Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2017/01491

 

017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2017/01491

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Нарны зам 87, “НСКБ” барилга 4 давхарт оршин байх, “Мандал даатгал” ХХК /РД:5473489/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө-125, “Техник импорт” ХК-ийн байр, 301 тоотод оршин байх, “Мөнгөн хошуут хүлэг” ХХК /РД:5425778/-д холбогдох,

 

7,581,691 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Удвал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сүрэнхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Мандал женерал даатгал” ХХК  болон даатгуулагч “Мөнгөн хошуут хүлэг” ХХК нарын хооронд 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр №15/030 тоот “Даатгалын ерөнхий гэрээ”, түүний хавсралт 1-ээр “Байгууллагын ерөнхий хариуцлагын даатгалын хэлцэл”, Хавсралт 2-оор “Хүнд машин механизмын даатгалын хэлцэл” тус тус байгуулагдсан. Уг гэрээгээр даатгагч нь 10 бүлгийн нийт 32 төрлийн эрсдэл учирсан тохиолдолд нөхөн төлбөр олгох үүрэг хүлээж, даатгагч 9,756,000 төгрөгийн даатгалын хураамжийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Уг хэлцлүүдийн хугацаа 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр, 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр тус тус дуусгавар болсон байдаг. Уг гэрээний дагуу даатгуулагчаас 2015 онд тус компанийн дансанд 6,156,000 төгрөгийн даатгалын хураамжийн урьдчилгааг шилжүүлсэн байдаг. Үүнээс хойш даатгуулагчаас үлдсэн 3,600,000 төгрөгийн даатгалын хураамжийг өнөөдрийг болтол төлөөгүй байна. Компанийн зүгээс даатгагчийн хувьд гэрээний бүхий л хугацааны турш эрсдэлийг өөртөө хүлээж, гэрээний дагуу үйлчилгээг үзүүлж байсан тул даатгалын хураамжийг шаардах эрхтэй юм. Иймд Иргэний хуулийн 431.1 дэх заалт, Даатгалын тухай хуулийн 10.1.4 дэх заалтуудыг үндэслэн “Мандал женерал даатгал” ХХК нь “Мөнгөн хошуут хүлэг” ХХК-иас 3,600,000 төгрөгийн даатгалын хураамжийг нэхэмжилж байгаа бөгөөд холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу гаргуулж, “Мандал женерал даатгал” ХХК-д олгуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагадаа: Тус шүүхэд “Мандал даатгал” ХХК нь “Мөнгөн хошуут хүлэг” ХХК-д холбогдуулж 3,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Бид 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан байгууллагын хариуцлагын даатгалын гэрээний хураамжийн үлдэгдэл болох 3,981,691 төгрөгийг нэмж хариуцагчаас нэхэмжилж байна. Хариуцагчаас нийт 7,581,691 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Удвал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид анх хариуцагч “Мөнгөн хошуут хүлэг” ХХК-иас 3,600,000 төгрөгийг шаардаж нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрсдийн шаардлагыг 3,981,691 төгрөгөөр нэмэгдүүлж нийтдээ 7,581,691 төгрөгийг хариуцагчаас шаардаж байгаа.

1/ “Мандал женерал даатгал” ХХК  болон даатгуулагч “Мөнгөн хошуут хүлэг” ХХК нарын хооронд 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр №15/030 тоот “Даатгалын ерөнхий гэрээ”, түүний хавсралт №1-ээр “Байгууллагын ерөнхий хариуцлагын даатгалын хэлцэл”, Хавсралт №2-оор “Хүнд машин механизмын даатгалын хэлцэл” тус тус байгуулагдсан. Уг гэрээгээр манай байгууллага нийт 32 төрлийн эрсдэл учирсан тохиолдолд нөхөн төлбөр олгох үүрэг хүлээсэн ба хариуцагчаас 9,756,000 төгрөгийн даатгалын хураамжийг төлөх үүргийг хүлээсэн. Уг хэлцлүүдийн хугацаа 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр, 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр тус тус дуусгавар болсон. Уг гэрээний дагуу хариуцагчаас 6,156,000 төгрөгийн даатгалын хураамжийн урьдчилгааг шилжүүлсэн ба үлдсэн 3,600,000 төгрөгийн даатгалын хураамжийг өнөөдрийг болтол төлөөгүй байна. Компанийн зүгээс даатгагчийн хувьд гэрээний бүхий л хугацааны турш эрсдэлийг өөртөө хүлээж, гэрээний дагуу үйлчилгээг үзүүлж байсан тул даатгалын хураамжийг Иргэний хуулийн 431.1,  Даатгалын тухай хуулийн 10.1.4 дэх заалтуудын дагуу үлдэгдэл 3,600,000 төгрөгийг шаардах эрхтэй. Хэдийгээр хариуцагч тал манай байгууллагыг хангалтгүй ажилласан тул гэрээг цуцлах санал тавьж байсан гэх боловч энэ талаар ямар ч баримт хэрэгт байхгүй. Хэрэв гэрээний хүчинтэй хугацаанд хариуцагчид ямар нэг эрсдэл гарсан бол бид даатгалын гэрээний дагуу учирсан хохирлыг барагдуулах байсан гэдгийг шүүхээс анхаарч үзнэ үү.

