Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/44

 

 

 

 

 

 

 

 

 

   2022           01              31                                                   2022ШЦТ/44

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Д.Сүхням,

улсын яллагч Х.Оюунцэцэг,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О,

шүүгдэгч Ё.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э Ё.Бд холбогдох эрүүгийн 2134001530483 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

 

                             Шүүгдэгч нарын биеийн байцаалт 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Мянгат суманд 1981 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, дугаарын регистртэй, Э Ё.Б,

 

                                 Холбогдсон хэргийн талаар

                                /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ё.Б нь  “Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг Их цагаан хөтөл Гүн жалга гэх газарт 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох” Монгол Улсын Үндэсний их баяр наадмын тухай хулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт зааснаар “...Баяр наадмын хурдан морийг 7-гоос дээш насны хүүхэд унах бөгөөд ослын даатгалд даатгуулсан байна” гэснийг, “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” MNS 6264:2018 стандартын 1.1-д заасан “...Энэ стандарт нь үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн /цаашид уралдаанч хүүхэд гэх/ уралдаан болон бэлтгэл сургуулилтын үед өмсөх хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлагыг тогтооход хамаарна.” мөн 1.2-д заасан “Уралдаанч хүүхэд хамгаалалтын малгай буюу дуулга, хантааз, гутлыг уралдаан, бэлтгэл сургуулилтын үед өмсөж хэрэглэнэ.” гэснийг тус тус зөрчиж, хохирогч өвдгөвч, тохоовч, гутал зэргийг өмсүүлэлгүйгээр морины уяа сойлгын ажил хийлгэх явцад мориноосоо унаж амь нас нь хохирсон  гэмт хэрэгт холбогджээ.    

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  

            шүүгдэгч Ё.Б:

            ...2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр манай уяач яаралтай морины эм тарианд явах гээд дүүг дуудаад түр байлгаж байсан. Тухайн үед морины ажил хийж байсан. Би хамгаалалтын хувцсыг бүрэн хангасан байдаг. Тухайн өдөр манай дүү морины ажил хийхдээ яараад хувцсыг нь өмсгөөгүй явуулсан. Үүнд их харамсаж байна... гэж,

 

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О:

            ...2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ажил дээр байж байхад над руу Эрдэнэбаяр утсаар яриад хүүхэд чинь мориноос уначихлаа гэж ярьсан. Тэгээд би эмнэлэг дээр очсон. Очоод хүүхдээ харж чадаагүй... гэж тус тус мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2134001530483 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Ё.Бын 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Их цагаан хөтөл Гүн жалга гэх газарт хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох” Монгол Улсын Үндэсний их баяр наадмын тухай хулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт зааснаар “...Баяр наадмын хурдан морийг 7-гоос дээш насны хүүхэд унах бөгөөд ослын даатгалд даатгуулсан байна” гэснийг, “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” MNS 6264:2018 стандартын 1.1-д заасан “...Энэ стандарт нь үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн /цаашид уралдаанч хүүхэд гэх/ уралдаан болон бэлтгэл сургуулилтын үед өмсөх хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлагыг тогтооход хамаарна.” мөн 1.2-д заасан “Уралдаанч хүүхэд хамгаалалтын малгай буюу дуулга, хантааз, гутлыг уралдаан, бэлтгэл сургуулилтын үед өмсөж хэрэглэнэ.” гэснийг тус тус зөрчиж, хохирогч өвдгөвч, тохоовч, гутал зэргийг өмсүүлэлгүйгээр морины уяа сойлгын ажил хийлгэх явцад мориноосоо унаж амь нас нь хохирсон үйл баримт дараах гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 12 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20 дугаар хуудас/,

Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-25 дугаар хуудас/,

Нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 29 дүгээр хуудас/,

Шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 63 дугаартай ...Талийгаач Г.Нгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр баруун зүүн тал бөмбөлгийн зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалт /САК/, хажуугийн ховдолд цусан хураа, хуйханд цус хуралт, баруун, зүүн чамархайн булчинд цус хуралт, нүүр, нуруу, баруун, зүүн бугалга, шуу, мөр, баруун, зүүн гуя, шилбэ, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь амьддаа үүссэн мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ... дүгнэлт /хх-ийн 102-104 дүгээр хуудас/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ганбатын ...Миний хүүгийн амь насыг хохироосон хэрэгт хүүгийнхээ хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Болсон үйл явдлын талаар надад мэдэх зүйл байхгүй, намайг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажиллаж байхад моринд чирэгдсэн гэж надад тухайн хүмүүс өөрсдөө биш өөр хүн хэлсэн. Эрдээ гэх ах нь урьд өмнө нь надруу яриад манай хүүхдээр хурдан морь унуулна гэхэд нь би зөвшөөрөөгүй юм. Тэгтэл надад хэлэлгүйгээр Эрдэнэбаяр гэх манай эхнэрийн ангийн залуу манай хүүг Улаанбаатар хотод гэртээ байхад нь очиж авч Б гэх хүний морь унуулсан байсан. Надад тохиролцоо хийсэн зүйл байхгүй, би угаасаа морь унуулахыг зөвшөөрөөгүй байсан юм. Тэр хүмүүс ямар нэгэн байдлаар хохирол мөнгө төлөөгүй, бүр ярих ч үгүй байгаа, хэрэг учрал болсны дараа намайг Өмнөговь аймгаас гэрт ирэхэд ажил явдал дээр тэр хүмүүсээс нэг ч хүн байхгүй байсан, утсаар дуудуулж ирчхээд намайг "Чи дуугүй байж бай" гээд загнаж байсан. Би хамгийн сүүлд 2021 оны 06 сарын сүүл үед нэг ярьсан, тухайн үед над дээр ирнэ гээд ярьж байсан. Тэрнээс хойш уулзаагүй, яриагүй. 5-6 настай байхдаа морь унаж сурсан. Өнгөрсөн хавраас эхлэн хурдан морь унаж эхэлсэн юм. Манай эхнэрийн ангийн гэх Эрдэнэбаяр гэх залуугаар дамжиж Е.Б гэх хүнтэй танилцсан байх, би сайн мэдэхгүй байна. Би маш их гомдолтой байна, морь унуулахгүй гэж байхад миний хүүхдийг очиж авч ийм зүйлд хүргэсэн тэр хүмүүст маш их гомдож байна, үнэн зөвөөр, шударга шалгаж өгнө үү. Манай хүүхдийн 1 гутал нь олдохгүй байсан, би бодохдоо машинаар хөөж байж хүүхэд унагааж чирсэн байх гэж бодож байна, надад тухайн үед морь хөтөлж яваа хүмүүсийг машинаар дагаж байгаа бичлэг нь байгаа, өөрсдөө хэлэхдээ машинтай яваагүй гээд байсан юм... /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

хохирогч Д.Огийн ...Талийгаач хүүгийн минь оршуулгад оролцсон тухайн үед гарсан зардлыг тодорхой хэмжээнд гаргасан яг хэдэн төгрөг гаргасан талаар мэдэхгүй байна. Хүүгээ алдахаас өөр үнэтэй хохирол гэж юу байхав дээ хүүгийнхээ амь насыг мөнгөөр үнэлэх хэцүү байна. Надад ямар нэгэн байдлаар сэтгэл санааны хохирол гэж мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй би хоёр хүүтэйгээ байр түрээсэлж амьдарч байгаа надад мөнгө төгрөгийн хэрэг маш их байна. Би Баас байрны урьдчилгаа 50 сая төгрөгийг нэхэмжилж байна. Миний сэтгэл санаа хүүгээ алдсанаас хойш үнэхээр хэцүү байнга толгой өвдөж байгаа өвчин намдаах эм уусаар байгаад мөөгөнцөртөөд эмчилгээ хийлгэж байгаа толгойныхоо үсийг хүртэл хусуулсан /үсээ хусуулаад хүрэн өнгийн парик буюу хиймэл ус зүүсэн байгаагаа харуулав/ хүүгээ алдсанаас хойш сэтгэл санаагаар их унаж байна нойр ч хүрэхгүй сэтгэл санаанаас болоод биеийн юм ирэхээ болчихсон. Надад маш хэцүү байна. Талийгаач мөөмөө хөхдөг байсан одоо ч гэсэн хөхнөөс минь цайвар зүйл гараад хэцүү ойндоо хүрээд гайгүй болох болов уу гээд сэтгэлээ аргадаад л байж байна гээд / уйлав/... /хх-ийн 40 дүгээр хуудас/,

