Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
Хэргийн индекс | 176/2022/0063/Э |
Дугаар | 2022/ШЦТ/53 |
Огноо | 2022-02-14 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Мөнхтулга |
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Б даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Анхбаяр,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнхтулга,
Шүүгдэгч Д.Цнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д.Цт холбогдох эрүүгийн 2234000000031 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 02 дугаар сарын 11-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Д.Ц, 1972 оны 3 дугаар сарын 14-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, экологи, байгаль хамгаалагч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Төв аймгийн Баянчандмань сумын Хайлааст 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нэг удаагийн ял шийтгэлгүй, хариуцах чадвартай, НХ72031411 регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Цнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Цнь Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Наран жинс амралтын газар иргэн Ү.Эг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн 2234000000031 дугаар хэрэгт авагдсан
Хохирогч Ү.Эгийн өгсөн: "2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Байгаль орчны газрын нэгдсэн сургалт Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг байрлах Наран жинс гэх нэртэй амралтын газар зохион байгуулагдсан. Ингээд 11 цагаас эхлээд 23 цагийн үед үйл ажиллагаа дууссан. Хүмүүс цугларалт дуусаад буцахаар болсон. Би Батсүмбэр сумын байгаль хамгаалагч Т, Б, Б, Х, П, Б нарын хамт тухайн амралтын газар үлдэж хоноод явахаар болсон. Тэгээд Улаанбаатар хотоос авчирсан архи ундаагаа хэрэглэж эхэлсэн. Тэгээд би 03 цагийн үед эхнэр рүүгээ мессеж илгээгээд орон дээрээ унтаж амарсан. Тэгтэл гэнэт миний нүд рүү нэг зүйл цохиод нүдэнд оч манараад явчихсан. Тэгээд гайхаад харахад Цхэл амаар доромжлоод зогсож байсан. Юу болж байгаа талаар асуухад Цсогтуу шууд гараад явсан. Араас нь тэдний өрөөнд ороход эхнэр нь өөдөөс хориглож байсан. Би түүнийг цохиж зодсон зүйл байхгүй. Миний хамарнаас цус гараад байсан тул түүнийг тогтоохоор өрөөндөө ороод сууж байгаад Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн." гэх мэдүүлэг /хх 4-6/,
Гэрч Ж.Бын өгсөн: "Цагийг нь сайн мэдэхгүй байна. Манай өрөөнд Цорж ирээд намайг эхлээд сэрээсэн. Тэгээд аан дүү байна гэж хэлэд цааш яваад татаж байгаа харагдсан. Тэгээд нэг хүнийг цохих юмуу алгадах чимээ гарсан. Яг цохиж байгааг нь хараагүй нүдээ аниад хэвтэж байсан. Тэгээд Цшууд гараад явсан. Араас нь Э яаж байнаа чи гээд араас нь гарсан. Тэр хооронд би буцаад унтаад өгсөн үргэлжлүүлж зодоон болоогүй. Өглөө сэрэхэд цагдаагийн алба хаагч ирсэн байсан." гэх мэдүүлэг /хх 8-12/,
Гэрч Ш.Хын өгсөн: "Унтахаас өмнө Эгийн нүүр хөхрөлт үүсээгүй зүгээр байсан. Өглөө сэрсэн чинь зүүн нүд нь хөхөрчихсөн байсан." гэх мэдүүлэг /хх 24/,
Шүүгдэгч Д.Цын өгсөн: "Эг сэрээгээд юм асуух гэхэд өөдөөс хараагаад уурлаад байхаар нь гараараа нэг удаа цохисон. Ямар нэг зорилго байгаагүй. Гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна." гэх мэдүүлэг /хх 29-30/,
Төв аймгийн Батсүмбэр сумын яаралтай түргэн тусламжийн хуудсанд "Ү.Э 33 настай, нүд хавдсан, зүүн нүдний зовхи цус хурсан" гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 62-63, 64/,
Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 13 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Ү.Эгийн биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй." гэжээ /хх 33-34/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Цын дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй. Шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, түүнийг хүсэж үйлдээгүй байна гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч Д.Цт ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасныг баримталсан байна.
Шүүгдэгч Д.Цт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5-т заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно." гэж заасан бөгөөд шүүгдэгчийн хүсэлтийг харгалзан 600 000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар:
Хохирогч Ү.Э нь мөрдөн байцаалтад "Би эмнэлгээр явж эмчилгээ хийлгээгүй. Мэдүүлэг өгөх болон шүүх эмнэлэгт үзүүлэх гэж явсан зардал 120 000 гаруй төгрөгийн зардал гарсан. Гаргаж өгөх баримт байхгүй." гэж /хх 7/ мэдүүлсэн байх бөгөөд ирэх очих унааны зардалтай холбогдуулан бичгийн баримт ирүүлээгүй, шүүх хохирогчоос ирүүлсэн хохирлын баримттай холбогдуулан гэм хорын хохирлыг хангаж шийдвэрлэх хуулийн зохицуулалттай тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзэв.
Иймд шүүгдэгч Д.Цыг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч Д.Цдээрх хохирлыг төлөхөө илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2234000000031 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Д.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цт оногдуулсан 600 000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цнь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5.Эрүүгийн 2234000000031 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Цнь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Шийтгэх тогтоод давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Цт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.Б