Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/39

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалболд,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ,

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Эт холбогдох эрүүгийн 2134003720003 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.Э, 37 настай, эмэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт оршин суух, Улсын 3 дугаар эмнэлэгт сувилагч ажилтай, улсаас авсан гавьяа шагнал, урь ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч Б.Э нь Төв аймгийн Баянчандмань сумын 52-ын даваа гэх газар 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 51-45 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дүгээр заалт буюу “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гаднах замд 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Ц.Х, Х.Ц нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон. 

 

Энэ нь эрүүгийн 2134003720003 дугаартай хэрэгт авагдсан 

           

           Хохирогч Х.Цгийн өгсөн: "Би ажлын газрын хамт олонтойгоо Улаанбаатар хотоос Аглаг бүтээлийн хийд орох гэж яваад 52-н даваанаас уруудах замд сууж явсан гэнэт дайвалзаад сууж хүмүүс бүгдээрээ сандралдаад яах ийхийн зуургүй замын хажуу руу гарч шороон далан мөргөсөн. Хэсэг ухаан алдсан. Хажууд байсан хүмүүс машинаас гарч эхэлсэн. Цуг явсан Х хэсэг чимээгүй болсон бид нар Хонгороо яасан бэ гэж хэлээд цуг явсан хүмүүс Хонгороог авч машинаас гарсан. Тэгээд цагдаа дуудаж, эмнэлэгт дуудлага өгсөн. Тэгээд би машинаас гарахдаа амьсгалж чадахгүй сууж чадахгүй байсан. Тэгээд эмнэлгийн машин ирээд намайг хот руу авч явсан. Би эмнэлэгт ирээд эхо-д харуулаад компьютер томографын зураг авхуулсан чинь сээрний Тh12-р нугалмын их биеийн урд гадаргуу шахагдсан хугарал тогтоогдсон. Тэгээд хагалгааны заалтгүй учраас хэвтрийн дэглэм сахих гэж эмчилгээ бичиж өгөөд явуулсан. Би 3-р эмнэлгийн мэдрэлийн тасагт 27 хоног эмчилгээ хийгдээд гарсан. Одоо гэртээ эмийн эмчилгээ хийж, хэвтэрт байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Өвлөөс өмнө байгууллагаараа салхинд гарах гээд явж байсан. Манай ажлын газрын сувилагч Хын машин. Улаанбаатар хотоос гараад Энхжин худалдааны төвийн цаанаас Э барьсан шиг санагдаж байна. Э жолооны үнэмлэхтэй хаяа машин барьдаг байсан. Би тээврийн хэрэгслийн зүүн гар талын арын сандал дээр сууж явсан. Осол болохоос өмнө 98 орчим километр цагийн хурдтай явж байхаар нь би Эт хандаж "Зөөлөн яв битгий яар" гэж хэлээд удаагүй байтал гэнэт машин салганаад эхэлсэн. Тэгээд бид нар сандралдаад эхэлсэн тэгтэл хамт явсан Г "Энхээ эгцээ цаашаа дар" гээд хэлж байсан тэгээд л юм мөргөөд эсрэг тал руу хараад зогсож байсан.Э хотоос гарч байхад Хаас би машин барья гээд гуйгаад байсан. Би яах гэсэн юм бэ. Х машинаа хүнд бариулах дургүй гэж хэлдэг гэж хэлсэн. Удахгүй эдгэрээд ажилдаа орно гэж бодож байна. Би сар болоод босоод ирэх болов уу гэж бодсон чинь арай удаан хэвтэх юм шиг байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй." гэх мэдүүлэг /хх 17, 23/,