гэрч Б.Батмагнайгийн ... 2021 оны 06 сарын 13-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын Цагаанхөтөл гэх газар 2 цагийн үед улсын наадамд уяж сойхоор 13-14 морьтой байсан бөгөөд Уг талийгаачийн унаж, нэг морь хөтлөөд явж байсан ба эдгээр морь нь Бын морьд байсан. Ингээд өглөө 11 цагийн үед морины хөлс гаргахаар Цагаан хөтлийн баруун талд унаж байгаад буцаад гэрлүүгээ явж байхдаа гэнэт Талийгаачийн унаж явсан зээрд халзан хязаалан насны морь гэнэт бүдэрч унаад хөтөлж явсан морь нь үргээд 40-50 метр газар талийгаачийг чирээд талийгаач баруун талаараа цулбуурдаад зуурсан чигтээ чирэгдээд би харин уг үргэсэн морины урдуур приус 20 маркийн машинтай очиж зогсоогоод талийгаач дээр очиход гарт нь цулбуур орооцолдсон байсныг Төмөрбаатар салгаж аваад машин өргөөд суулгасан. Талийгаач очиход ухаангүй байсан. Машины жолоочийн хажуугийн суудал дээр хэвтүүлэхэд ёооё гэж хэлээд нүдээ нээж ухаан ороод эргээд нүдээ урт урт амьсгаа аваад хариу эргэж өгөхгүй байхаар нь Баяраад хүүхэд унасан талаар хэлээд замаас тос гээд Баяраа өөрийн 3395 УАМ приус 30 маркийн машинтай ирээд хурдан эмнэлэг авч яв гэж хэлээд машинд нь суулгаад явуулсан. Харин би Төмөрбаатартай үлдсэн морьдыг уячхаад араас нь гараад явж байхдаа хаана байгаа талаар асуухад Энхжин худалдааны төвийн эсрэг талын автобусны буудал дээр байна 103 дуудаад ирсэн чинь нас барчихлаа гэж хэлсэн... /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

гэрч Ё.Бын ...2021 оны 05 дугаар сарын 05-нд манайд морь унахаар талийгч болох Ням ирсэн юм нэг нутгийн хүмүүс юм. Бид нар аав, ээжтэй нь Ховд аймгийн Мянгад сум юм байгаан талийгаачийн ээж нь болох О нь манай төрсөн дүү болох Эрдэнэбаяртай 10 жилийн нэг ангийн хүмүүс юм. Тэгээд таньж мэддэг болохоор манайд морь унасан юм. Өнөөдөр бид нар морьдоо хөлийг нь гаргах гээд Төв аймгийн Аргалант суманд очоод зөөлөн морьтой шогшоод явж байсан. Морь нь бүдэрч унаад морь нь үргээд талийгаачийг чирээд тэнд байсан хүмүүс хурдхан зогсоогоод талийгаачийг аваад Улаанбаатар руу эмнэлгийн машины араас явсан юм. Тэгсэн замдаа нас барсан тухайн үед нь би өөрөө гэртэй байсан утсаар ийм юм болсон талаар сонсоод л шууд ирлээ.Манайд бол унаж байгаагүй миний таньдаг хүмүүсийг морийг бол унаж байсан. Нэг голд хамт уяанд  гарсан хоёр уяач байсан Батмагнай, Төмөрбаатар 2 байсан тухайн үед талийгаачийг морьноос унахад хажууд нь байсан. 4-5 жил морь унаж байгаа морийг бол их л сайн унадаг хүүхэд юм байгаан уг нь. Ямар ч тохиолдолд өмнө нь хэрэглэх ёстой гадаа халуун байсан болохоор өмсөөгүй... /хх-ийн 47-48 дугаар хуудас/,

гэрч М.Ганцолмонгийн ...Би өглөө уяа морьдоо ганцаараа барьж уяад 8 цаг гээд дууссан юм. Тэгээд 10 цагийн орчим Батмагнай... ...морио хөлслөөд буцах замдаа талийгаач Нямсүрэн мориноосоо унаад хөтөлж явсан мориндоо чирүүлсэн байхад Батмагнай машинтай хашиж зогсоож мориноос хүүхдийг салгаж авч хот руу явсан юм... /хх-50-51 дүгээр хуудас/,

