Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/49

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Д.Сүхням,

улсын яллагч С.Сүрэнхорол,

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Н.Тэрбиш,

хохирогч Ж.Н, О.Б /хоёулаа онлайнаар/,

иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгч Л.Батжаргал /онлайнаар/,

шинжээч С.Мөнхдалай, И.Базаррагчаа /хоёулаа онлайнаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч Г.Бд холбогдох эрүүгийн 2134001480392 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

       

                                                Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн Баянзүрх 1993 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч, хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан, ам бүл 6, аав, ээж, 3 дүүгийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, дугаарын регистртэй, Ч Г.Б,

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                                            /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            Яллагдагч Г.Быг 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 02 цаг 35 минутын орчимд Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2-р багийн нутаг “Цагаан чулуут” гэх газрын асфальтан замын хөвөө дээр “Howo” маркийн 81-76 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10 дэх заалт буюу “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” мөн дүрмийн 9.5 дахь заалт буюу  “Ослын зогсолтын тэмдгийг ...суурин газрын гаднах замд 30 метрээс, ...багагүй зайд байрлуулна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж түр зогсоосны улмаас 93-54 УБЧ улсын дугаартай “Toyota prius-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч О.Б араас нь мөргөж зам тээврийн осол гарч, жолооч О.Бгийн биед хүндэвтэр, зорчигч Ж.Нийн биед хүнд гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч Г.Б:

... 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тээвэр хийгээд явж байсан. 6-7 цагийн үед зам дээр тээврийн хэрэгсэл эвдэрч зайлшгүй зогсолт хийсэн. Машиныхаа эзэн рүү яриад машин эвдэрсэн сэлбэгийн наашаа явуулаа гэхэд засварчин явууллаа сэлбэг иртэл наанаа хүлээж бай гэж хэлсэн. Би машинаа засахыг оролдсон боловч засаж чадаагүй. Сэлбэг ирэхийг хүлээгээд зам дээр ослын тэмдгээ тавиад зогсож байсан... гэж,

 

Хохирогч О.Б:

...2021 оны 06 сарын 19-ний орой 11 цагийн үед бид хоёр Чойроос гараад явж байсан. Тэгээд замаар явж байхад олон том тэргүүдтэй таарсан. Зам дээр зогссон машинууд оврын гэрлээ асаасан байсан. Бид хоёр явж байгаад Баян өнгөрөөд унтах санаатай явж байсан. Баян орохын наад талд явж байхад хар юм харагдахаар нь би дараад зайлаад гаръя гэсэн бодолтой байсан. Тэгээд гэнэт л би ухаан алдаад унасан байсан. Босоод ирсэн аваарт орсон байсан... гэж,

 

Хохирогч Ж.Н:

...2021 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 11 цагийн үед ахынхаа кемпээс гараад явж байсан. Тухайн өдөр ослын гурвалжин харагдаагүй. Дараа нь Б хэлэхдээ галын хор тавьчихсан байсныг хараагүй юу гэж байсан. Галын хорыг яаж харах вэ дээ. Оврын гэрэл бол харагдаагүй. Гэнэт хар чиргүүл харагдаад манай хүн дараад л орсон. Цагдаа нар ирээд явсны дараа бүх гэрлээ асаачихсан байсан. Тэгээд би гэрлээ асаачихгүй яасан юм бэ гээд би уйлж байсан... гэж,

 

Шинжээч И.Базаррагчаа:

...Замын хөдөлгөөний дүрэм дээр үүнийг тодорхой заагаад өгчихсөн байгаа. Зорчих хэсэг дээр тээврийн хэрэгсэл зогсоно гэдэг бол тухайн хөдөлгөөнд аюултай байдал үүсгэж байгаа. Зам тээврийн осол гарах хамгийн магадлалтай байдал үүсгэж байгаа юм. Замын зорчих хэсгийн заавал чөлөөлж зогсдог. Гэтэл чөлөөлөхгүйгээр дээр нь зогсчихоор аюултай байдлыг үүсгээд байгаа юм. Зорчих хэсэг дээр зогссон тохиолдолд ямар хугацаанд зайлуулах вэ гэхээр нэн даруй гэдэг нь секундийг хэдэн сая хуваасныг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл ерөөсөө тэнд цаг алдаж болохгүй. Зорчих хэсгээр явж байгаа тээврийн хэрэгсэл ирээд мөргөх магадлалтай учраас нэн даруй гэдэг нь ямар нэгэн хугацааны алдагдлыг хэлэхгүй. Боломжтой байсан бол хугацааг нь тавих ёстой байсан. Уг тээврийн хэрэгсэл нь маш хүнд. Ийм тээврийн хэрэгслийг секундээс бага хугацаанд зайлуулах боломж байдаггүй гэдгийг бүгд мэдэж байгаа. Тийм учраас үүнд хугацаа тавихгүйгээр нэн даруй гэж зааж өгсөн. Жолооч авто машинаа жолоодож явж байгаад ямар нэгэн байдлаар зогсохдоо тухайн тээврийн хэрэгслийг заавал замаас зайлуулж зогсоодог. Энэ нь замын хөдөлгөөний дүрмээ баримталж байгаа юм. Нэгэнт тээврийн хэрэгсэл эвдэрсэн юм чинь ингээд зогсоочихъё гэж болохгүй. Нэн даруй зайлуулах гэдэг нь зогсохоос өмнөх үйлдлийг нь хүртэл цуг оруулдаг. Зорчих хэсэг дээр зогссон бол хамгийн түрүүнд гэрлээ асаах ёстой. Хэрэв гэрэл ажиллахгүй бол аваарын гурвалжныг 30 метрээс хол зайд тавих ёстой. 30 метрээс хол зайд тавих гэдэг нь 60-80км/ц-ын хурдтай явж байгаа тээврийн хэрэгсэлд явж байгаа хүн гэрлээ асаагаад явж байгаа тохиолдолд зам дээр зогсож байгаа зүйлийг 25 метрээс хардаг. Тийм учраас аваарын гурвалжныг 30 метрээс хол зайд тавь гэж зааж өгч байгаа юм. Тэмдгээ тавьсны дараа зайлуулах арга хэмжээ авна. Зайлуулах арга хэмжээ гэдэгт юу орох вэ гэхээр ачаагаа буулгах, тээврийн хэрэгсэл дуудах, өөрөөр хэлбэл тухайн зорчих хэсэг дээрээ байгаа машиныг бусад хөдөлгөөнд оролцогч харалгүйгээр мөргөхгүй байх бүх ажлыг хийх ёстой. Ачаагаа буулгаад, өөр тээврийн хэрэгслээр тухай ачааг зөөх, хамгийн сүүлд цагдаагийн газарт мэдэгдэх ёстой. Тэндээс зайлуулах бүх ажлыг хийх ёстой. Тээврийн хэрэгсэл асаж байгаа бол ухраагаад зайлуулах бүх арга хэмжээ авах ёстой. Энэ нь зайлшгүй хийх ёстой ажиллагаа. Зорчих хэсэг дээр зогсчхоод энэ нь давагдашгүй хүчин зүйл байна. Үүнийг зайлуулах боломжгүй гээд хаяад явах юм бол осол гарна. Тийм учраас заавал зайлуулсан байх ёстой. Давагдашгүй хүчин зүйл гэдэг нь байгалийн хүчин зүйлийг хэлдэг болохоос биш тээврийн хэрэгслийг хэлэхгүй.