  Хохирогч Ц.Хын өгсөн: “Би ажлын газрын хүмүүстэй тавуулаа Аглаг бүтээлийн хийл явахаар 2021.10.23-ны өдрийн 12 цаг өнгөрөөгөөд хотоос гарсан. Хотоос гараад тэмээтэй хөшөөний тэд явж байхад Э зогсчих би машиныг барья гээд зогсоод байхаар нь найз нөхөд болохоор үрүүлээ шилжүүлсэн. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Э жолооны үнэмлэхтэй машин барьдаг болохоор нь өгсөн. Анхлан хотоос гарахад л Э "Би машин барина шүү" гээд байсан тэр болгонд би юм дугараагүй. Тэгээд тэмээтэй хөшөөний тэнд машинаа өгсөн. Хөдлөөд нэлээн хурдтай явахаар нь аяархан яваач гэж зөндөө хэлсэн. Тэгээд урд явж байсан машиныг гүйцэт түрүүлэх гэтэл цуг явсан Г урдаас машин ирж байна гээд хэлсэн чинь буцаад эгнээнд орохдоо машин дайвалзсан. Тэгсэн цуг явсан хүмүүс хурдаа хасаач юу болов, зөөлөн яваач гэсэн чинь замын хажуу тал руу ороод юу болсон талаар мэдэхгүй ухаан алдсан. Тэгээд хажуугаас Хонгороо эгчээ сэрээчээ гээд дуудахаар нь гэнэт сэрсэн чинь би ганцаараа сууж байсан. Тэгээд машинаас буух гэсэн чинь хөлөө хөдөлгөж чадахгүй байсан чинь дунд чөмөг хугарсан байсан. Тэгээд эмнэлгийн тэрэг ирээд хот руу зөөж, ГССҮТ-д хагалгаанд ороод гарч ирсэн. Би ард сууж байсан болохоор хэдэн километрийн хурдтай явж байсныг хараагүй. Миний машин янз бүрийн эвдрэл байгаагүй хурдтай яваад сандраад л жолооч хурдаа хасаагүй, жолооны хүрдийн хоёр тийш дайвалзуулж байгаад замын хажуу тал руу орсон. Бусдаар бол манай машин ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Зүүн хөлийн дунд чөмөг хугарсан өөр гэмтэл байхгүй. Гомдол санал байхгүй нэг доор 17 жил ажиллаж байгаа найз нөхөд. Б.Э, Д. Г, С Баасанжав, Х.Ц бид 5 явсан. 5145 УБЕ улсын дугаартай Prius20 маркийн тээврийн хэрэгслийг 11.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Эмчилгээнд хэдэн төгрөг зарцуулсан талаарх мэдэхгүй байна. Би эрүүл мэндийн даатгалаар эмчилгээний зардлыг төлсөн. Одоогоор 1 сая гаран төгрөгний эм хэрэглэж байна.” гэх мэдүүлэг / хх 26/,

Иргэний хариуцагч Ц.Гын өгсөн: “51-46 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр “Да Хүрээ” техникийн зах дээрээс 10 500 000 билүү 11 500 000 төгрөгөөр худалдаж авч байсан. Уг тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг. 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр манай эхнэр Х нь ажлынхантайгаа “Амарбаясгалан” хийд явна гээд 51-46 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг аваад явсан. Манай эхнэр уг тээврийн хэрэгслийг байнга барьдаг. Над руу залгаад осол болсон талаар хэлсэн яг ямар шалтгаанаас болоод осол гарсан талаар мэдэхгүй байна. Би уг нь Хыг жолоодож явахыг зөвшөөрсөн. Харин Х надад хэлэхдээ Э би барья гээд гуйгаад байхаар нь жолоодуулсан гэж хэлсэн. Би өөрийн автомашинаа Б.Эээр төлүүлж авмаар байна.” гэх мэдүүлэг /хх 14/,

  Гэрч С.Бгийн өгсөн: "Би 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 12 цагийн үед 3 дугаар эмнэлгийн тасгийн хамт олонтойгоо Төв аймгийн Борнуур суманд байх Аглаг бүтээлийн хийд орох гээд 3 машинтай гарсан. Миний сууж явсан машин тэр 3 машины дунд явсан. Улаанбаатар хотоос Х машиныг барьж явж байгаад замдаа Э сувилагчид жолоогоо шилжүүлсэн. Би машины арын суудлын дунд сууж явсан. Тэгээд Э жолоо барьж явж байгаад машин гүйцэж байсан чинь урдаас нь машин гараад ирсэн. Тэгээд сандраад замын хажуу руу гарсан. Би тухайн үед хэсэг зуур ухаан алдсан байх. Нэг сэрсэн чинь машинд байсан. Тэгээд удалгүй эмнэлэг, цагдаа ирсэн. Миний толгой тархи доргисон, биеийн зарим газарт хөхөрч няцарсан байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй. Надад гомдол санал байхгүй." гэх мэдүүлэг /хх 19-20/, 

