Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/32

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалболд,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг,

Шүүгдэгч О.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч О.Мд холбогдох эрүүгийн 2134003410005 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, О.М, 40 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, урь ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

 Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч О.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

  Шүүгдэгч О.М Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг “Торлогийн даваа” гэх газарт Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг орох чиглэлийн түр зассан шороон зам дээр өөрийн эзэмшлийн “Хьюндай HD 720” маркийн  УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож Замын хөдөлгөөний дүрмийн 7.2-т заасан буюу “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын тэмдгийг энэ дүрмийн 1 дүгээр хавсралтад заасан утга агуулга, үйлчлэлийн хүрээнд дагаж мөрдөнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдож, зорчигч Б.Бын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон. 

 

Энэ нь эрүүгийн 2134003410005 дугаартай хэрэгт авагдсан 

 

 Хохирогч Б.Бын өгсөн: "Би О.Мг танина. Миний төрсөн эгч Сийн нөхөр нь байгаа юм. Надад бол хүргэн ах болох хүн. 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр би хүргэн ах О.Мгийн хамт Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлийн зам засварын гүүр хоолойд бетон нь зуурмаг хүргэж өгөхөөр том оврын миксер маркийн 72-11 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байсан юм. Тухайн үед би ээлжийн жолоочоор ажиллах гээд хүргэн ахаасаа суралцаад хамт явж байсан юм. Би хүргэн ах О.Мгийн хажууд унтаад явж байсан. Нэг мэдэхэд Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын нуруу нугасны тасагт ухаан орсон тэгээд л зам тээврийн осолд орсноо мэдсэн. 72-11 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүргэн ах О.М жолоодож явсан. Хүргэн ах О.М бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл явж байсан. 72-11 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хүргэн ах О.Мгийн өөрийнх нь эзэмшлийн тээврийн хэрэгсэл, өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваагүй гэж ярьж байсан. Мөнгө төгрөгийг нь бүрэн хийсэн гэж ярьж байсан. Баруун хөлний шилбэ хэсгээрээ хугаралтай нурууны хагалгаанд орсон одоогоор хоёр хөл мэдээгүй тэргэнцэртэй явж байгаа. Эмчилгээний бүхий л зардлыг хүргэн ах О.М, эгч С хоёр бүрэн төлж байгаа нуруу, хөлийн хагалгаанд орсон одоо нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаж байгаа энэ бүх зардлыг хүргэн ах О.М, төрсөн эгч С нар төлж байгаа. Надад ямар нэгэн санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Миний бүх эмчилгээний зардлыг хүргэн ах О.М, эгч С нар төлж байгаа." гэх мэдүүлэг /хх 26, 28/,

   Иргэний хариуцагч П.Э өгсөн: “Би О.Мг танихгүй. Би өөрийн эзэмшлийн 72-11 УНЕ улсын дугаартай миксер маркийн тээврийн хэрэгслийг 2021 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр С.Ц гэх хунд 25 сая 600 мянган төгрөгөөр тохиролцоод зарсан. Тухайн өдөр тээврийн хэрэгслийг шилжүүлэх гэхэд сүлжээ тасраад, ажлын цаг дуусаад шилжүүлж чадаагүй. Маргаашаас нь буюу 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс бүх нийтээрээ ковидын хөл хорионд ороод шилжүүлж чадаагүй. Би тухайн тээврийн хэрэгслийг 2021 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр С.Цад өгөөд явуулсан. Би тухайн үед 72-11 УНЕ улсын дугаартай “Миксер” маркийн тээврийн хэрэгслийг 25 сая 600 мянган төгрөгөөр тохирч зарсан. Нэр шилжүүлж чадаагүй болохоороо 600 000 төгрөгөө аваагүй орхисон байгаа. С.Цын нөхөр нь надад хэлсэн. Тухайн үед бас шилжүүлэх гэсэн боловч ажил амжаагүй шилжүүлж чадаагүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг / хх 31/,

