Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 124

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Л.Баатар, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дашням,

улсын яллагч Х.Анхцэцэг (томилолтоор),

шүүгдэгч Б.Сүхболд, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1476),

иргэдийн төлөөлөгч Ш.Бадрах нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Батболдын Сүхболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2. дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2601 1236 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Боржигон овогт Батболдын Сүхболд, Монгол Улсын иргэн, Төв аймгийн Эрдэнэсант суманд 1991 оны 3 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 60-26 тоотод оршин суух бүртгэлтэй боловч тус хаягтаа оршин суудаггүй, НФ91030314 регистрийн дугаартай, урьд 1 удаа ял шийтгүүлсэн,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 395 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2. дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн бөгөөд тус ялаа эдэлж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. дэх хэсэгт зааснаар түүний эдлээгүй үлдсэн хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, хорих ангиас суллагдсан.

Холбогдсон хэргийн талаар:  (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Б.Сүхболд нь дээрмийн гэмт хэрэгт ял шийтгэгдэн ялтай байхдаа давтан үйлдлээр 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 23 цагийн үед Г.Отгоцэцэгийг Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 65 дугаар гудамжинд явж байхад эд зүйлийг авах зорилгоор амь биед аюултайгаар  толгой гарыг цохих зэргээр хүч хэрэглэн довтолж, цүнхтэй бэлэн 29.000 төгрөг, 34.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдэн авч 63.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 7 дугаар сарын 06-наас 07-д шилжих шөнө 00 цагийн үед Б.Отгонжаргалыг Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 61 дүгээр гудамжинд явж байхад эд зүйлийг авах зорилгоор амь биед аюултайгаар  толгой гарыг цохиж, өшиглөх, газар түлхэн унагах зэргээр хүч хэрэглэн довтолж цүнхтэй бэлэн 80.000 төгрөг, 220.00 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдэн авч 300.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1. дэх хэсэгт зааснаар ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхээс тогтоосон үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Сүхболд нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 395 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2. дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн бөгөөд тус ялаа эдэлж байгаад Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан түүний эдлээгүй үлдсэн ялаас 2 жилийг өршөөн хасаж, тэрээр 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хугацаанаас өмнө суллагдсан байна.

Гэтэл тэрээр 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 23 цагийн үед Г.Отгонцэцэгийг Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 65 дугаар гудамжинд явж байхад эд зүйлийг авах зорилгоор амь биед аюултайгаар  толгой гарыг цохих зэргээр хүч хэрэглэн довтолж, цүнхтэй бэлэн 29.000 төгрөг, 34.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдэн авч 63.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн давтан үйлдлээр 2016 оны 7 дугаар сарын 06-наас 07-д шилжих шөнө 00 цагийн үед Б.Отгонжаргалыг Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 61 дүгээр гудамжинд явж байхад эд зүйлийг авах зорилгоор амь биед аюултайгаар  толгой гарыг цохиж, өшиглөх, газар түлхэн унагах зэргээр хүч хэрэглэн довтолж цүнхтэй бэлэн 80.000 төгрөг, 220.00 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдэн авч 300.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь дараах бичгийн нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Сүхболд: Би мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Мөрдөн байцаалтад: (Эрүүгийн 2016 2601 1236 дугаартай хэргээс)

Хохирогч Г.Отгонцэцэгийн өгсөн: ...2016 оны 4 дүгээр сарын 27-ны орой 22 цагийн үед Орбитын тойргоос гэрлүүгээ Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Толгойтын 65 дугаар гудамжаар явж байхад урдаас нэг эрэгтэй хүн алхаад ирж байснаа миний цүнхнээс татаад булаахаар нь би өгөхгүй гээд татсан чинь тэр залуу миний гар дээр гараараа цохиж цүнхийг тавиулах гэхэд би “болиоч” гэсэн чинь толгойн орой хэсэгт гараараа цохиод цүнхийг тавиулаад Орбитын тойргийн чиглэлд зугтаасан. Тэгээд би гэртээ очоод цагдаад хандсан. Тэр залуу миний биед баруун, зүүн бугуйн үенд цус хуралт гэмтэл учруулсан... гэх мэдүүлэг (хх-ийн 14 дүгээр хуудас),

