Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/46

 

 

 

 

 

 

 

 

  2022           02               07                                                   2022/ШЦТ/46                                                       

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Д.Сүхням, 

улсын яллагч М.Гансувд,

шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С Б.Хд холбогдох эрүүгийн 2134000000431 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.      

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1995 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн Номин Е-мартад цахилгаанчин  ажилтай, ам бүл 6, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1007 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т  зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдийн захирамжаар 1 жил 5 сар 7 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан, бие эрүүл, дугаарын регистртэй, С Б.Х

 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Х нь худалдаалах зорилгогүйгээр Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий хар өнгийн гялгар уутанд амыг нь зангиадж боосон 44 грамм, 2.7 граммтай 2 ширхэг “канабис” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс хууль бусаар түүж бэлтгэсэн, уг бодисыг түүж бэлтгэснээс хойш 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумаас Төв аймгийн Борнуур сумын нутагт цагдаагийн байгууллагад саатуулагдах хүртлээ өөрийн авч явсан чемоданд хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.                

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч Б.Х:  

...2021 оны 07 дугаар сард Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Сонор” алтны уурхайд хамгаалагчаар ажиллаж байх хугацаандаа уулан дээр гарч эхнэртэйгээ утсаар ярьдаг байсан. Сошиалаас анх удаа харж байсан. Эхнэртэйгээ утсаар ярих гэж уул нь дээр гарч байхад уул нь дээр ургасан байхаар нь жоохон түүж авсан. Тэгээд орой хүний нүднээс нууцаар тамхины ишинд хийж татсан. Үлдсэнийг нь цүнхэндээ хийгээд тэр чигтээ авч яваад Борнуур суман дээр цагдаад баригдсан... гэж мэдүүлжээ.

   

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2134000000431 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Б.Хгийн худалдаалах зорилгогүйгээр Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий хар өнгийн гялгар уутанд амыг нь зангиадж боосон 44 грамм, 2.7 граммтай 2 ширхэг “канабис” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс хууль бусаар түүж бэлтгэсэн, уг бодисыг түүж бэлтгэснээс хойш 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумаас Төв аймгийн Борнуур сумын нутагт цагдаагийн байгууллагад саатуулагдах хүртлээ өөрийн авч явсан чемоданд хадгалсан үйл баримт нь дараах

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

ачаа, тээшинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7 дугаар хуудас/,

биологийн дээж, авч мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Монгол Улсын олон улсын гэрээ сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц /хх-ийн 34-36 дугаар хуудас/,

шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №4411 дугаартай ... Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Жижиг хар өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл, том хар өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргээс дельта 9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabino/ илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно... талаарх дүгнэлт /хх-ийн 29-31 дүгээр хуудас/,

шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №4412 дугаартай ... Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Б.Х УТ95060691 2021.09.24” гэсэн шээснээс тетрагидроканнабинол  /tethrahydrocannabino/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. Тухайн хүний биеийн онцлогоос хамаарч харилцан адилгүй байдаг... талаарх дүгнэлт /хх-ийн 37-39 дүгээр хуудас/,

гэрч Ж.Эрдэнэбилэгийн ...2021 оны 09 дүгээр сарын сүүлээр Дархан-Уул аймгаас өөрийн охин Э.Энхтуяаг авч Улаанбаатар хот руу сургуульд нь хүргэж өгөхөөр явсан. Дархан-Уул аймгаас хөдлөхдөө замын бензин шатахуунд хэрэгтэй юм бол уу гэж бодоод 2 хүн авч охины хамтаар 4 үүлээ Улаанбаатар хот руу явсан. Замдаа явж байхад Сэлэнгэ аймгийн Мандал сум руу салдаг уулзвар дээр нэг хүн гараа өргөхөөр нь асуутал “Улаанбаатар хот руу явах уу замын зардал өгөөд явье” гэж надаас асуусан. Би тухайн үед 4 үүлээ явж байсан учир 1 хүн суух зай байсан болохоор уг хүнийг аваад Улаанбаатар чиглэлтэй явж байхад урьхан өнгөрөөд цагдаагийн пост гарсан алба хаагч нар тааралдаж манай машиныг зогсоож үзлэг шалгалт хийсэн. Цагдаагийн алба хаагч машины ачаа тээшинд үзлэг хийхэд Мандал сум руу салдаг уулзвар дээрээс суусан хүний ачаа тээшийг үзэж, уг хүний авч үлдсэн. Намайг яв, яв гэж хэлэхээр нь цааш явсан. Уг хүн Мандал сум руу салдаг уулзвар дээр “Шар өнгийн маяктай машинаар хүргүүлсэн юм шиг” харагдаж байсан. Уг хүний хажууд шар өнгийн харуул хамгаалалтын албаны бололтой старекс юм микро автобус харагдсан. Уг хүний ачаа тээш жижиг дугуйтай чемодан харагдсан... /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