2/ Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрсдийн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Учир нь бид хариуцагчтай 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 14/267 тоот “Даатгалын ерөнхий гэрээ”-г байгуулсан. Уг гэрээгээр хариуцагч тал манайд нийтдээ 7,000,000 төгрөг төлөх ёстой байсан. Үүнээс хариуцагч тал зарим хэсгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 3,981,691 төгрөгийг төлөөгүй гэсэн тооцоог бид хийсэн. Иймд гэрээний дагуу төлөх ёстой үлдэгдэл 3,981,691 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Хэдийгээр хариуцагч талаас 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр үлдэгдэл 4,000,000 төгрөгийг төлсөн гэсэн баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч уг мөнгийг хариуцагч тал бидний хооронд байгуулсан “Даатгалын ерөнхий гэрээ”-ний 9.3-т “...талууд харилцан төлбөр гүйцэтгэхдээ гэрээ байгуулах болгондоо хэлцэл хийн тухай бүрдээ байгууллагын дансанд төлбөрийг шилжүүлнэ” гэж заасныг зөрчиж, гэрээний үлдэгдэл төлбөр 4,000,000 төгрөгийг тухайн үед манай байгууллагад даатгалын мэргэжилтнээр ажиллаж байсан манай ажилтан Ж.Буянхишигт мөнгийг тушаасан байна. Өөрөөр хэлбэл гэрээний үлдэгдэл төлбөрийг манай байгууллагын данс руу биш манай байгууллагын ажилтанд тушаасан, тэр хүн нь мөнгийг бидэнд шилжүүлээгүй байна. Иймд бид төлбөрийн үлдэгдлийг аваагүй, 3,981,691 төгрөгөө шаардах эрхтэй. Харин хариуцагч нь манайд ажиллаж байсан ажилтан болох Ж.Буянхишигээс тушаасан мөнгөө буцаан шаардаж болно. Иймд хариуцагчаас нийт 7,581,691 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Мандал даатгал” ХХК-д олгуулж өгнө үү гэжээ.   

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь “Мандал женерал даатгал” ХХК-тай 2012-2015 онуудад гэрээгээр хамтран ажиллаж байсан бөгөөд гэрээгээр заагдсан жолоочийн хариуцлага, тээврийн хэрэгслийн болон байгууллагын ерөнхий хариуцлагын даатгалд нийт 44,099,237 төгрөгийг шилжүүлсэн болно. Энэ хугацаанд 21-88 УНС улсын дугаартай автокраны нөхөн төлбөр болох 2,650,485 төгрөгийг байгууллагын дансаар нэг удаа авч байсан. Хамтран ажиллах хугацаанд манай байгууллагын тээврийн хэрэгсэлд учирсан даатгалын нөхөн төлбөрийг нэхэмжлэхэд  төлбөрийг барагдуулдаггүй, нөхөн төлбөр олгох боломжгүй гэсэн шалтгаанаар хохирол барагдуулж байгаагүй учраас 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 15/030 тоот даатгалын ерөнхий гэрээг цуцлах цаашид хамтран ажиллах боломжгүй талаар даатгалын менежер Ж.Буянхишигт мэдэгдэж байсан. Иймд энэ байгууллагын нэхэмжилсэн даатгалын төлбөр 3,600,000 төгрөгийг манай байгууллага төлөх шаардлагагүй болохыг мэдэгдэж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сүрэнхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Бид “Мандал женерал даатгал” ХХК буюу одооны “Мандал даатгал” ХХК-тай 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр №15/030 тоот “Даатгалын ерөнхий гэрээ”, түүний хавсралт №1-ээр “Байгууллагын ерөнхий хариуцлагын даатгалын хэлцэл”, Хавсралт №2-оор “Хүнд машин механизмын даатгалын хэлцэл” байгуулсан. Уг хэлцлүүдийн хугацаа 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр, 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр тус тус дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл нэг гэрээний дагуу өөр өөр огноотой гэрээ байгуулсан байгааг шүүх анхаарч үзнэ үү. Бид уг гэрээний дагуу 6,156,000 төгрөгийг даатгалын хураамжийн урьдчилгаанд шилжүүлсэн. Үлдсэн 3,600,000 төгрөгийн даатгалын хураамжийг бид төлөхгүй. Учир нь нэхэмжлэгч тал хүнээс мөнгө авах болохоороо маш хурдан шуурхай авдаг мөртлөө даатгалын тохиолдол гараад бид үйлчилгээ авах гэхээр өгөхгүй удаад алга болчихдог, хамтран ажиллахад маш хүндрэлтэй байгууллага. Ер нь бол нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг тус байгууллагад ажиллаж байсан Ж.Буянхишиг гэж хүний санаачилгаар л байгуулсан. Нэхэмжлэгч тал даатгалын гэрээ байгуулсан мөртлөө бидэнд чанартай үйлчилгээ үзүүлээгүй, өөрсдөө ч бидэнд ямар үйлчилгээ үзүүлсэн болохоо шүүхэд нотолж чадаагүй. Бид даатгалын үйлчилгээнд нь сэтгэл дундуур байсан тул гэрээг цуцлах саналыг ч явуулж байсан. Иймд бид анхны шаардлага болох даатгалын гэрээний үлдэгдэл 3,600,000 төгрөгийг төлөхгүй. 