 

Гэм буруугийн асуудлыг шүүх тогтооно. Хүн харанхуйд гэрлээ асаалттай 60-80 км/цагийн хурдтай явж байгаа үед 25 метрийн зайд урд байгаа хар зүйлийг хардаг. Тийм учраас гэрэлтэд материалыг 30 метрээс хол зайд тавина гэж дүрэмдээ заасан. Хүн өөрөө тодорхой хэмжээний дутагдалтай байгалийн амьтан. Дутагдалтай байдаг учраас замын хөдөлгөөний дүрэмд тухайн дутагдлыг нь тооцоод гаргадаг. Ямар дутагдал байдаг вэ гэвэл хүн тухайн саадыг хараад саад байна гэдгийг эхлээд ойлгох хэрэгтэй. Саадыг хараад ийм арга хэмжээ ав гэсэн командыг өөрийн бие организмд өгнө. Тэр бие организм нь зогсоох арга хэмжээ буюу тоормос дээр гишгэнэ. Энэ хугацаанд 0.8 секунд өнгөрдөг. Дараа нь тоормос дээр гишгэх эсхүл жолооны хүрдийг эргүүлэхэд 0.2 секунд өнгөрдөг. Энэ хоёр нийлээд 1 секундийн хугацаа өнгөрнө. Энэ 1 секундийн хугацаанд 60 км/цагийн хурдтай явж байгаа авто машин 16.6 метр явна. 80 км/цагийн хурдтай явж байгаа авто машин 22.02 метр явна. Үүний дараа жолооч тоормос гишгэсэн бол машин зогсоно. Жолооны хүрдээ эргүүлсэн бол өөр чигт явна. Энэ хугацаануудаас болоод урдаа байгаа зүйлээ амжиж хардаггүй, амжиж зогсоох арга хэмжээ авч чаддаггүй учраас зам дээр битгий зогсоо, нэн даруй зайлуул гэсэн дүрмийн заалтыг оруулсан. Энэ хүн зогсоох арга хэмжээ авсан уу, үгүй юу гэдгийг энэ хүний өөрийнх нь ямар зайнаас тухай тээврийн хэрэгслийг харсан юм. Тухайн тээврийн хэрэгслийн хараад ямар зүйл вэ гэдгийг мэдэрч чадсан юм уу, мөн энэ хүн ямар туршлагатай, хэдий насны хүн, хэзээ жолооч болсон гэх мэт зүйлээс болоод энэ хүн зогсоох арга хэмжээ авах эсэх нь тогтоогддог. Энэ хүн зогсоох арга хэмжээ аваагүй байна гэдгийг шууд үйлдлийг нь хараад хэлж чадахгүй. Яагаад гэвэл хүний өөрийн бие организмтай холбоотой зүйл. Зогсоох арга хэмжээ гэдгийг хүмүүс юу гэж ойлгодог вэ гэхээр тоормослох арга хэмжээг зогсоох арга хэмжээ гэж ойлгодог. Зогсоох арга хэмжээ гэдэг нь маш олон зүйлийн нийлбэрийг хэлдэг. Үүнд тоормослох ажиллагаа ордог.

 

Тухайн нөхцөл байдлыг би тогтоогоод хараад цацруулагч нь харагдах уу, үгүй юу гэдгийг би үүнд харах шаардлага байхгүй. Яагаад гэвэл зам тээврийн ослоос сэргийлэхэд хамгийн гол хүчин зүйлүүд нь юу байдаг вэ гэхээр ослын гэрэл, гурвалжин тэмдэг, нэн даруй зайлуулах гэсэн зүйлүүд байдаг. Цацруулагч нь нэмэлтээр ашигладаг зүйл. Эгц гэрэл тусах юм бол 500-600 метрээс харагдаж болно. Тусгал нь зөв тусахгүй бол 1 метрээс ч харагдахгүй... гэж,

 

Шинжээч С.Мөнхдалай:

...Шинжээч нь өөрийн гаргасан дүгнэлтийг өөрөө хариуцна гэж Шүүх шинжилгээний тухай хуульд заасан байгаа. Тэгэхээр би өөр шинжээчийн гаргасан дүгнэлтийг энэ нь зөв байна, энэ нь буруу байна гэж дүгнэхгүй. Энэ нь миний тусгай мэдлэгийн хүрээнд байхгүй. Тэгэхээр энэ асуултад хариулах боломжгүй.