           Гэрч Д.Гын өгсөн: "Би 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 12 цагийн үед 5 шарын буудал дээрээс тасгийн хамт олонтойгоо Төв аймгийн Борнуур суманд байх Аглаг бүтээлийн хийд орох гээд 3 машинтай гарсан. Миний сууж явсан машин тэр 3 машины дунд явсан. Улаанбаатар хотоос Х машиныг барьж явж байгаад замдаа Э сувилагчид жолоогоо шилжүүлсэн. Тэгээд би утсаа оролдоод явж байсан чинь гэнэт машин чичрээд юу болов оо гэхийн зуур машин баруун тал руу гарсан. Тэгээд сайн санахгүй байна. Нэг мэдсэн шороо тоос болчихсон бууж ирсэн. Тэгээд тэнд байсан хүмүүс эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн. Би шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй. Надад гомдол санал байхгүй." гэх мэдүүлэг /хх 21-22/,

           Шүүгдэгч Б.Эийн өгсөн: "Би 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 12 цагийн үед Улаанбаатар хотоос Аглаг бүтээлийн хийд орох гээд 3-р эмнэлгийн тасгийн хамт олонтойгоо явсан. Би тухайн үед найз Хын Тоёота Приус-20 маркийн 51-45 УБЕ улсын дугаартай машиныг говь-ресортын ойролцоогоос барьж явсан. Тэгээд би найзынхаа машиныг бариад явж байсан чинь урд нэг машин явж байсан түүнийг гүйцэж түрүүлэх гээд эсрэг урсгалд ортол өөдөөс машин гарч ирсэн тэгээд би тэр машиныг урдаас ирэхээс өмнө гүйцэж түрүүлэх үйлдлээ дуусгах гээд хурдаа нэмсэн. Тэгээд жолоо булаагдаад машины 2 тал руугаа дайвалзаад байсан тэгээд би сандраад нэг мэдсэн чинь замын баруун тал руу гарч онхолдсон байсан. Би осол болох үед ойролцоогоор 100 км/ц хурдтай явсан байхаа. Тийм зүйл болоогүй. Надаас гадна 4 хүн сууж явсан. Би өөрөө хамгаалах бүстэй явсан, хажууд сууж явсан хүн бас бүсээ бүсэлсэн байсан. Арын суудалд явсан хүмүүсийг би сайн мэдэхгүй байна. Машинд сууж явсан хүмүүсийг Баянчандмань сумын эмнэлэг ирээд ГССҮТ-руу авч явсан. Ямар гэмтэл бэртэл учирсанг сайн мэдэхгүй байна. Шинжилгээ хийлгэж байгаа. Би зам тээврийн осол хэрэг гаргасандаа үнэхээр их харамсаж байна. Найзынхаа эмчилгээ зардал болон тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг барагдуулж өгөх болно." гэх мэдүүлэг /хх 18, 145/, 

   Техникийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 11/16 дугаартай дүгнэлтэд: “1.51-45 УБЕ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Э нь МУ-ын ЗХД-ийн 12.4-р заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болжээ. 2.Осол болоход замын нөхцөл байдал, үзэгдэх орчин нөлөөлөөгүй гэж үзэж байна. 3.Хэрэгт ач холбогдол бүхий нэмэлт зүйл илэрсэнгүй.” гэх / хх 43/,

 

    Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар  сарын 10-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Ц.Хын биед зүүн дунд чөмөгний гадна хэсгийн ташуу зөрөөтэй далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна." гэжээ /хх  56/,

   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар  сарын 10-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Х.Цгийн биед сээр 12-р нугалмын шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна." гэжээ /хх  58/,

   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар  сарын 10-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.С.Бгийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй." гэжээ /хх  85/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

  Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.

 

  Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэлээ.

 

  Шүүгдэгч Б.Эийн дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэртэй. Шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, түүнийг хүсэж үйлдээгүй байна гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

  Эрүүгийн хариуцлагын талаар:

 

  Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч Б.Эт ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1  дүгээр зүйлд заасныг баримталсан байна.

 

Шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т "Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно." гэж заасан бөгөөд шүүгдэгч нарын хүсэлтийг харгалзан 500 000 төгрөгийн торгох ялыг хоёр сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

  Хохирол төлбөр, бусад асуудлын талаар:

 

            Шүүгдэгч гэм хорын хохиролд хохирогч Ц.Х, Х.Ц нарт тус бүр 600 000 төгрөг өгсөн, тээврийн хэрэгслийн эзэмшигч Ц.Гт 7 500 000 төгрөг өгсөн зэрэг баримтууд хавтаст хэргийн 155-156, 166-р хуудсанд авагдсан болохыг дурдаж, хохирогч нар өөр нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна.

 

Эрүүгийн 2134003720003 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Эийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2.Шүүгдэгч Б.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Эт оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг хоёр сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

  5.Эрүүгийн 2134003720003 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

  7.Шийтгэх тогтоод давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