   Гэрч С.Цийн өгсөн: "Би Б.Быг танихгүй О.Мг бол танина. Манай нөхрийн ээжийнхэн төрсөн дүүгийнхэн хүүхэд гэдгээр нь мэднэ. Манайхаар орж гараад явдаг. Танилын харилцаатай хүмүүс. Би 2021 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 2-р хороо 8-р байрны 803- тоотод гэртээ байж байтал нөхрийн хамаатан болох О.М над руу залгаад Улаанбаатар хотоос миксер маркийн тээврийн хэрэгсэл худалдан авах гэсэн юм. Би өөрөө хөдөө Булган аймагт байгаа болохоор тухайн машиныг авч чадахгүй байна. Та өөрийнхөө нэр дээр аваад Улаанбаатарын дугаар авах шаардлагатай байна гээд миний данс руу 25.000.000 сая төгрөг хийсэн. О.Мгийн ярьсны дагуу би Э гэх хүнээс “Миксер” маркийн 72-11 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авсан. Би өөрийнхөө нэр дээр шилжүүлж авах гэсэн боловч тухайн тээврийн хэрэгсэл оношилгоонд ороогүй байна гэх шалтгаанаар нэр шилжүүлж авч чадаагүй. Манайд өгчихсөн болохоор машинаа аваад хашаандаа байлгаж байтал О.М 2021 оны 8 дугаар сарын дундуур ирээд машинаа аваад явсан. Машин худалдан авсны маргааш буюу 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хөл хориод /хөдөлгөөн хаасан болохоор машиныг шилжүүлж авч чадаагүй удаагүй тухайн машин зарсан Э гэх хүн хөдөө яваад амжаагүй байсан. О.М намайг хотод байдаг болохоор өөрийнхөө нэр дээр авчих гээд мөнгийг нь шилжүүлсэн болохоор л тухайн машиныг авсан. Надад энэ машин ямар ч хамаагүй надаас ямар ч мөнгө төгрөг ороогүй 25 000 000 төгрөгийг О.М над руу явуулсан. Энэ машин О.Мгийн өөрийнх нь эзэмшлийн машин байгаа юм нэрээ л шилжүүлээгүй болохоос худалдан авсан мөнгийг бүгдийг нь О.М гаргасан. 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын нутагт О.М барьж яваад онхолдсон гэдгийг мэдсэн. Тухайн машин Улаанбаатар хотод манай хашаанд байгаа. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй." гэх мэдүүлэг /хх 36-37/, 

   Гэрч Б.Сийн өгсөн: "Би 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр манай эхнэрийн төрсөн эгчээс О.М Б.Б хоёр зам тээврийн осолд ороод гэмтлийн эмнэлэгт байгаа талаар сонссон Миний төрсөн дүү Б.Б эрхэлсэн тодорхой ажилгүй, эхнэр хүүхдээсээ салчихсан архи сүүлийн үед уугаад байхаар нь нөхөр бид хоёр Б.Быг ажилтай болгож архинаас гаргаж амьдралд нь дэм болох зорилгоор том оврын “Миксер” маркийн тээврийн хэрэгслийг хариуцуулан тээвэр хийлгэхээр болж манай нөхөр О.М, Б.Быг аваад жолоочоор дадлагажуулаад 2 дахь хоног дээрээ дагуулж явж байгаад зам тээврийн осолд орсон. Тухайн үед манай нөхөр О.М тээврийн хэрэгсэл жолоодож явсан. Б.Б унтаад хажууд нь явж байсан юм байна лээ. 72-11 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нөхөр бид хоёр 25.000.000 сая төгрөгөөр худалдан авсан. Тухай үед ковид гээд манай нөхөр машиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авч чадаагүй байсан юм. Б.Бын зүүн хөл шилбээрээ хугарсан. Нуруу нугасандаа гэмтэл авсан. Нуруу, хөлийн хагалгаанд орсон одоо тэргэнцэртэй явж байгаа Б.Бын хагалгааны зардал, нөхөн сэргээх эмчилгээний бүхий л зардлыг нөхөр О.М бид хоёр гаргаж байгаа ойролцоогоор 5-6 сая төгрөгийн зардал одоогоор гарсан байгаа цаашид ч гэсэн Б.Быг эрүүл саруул болж хөл дээрээ босох хүртэлх бүхий л зардлыг нөхөр О.М бид хоёр төлнө." гэх мэдүүлэг /хх 39-40/,

            Шүүгдэгч О.Мгийн өгсөн: "Би 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод Сонсголонгийн зам дагуу байрлах “Айзава монголия” компаниас өөрийн эзэмшлийн УНЕ улсын дугаартай Миксер машинаар бетон зуурмаг ачаад Төв аймгийн Борнуур сумын нутагт замын засвар хийж байсан "Гангүүр" ХХК-нд хүргэж өгөх гээд эхнэр Сийн төрсөн дүү ээлжийн жолооч болох Б.Бын хамт явж байгаад Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3-р баг Торлогийн даваанаас уруудаад явж байтал урд зам харагдахгүй үзэгдэх орчин хязгаарлагдмал тоос бужигнаад сул шороотой газар явж байтал урдаас нэг жижиг тэрэг гараад ирсэн би нөгөө машинаас бултаад машин мөргөхгүйн тулд зүүн гар тал руугаа дараад замаас гарч онхолдсон. Хэсэг хугацааны дараа ухаан ороод сэргэсэн чинь ээлжийн жолооч Б.Б машин дотор байхгүй байсан. Замын хүмүүс намайг машинаас татаж гаргасан би машинаас гарахад ээлжийн жолооч Б.Быг машины дэргэд дээшээ харуулаад хэвтүүлчихсэн байсан. Би алхаж явж чадахгүй байсан. Тухайн үед ослын шоконд орчихсон ухаан санаа орон гаран байсан. Хүмүүс намайг өргөөд эмнэлгийн машинд оруулаад дараа ээлжийн жолооч Б.Быг өргөж оруулаад бид хоёрыг Төв аймгийн Баянчандмань сумын Эрүүл мэндийн төвд очиж анхан шатны тусламж аваад тэндээсээ Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвд ирсэн. Би цээж хэвлийн тасагт хэвтээд ээлжийн жолооч Б.Б нуруу нугасны тасагт хэвтэн эмчлүүлсэн. Би 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр эмнэлэгт хэвтээд 2021 оны 10 дугаар сард эмнэлгээс гарсан. Ээлжийн жолооч Б.Б мөн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр эмнэлэгт хэвтээд одоог хүртэл хэвтэн эмчлүүлж байгаа. Миний зүүн нүдний хөмсөгний хэсэгт ярагдсан шархтай толгойн ард бас зүсэгдсэн шархтай тархинд цус хуралттай зүүн талын 4 хавирганы бүдэрхий хэсэг нь хугарсан. 2 нурууны 2 талын сэртэс яс хугарсан сээр нурууны нэг нуруу хугарсан, дотор эрхтэн уушиг бяцарсан, баруун хөлийн гуя хэсгийн мах няцарсан зүүн хөлийн шилбэ, өвдөг, зүүн гарын тохой хэсэг зөөлөн эд гэмтсэн. Ээлжийн жолооч Б.Б нуруу сээрний гэмтэлтэй. Зүүн хөл нь хугарсан гэж ярьж байсан. Зам тээврийн осол болоход би өөрөө машин барьж явж байсан. Ээлжийн жолооч Б.Б миний дэргэд унтаад явж байсан. Би ээлжийн жолооч Б.Бын эмчилгээний зардлыг бүрэн төлж байгаа. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй." гэх мэдүүлэг /хх 42-43, 94-95/, 

Техникийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 12/02 дугаартай дүгнэлтэд: “1.72-11 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.М нь МУ-ын ЗХД-ийн заалт зөрчсөн байна. 2.72-11 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.М нь МУ-ын ЗХД-ийн 7.2-р заалт буюу “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын тэмдгийг энэ дүрмийн 1 дүгээр хавсралтад заасан утга агуулга, үйлчлэлийн хүрээнд дагаж мөрдөнө.” гэснийг зөрчсөн байна. 3.Хавтаст хэрэгт авагдсан материалд үндэслэн 72-11 УНЕ автомашины хурдыг тогтоох боломжгүй. 4.Автомашин эсрэг урсгал зөрж, сайжруулсан шороон зорчих хэсгээс гарсан нь цаг агаарын нөхцөлөөс буюу шороо тоос босож үзэгдэлт хязгаарлагдсанаас, улмаар онхолдсон нь замын далан болон хөндлөн хэвийлтээс шалтгаалсан гэж үзэж байна. 5.Хэрэгт ач холбогдол бүхий нэмэлт зүйл илэрсэнгүй.” гэх / хх 53-54/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр  сарын 23-ны өдрийн 107 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Б.Бын биед зүүн 5, 6, 7-р хавирганы зөрсөн, сээрний 1, 2, 9, 10, 11-р нугалмуудын арын сэртэнгийн зөрсөн, сээрний 12-р нугалмын их бие шахагдсан бяцарсан /мэс заслын дараах байдал/, зүүн далны ясны бяцарсан, баруун шаант ясны ил хугарал /мэс заслын дараах байдал/, сээрний 12-р нугалмын, зүүн 12-р хавирганы толгойны мултрал, баруун уушиг бүрэн бус шалчийсан, баруун уушгинд хий, шингэн хуралдалт, зүүн чихний тасрал /мэс заслын дараах байдал/, зүүн чихний эргэн тойрон, зүүн чамархайн хуйх, эрүү, зүүн гар, цээжний өмнөд хэсэг, баруун, зүүн шилбэнд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод мөчид, аарцгийн эрхтний саа, саажилт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 3.Цаашид ерөнхий  хөдөлмөрийн чадвар алдалтад 15 хувь нөлөөлнө. 4.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6, 3.1.12, 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна." гэжээ /хх  58-60/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч О.Мгийн дээрх үйлдэл нь гэм буруугийн санаа болон болгоомжгүйн хэлбэртэй. Шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, түүнийг хүсэж үйлдээгүй байна гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч О.Мд ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасныг баримталсан байна.

 

Шүүгдэгч О.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн , хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил 3 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан ялын хугацааг үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолохыг дурдав.

 

 Хохирол төлбөр, бусад асуудлын талаар:

 

           Эрүүгийн 2134003410005 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн 7211 УНЕ улсын дугаартай Hyundai HD-270 маркийн 03157835 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгчид буцаан олгож, 257615 дугаартай жолоочийн үнэмлэхийг Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Шүүгдэгч О.Мг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

    3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч О.Мгийн тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

    4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол албадлагын арга хэмжээг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 

    5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

 

    6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мгийн үүрэг хүлээлгэсэн хугацаанд хяналт тавихыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

    7.Хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч О.Мгийн №257615 дугаартай В, C, D, E ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн төгөлдөр болмогц Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

    8.Эрүүгийн 2134003410005 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.М нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгчийн 7211 УНЕ улсын дугаартай Hyundai HD-270 маркийн 03157835 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.

 

    9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

    10.Шийтгэх тогтоод давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