Хохирогч Б.Отгонжаргалын  өгсөн: ...2016 оны 7 дугаар сарын 06-ны орой 00 цаг өнгөрч байхад ахынхаасаа гараад гэр рүүгээ Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны толгойтын 61 дүгээр гудамжид явж байтал миний араас нэгэн эрэгтэй гүйж ирээд миний зүүн чих рүү алгадаад, баруун хөл өшиглөөд, намайг түлхэж унагаад, зүүн мөрөндөө үүрсэн байсан цүнхийг минь булааж аваад Орбитын тойргийн зүг рүү зугтахаар нь би орилоод араас нь хөөсөн. Тэгсэн тэр залуу хашаа даваад зугтахаар нь гудамжид явж байсан машиныг зогсоотол 2 залуу байхаар нь дээрэмдүүлсэн гэдгээ хэлээд тэдний хамт зугтаасан залууг машинтай хөөж байгаад “Алтай” худалдааны төвийн харалдаа гудамжинд машинтайгаа отож зогсож байгаад түүнийг барьж аваад цагдаад дуудлага өгсөн... гэх мэдүүлэг (хх-ийн 57 дугаар хуудас),

Гэрч Э.Бямба-Эрдэнийн өгсөн: ...2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр би жижүүрийн бүрэлдэхүүнд жижүүрийн үүрэг гүйцэтгэхэд орой Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “эмэгтэй хүн дээрэмдүүлсэн байна” гэсэн дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 65 дугаар гудамжны 14-10 тоот хаягт очиж уулзахад хохирогч эмэгтэй “Орбитын тойргоос гэрлүүгээ гудамжаар алхаад явж байсан чинь эрэгтэй хүн ирээд миний цүнхийг дээрэмдээд намайг зодоод аваад явсан” гэж хэлсэн тэгээд цүнхэнд нь ямар эд зүйл байсан талаар асуусан чинь эмэгтэй хүний гоо сайхны хэрэгсэл, бичиг баримт байсан гэж хэлсэн. Тэгээд Орбитын тойргийн караоке, дэлгүүрийн камер бичлэгийг шалгасан. Орбитын тойрог дээр байрлах Алтай караоке руу орсон чинь сэжигтэй хоёр хүн пиво уугаад сууж байхаар нь шалгаад биед нь үзлэг хийсэн чинь Сүхболд гэдэг залуугаас нь эмэгтэй хүний гоо сайхны хэрэгсэл гарч ирсэн. “Ямар учиртай юм бэ” гэж асуусан чинь “манай эгчийн эд зүйлс бид хоёр маргалдаад би юмыг нь аваад гараад ирсэн юм аа” гэж хэлсэн. Тэгээд хохирогч эмэгтэйгийн гэрт очоод Сүхболдын биед байсан эд зүйлсийг хүүхдэд нь үзүүлсэн. Тухайн үед хохирогч эмэгтэй согтуу байсан. Хүүхдэд нь үзүүлсэн чинь “манай ээжийн эд зүйлс мөн байна” гэж хэлсэн чинь Сүхболд “би сая эмэгтэй хүний цүнхийг ганцаараа явж байгаад дээрэмдсэн. Бусад эд зүйлс нь байгаа газрыг зааж өгье” гэж хэлсэн тэгээд Толгойтын 65 дугаар гудамжны айлуудын хашаан дээгүүр нь бичиг баримт, банкны картуудыг нугалаад хаясан байсанаа бүгдийг нь зааж өгсөн. Сүхболд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхаар нь цагдаагийн хэлтсийн саатуулах байранд хийх гэсэн чинь гэмт хэргийн холбогдогч авахгүй гэж хэлсэн. Тэгээд хүлээлгийн танхимд суулгаад контоорын цагдаад харж байгаарай гэж хэлээд дараагийн дуудлагандаа явсан… гэх мэдүүлэг (хх-ийн 19-20 дугаар хуудас),