 Нэхэмжлэгч тал 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 14/267 тоот “Даатгалын ерөнхий гэрээ”-ний дагуу үлдэгдэл 3,981,691 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Бид уг гэрээний дагуу нийт 7,000,000 төгрөг төлөх ёстой байснаас хоёр удаагийн төлөлтөөр өгөх ёстой төлбөрөө бүрэн төлөөд дуусгачихсан. Энэ талаарх баримтаа ч шүүхэд гаргаад өгсөн. Нэхэмжлэгч тал биднийг заавал данс руу мөнгийг хийх ёстой байсан гэж байна. Гэтэл бид нэхэмжлэгч байгууллагын ажилтанд төлбөрийг бэлэн мөнгөний орлогын баримтаар хийсэн. Нэхэмжлэгч тал эхний төлбөрийг 2014 оны 3 сарын 06-ны өдөр зүгээр хүлээж авчихаад сүүлийн 4,000,000 төгрөгийн төлбөрийг яг адилхан байдлаар тушаачихаад байхад төлбөр мөнгөө авч чадаагүй нь бидний буруу биш. Нэхэмжлэгч байгууллага ер нь маш хариуцлагагүй болох нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээс нь харагдана. Харилцагч байгууллагаасаа төлбөрөө авчихаад өөрсдөө ажилтантайгаа тооцоогоо хийж чадахгүй, мөнгө орсон эсэхээ ч шалгаагүй явж байна. Бид нэхэмжлэлийн шаардлага болох 3,981,691 төгрөгийг төлөхгүй, учир нь бид 3,000,000 төгрөг, 4,000,000 төгрөгөөр хоёр удаа төлөөд тооцоогоо дуусгасан. Нэхэмжлэгч тал өөрсдөө тэр Ж.Буянхишиг гэж ажилтантайгаа учраа олох байх. Иймд 7,581,691 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Мандал даатгал” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.   

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Мандал женерал даатгал” ХХК нь хариуцагч “Мөнгөн хошуут хүлэг” ХХК-д холбогдуулж даатгалын хураамж 3,600,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг 3,981,691 төгрөгөөр нэмэгдүүлжээ /хх1, 32 хуудас/.

 

“Мандал женерал даатгал” ХХК-ийн нэр өөрчлөгдсөнтэй холбогдуулж шүүхээс нэхэмжлэгчийг “Мандал даатгал” ХХК болгож сольсон байна /хх 44, 45 хуудас/.

 

3,600,000 төгрөгийн шаардлага:

 

“Мандал женерал даатгал” ХХК болон “Мөнгөн хошуут хүлэг” ХХК-иуд 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр №15/030 тоот “Даатгалын ерөнхий гэрээ, уг гэрээний №01 дүгээр хавсралтаар “Байгууллагын ерөнхий хариуцлагын даатгалын хэлцэл”, №02 дугаар хавсралтаар 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “Хүнд машин механизмын даатгалын хэлцэл”-ийг тус тус байгуулжээ /хх5-12 хуудас/.

 

Дээрх гэрээний дагуу талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүхээс дүгнэлээ.  

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээр дурдсан гэрээг байгуулсан, гэрээний хугацаа дууссан болон хариуцагчаас 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр №15/030 тоот “Даатгалын ерөнхий гэрээний №01 дүгээр хавсралт буюу “Байгууллагын ерөнхий хариуцлагын даатгалын хэлцэл”-ийн дагуу төлөх ёстой 7,200,000 төгрөгийн даатгалын хураамжаас 3,600,000 төгрөгийг төлөөгүй байгаа эсэх тал дээр маргаагүй.   