гэрч Ё.Эрдэнэбаярын ... 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 11 цагийн үед морины ажил хийхээр болоод талийгаач Г.Н хүрэн халзан азарга унаад хул морь хөтлөөд морины ажил хийхээр уяач нарыг дагаад явсан. Би уяан дээрээ үлдсэн удаагүй Төмөрбаатар миний утас руу залгаад Г.Нг мориноос уначихлаа гээд хэлсэн. Би машинтай хүүхэд унасан гэх газарт яваад очиход Төмөрбаатар Г.Нг машиндаа аваад миний өөдөөс ирсэн. Би Г.Нг өөрийнхөө приус маркийн 33-95 УМН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд урд суудал дээр нь хэвтүүлээд Улаанбаатар хот руу явсан. Явж байх замдаа төрсөн ах Бд хэлээд түргэн дуудаарай би эндээс хүүхдийг аваад хөдөлж байна гэж хэлсэн. Улаанбаатар хотод Баянгол дүүргийн цагдаагийн 2 хэлтсийн эсрэг талд Энхжин худалдааны төвийн зогсоол дээр түргэний машинтай уулзсан. Түргэний эмч Нямсүрэнг үзээд тариа хийгээд аманд нь амбуугаар амьсгалыг дэмжиж амьсгал зүрхийг нь тогтворжуулахаар түргэний машинд зөөж оруулна гэж ярьж байсан 10-15 минутын дараа Г.Нг нас барчихлаа гэж хэлж байсан... /хх-ийн 53-56 дугаар хуудас/,

гэрч Ё.Бын ... Хэрэг болсон гэх 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн үед миний төрсөн дүү Эрдэнэбаяр залгаад Г.Нг мориноос унаад ухаан алдчихлаа би эндээс хүүхдийг аваад Улаанбаатар хот руу хөдөллөө та түргэн дуудаарай гэж ярьсан. Би тухайн үед Улаанбаатар хотод ажил дээрээ байсан. Би түргэнд дуудлага өгчхөөд дүү Эрдэнэбаярын өөдөөс яваад Улаанбаатар хотод Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн эсрэг талын Энхжин худалдааны төвийн зогсоол дээр ирэхэд түргэний машин Эрдэнэбаяр нар ирчихсэн хүүхдийг үзээд байж байсан. Намайг очиход Г.Н нас барчихсан байсан... /хх-ийн 59-61 дүгээр хуудас/,

гэрч Д.Огийн ... Би Улаанбаатар хот ажил дээрээ байтал 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 13 цагийн үед Эрдэнэбаяр над руу залгаад хүүхэд чинь мориноос чирэгдсэн ухаангүй байна. Эмнэлэг рүү явж байна. Түргэн дуудсан Улаанбаатар хотод Энхжин худалдааны төвд түргэний машинтай уулзахаар болсон гэж яриад удаагүй байж байтал 103 эмч гэх хүн залгаад хүүхдийн биеийн байдал хүнд байна цус сэлбэх шаардлагатай юм байна. Та хурдан Энхжин худалдааны төв дээр ир гэж хэлсэн. Би замын түгжирч явсаар байгаад Энхжин худалдааны төвд очиход хүүхдийг надад харуулаагүй Эрдэнэбаяр намайг тэвэрч аваад хүүхдийг ухаангүй байна гэж хэлсэн. Энхжин худалдааны төвийн зогсоол дээр ирэхэд цагдаа эмч нар бүгд байсан. Би хүүхдээ нас барсан гэдгийг ахаасаа л мэдсэн... /хх-ийн 63-64 дүгээр хуудас/,

гэрч Г.Пүрэвжаргалын ...Би 2012 оноос Гэр бүлийн хүүхэд залуучуудын хөгжлийн газарт хүүхдийн хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас морины хэрэгсэлд тавигдах шаардлагыг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор шинэчлэн баталсан. Засгийн газрын 2005 оны 119 дүгээр тогтоолын хавсралтаар Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрмийн 4.3-т Уяач унаач хүүхдэд тавигдах шаардлагад хамгаалалтын хувцас хэрэглэлийг тухайн хүүхдийн биед тохируулан аюулгүй байдлыг нь хангасан байна гэж заасан байдаг. Мөн Монголын морин спорт уяачдын холбооны хурдан морины уралдааны дүрэм дээр уяачийн үүрэгт заасан байгаа. Уралдааны уяач хүүхдийн хувцас хэрэглэлийг уяач хариуцаж, эцэг эх шаардлага тавих ёстой. Баяр наадмын хурдан морийг 7-гоос дээш насны хүүхэд унах бөгөөд ослын даатгалд даатгуулсан байна. 2020 оноос эхлэн Засгийн газрын тогтоол болон аймгийн засаг даргын захирамжуудаар улсын болон орон нутгийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдал болон өндөржүүлсэн бэлэн байдлын үе болон улаан улбар шар түвшинд шилжин ажилласан юм Дээрх тогтоол болон захирамжуудад нийтийг хамарсан арга хэмжээ уралдаан тэмцээн зэргийг хориглосон байгаа. Морины уралдааны уралдаанч хүүхдийн цалин хөлсийг тусгай тогтоосон зүйл байхгүй, Засгийн газрын 2005 оны 119 дүгээр тогтоолын 5.2.2-т хурдан морь унахыг зөвшөөрсөн эцэг эх асран хамгаалагчийн тодорхойлолттой байна. Мөн түрүүлж айрагдсан бол... /хх-ийн 66-67 дугаар хуудас/,