Гэрч О.Алтантариагийн өгсөн: ...100 грамм архи авчихаад байж байсан чинь тэр караокед ганцхан саарал куртиктэй хөдөө бололтой залуу хоёр пиво ширээн дээрээ тавиад сууж байхаар нь би хань болоод суусан чинь гаднаас энгийн хувцастай цагдаагийн хүмүүс ирээд халаасандаа байгаа эд зүйлсээ ширээн дээрээ гаргаад тавь гэхээр нь би байгаа эд зүйлсээ гаргаад тавьсан чинь саарал куртиктэй залуу үнэртэй ус эмэгтэй хүний хэрэглэдэг юмнууд гаргаж ирсэн. Тэгээд цагдаа нар бид хоёрыг шалгахаар дагуулаад гараад намайг цагдаагийн машинд суулгаад саарал куртиктэй залууг энгийн хувцастай цагдаа нар аваад явсан... гэх мэдүүлэг (хх-ийн 21 дүгээр хуудас),

Гэрч С.Баатарсүрэнгийн өгсөн: ...Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 61 дүгээр гудамжинд очсон чинь нэг эмэгтэй гэр рүүгээ явж байсан чинь араас нэг эрэгтэй хүн гүйж ирээд татаж унагаагаад хөл рүү өшиглөөд цүнх дээрэмдээд зугтаахаар нь хашгираад соната 6 машинтай залуучуудыг гуйж байгаад барьж авлаа гэж байсан. Эд зүйлс дээрэмдсэн гэх залуу газар хэвтээд босохгүй байхаар нь түргэн тусламж дуудаж үзүүлсэн чинь түргэний эмч зүгээр байна гэсэн. Дээрэмдсэн гэх эрэгтэйгийнх нь биед байсан эмнэлгийн амбулаторийн картыг үзсэн чинь Батболд овогтой Сүхболд 1991 оны 3 дугаар сарын 03-ны өдөр төрсөн эрэгтэй байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 49 дүгээр хуудас),

Гэрч Э.Энхсаруулын өгсөн: ...Хэрэг болсон гэх газарт очиход нэг эмэгтэй цүнхээ дээрэмдүүлсэн гэсэн ба цүнх дээрэмдсэн эрэгтэйг хүмүүстэй нийлж байгаад барьсан гэж хэлсэн. Тэгээд цүнх дээрэмдсэн залууг нь харсан чинь өмнө нь хэрэг болсон гэх гудамжинд эмэгтэй хүний цүнх дээрэмдэж байсан Батболд овогтой Сүхболд байсан. Б.Сүхболдыг дээрэмдсэн эд зүйлээ хаана хаясан болохыг заалгахад 61 дүгээр гудамжны хаяггүй  хашаан дээгүүр цүнхийг давуулаад шидсэн гэж заахаар нь очиж шалгасан чинь цүнх, пудр нь байсан. Мөн Сүхболдын халааснаас хохирогчийн гар утас, чихэвч зэрэг эд зүйлс гарч ирсэн. Би эд зүйлсийг нь тухайн үед өөрт нь хүлээлгэж өгөөд хэргийн газрын үзлэгийг дуусгаж Б.Сүхболдыг цагдаагийн хэлтэс дээр авчирсан...гэх мэдүүлэг (хх-ийн 59 дүгээр хуудас),

Гэрч Б.Алтанцэцэгийн өгсөн: ...2016 оны 7 дугаар сарын 06-ны орой 22 цагийн орчим манай дүү Отгонжаргал манай гэрт ирээд буцаад 23 цаг өнгөрч байхад явсан. Би хүүхэдтэйгээ Орбитын тойрог хүртэл гаргаж өгсөн ба түүнээс цааш Отгонжаргал ганцаараа гэрлүүгээ явсан. Гэр нь Орбитын тойргоос ойрхон байдаг юм. Тэгээд маргааш өдөр нь Отгонжаргал надад “ээжид битгий хэлээрэй, би өчигдөр орой дээрэмдүүлсэн” гэж ярьсан... гэх мэдүүлэг (хх-ийн 60 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн №5823 дугаартай шинжээчийн