Хөдөлгөөний үргэлжлүүлэх боломжгүй. Тухайн жолооч тээврийн хэрэгслийг хөдөлгөж замыг чөлөөлөх боломжгүй. Ямар нэгэн зүйлээр хөдөлгөж чөлөөлөх боломжтой. Тэрнээс биш тухайн тээврийн хэрэгсэл нь өөрөө хөдлөөд замаа чөлөөлөөд зогсох боломжгүй... гэж тус тус мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар: 

Эрүүгийн 2134001480392 дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Бын 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 02 цаг 35 минутын орчимд Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2-р багийн нутаг “Цагаан чулуут” гэх газрын асфальтан замын хөвөө дээр “Howo” маркийн 81-76 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10 дэх заалт буюу “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” мөн дүрмийн 9.5 дахь заалт буюу  “Ослын зогсолтын тэмдгийг ...суурин газрын гаднах замд 30 метрээс, ...багагүй зайд байрлуулна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж түр зогсоосны улмаас 93-54 УБЧ улсын дугаартай “Toyota prius-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч О.Б араас нь мөргөж зам тээврийн осол гарч, жолооч О.Бгийн биед хүндэвтэр, зорчигч Ж.Нийн биед хүнд гэмтэл тус тус учирсан үйл баримт нь дараах

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-8, 11-20 дугаар хуудас/,

зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 10 дугаар хуудас/,

осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 9 дүгээр хуудас/,

тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-25 дугаар хуудас/,

2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн мөрдөгчийн ...92-60 УБТ улсын дугаартай “Тоёота Аллион” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Бат-Өлзий нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэл”... гэх магадалгаа  /хх-ийн 28 дугаар хуудас/,

шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 245 дугаартай ... О.Б-н биед сээрний 5-р нугалмын их бие, бүсэлхийн 2-р нугалмын сэртэн, баруун талын 11,12-р хавирганы хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... талаарх дүгнэлт /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 58 дугаартай ... Ж.Нийн биед хэвлийн хөндийн битүү гэмтэл элэг задрал хэвлийн хөндийн цус хуралдалт /2000 мл/ орчим 2021.06.20-ний хэвлийн хөндийн хагалгаа, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... талаарх дүгнэлт /хх-ийн 55-56 дугаар хуудас/,

шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1792 дугаартай ... Хэргийн газрын үзлэгээр хурааж авсан хар өнгийн ууттай эд зүйл нь ослын гурвалжин /анхааруулах тэмдэг/ мөн байна. Ослын гурвалжин нь гэрэл ойлгох, цацруулах зориулалттай материалаар хийгдсэн байх тул эвдлэгдээгүй байх үедээ ашиглах боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн ослын гурвалжин нь хатуу, тэгш бус гадаргуутай бат бөхийн чанараас давсан хүчээр хавчих, шахах хүчний үйлчлэлээр буюу тээврийн хэрэгсэлд дайрагдах үед хагарч эвдэрсэн байх үндэслэлтэй. Шинээр илэрсэн нөхцөл байдал байхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,

шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2005 дугаартай ... 81-76 УБВ улсын дугаартай Howo маркийн автомашины хурдны хайрцагны перда диск элэгдсэн гэмтэлтэй байна. Автомашины перда диск элэгдсэн гэмтэл нь ашиглалтын явцад үүснэ. Осол болохоос өмнө техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байсан эсэхийг тогтоох боломжгүй. Тээврийн хэрэгсэлд гарсан гэмтэл нь хөдөлгөөн үргэлжлүүлэх боломжгүй болгож зайлшгүй зогсолт хийнэ. Дээрх гэмтэлтэй тээврийн хэрэгсэл ухрах хөдөлгөөн хийх боломжгүй. Арагш өнхрүүлэх хөдөлгөөн хийх боломжтой эсэх нь зам орчны байдлаас шалтгаална... талаарх дүгнэлт /хх-ийн 68-69 дүгээр хуудас/,

шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2004 дугаартай ... 93-54 УБЧ улсын дугаартай Приус-20 маркийн автомашины эвдрэл гэмтлийг үзлэг шинжилгээний хэсгээс үзнэ үү. Тээврийн хэрэгсэлд гарсан дээрх гэмтлүүд нь ослын үед үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Автомашины урд тэнхлэгийн тоормосны эд анги ажиллаж байна. Автомашинд гарсан эвдрэл гэмтлээс хойд тэнхлэгийн тоормосны механизмын ажиллагааг шалгах боломжгүй байна. Тээврийн хэрэгслийн хол, ойрын гэрлийн тусгалыг шалгах тусгай багаж байхгүй тул тогтоох боломжгүй байна. Тээврийн хэрэгслийн хурдны хайрцагнаас осолд орох үеийн хурдыг тогтоох боломжгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 83-86 дугаар хуудас/,

шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 10/03 дугаартай ... Техникийн шинжээчид ирүүлсэн материалаас үзэхэд 81-76 УБВ улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгслийн жолооч Г.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10. Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна. 9.5 Ослын зогсолтын тэмдгийг ... суурин газрын гаднах замд 30 м-ээс, ...багагүй зайд байрлуулна... гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.14. "зайлшгүй зогсолт" гэж жолооч, зорчигчийн биеийн байдал, тээж яваа ачаа, байгалийн үзэгдлийн улмаас аюул учирч болзошгүй үед, мөн техникийн эвдрэл, зам дээр саад бий болсноос шалтгаалан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон үйлдлийг; гэж заасан байдаг. Жолооч Г.Б нь жолоодож явсан 81-76УБВ улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгсэлд техникийн эвдрэл бий болсноос шалтгаалан зайлшгүй зогсолт хийсэн байна. Техникийн шинжээчид ирүүлсэн материалаас үзэхэд 81-76 УБВ улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгслийн жолооч Г Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.5 "Ослын зогсолтын тэмдгийг суурин газрын гаднах замд 30 м-ээс. багагүй зайд байрлуулна." гэсэн заалтыг зөрчиж. 30 м-ээс бага зайд байрлуулсан байна. Техникийн шинжээчид ирүүлсэн материалаас үзэхэд 93-54УБЯ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч О.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй байна. 81-76УБВ улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгслийн жолооч Г Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10. болон 9.5. заалтыг зөрчсөн нь уг зам тээврийн осол болоход нөлөөлсөн байна. Осол болоход замын нөхцөл байдал, үзэгдэх орчин нөлөөлөөгүй гэж үзэж байна. Шинжилгээний явцад асуултад тусгагдаагүй ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй болно... талаарх дүгнэлт /хх-ийн 122-124 дүгээр хуудас/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 06/174 дугаартай ...О.Бгийн Тоёота приус 20 маркийн 93-54 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ 4.825.800 /дөрвөн сая найман зуун хорин таван мянга найман зуу/ төгрөг... гэх дүгнэлт /хх-ийн 127-136 дугаар хуудас/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 06/173 дугаартай ...Н.Сансарнарангийн Хово маркийн 56-60ТЧ улсын чиргүүлийн үнэлгээ 1.953.000 /нэг сая есөн зуун тавин гурван мянга/ төгрөг... гэх дүгнэлт /хх-ийн 138-148 дугаар хуудас/,

