Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/38

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалболд,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ,

  Шүүгдэгч М.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

  Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч М.Цд холбогдох эрүүгийн 2234000000026 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ирүүлсэн шүүгдэгч М.Ц, 40 настай, эрэгтэй, яс үндэс халх,  бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

  1.Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 сар 10 хоногийн  баривчлах ялаар,

2.Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 197 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 000 төгрөгөөр торгох ялаар,

3. Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

 Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч М.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

  Шүүгдэгч М.Ц нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн нутаг 4-6 тоотод Т.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон. 

 

Энэ нь эрүүгийн 2234000000026 дугаартай хэрэгт авагдсан 

           

           Хохирогч Т.Бгийн өгсөн: "Манайнх Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар багийн 4-16 тоотод амьдардаг манай гэрт Ц гэх хүн манай гэрт орох оронгүй гээд амьдраад 1 сар болж байна. Өчигдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ц гэрээс гарч яваад өнөөдөр өглөө буюу 2021 оны 12 дугаар сарын 19-ны өглөө 10 цаг өнгөрч байх үед архи уусан байдалтай ер нь бол согтуу байдалтай орж ирсэн. Тухайн үед манайх өөр айлын хашаа руу нүүх гэж байсан болохоор би Цг манай гэрийг хамт нүүлгэлцээд өгөөч гэж гуйтал над руу Ц үгүй би чадахгүй гэх би яагаад танай гэрийг нүүлгэж өгдөг юм гэх зэргээр маргалдаж эхэлсэн. Тэгэхээр нь би бас Цг газар хэвтэж байсан төмрөөр хөлний шилбэ хэсэг рүү цохих шиг болсон. Гэтэл Ц нь уг газар унасан төмөр турбаг аваад миний араас толгой хэсэгт 1 удаа цохисон. Миний толгой хагараад маш их цус алдсан түргэн дуудаад удалгүй эмнэлэгт очиж үзүүлсэн. Намайг Ц гэх хүн намайг хувийн таарамжгүй харилцааны улмаас газар байсан төмрөөр толгой хэсэгт 1 удаа цохисон. Үүний улмаас миний толгой хагарч маш их цус алдсан зор цохиж гэмтээсэн зүйл байхгүй. Би толгойдоо нийт 6 оёдол тавиулсан одоогийн байдлаар миний толгой маш их өвдөж байна яаралтайгаар Улаанбаатар хот явж үзүүлэн зураг авхуул гэж эмч халсан толгой маань цаашаагаа цус хуралт ихтэй байна гэсэн. Ц нь өнөөдөр намайг цохих үед бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан гэхдээ тийм их согтуу байгаагүй биеэ удирдаад авч явах чадвартай байсан. Би цаашдаа эмчилгээ хийлгүүлэх тул зардлаа Цгаар даалгуулнаа." гэх мэдүүлэг /хх 11-12/,

            Хохирогч Б.Бгийн өгсөн: “Өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 19-ны өдөр манайх айлын хашаа руу нүүх гээд гэрээ янзлаад нүүхэд бэлдээд байж байсан. Өглөө 11 цагийн үед Ц гээд манай таньдаг хүн орж ирсэн. Ц нь манай гэрт амьдраад 1 сар болж байсан. Тухайн үед эхнэр Б нь гаднаас гэрт толгойноос нь цус гарсан байдалтай уйлаад ороод ирсэн. Тэгэхээр нь би юу болсон бэ хэн цохисон гэхэд Ц толгой руу төмрөөр цохисон гэсэн. Тэгэхээр нь би гадаа гартал Ц миний хоолойг боогоод шүд рүү 1 удаа цохисон. Тэгээд Ц зугтаагаад яваад өгсөн. Уг нь Ц нь манай гэрт манай хоолыг идэж сар гаран амьдарсан өнөөдөр юу болсон юм гэнэт л ийм зүйл боллоо. Ц нь тухайн хэрэг болох үед бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэхдээ бол өөрийгөө удирдах чадвартай байсан.” гэх мэдүүлэг / хх 15/,

         Шүүгдэгч М.Цгийн өгсөн: "Би өчигдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 19-ны өдөр найзындаа хоноод байж байтал өглөө 10 цагийн үед Б утсаар залгаад манайд хүрээд ирээ нүүх гэж байгаа юмаа туслаад өгөөч ээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би ганцаараа яваад очтол Б, түүний нөхөр Б, Цэнгэл болон таньдаг бас нэг залуу байсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан нэг мэдэхэд муудалцсан. Тэгээд би тэдний хашаанаас гараад явах гэтэл Б намайг хаалганы төмрөөр нуруу руу 1-2 удаа цохисон. Тэгэхээр нь би төмрийг нь аваад Бг толгой тус газарт нь 1 удаа цохисон тухайн үед Бг цохисон талаараа санахгүй байна. Тэгээд би гэрээс нь гараад яваад өгсөн. Намайг тухайн үед Б нь гэр нүүлгэлцсэнгүй гэж нуруу руу цохисон миний биед гэмтэл учраагүй. Бид нар хоорондоо гэр нүүлгэлцэхээс болоод маргалдаад би согтуу байсан уурандаа Бг 1 удаа төмрөөр толгой тус газарт нь цохисон харин түүний нөхөр Бг зодсон талаараа санахгүй байна. Би өмнө нь Б, Б нартай маргалдаж байгаагүй зодолдож байгаагүй." гэх мэдүүлэг /хх 20, 56/, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Т.Бгийн биед зулайн хуйханд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Цаашид ерөнхий  хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. 4.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэжээ /хх 26/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч М.Цгийн дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй. Шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, түүнийг хүсэж үйлдээгүй байна гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч М.Цд ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

 

Шүүгдэгч М.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т "Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно." гэж заасан бөгөөд шүүгдэгч нарын хүсэлтийг харгалзан 700 000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

Хохирол төлбөр, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч М.Ц нь хохирогч Т.Бд эмчилгээний зардалд 35 000 төгрөг төлж, эвлэрлийн гэрээ хийж эмчилгээний зардалд 350 000 төгрөг өгөхөө илэрхийлсэн талаархи баримт хавтаст хэргийн 62-64-р хуудсанд авагдсан.

 

Эрүүгийн 2234000000026 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч М.Цг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2.Шүүгдэгч М.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 /долоон зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цд оногдуулсан 700 000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

  5.Эрүүгийн 2234000000026 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Ц нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

  7.Шийтгэх тогтоод давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