1. Г.Отгонцэцэгийн биед баруун, зүүн бугуйн үенд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. ШЭГЗТЖ-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэх дүгнэлт (хх-ийн 24 дүгээр хуудас),

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 558 дугаартай шинжээчийн

1. Б.Сүхболд нь 12, 13 настайгаасаа “Тархины өвчин, гэмтэл үйлийн хямралын шалтгаант бие хүний ба төрх үйлийн органик эмгэг. Шинж тэмдгийн уналт таталт” сэтгэцийн өвчнөөр өвчилж эхэлсэн.

2. Б.Сүхболд нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн хийсэн үйлдлээ ухамсарлах чадвартай байсан байна.

3. Б.Сүхболд нь хэрэг хариуцах чадвартай байна.

4. Б.Сүхболд нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг үгүй байна.

5. Б.Сүхболдод эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна... гэх дүгнэлт (хх-ийн 30 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн хэлтсийн шинжээчийн 3428 дугаартай

1. Шинжилгээнд ирүүлсэн О.Алтантариагийн гарын дардас шинжилгээнд тэнцсэн.

2. Шинжилгээнд тэнцсэн гарын дардас гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын дардсууд, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн гарын мөрүүдтэй тохирохгүй. гэх дүгнэлт (хх-ийн 31-32 дугаар хуудас),

Эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт (хх-ийн 35, 62 дугаар хуудас),

Б.Сүхболдын сэжигтнээр өгсөн: ... 2016 оны 4 дүгээр сарын 28-ны орой би Орбитын тойрог орчимд ганцаараа пиво уучихсан хамаатны айл руугаа явж байсан чинь миний урд нэг эмэгтэй явж байхаар нь би хажуугаар нь зөрөхдөө цүнхийг нь булааж зугтаагаад Соёмбо дөл дэлгүүрийн урд талын гэрэлтүүлэгийн доор очоод цүнхийг нь нээгээд үзсэн чинь дотор нь бэлэн 8.000 төгрөг, эмэгтэй хүний нүүрний будаг, үнэртэй ус, бичиг баримт, банкны картууд байхаар нь үнэртэй ус нүүрний будагнуудыг нь авч бичиг баримтуудыг нь айлын хашаанд хаяад Орбитын тойрог орж караоке ороод пиво уугаад сууж байсан чинь нэг залуу миний ширээн дээр ирээд бид хоёр хамт пиво уугаад сууж байсан чинь энгийн хувцастай цагдаагийн хүмүүс орж ирээд халаасандаа байгаа эд зүйлсээ харуул гэж хэлэхээр нь би халааснаасаа цүнхийг нь булаасан эмэгтэйгийн эд зүйлсийг гаргаж ирсэн чинь утсаар яриад миний халааснаас гарч ирсэн эд зүйлсийг асуугаад намайг гавалсан би тэр цагдаа нарт цүнх болон бичиг баримт хаясан газрыг зааж өгөөд цагдаагийн хэлтэс дээр ирсэн. ...Би архи уух гээд мөнгөгүй болоод тэр эмэгтэйгийн цүнхэнд мөнгө байж магадгүй гээд булаасан. ...Би тэр эмэгтэйг ерөөсөө цохиж зодоогүй зүгээр цүнхийг нь булаасан. ...2011 онд дээрмийн гэмт хэрэг үйлдэж 6 жил 3 сар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сард өршөөлийн хуулиар суллагдаж гарч ирсэн.. гэх мэдүүлэг (хх-ийн 40-41 дүгээр хуудас),