хохирогч О.Бгийн ... 2021 оны 06 сарын 20-ний өдөр Чойрын 21-р точикоос 00 цаг өнгөрч байхад эхнэр Ж.Нийн хамт өөрийн 93-54УБЧ улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй хоёулаа Улаанбаатар хот руу явж байсан. Тэгээд бид хоёр Чойр дээр бүртгүүлээд Төв аймгийн Баян сум өнгөрч байгаад унтая гэж бодоод явж байтал замд гэнэт зам дээр хар чиргүүл харагдах шиг болохоор нь эсрэг урсгал руу буюу зүүн тал руугаа рүлээ дарсан. Тэгээд нэг мэдсэн чинь эхнэр Наранчимэг "миний нөхрийг авраач" гээд орилоод байсан. Миний талын хаалга онгойхгүй байсан чинь 2 залуу ирээд миний хаалгыг татаж онгойлгоод намайг гаргасан. Тэгээд эхнэр бид хоёр машины ард байсан гудсыг гадаа дэвсээд хөнжлөө нөмрөөд хэвтсэн. Тэгээд удалгүй түргэн тусламжийн машин ирээд дараа нь цагдаагийн автомашин ирсэн. Тухайн үед намайг цаг харахад 02 цаг 30-40 минут өнгөрч байсан. Тэгээд Төв аймгийн Баян сумын эмнэлэг дээр очоод тэндээсээ шууд ГССҮТ-д эмнэлгийн автомашинаар хүргэгдэж ирсэн. Би өөрийнхөө 93-54УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод явж байсан. Эхнэр бид хоёр хоёулаа суудлын бүс хэрэглэчихсэн байсан. Тухайн үед надтай зөрсөн автомашин байгаагүй. Би гэрлээ хол дээр нь тавьчихсан явж байсан. Гэнэт л нэг том чиргүүл л харагдсан. Би ослын гурвалжин, чулуу дайрсныгаа бол мэдээгүй. Тухайн үед тэнд байсан хүмүүс надад "та ослын гурвалжин, чулуу дайраад ороод ирчихсэн байна ш дээ" гэж хэлж байсан... /хх-ийн 28 дугаар хуудас/

хохирогч Ж.Нийн ... 2021.06.20-ний өдөр Чойрын 21-р точикоос 23 цаг өнгөрч байхад нөхөр Баяраагийн хамт өөрийн эзэмшлийн 93-54У БЧ улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй нөхөр Баяраа жолоодоод Улаанбаатар хот руу явж байсан. Бид хоёр Чойр дээр бүртгүүлчхээд явж байтал гэнэт чиргүүл гараад ирсэн. Нэг сэрсэн чинь ослын дэр гарчихсан байхаар нь суудлын бүсээ тайлаад машинаас буусан чинь газар уначхаад хүн дуудсан чинь нэг хүн ирээд бид хоёрт тусалсан. 93-54УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай нөхөр Баяраа жолоодоод явж байсан. Бид хоёр суудлын бүс хэрэглэсэн байсан. Үгүй ээ, жолооч Баяраа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан... /хх-ийн 31 дүгээр хуудас/,

иргэний хариуцагч Н.Сансарнарангийн ...81-76 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Энхболд гэдэг хүнээс 120.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Уг автомашин бол миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. 2021.06.14-ний өдөр Эрдэнэт явчхаад ирсэн чинь машиныг чинь ажилд гаргачихлаа гэж Золзаяа надад хэлсэн 2021.06.19-ний шөнө Б машины чинь диск нь хий эргээд зогсчихлоо, хөдлөх боломжгүй болчихлоо гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө үүрээр засварчнаа аваад явах гээд байж байтал өглөө утас дуугараад осол гарсан талаар надад хэлсэн. Надтай хамтарч ажилладаг найз Золзаяа /99924066/ зөвшөөрөл өгсөн юм. Би тэр талаар мэдэхгүй байна. Тэр талаар манай найз Золзаяа мэдэж байгаа. Золзаяа Бтай тохиролцоод ажилд явуулсан байгаа. Намайг уг тээврийн хэрэгслийг худалдаж авах үед үзлэг оношилгоонд орчихсон байсан. Дахиж оруулаагүй. Миний тээврийн хэрэгсэлд гадна талдаа ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байсан. Харин осол болохын урьд шөнө нь диск нь хий эргээд эвдэрчихсэн байсан... /хх-ийн 34 дүгээр хуудас/,

иргэний нэхэмжлэгч Н.Сансарнарангийн ...81-76 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Энхболд гэдэг хүнээс 120.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Уг автомашин бол миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. 2021.06.14-ний өдөр Эрдэнэт явчхаад ирсэн чинь машиныг чинь ажилд гаргачихлаа гэж Золзаяа надад хэлсэн 2021.06.19-ний шөнө Б машины чинь диск нь хий эргээд зогсчихлоо, хөдлөх боломжгүй болчихлоо гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө үүрээр засварчнаа аваад явах гээд байж байтал өглөө утас дуугараад осол гарсан талаар надад хэлсэн. Надтай хамтарч ажилладаг найз Золзаяа /99924066/ зөвшөөрөл өгсөн юм. Би тэр талаар мэдэхгүй байна. Тэр талаар манай найз Золзаяа мэдэж байгаа. Золзаяа Бтай тохиролцоод ажилд явуулсан байгаа. Намайг уг тээврийн хэрэгслийг худалдаж авах үед үзлэг оношилгоонд орчихсон байсан. Дахиж оруулаагүй. Миний тээврийн хэрэгсэлд гадна талдаа ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байсан. Харин осол болохын урьд шөнө нь диск нь хий эргээд эвдэрчихсэн байсан. Ослын улмаас тээврийн хэрэгсэлд учирсан хохирол, ачааг шилжүүлж ачсан зөрдөл, автомашиныг замаас түрж гаргасан зардал, чирч хашаанд аваачсан зардал, 2021.06.20-ний өдрөөс хойш сул зогссон зогсолт, зээлийн эргэн төлөлт зэргийг буруутай жолоочоос нэхэмжилж байна... /хх-ийн 37 дугаар хуудас/,