насанд хүрээгүй гэрч Г.Баатар-Аюушийн ...Г.Н миний хамгийн бага төрсөн дүү байгаа юм. Миний дүү Нямсүрэн 2021 оны 06 дугаар сарын 5-6-ны өдөр байх өдрийг тодорхой санахгүй байна. манай гэрт ээжийн 10 жилийн найз Баяраа гэх хүн ирээд ээж О дүү Нямсүрэн хоёртой уулзсан дүүг хүй долоон хударт морь унуулахаар ярьсан. Дүү Нямсүрэн ээжээс асуусан чинь чи өрөөрөө мэд ааваасаа асуугаарай гэж хэлсэн. Дүү Нямсүрэн өөрийнхөө 88545326 дугаарын утаснаас аав Ганбатын 88214442 дугаарын утас руу залгаад ярьсныхаа дараа аав өөрөө мэд гэж байна гээд хэлсэн. Ээж чи дуртай байвал очоод хэд хоноод үз дургүй байвал /болохооргүй бол/ буцаад хүргүүлээд ирээрэй гэж хэлээд явуулсан. Тухайн үед манай аав Өмнөговь аймагт ажлаар явж байсан. Ээж 2 дүү бид гурав ааваас тусдаа амьдраад 7 жил болж байна. Миний дүү Нямсүрэн моринд их дуртай хүүхэд байсан. Яг хэдэн наснаас морь унасныг мэдэхгүй байна. Би зуны амралтаар Ховд аймагт ээжийнхээ аав ээж /өвөө, эмээ/ нар дээрээ байж байгаад ирдэг байсан болохоор сайн мэдэхгүй байна... /хх-ийн 69-70 дугаар хуудас/,

гэрч Т.Төмөрбаатарын ...2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг цагаан хөтөл гэх газарт өөрийн уян дээр морь хөлслөх гээд морьдтойгоо явсан чинь Бын морьд дагаад морио хөлслөх гээд мордсон. Бынхаас 4-5 морь гарсан. Б ахын хүү дөнгөж морь унаж сурч байсан нэг морь унаад тухайн морийг туслах уяач нь хөтлөөд явсан. Талийгаач халзан азарга унаад хул морь хөтлөөд явж байсан юм. Морио хөлслөөд хөнгөхөн шогшоод явж байтал талийгаачийн унаж явсан морь нь бүдэрсэн чинь талийгаач унаж явсан мориныхоо хүзүүн дээр гараад ирсэн хөтөлж явсан морь НЬ үргээд талийгаачийг мориноос НЬ унгачихсан. Тэгээд хөтөлж явсан хул мориндоо чирэгдсэн. Талийгаач унаж явсан морь хөтөлж явсан морь хоёроо тавихгүй байсан. Бид нар хажуугаас нь наад морь тавиач гэхэд агаа тавихгүй гээд байсан. Тэгж байгаа унаж явсан халзан азаргаа тавьсан. Талийгаач хөтөлж явсан мориныхоо цулбуурыг гартаа ороосон байсан болохоор мориноосоо салж чадаагүй хул морь талийгаачийг чирээд явчихсан би 84-20 УБД улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгслээр тухайн үед морь дагаж явсан болохоор талийгаачийн чирэгдэж явсан морины урдуур орж зогсоогоод талийгаачийг авахад талийгаач ухаангүй байх шиг байсан. Хацар дээр нь Нямка ахын дүү сэрээрэй гээд алагдсан чинь ёо эмнэлэг явъя бие аймаар өвдөж байна гэж хэлсэн. Тэгээд би 84 20 УБД улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгслийн урд жолоочийн эсрэг талын суудлыг хойш нь налуудаад хэвтүүлээд Б ахын төрсөн дүү Эрдэнэбаярын дугаар луу залгаад Нямкаг моринд чирэгдчихлээ хурдан ир гэж хэлсэн. Би талийгаачийг аваад тухайн газраас хөдлөөд 200 метр явж байтал Эрдэнэбаяр ирээд Нямкаг аваад Улаанбаатар хот руу явсан. Нямкаг би машиндаа суулгахад Нямка ёолоод байсан... /хх-ийн 72-73 дугаар хуудас/,

яллагдагч Ё.Бын ... Би Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын дэд зөвлөх С.Сүрэнхоролын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцлаа Би тогтоолыг ойлгосон. Асууж тодруулах зүйл байхгүй би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.... /4-р хх-ийн 25-26 дугаар хуудас/ гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч Ё.Бын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 143, 150-156 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.    

