Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2017/01328

 

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2017/01328

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт дамдинбазар гудамж, 44 дүгээр байр, 137 тоотод оршин суух, Бэсүд овогт Цэрэнжамцын Шинэбаяр /РД:хг86093001/-ын нэхэмжлэлтэй,

   

Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт дамдинбазар гудамж, 44 дүгээр байр, 137 тоотод оршин суух, Бууч овогт Буянжаргалын Энхсайхан /РД:чл78091317/-д холбогдох,

 

гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Шинэбаяр, хариуцагч Б.Энхсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цэрэнжамц овогтой Шинэбаяр миний бие нь 2007 онд Б.Энхсайхантай танилцаж, улмаар 2010 оны 8 дугаар сарын 23-ны өдөр гэрлэлтийн 0121752 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2010 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр охин Э.Эгшиглэн төрсөн. Бид зан харьцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2015 оноос салж тусдаа амьдрах болсон. Тэр үеэс охин маань миний асрамжинд өсч торниж байна. Одоо бид тус тусын амьдралтай болж, цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийн баталгааг цуцалж өгнө үү. Хүүхдээ өөрийн асрамжид авна, хүүхдийн тэтгэлэг авна гэжээ.

 

Хариуцагч Б.Энхсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Буянжаргал овогтой Энхсайхан миний бие нь 2007 онд Ц.Шинэбаяртай танилцаж, улмаар 2010 оны 8 дугаар сарын 23-ны өдөр гэрлэлтийн 0121752 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бид хоёрын хувьд зан харилцааны хувьд таарамжгүй байдлын улмаас 2015 оноос хойш тус тусдаа амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2010 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр охин Э.Эгшиглэн маань мэндэлсэн. Миний хувьд ээлжийн ажил хийдэг ба амарч байх хугацаандаа охиноо асран хамгаалсаар ирсэн ба цаашид ч асран хамгаалахад бэлэн байна. Өнгөрсөн хугацаанд нэг бус удаа эхнэртэйгээ эвлэрээд гэр бүлээ бүрэн бүтэн авч үлдэж амьдаръя гэсэн боловч эхнэр болон Ц.Шинэбаярын надаас салах шийдвэр нь эргэлт буцалтгүй байгаа нь мэдрэгдсэн. Иймд би ч гэсэн цаашид хамт амьдрах боломжгүй байгаа тул бидний гэрлэлтийн баталгааг цуцалж өгнө үү. Охиноо эхийн асрамжид үлдээнэ, хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр төлнө. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

          

Нэхэмжлэгч Ц.Шинэбаяр нь хариуцагч Б.Энхсайханд холбогдуулж гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргаж шүүхэд хандсан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Ц.Шинэбаяр, хариуцагч Б.Энхсайхан нар нь 2009 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэр бүл болсныг эрх бүхий байгууллага 2010 оны 8 дугаар сарын 03-ны өдөр бүртгэж №0121752 /Г-391/ дугаар гэрлэлтийн гэрчилгээ олгожээ.  

 

Гэрлэгчдийн дундаас 2010 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр охин Э.Эгшиглэн төрсөн ба талууд хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2015 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан хүүхдийн №0422804 /Г-1364/ дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. 

 

Гэрлэгчид гэр бүл цуцлахыг харилцан зөвшөөрсөн, талууд 2015 оноос хойш тусдаа амьдарч байгаа нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул шүүхээс гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэв.

 

Талууд хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон байдлыг харгалзан охин Э.Эгшиглэнг эх Ц.Шинэбаярын асрамжид үлдээх нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” гэж заасантай харшлахгүй.  

 

Мөн хариуцагч Б.Энхсайханаас Гэр бүлийн тухай хуульд заасан хугацаа, хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь хүүхдийн эрх ашигт нийцэхээр байна. 

 

Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаагүй, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг Бэсүд овогт Цэрэнжамцын Шинэбаяр, Бууч овогт Буянжаргалын Энхсайхан нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2010 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин Э.Эгшиглэн /РД:уш10242203/-г эх Ц.Шинэбаярын асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасныг баримтлан 2010 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин Э.Эгшиглэнг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Б.Энхсайханаас гаргуулан олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

    

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Н.ХАНГАЛ