иргэний нэхэмжлэгч О.Бгийн ...Би 93-54 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2020 оны 09 сард Да хүрээ автомашины зах дээрээс 9.000.000 төгрөгт худалдаж авч байсан. Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ өөрийн мэдэх зүйлээ ярьсан одоо надад нэмж ярих зүйл байхгүй. Би үнэлгээгээр гарсан мөнгөн дүнг нэхэмжилж байна... /хх-ийн 40 дүгээр хуудас/,

гэрч П.Баттүвшингийн ...2021 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 12 цагаас 13 цагийн орчимд өөрийн төрсөн эгч болох Түвшинзаяагийн том хүү болох Бын хамтаар “Howo” маркийн 81-76 УБВ улсын дугаартай ачааны чиргүүлтэй тээврийн хэрэгслээр Улаанбаатар хотоос гараад Төв аймгийн Баян сумаас урагш 10 км зайтай газарт очин “Эрдэс” гэх цагаан өнгийн нунтаг зүйлийг ачаад 16 цагийн орчимд буцаад Дорнод аймгийн зам руу явж байхад 17 цагийн орчимд машины диск нь эвдэрч хөдлөх боломжгүй зогссон. Тэгээд Б Улаанбаатар хот руу сэлбэг болон засварчин гар утсаар захиалан дуудсан. Улаанбаатар хот руу сэлбэг засварчиндаа захиалаад орой 20 цагийн орчимд машиндаа цай чанаж уучхаад унтахаар машиндаа ор засаад унтсан. Тэгээд шөнө 02 цаг 50 минутын орчимд унтаж байхад машин хөдлөх шиг болохоор нь Б бид хоёр буугаад хартал машины хойд талын чиргүүлийн ертөнцийн зүгээр баруун талд нь саарал өнгийн приус-20 маркийн машин ертөнцийн зүгээр зүүн тийшээ хараад эвдэрсэн байдалтай байсан. Тэгээд сандраад зогсож байтал нөгөө машинаас эмэгтэй хүний хоолойгоор “авраарай” гэх дуу гарахаар нь очоод хартал машины гадна нэг эмэгтэй хүн зогсож байхаар нь Б очоод “эгч та гайгүй юу” гэж асууж байхаар нь би приус урд талаар нь тойрч жолоочийн талд очтол настайвтар эрэгтэй хүн үрүүлийн ард сууж байхаар нь би “та гайгүй юу хөл гараа хавчуулсан зүйл байна уу” гэж асуухад тэр ах “зүгээр ээ зүгээр байж байгаарай” гэж хэлсэн. Тэгээд би буцаад өөрийнхөө машинд очиж хувцсаа давхарлан өмсөөд эргээд нөгөө машин дээр очтол үрүүлийн ард сууж байсан ах машинаас буучихсан өөрийнхөө машиныг тойроод үзэж байсан. Тэгээд би өөрийнхөө машинд сууж таньдаг хүмүүс рүүгээ залгах гэтэл холбогдох утастай хүн нэг ч байгаагүй. Намайг машинаас буугаад нөгөө хүмүүс дээр очиход машиныхаа хойд талын суудлыг буулгаад ор засаад хэвтэж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа түргэний машин ирээд нөгөө машины ах, эгч хоёрыг аваад явсан... /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

сэжигтэн Г.Бын ...Надад өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Би бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй. Надаас хохирол төлбөр нэхэмжлээгүй байгаа. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 154 дүгээр хуудас/,

яллагдагч Г.Бын ... Би өмнө сэжигтнээр болон гэрчээр өгсөн мэдүүлгүүд дээрээ өөрийн мэдэх зүйлээ бүгдийг нь ярьсан одоо надад нэмж ярих зүйл байхгүй. Би бусдад учруулсан хохирол гэж төлөөгүй. Учир нь надаас эмчилгээний зардал гэж нэхэмжлээгүй. Хэрэв надаас эмчилгээний зардал гэж нэхэмжилбэл би төлөхөд бэлэн байна. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 164 дүгээр хуудас/, гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Г.Бын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ий 118,  167-173 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Г.Бын 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 02 цаг 35 минутын орчимд Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2-р багийн нутаг “Цагаан чулуут” гэх газрын асфальтан замын хөвөө дээр “Howo” маркийн 81-76 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10 дэх заалт буюу “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” мөн дүрмийн 9.5 дахь заалт буюу  “Ослын зогсолтын тэмдгийг ...суурин газрын гаднах замд 30 метрээс, ...багагүй зайд байрлуулна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж түр зогсоосны улмаас 93-54 УБЧ улсын дугаартай “Toyota prius-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч О.Б араас нь мөргөж зам тээврийн осол гарч, жолооч О.Бгийн биед хүндэвтэр, зорчигч Ж.Нийн биед хүнд гэмтэл тус тус учирсан үйл баримт тогтоогдсон байна гэж үзсэн.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлтийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч С.Сүрэнхорол:

...Шүүгдэгч Г.Б холбогдох Эрүүгийн 21340014480392 дугаартай хэрэг төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгч болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Г.Б нь тус хэрэгт 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Хохирогч Ж.Н болон О.Б нарын гаргаж өгсөн эмчилгээний зардлын баримт нь нийт 3.465.363 төгрөгийн баримт хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Уг баримтаас Нийгмийн даатгалаас 626.486 төгрөг, 1.257.108 төгрөг буюу нийт 1.883.594 төгрөг болсон. Хохирогч нарын нэхэмжилж байгаа 3.465.363 төгрөгөөс Нийгмийн даатгалын сангаас төлсөн 1.883.594 төгрөгийг хэрэгсэхгүй болгох саналыг шүүхэд гаргаж байна. Үлдэгдэл 1.574.669 төгрөгийг шүүгдэгч Г.Баас гаргуулах саналтай байна. Хохирогч О.Б, Ж.Н нар нь цаашид гарах эмчилгээний зардал болон тээврийн хэрэгсэлд учирсан 4.825.800 төгрөгийг иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх саналтыг гаргаж байна. Тус хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон хэргийн хамт шилжүүлсэн зүйлгүй. Битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байна. Тээврийн хэрэгсэлд учирсан үнэлгээ болох 4.825.800 төгрөгийг иргэний хариуцагч болон шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргах саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч Ж.Н:

...Гэм буруутай гэж үзэж байна. Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү... гэсэн саналыг,

 

Хохирогч О.Б:

Гэм буруутай гэж үзэж байна. Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү... гэсэн саналыг,

 

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Л.Батжаргал:п

...Энэ шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн байр суурийг дэмжиж оролцож байна. Хэрэгт авагдсан шинжээч Базаррагчаагийн дүгнэлт нь хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг тогтоосон гэхээсээ илүү Замын хөдөлгөөний дүрэм нь ийм байх боломжтой гэсэн дүгнэлтийг гаргасан гэж үзэж байна. Хохирогч О.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “тухайн өдөр зогсоох арга хэмжээ авахаасаа илүү тойрч гарах арга хэмжээ авсан” гэж мэдүүлдэг. Энэ нөхцөл байдлуудыг шүүх анхаарч үзэж дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Шинжээч Базаррагчаагийн дүгнэлт нь өөрөө өрөөсгөл. Яг хэрэгт авагдсан нотлох баримт, тухайн газрын нөхцөл байдал, тээрийн хэрэгсэлд ямар эвдрэл гэмтэл учирсан талаар ямар нэгэн байдлаар дүгнэлтдээ тусгаагүй. Тэгэхээр шинжээчийн дүгнэлт нь учир дутагдалтай байгаа учраас хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс хэргийг прокурорт буцааж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх зайлшгүй шаардлага байна... гэсэн дүгнэлтийг, 

           

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Тэрбиш:

...Гэм буруугийн асуудлаар улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Энэ хэрэг нь тохиолдлын шинжтэй гэмт хэрэг. Хохирогчийн буруутай ажиллагаа байсан. Техникийн шинжээч болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо авцалдаагүй байдалтай гарсан. Үүнийг дахин шинжээчээр тогтоолгоё гэвэл цаг хугацааны асуудал болно. Миний үйлчлүүлэгч нь гэр бүлээ тэжээхийн тулд ажил хийж ар гэрээ тэжээдэг. Энэ хэрэг дээр ямар нэгэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хохирогчийн хариуцлагагүй байдал нь энэ хэргийг гарахад хүргэсэн гэж хэлмээр байна. Зорчих хэсэг дээрээс машиныг холдуулах нь жолоочийн үүрэг хэдий боловч тухайн тээврийн хэрэгсэл нь 40 тонн ачаатай. Нэг хүн ачааг нь буулгаад машинаа холдуулах нөхцөл байгаагүй. Ослын дохионы тэмдгийг дайраад унагаасан хүн нь О.Б өөрөө дайрч унагаасан. Ажиллагаа хэвийн бүрэн гэрэлтүүлэгтэй тэмдэг байсан гэдгийг шинжээчийн дүгнэлтээр баталсан. Энэ тэмдгийг хэдий зайд байсныг тогтоогоогүй. Хэргийн газрын үзлэг дээр энэ талаар заагаагүй. Жолоочоос өөрөөс нь асуухад баримжаагаар алхаад 30 метр зайд тавьсан гэж хэлсэн. Баримтаар тогтоогдсон хохирлыг төлнө. Улсын яллагчийн гаргаж байгаа эрүүл мэндийн хохирол 1.574.669 төгрөгийг төлнө. Хохирогч Ж.Нийн хохирол нь 282.843 төгрөг, О.Бд учирсан хохирол нь 138.556 төгрөгийн баримтаар гарсан хохирол байгаа. Бусад хохирлын баримтууд нь шаардлага хангахгүй баримтууд байсан. Нэгэнт хүний эрүүл мэндэд хохирол учирсан учраас 1.574.669 төгрөгийн хохирлыг хүлээн зөвшөөрч байгаа. Энэ хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа. Тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг иргэний хариуцагчтай хувааж төлнө. Мөн хохирогч нарын цаашид гарах зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү гэж хүсэж байна... гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Г.Б:

...Осол гаргаж хүний эрүүл мэндэд хохирол учруулсандаа харамсаж байна. Энэ шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Хохирол төлбөрийг бүрэн төлнө... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.

 

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Л.Батжаргал ...Энэ шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн байр суурийг дэмжиж оролцож байна. Хэрэгт авагдсан шинжээч Базаррагчаагийн дүгнэлт нь хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг тогтоосон гэхээсээ илүү Замын хөдөлгөөний дүрэм нь ийм байх боломжтой гэсэн дүгнэлтийг гаргасан гэж үзэж байна. Хохирогч О.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “тухайн өдөр зогсоох арга хэмжээ авахаасаа илүү тойрч гарах арга хэмжээ авсан” гэж мэдүүлдэг. Энэ нөхцөл байдлуудыг шүүх анхаарч үзэж дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна... ...шинжээчийн дүгнэлт нь учир дутагдалтай байгаа учраас хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс хэргийг прокурорт буцааж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх зайлшгүй шаардлага байна... гэсэн дүгнэлтийг гаргадаг.