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Ё.Бын Г.Нгийн амь насыг хохироосон үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

            Гэм буруугийн болон хууль зүйн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч Х.Оюунцэцэг:

            ... Өнөөдрийн шүүх хуралдаанд Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг би прокурорын тухай хуулийн 17, 19 зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн Ё.Бд холбогдох хэргийн шүүх хуралдаанд оролцож дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч Ё.Б нь Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг Их цагаан хөтөл гүн жалга гэх газар 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, Үндэсний морин уралдааны унаач хүүхдийн хамгаалалтын хувцас морины хэрэгсэл тавих шаардлага MNS:626422018 стандартын 1.1, 1.2 дахь заалтын тус тус зөрчиж хохирогч Нямсүрэнг хамгаалалтын хувцас болох малгай хантааз, өвдгөвч, тохойвч, гутал зэргийг өмсүүлэлгүйгээр морины уяа сойлгын ажил хийлгэх явцад морины унасан амь нас нь хохирсон гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бичгйин нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ё.Быг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас 1 хүний амь нас хохирсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирлын баримт хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлбөргүй, гомдол саналгүй талаараа мэдүүлж байна. Мөн хавтаст хэргийн материалаас шүүгдэгч Ё.Баас хохирогчид 25.000.000 төгрөгийг хаан банкны дансаар шилжүүлсэн баримт авагдсан. Иймд өнөөдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгчээр гаргуулах хохирол төлбөргүй байна. Хэрэгт иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурдаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч Ё.Б:

            ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Шүүгдэгч Ё.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл,  шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Ё.Б дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцох ба шүүгдэгч Ё.Б нь амь хохирогч Г.Нг хамгаалалтын хувцас өмсүүлэлгүйгээр морь унуулсны улмаас амь нас нь хохирсон үйл баримтыг гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй байна.

 

Тухайлбал, шүүгдэгч Ё.Бын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн аравдугаар бүлэг “Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноороо төгсдөг, материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Ё.Быг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

            Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч Х.Оюунцэцэг:

            ...Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Ё.Быг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ё.Бын үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарагдаж байгаа учраас Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж шийдвэрлэх нь зүйтэй байна. Шүүгдэгчээс хохирогчид учирсан хохирлоо нөхөн төлсөн. Шүүх хуралдаанаас гаргуулах хохирол төлбөргүй байна. Мөн тухайн үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйл болон 9 дүгээр зүйлд хамаарагдахгүй байгаа учраас Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Бд оногдуулах ялыг өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ё.Б нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, түүнд авсан хувийн баталгааг гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч Ё.Б:

            ...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ё.Быг гэм буруутайд тооцсоны дараа эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулах гэсэн боловч түүний холбогдсон тухай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т заасан “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байна.

Түүнээс гадна 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдаж, 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулсан энэ хуулийн зорилтод нийцүүлсэн байхаар хуульчилсан.

Тиймээс шүүгдэгч Ё.Бын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн оногдуулах үндсэн ял нь энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэж зааснаар Өршөөл үзүүлэх хэлбэр, хүрээ хэмжээний дотор Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Улмаар шүүгдэгч Ё.Б нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч энэ зүйлийн 4.2-т дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасаны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэснийг хангаж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна гэж үзлээ. 

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ё.Бын гэм буруутай үйлдлийн улмаас Г.Нгийн амь нас хохирсон байна. 

    

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О нь шүүгдэгч Ё.Баас мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд шүүгдэгч нь Ё.Б нь 25.000.000 /хорин таван сая/ төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Огийн 5845591619 дугаарын дансанд шилжүүлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн 157 дугаар хуудаст түүний гаргасан хүсэлтээр нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ё.Быг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2134001530483 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ё.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.           

 

    Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

           шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13.,

      37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус

  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э Ё.Быг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Э Ё.Бын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

3. Эрүүгийн 2134001530483 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ё.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

4. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э Ё.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

5. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

7. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э Ё.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ш.ГАНДАНСҮРЭН