфалтаар хучихдаа зэргэлдээх асьфалттай жигд нийлүүлж хучилгүй өндөр нам хийснээс энэхүү завсарын урт зураас нь манай өмнө нь өөрийн хөрөнгөөр хийсэн асьфалтан замыг өнгө үзэмжгүй болгож борооны ус ихээр тогтож чанарын шаардлага хангахааргүй байдалд хүргээд байна. “Альянс тех” компанийн холбогдох удирдлага, инженерүүдэд энэхүү асуудлыг шийдвэрлүүлэх талаар удаа дараа шаардаж байсан боловч засварлаж өгнө гэсээр өнөөдрийг хүргэж сүүлдээ утасаа авахгүй, холбоо барих боломжгүй болгож асуудал үүсгэж байгаа нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2009 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн тогтоол, 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн НИТХ-ын 61 дүгээр тогтоолуудыг ноцтой зөрчиж байна. Иймд нэхэмжлэгч тал 2016 оны 10 дугаар сарын 03, 2016 оны 10 дугаар сарын 06-нд удаа дараа “УБДС” ХК-нд албан шаардлага хүргүүлсэнээр тус компани нь гүйцэтгэгч “Альянс тех” ХХК-д 2016 оны 10 дугаар сарын 12, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2/1564 тоот, 1585 тоотоор “хугацаа зааж дотор гадна талбайг өмнө нь ямар байсан тэр хэмжээнд нь яаралтай тохижуулах, нөхөн сэргээлтийг дахин чанартай хийж, гомдлыг барагдуулах тухай” мэдэгдэл, албан шаардлагуудыг хүргүүлж байсан болно. Гэвч хариуцагч “Альянс тех” ХХК нь замын компаниуд яаж юмыг оронцоглож сурсан шигээ утсаа ч авахгүй, сураггүй алга болж өвлийн улирал эхэлж 10 сард цас орж өнөөдрийг хүргэлээ. Иймд хариуцагч тал ажил эхлэхээс өмнө БЗИД-ийн гадна зам талбайн байдлыг фото зургаар баталгаажуулж авсан нэхэмжлэлд хавсрагдсан зурагт үзүүлсэнчлэн өөрийн эвдэлсэн зам талбайгаа дахин нөхөн сэргээж засварлахыг “Альянс тех” ХХК-д шүүхээс даалгах нэхэмжлэлийн шаардлагыг үүгээр гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Жигмэддагва шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хариуцагчтай харилцан тохирч, эвлэрлийн гэрээ байгуулсан тул бидний эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттүвшин, хариуцагчийн өмгөөлөгч Д.Сайнзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нэхэмжлэгч талтай харилцан тохирч, эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд бидний эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Энэхүү хэлцлийг нэг талаас “Альянс тех” ХХК /А тал/, нөгөө талаас “Ксения” ХХК /Б тал/-иуд дараах нөхцөлөөр харилцан тохиролцож байгуулав. Б талын хөрөнгөөр тохижуулсан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Баянзүрх Их дэлгүүрийн хойд хэсгийн баруун хойд хэсгийн авто зогсоолыг “Альянс тех” ХХК нь дулааны шугам солихдоо онц ноцтой гэмтээсэн авто зогсоолын 480 м.кв талбайг дахин нөхөн сэргээх зардлын төлбөрт 15,000,000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд Б талд шилжүүлэх үүргийг А тал хүлээнэ. А тал Б талын дансанд шилжүүлсний дараа гэрээний 2 дахь заалтанд дурьдагдсан талбайг дахин нөхөн сэргээх маргаан бүхий асуудал үүгээр дуусгавар болох бөгөөд тухайн ажлыг гүйцэтгэх компанийг өөрөө сонгож дээрхи санал болгосон үнийн дүнд багтаан засварлах эсэхээс үл хамааран зохигч талуудын маргаантай асуудал үүгээр дуусгавар болно. А тал талбайн дахин нөхөн сэргээх зардлыг тохирсон хугацаанд Б талын дансанд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, эсвэл зохих ёсоор биелүүлээгүй бол гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг үл маргах журмаар хугацаа хэтрүүлсэн хоног тутам Б талд төлөх үүргийг хүлээнэ гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ксения” ХХК нь хариуцагч “Альянс тех” ХХК-д холбогдуулж эвдэлсэн зам талбайг дахин нөхөн сэргээж, засварлахыг даалгуулах тухай нэхэмжлэлийг гаргаж шүүхэд ханджээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд зохигчид дараах нөхцлөөр харилцан тохирч, эвлэрлийн гэрээ байгуулжээ. Үүнд:
а/ Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Баянзүрх Их дэлгүүрийн баруун хойд хэсгийн авто зогсоолыг “Альянс тех” ХХК нь дулааны шугам солихдоо гэмтээсэн авто зогсоолын 480 м.кв талбайг дахин нөхөн сэргээх зардлын төлбөрт 15,000,000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд “Ксения” ХХК-д шилжүүлнэ.
б/ “Альянс тех” ХХК 15,000,000 төгрөгийг тохирсон хугацаанд “Ксения” ХХК-д шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, эсвэл зохих ёсоор биелүүлээгүй бол гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг нэхэмжлэгчид төлнө гэжээ.
Зохигчид дээр дурдсан байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хариуцагч “Альянс тех” ХХК нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Баянзүрх Их дэлгүүрийн баруун хойд хэсгийн авто зогсоолыг дулааны шугам солихдоо гэмтээсэн авто зогсоолын 480 м.кв талбайг дахин нөхөн сэргээх зардлын төлбөрт 15,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ксения” ХХК-д 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор шилжүүлэх, 15,000,000 төгрөгийг тохирсон хугацаанд нэхэмжлэгчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй бол гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Альянс тех” ХХК-иас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүхийн тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ
ШҮҮГЧИД Ж.КУЛЬДАНА
М.МӨНХТӨР