 

Шүүх иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн Л.Батжаргалын гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд гаргасан дүгнэлттэй нь холбогдуулан эрүүгийн 2134001480392 дугаартай хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлахад хүлээн авах боломжгүй, үгүйсгэгдэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Үүнд: Эрүүгийн 2134001480392 дугаартай хавтаст хэрэгт:

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-8, 11-20 дугаар хуудас/,

зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 10 дугаар хуудас/,

осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 9 дүгээр хуудас/,

тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-25 дугаар хуудас/,

шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 245 дугаартай ... О.Б-н биед сээрний 5-р нугалмын их бие, бүсэлхийн 2-р нугалмын сэртэн, баруун талын 11,12-р хавирганы хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... талаарх дүгнэлт /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 58 дугаартай ... Ж.Нийн биед хэвлийн хөндийн битүү гэмтэл элэг задрал хэвлийн хөндийн цус хуралдалт /2000 мл/ орчим 2021.06.20-ний хэвлийн хөндийн хагалгаа, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... талаарх дүгнэлт /хх-ийн 55-56 дугаар хуудас/,

шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1792 дугаартай ... Хэргийн газрын үзлэгээр хурааж авсан хар өнгийн ууттай эд зүйл нь ослын гурвалжин /анхааруулах тэмдэг/ мөн байна. Ослын гурвалжин нь гэрэл ойлгох, цацруулах зориулалттай материалаар хийгдсэн байх тул эвдлэгдээгүй байх үедээ ашиглах боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн ослын гурвалжин нь хатуу, тэгш бус гадаргуутай бат бөхийн чанараас давсан хүчээр хавчих, шахах хүчний үйлчлэлээр буюу тээврийн хэрэгсэлд дайрагдах үед хагарч эвдэрсэн байх үндэслэлтэй. Шинээр илэрсэн нөхцөл байдал байхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,

шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2005 дугаартай ... 81-76 УБВ улсын дугаартай Howo маркийн автомашины хурдны хайрцагны перда диск элэгдсэн гэмтэлтэй байна. Автомашины перда диск элэгдсэн гэмтэл нь ашиглалтын явцад үүснэ. Осол болохоос өмнө техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байсан эсэхийг тогтоох боломжгүй. Тээврийн хэрэгсэлд гарсан гэмтэл нь хөдөлгөөн үргэлжлүүлэх боломжгүй болгож зайлшгүй зогсолт хийнэ. Дээрх гэмтэлтэй тээврийн хэрэгсэл ухрах хөдөлгөөн хийх боломжгүй. Арагш өнхрүүлэх хөдөлгөөн хийх боломжтой эсэх нь зам орчны байдлаас шалтгаална... талаарх дүгнэлт /хх-ийн 68-69 дүгээр хуудас/,

шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2004 дугаартай ... 93-54 УБЧ улсын дугаартай Приус-20 маркийн автомашины эвдрэл гэмтлийг үзлэг шинжилгээний хэсгээс үзнэ үү. Тээврийн хэрэгсэлд гарсан дээрх гэмтлүүд нь ослын үед үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Автомашины урд тэнхлэгийн тоормосны эд анги ажиллаж байна. Автомашинд гарсан эвдрэл гэмтлээс хойд тэнхлэгийн тоормосны механизмын ажиллагааг шалгах боломжгүй байна. Тээврийн хэрэгслийн хол, ойрын гэрлийн тусгалыг шалгах тусгай багаж байхгүй тул тогтоох боломжгүй байна. Тээврийн хэрэгслийн хурдны хайрцагнаас осолд орох үеийн хурдыг тогтоох боломжгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 83-86 дугаар хуудас/,

шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 10/03 дугаартай ... Техникийн шинжээчид ирүүлсэн материалаас үзэхэд 81-76 УБВ улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгслийн жолооч Г.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10. Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна. 9.5 Ослын зогсолтын тэмдгийг ... суурин газрын гаднах замд 30 м-ээс, ...багагүй зайд байрлуулна... гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.14. "зайлшгүй зогсолт" гэж жолооч, зорчигчийн биеийн байдал, тээж яваа ачаа, байгалийн үзэгдлийн улмаас аюул учирч болзошгүй үед, мөн техникийн эвдрэл, зам дээр саад бий болсноос шалтгаалан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон үйлдлийг; гэж заасан байдаг. Жолооч Г.Б нь жолоодож явсан 81-76УБВ улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгсэлд техникийн эвдрэл бий болсноос шалтгаалан зайлшгүй зогсолт хийсэн байна. Техникийн шинжээчид ирүүлсэн материалаас үзэхэд 81-76 УБВ улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгслийн жолооч Г Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.5 "Ослын зогсолтын тэмдгийг суурин газрын гаднах замд 30 м-ээс. багагүй зайд байрлуулна." гэсэн заалтыг зөрчиж. 30 м-ээс бага зайд байрлуулсан байна. Техникийн шинжээчид ирүүлсэн материалаас үзэхэд 93-54УБЯ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч О.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй байна. 81-76УБВ улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгслийн жолооч Г.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10. болон 9.5. заалтыг зөрчсөн нь уг зам тээврийн осол болоход нөлөөлсөн байна. Осол болоход замын нөхцөл байдал, үзэгдэх орчин нөлөөлөөгүй гэж үзэж байна. Шинжилгээний явцад асуултад тусгагдаагүй ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй болно... талаарх дүгнэлт /хх-ийн 122-124 дүгээр хуудас/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 06/174 дугаартай ...О.Бгийн Тоёота приус 20 маркийн 93-54 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ 4.825.800 /дөрвөн сая найман зуун хорин таван мянга найман зуу/ төгрөг... гэх дүгнэлт /хх-ийн 127-136 дугаар хуудас/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 06/173 дугаартай ...Н.Сансарнарангийн Хово маркийн 56-60ТЧ улсын чиргүүлийн үнэлгээ 1.953.000 /нэг сая есөн зуун тавин гурван мянга/ төгрөг... гэх дүгнэлт /хх-ийн 138-148 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

мөн тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн .... дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийн хэлэлцүүлгийн шатанд шинжээч И.Базаррагчаа, С.Мөнхдалай нарын мэдүүлэг, хариултаар тус тус иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн дүгнэлт танилцуулах шатанд гаргасан дээрх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй, үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Түүнчлэн шүүгдэгч Г.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 245, 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 58, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1792, 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2005, 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2004, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 10/03 дугаартай дүгнэлтүүд, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, гэрчүүд мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцож, шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Г.Б дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Г.Б тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчиж, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр гэмтэл учирсан байна.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэргийг үйлдсэн байна.

 

Учир нь Замын хөдөлгөөний дүрмийн 14.10 дэх заалт буюу “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” мөн дүрмийн 9.5 дахь заалт буюу  “Ослын зогсолтын тэмдгийг ...суурин газрын гаднах замд 30 метрээс, ...багагүй зайд байрлуулна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг гэж үзлээ.

 

Мөн болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байсан гэж хайхрамжгүй хандсан гэх хоёр хэлбэрээр илэрдэг болно.