сэжигтэн Б.Хгийн ...Би Сэлэнгэ аймгийн Мандал суманд харуул хамгаалалтын ажил "Сонор"ХХК-д хийж байсан тэгэхэд манай ажлын хашааны гадна 5-6км зайтай уулын доод билд утсанд сүлжээ ордог ингээд би утсаар ярих гэж явж байгаад замдаа Каннабис өвстэй таарсан тэгээд мөн биш гэдэгт нь эргэлзэж байгаад бага зэргийг түүж аваад утсаар эхнэртэйгээ ярчихаад ажлын хашааны гадаа тамхины дотор хэсгийг нь гаргаж хаяаад оронд нь Каннабисаа хийгээд татаж хэрэглэсэн тэгээд хэсэг хугацааны дараа маш их нойр хүрсэн тэгээд би үлдсэн жоохон хэсэг Каннабисаа хар гялгар уутанд боогоод өөрийн цэнхэр өнгийн чемоданд хийгээд гаргаж хаяна гэж бодож байгаад тэр чигтээ мартсан гэрлүү явсан. Түд удалгүй 8 хоногийн дараа ажлаа дуусчхаад Сэлэнгэ аймгийн Мандал сумаас замын унаанд суугаад Төв аймгийн Борнуур суманд явж байтал цагдаагийн алба хаагч миний сууж явсан машиныг зогсоосон тус машинд болон миний цүнхэнд үзлэг хийхэд миний цүнхнээс уутанд ороогоод мартсан байсан Каннабис өвсийг гаргаж ирэн "Доошоо суу, гараа ардаа ав" гэж хэлэн надаас шээсний шинжилгээ авсан. Миний шээснээс Каннабис хэрэглэсэн байна гэсэн 1 зураас гарч ирсэн. Тэгээд намайг Төв аймгийн Борнуур сумын хэсгийн төлөөлөгч дэслэгч Гар Эрдэнэ гэх хүнд хүлээлгэн өгсөн... /хх-ийн 20-22 дугаар хуудас/,

яллагдагч Б.Хгийн ... Би 2021 оны 09 дүгээр сарын 18-19-ний орчим Сэлэнгэ аймгийн Мандал суманд Сонор гэдэг нэртэй алтны уурхайд хамгаалалтын ажилтнаар ажиллаж байхдаа сүлжээ хайгаад эхнэртэйгээ утсаар ярих гэж уул руу гарсан. Би уул руу гарч явахдаа замдаа тэр ургамлыг харсан. Би уулан дээр гараад эхнэртэйгээ утсаар яриад буусан. Би уулнаас бууж явахдаа уг ургамлаас бага зэргийг хар өнгийн гялгар уутанд түүж авсан. Жааханыг түүж аваад ажил дээрээ очсон. Ажил дээр байж байхдаа амралтын цагийн үеэр сагсан бөмбөг тоглож байгаад орой хүмүүс унтаж амрах 23 цаг өнгөрч байхад бие засах газрын өрөөнд нөгөө түүж авсан ургамлаасаа цаасанд ороогоод бага зэрэг татаж үзсэн. Тэр үед нойр аймаар хүрч байсан тэгэхээр нь амралтын өрөөнд ороод унтсан. Түүж авсан жаахан ургамлыг өөрийн цэнхэр өнгийн цүнхэнд хийгээд орхисон ба мартсан байсан. Би 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ажлаасаа буугаад Улаанбаатар хот руу буугаад зам дээр гарч гар өргөж машин зогсоогоод замын унаанд суугаад явж байхад Төв аймгийн Борнуур сумын ойролцоо цагдаа зогсоож миний цүнхэнд үзлэг хийхэд миний өмнө түүгээд цүнхэндээ хийсэн ургамлыг гаргаж ирээд намайг саатуулсан байгаа. Би тэр ургамлыг цүнхэндээ хийгээд мартсан байсан.... /хх-ийн 67-68 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Б.Хгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 72, 77 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт  