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...манай компани даатгагчийн хувьд гэрээ үргэлжлэх хугацааны турш эрсдэлийг өөртөө хүлээж, гэрээний дагуу үйлчилгээг үзүүлж байсан тул даатгалын хураамжийг шаардах эрхтэй” гэж, 

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...нэхэмжлэгч тал даатгалын гэрээ байгуулсан мөртлөө бидэнд чанартай үйлчилгээ үзүүлээгүй, өөрсдөө ч бидэнд ямар үйлчилгээ үзүүлсэн болохоо шүүхэд нотолж чадаагүй тул даатгалын гэрээний үлдэгдэл 3,600,000 төгрөгийг төлөхгүй” гэж тус тус маргаж байна.

 

Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээхийг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан ба даатгуулагч даатгалын зүйлээ даатгуулсны төлөө даатгагчид төлөх төлбөрийг даатгалын хураамж гэхийг Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэгт заажээ.

 

Өөрөөр хэлбэл, аливаа даатгалын гэрээ үргэлжлэх хугацаанд даатгалын тохиолдол үүссэн эсэхээс үл хамаарч гэрээгээр тохирсон хэмжээний даатгалын хураамжийг төлөх үүргийг даатгуулагч хүлээхийг хуулиар зохицуулсан байна. 

 

 Хариуцагч талын “...нэхэмжлэгч тал даатгалын гэрээ байгуулсан мөртлөө бидэнд чанартай үйлчилгээ үзүүлээгүй”, “ нэхэмжлэгч бидэнд ямар үйлчилгээ үзүүлсэн болохоо шүүхэд нотолж чадаагүй”, “...бид даатгалын гэрээг цуцлах саналыг явуулж байсан” гэх тайлбарууд хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоогүй ба нэхэмжлэгч “Мандал даатгал” ХХК нь 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн №15/030 тоот “Даатгалын ерөнхий гэрээ”-ний хураамжийн үлдэгдэл болох 3,600,000 төгрөгийг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй гэж шүүх үзлээ. 

 

3,981,691 төгрөгийн шаардлагын хувьд:

 

“Мандал женерал даатгал” ХХК болон “Мөнгөн хошуут хүлэг” ХХК-иуд 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдөр №14/267 тоот “Даатгалын ерөнхий гэрээ”, уг гэрээний №01 дүгээр хавсралтаар “Байгууллагын ерөнхий хариуцлагын даатгалын хэлцэл”-ийг байгуулжээ /хх34-43 хуудас/.

 

Нэхэмжлэгч талаас дээрх гэрээний дагуу 3,981,691 төгрөгийг шаардсан ба шаардлагын үндэслэлээ “...хариуцагч байгууллага гэрээний дагуу төлөх ёстой нийт 7,000,000 төгрөгийг манай байгууллагад бус харин манайд ажиллаж байсан Ж.Буянхишигт төлж, талуудын байгуулсан гэрээний 9.3 дахь заалтыг зөрчсөн тул үлдэгдэл мөнгийг бид шаардах эрхтэй” гэж,

хариуцагчаас “...бид 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдөр №14/267 тоот гэрээний дагуу төлөх ёстой 7,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, хариуцагч байгууллага өөрийн ажилтнаасаа уг мөнгөө авсан эсэх нь бидэнд хамаагүй” гэж тус тус маргаж байна. 

 

Тодруулбал, хариуцагчаас 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдөр №14/267 тоот “Даатгалын ерөнхий гэрээ”, уг гэрээний №01 дүгээр хавсралтаар “Байгууллагын ерөнхий хариуцлагын даатгалын хэлцэл”-ийн дагуу 7,000,000 төгрөгийг төлсөн тал дээр маргаагүй, харин уг даатгалын хураамжийг нэхэмжлэгч хүлээн авсан эсэх тал дээр маргажээ.

 

Хариуцагч “Мөнгөн хошуут хүлэг” ХХК нь 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 4,000,000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 3,000,000 төгрөгийг тус тус “Мандал женерал даатгал” ХХК-д төлсөн болох нь хэрэгт авагдсан “Мандал женерал даатгал” ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримтаар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн “...хариуцагч даатгалын төлбөрийг байгууллагын дансанд төлөөгүй” гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч “Мөнгөн хошуут хүлэг” ХХК-иас 3,600,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Мандал даатгал” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас  3,981,691 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Мөнгөн хошуут хүлэг” ХХК-иас 3,600,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Мандал даатгал” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,981,691 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй  болгосугай.    

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151,210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Мөнгөн хошуут хүлэг” ХХК-иас 72,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

   

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Н.ХАНГАЛ