 

Хамгийн гол хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдаж шинжтэй.

 

Тэрээр шүүгдэгч Г.Бын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10, 9.5-т заасныг зөрчиж буй энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний биед хүнд, хүндэвтэр хохирол учирсан, хор уршиг нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ. 

 

Иймд шүүгдэгч Г.Быг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлага болон ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч С.Сүрэнхорол:

...Шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Дээрх үйл баримт нь 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр буюу Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1-т зааснаар ялыг өршөөн хэлтрүүлэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчид оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэх саналыг шүүхэд гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Тэрбиш:

...Улсын яллагчтай санал нэг байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1-т хамаарч байгаа учраас шүүгдэгчид оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Г.Б:

...Хэлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 

Улсын яллагч С.Сүрэнхорол шүүгдэгч Г.Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай дүгнэлтийг гаргаж, шүүгдэгчийн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах гэмт хэрэг нь 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр буюу Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1-т зааснаар ялыг өршөөн хэлтрүүлэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчид оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй... гэсэн дүгнэлтийг,

мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Тэрбиш улсын яллагчтай саналтай нэг байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1-т хамаарч байгаа учраас шүүгдэгчид оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлж өгнө үү... гэсэн дүгнэлтийг тус гаргасан ба хохирогч нар болон иргэний хариуцагчийн өмгөөлөгч Л.Батжаргал нар улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын ял шийтгэлийн талаар гаргасан дүгнэлттэй маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Быг гэм буруутайд тооцсоны дараа эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулах гэсэн боловч түүний холбогдсон тухай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т заасан “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байна.

 

Түүнээс гадна 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдаж, 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулсан энэ хуулийн зорилтод нийцүүлсэн байхаар хуульчилсан.

 

Тиймээс шүүгдэгч Г.Бын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн оногдуулах үндсэн ял нь энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэж зааснаар Өршөөл үзүүлэх хэлбэр, хүрээ хэмжээний дотор Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлж түүний үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Улмаар шүүгдэгч Г.Б нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэснийг хангаж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн өлөхөө илэрхийлсэн байна гэж үзлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Г.Бын болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас иргэн Ж.Нийн эрүүл мэндэд хүнд, О.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр, бусдын эд хөрөнгөд хохирол тус тус учирсан байна.

 

Иргэний хариуцагч Н.Сансарнарангаас бүгд 6.590.619 /зургаан сая таван зуун ерэн мянга зургаан зуун арван ес/ төгрөг гаргуулж, хохирогч О.Бгийн зам тээврийн ослын улмаас эрүүл мэндийн хохиролд нэхэмжилсэн 135.556 /нэг зуун гучин таван мянга таван зуун тавин зургаа/ төгрөг болон эд хөрөнгөд учирсан хохирол 4.825.800 /дөрвөн сая найман зуун хорин таван мянга найман зуу/ төгрөг нийт 4.961.356 /дөрвөн сая есөн зуун жаран нэгэн мянга гурван зуун тавин зургаа/ төгрөгийг,

хохирогч Ж.Нийн зам тээврийн ослын улмаас эрүүл мэндийн хохиролд нэхэмжилсэн 1.629.263 /нэг сая зургаан зуун хорин есөн мянга хоёр зуун жаран гурав/ төгрөгийг тус тус олгож,

харин шүүгдэгч Г.Б 1.953.000 /нэг сая есөн зуун тавин гурван мянга/ төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Н.Сансарнаранд олгож,

иргэний хариуцагч Н.Сансарнаран нь хохирогч О.Б, Ж.Н нарт гэм хорыг арилгасны дараа өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

хохирогч О.Б, Ж.Н нарын мөрдөн байцаалтын шатанд зам тээврийн ослын улмаас эрүүл мэндийн хохиролд баримтаар нэхэмжилсэн 3.999.213 төгрөгийн хохирлоос нийгмийн даатгалын сангаас төлсөн 1.586.108 төгрөг, бусад зардал болох нотлох баримтын шаардлага хангаагүй 648.286 төгрөг нийт 2.234.394 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Түүнчлэн шүүх хохирогч Ж.Н, О.Б нарыг баримтгүй нэхэмжилсэн 2.440.000 төгрөгийн баримтаа, мөн цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа тус тус бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Г.Баас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Иймд шүүгдэгч Г.Баас тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзсэн болно.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2134001480392 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, тус тус дурдах нь зүйтэй байна.  

 

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1., Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2.,

36.6., 36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2

дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг

тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч Г.Быг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

3. Эрүүгийн 2134001480392 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан иргэний хариуцагч дугаарын регистртэй, Б овгийн Н.С нийт 6.590.619 /зургаан сая таван зуун ерэн мянга зургаан зуун арван ес/ төгрөгийг гаргуулан хохирогч дугаарын регистртэй, С овгийн Ж.Н 1.629.269 /нэг сая зургаан зуун хорин есөн мянга хоёр зуун жаран ес/ төгрөгийг,

хохирогч, иргэний нэхэмжлэгч дугаарын регистртэй, Х овгийн О.Б 4.961.356 /дөрвөн сая есөн зуун жаран нэгэн мянга гурван зуун тавин зургаа/ төгрөгийг,

 шүүгдэгч дугаарын регистртэй, Ч Г.Баас 1.953.000 /нэг сая есөн зуун тавин гурван мянга/ төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч дугаарын регистртэй, Б овгийн Н.С тус тус олгосугай.

 

5. Хохирогч О.Б, Ж.Н нарын мөрдөн байцаалтын шатанд зам тээврийн ослын улмаас эрүүл мэндийн хохиролд баримтаар нэхэмжилсэн 3.999.213 төгрөгийн хохирлоос нийгмийн даатгалын сангаас төлсөн 1.586.108 төгрөг, бусад зардал болох нотлох баримтын шаардлага хангаагүй 648.286 төгрөг нийт 2.234.394 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Хохирогч дугаарын регистртэй, С овгийн Ж.Н, дугаарын регистртэй, Х овгийн О.Б нар нь баримтгүй нэхэмжилсэн 2.440.000 /хоёр сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийн баримтаа, мөн цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа тус тус бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч Г.Баас жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ш.ГАНДАНСҮРЭН