Б.Сүхболдын яллагдагчаар өгсөн: ...Би эхний хэргийг үйлдэхдээ эгч Гантөмөртэй муудалцаад гэрээсээ гарч ууртай явж байхдаа эмэгтэйг дээрэмдсэн. Харин 2 дахь эмэгтэйг халамцуу явж байгаад дээрэмдсэн. Би эдгээр хэргийг ганцаараа үйлдсэн. Би Отгонжаргалын бор өнгийн цүнхийг дээрэмдэхэд цүнхэн дотор 1 ширхэг гар утас, пудр, уруул өнгөлөгч байсан. Тухайн үед цүнхийг нь дээрэмдээд явахад араас машинтай хөөгөөд байхаар нь хашаа давж зугтаасан. Тэгэхдээ эд зүйлийг нь хаясан байж магадгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 67 дугаар хуудас), болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, (хх-ийн 4-7 дугаар хуудас, 45-47 дугаар хуудас), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 74 дүгээр хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 75 дугаар хуудас), ял шийтгүүлсэн тогтоол, ялаас өршөөн хасах тухай шүүгчийн захирамж (хх-ийн 77-81 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон үйл баримт нь нотлогдсон бөгөөд эдгээр нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Сүхболд нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг яллах үндэслэл болголоо.

Хууль зүйн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч Б.Сүхболд нь урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 395 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2. дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, тус ялаа эдэлж байгаад Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан түүний эдлээгүй үлдсэн хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, тэрээр 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр суллагдсан бөгөөд түүнээс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4. дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй тул түүнийг ялтай байх үедээ буюу дээрмийн гэмт хэрэг давтан үйлдсэн гэж үзнэ.

Мөн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10. дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна.” гэж заасан тул түүний урьд шийтгүүлсэн гэмт хэргийн Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч Б.Сүхболдыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор давтан үйлдлээр амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2. дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Г.Отгонцэцэгт эд зүйлийн үнэлгээ хийсэн баримтаар 63.000 төгрөгийн хохирол учирсан боловч хавтаст хэргийн 9 дүгээр хуудаст авагдсан баримтаар түүнд эд зүйлсийг хүлээлгэн өгсөн байх тул 29.000 төгрөг, хохирогч Б.Отгонжаргалд эд зүйлийн үнэлгээгээр 300.000 төгрөгийн хохирол учирсан боловч хавтаст хэргийн 49 дүгээр хуудаст авагдсан баримтаар зарим эд зүйлийг хүлээлгэн өгсөн байх тул 152.000 төгрөгийг тус бүр шүүгдэгч Б.Сүхболдоос гаргуулж, хохирогч нарт олгох үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Сүхболд нь мөрдөн байцаалтад буюу 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 3 хоног баривчлагдсан бөгөөд шүүх хэргийг хүлээн авах үед буюу 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон тул түүний цагдан хоригдсон нийт 25 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцов.

Мөн түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус тогтоолд дурдав. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3., 294, 296, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт Батболдын Сүхболдыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор давтан үйлдлээр амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолсон гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Сүхболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2. дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 7 (долоо) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сүхболдод оногдуулсан 7 (долоо) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1., 59.2. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сүхболдын цагдан хоригдсон нийт 25 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Сүхболдын гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сүхболдоос 29.000 (хорин есөн мянга) төгрөг гаргуулан хохирогч Г.Отгонцэцэг (РД:УГ75101701, Хаяг: Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 65-14-10 тоот, утасны дугаар: 99921824)-д, 152.000 (зуун тавин хоёр мянга) төгрөг гаргуулан хохирогч Б.Отгонжаргал (РД:МК8909110, Хаяг: Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 20-17 тоот, утасны дугаар: 99621549)-д тус тус олгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3. дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Сүхболдын эдлэх ялыг 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1. дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1. дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Сүхболдод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА

 

                                                ШҮҮГЧИД                                  Л.БААТАР

                                                                                          Г.МӨНХЗУЛ