Шүүгдэгч Б.Хгийн худалдаалах зорилгогүйгээр Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий хар өнгийн гялгар уутанд амыг нь зангидаж боосон 44 грамм, 2.7 граммтай 2 ширхэг “канабис” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс хууль бусаар түүж бэлтгэсэн, уг бодисыг түүж бэлтгэснээс хойш 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумаас Төв аймгийн Борнуур сумын нутагт цагдаагийн байгууллагад саатуулагдах хүртлээ өөрийн авч явсан чемоданд хадгалсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

 

            Гэм буруугийн болон хууль зүйн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч М.Гансувд:

            ...Өнөөдрийн шүүх хуралдаанд Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд би прокурорын тухай хуулийн 17, 19 зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Б.Хд холбогдох эрүүгийн анхан шатны шүүх хуралдаанд оролцож дараах гэм буруугийн дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Б.Х нь 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр худалдаалах зорилгогүйгээр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта9 тетрагидроканнабинолын агууламж бүрхий хар өнгийн гялгар уутанд амыг зангидаж боосон 44 грамм, 2.7 граммтай 2 ширхэг “каннабис” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс хууль бусаар түүж бэлтгэсэн, уг бодисыг түүж бэлтгэснээс хойш 2021 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийг хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумаас Төв аймгийн Борнуур сумын нутагт цагдаагийн байгууллагад саатуулагдах хүртлээ өөрийн авч явсан чемоданд хадгалсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, гэмт хэргийн улмаас үндэсний эрх ашиг сонирхолд хохирол учирсан... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн:

            ...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Хгийн өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгч Б.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч Б.Х:

            ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.

 

Гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн, шүүгдэгч Б.Х нар “гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч Б.Хгийн түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, ачаа тээшинд үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Б.Х дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

                            

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Тухайлбал шүүгдэгч Б.Хгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн Хорьдугаар бүлэгт хуульчлагдсан “Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд тус бүлгийн гэмт хэргүүдээс шүүгдэгч Б.Хгийн холбогдсон гэмт хэрэг нь “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан” гэх шинжүүдийн аль нэгийг хангасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй байхаар хуульчилсан.

 

Улмаар шүүгдэгч Б.Хгийн “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “Каннабис” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис”-ыг хадгалсан гэмт үйлдэл, эс үйлдэхүйг гэм буруутайд үйлдэл, эс үйлдэхүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Өөрөөр хэлбэл дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг хийсэн бол төгссөн гэмт хэрэг гэж үзэх ба хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт юм.

 

Иймд шүүгдэгч Б.Хг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

            Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч М.Гансувд:

            ...Шүүгдэгч Б.Хг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч Б.Х нь 2019 оны 06 дугаар 24-нийн өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 1007 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулан уг ялыг эдэлж байхдаа Хэнтий аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн захирамжаар хорих ялаас хугацаанаас өмнө тэнссэн суллагдаж эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 7 хоногийг тэнссэн. Энэ хугацаандаа уг гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 хугацаагаар оногдуулсан хорих ял дээр урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1007 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 7 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 10 сар 7 хоногийн хугацаагаар тогтоолгох саналыг шүүхэд гаргаж байна. Оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

 

Улсын яллагч М.Гансувд:

...Өмгөөлөгчийн зүгээс 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Энэ гэмт хэрэг нь нийгэмд аюултай, үндэсний ашиг сонирхол аюулгүй байдалд хохирол учирснаараа материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргээс ялгаатай. Нийгэмд аюултай хохирол учруулдаг гэдгийг бид нар мэдэж байгаа. 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шалтгаан нь юу вэ гэхээр шүүгдэгчийн хувийн байдал, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаад хугацааны өмнө тэнсэн суллагдсан байх хугацаандаа дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал байгаа. Өмнөх үйлдсэн гэмт хэрэгтээ ял шийтгэл эдэлж байхдаа засарч хүмүүжээгүй. Мөн улсаас энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан түүнийг 1 жил 5 сар 7 хоногийн хорих ял эдэлж дуусахаас өмнө хугацааны өмнө тэнсэн суллаж түүнийг засарч хүмүүжих, нийгэмшихэд нь боломж олгосон. Гэтэл дахин гэмт хэргийг үйлдээд орж ирж байгаа  нь түүний өөрийнхөн хувийн байдалд дүгнэлт хийх бүрэн боломжтой гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Б.Хд 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргасан. Түүнийг үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэл гэж үзэж байна... нэмэлт тайлбарыг,

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн:

            ...Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 1-5 жилийн хорих ялтай, 1-5 жилийн зорчих эрх хязгаарлах ялтай байгаа. Шүүгдэгч Б.Х гэм буруу дээрээ маргадаггүй, хохирол төлбөрийн хувьд бодит хохирол төлбөргүй, бага насны хүүхэдтэй зэрэг байдлыг нь харгалзан үзэж 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Урьд Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгэгдэж, үүнээс 1 жил 5 сар 7 хоногийг хугацаанаасаа өмнө тэнсэн суллагдсан. Ялыг нэмж нэгтгээд 2 жил 5 сар 7 хоногийг хорих ялыг оногдуулж өгнө үү гэсэн саналыг шүүхэд гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн:

            ...Шүүгдэгчийн хувийн байдал нь 5 сартай хүүхэдтэй, эхнэр нь дахиад жирэмсэн байгаа. Иймд хувийн байдлыг нь харгалзан үзэж 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү гэсэн... гэсэн нэмэлт тайлбарыг,

 

            Шүүгдэгч Б.Х:

            ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй. Миний гэр бүлийн байдлыг минь харгалзан үзэж ялыг минь хөнгөрүүлж өгнө үү... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 

            Шүүх эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн боловч шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжтой гэж үзлээ.

            Учир нь Шүүгдэгч Б.Х нь анхнаасаа мөрдөн байцаалтын шатнаас өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргадаггүй, мөн түүний хувийн байдал, гэр бүлийн нөхцөл, 5 сартай хүүхэдтэй, эхнэр нь дахиад жирэмсэн зэргийг нь харгалзан үзсэн.  

 

Иймд шүүгдэгч Б.Хд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Харин гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн дээрх хувийн байдал болон гэр бүлийн нөхцөл, 5 сартай хүүхэдтэй, эхнэр нь дахиад жирэмсэн зэргийг нь тус тус харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээгээр оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэх нь тохирно гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид оногдуулсан 1 /нэг/ жилийн  хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 5 /тав/ сар 7 /долоо/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 5 /тав/ сар 7 /долоо/ хоногийн хугацаагаар тогтоож,

 

Шүүгдэгч Б.Хд оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан мөн хуульд заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Хгийн гэм буруутай үйлдлийн улмаас Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдалд хор уршиг учирч болохоор байна.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2134000000431 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч Б.Х нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн жижиг хар өнгийн гялгар ууттай, том хар өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэд зүйлүүдийг устгахыг тус шүүхийн Тамгын газар даалгасныг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

     Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг хянан

         шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 36.2.,

  36.4 дүгээр зүйлийн 2., 36.1., 36.6., 36.7., 36.8., 36.10., 36.12., 36.13.,

     37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан

           зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С Б.Хг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч С Б.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч С Б.Хд энэ шийтгэх тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор буюу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1007 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 5 /тав/ сар 7 /долоо/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 5 /таван/ сар 7 /долоо/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С Б.Хд  оногдуулсан 2 /хоёр/ жил 5 /тав/ сар 7 /долоо/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн жижиг хар өнгийн гялгар ууттай, том хар өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлүүдийг устгахыг Төв аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн 2134000000431 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Х энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

  

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С Б.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний хорих ял эдлэх хугацааг 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С Б.Хд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ш.ГАНДАНСҮРЭН