Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
Хэргийн индекс | 176/2022/0066/Э |
Дугаар | 2022/ШЦТ/66 |
Огноо | 2022-02-21 |
Зүйл хэсэг | 11.4.1., |
Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/66
2022 02 21 2022/ШЦТ/
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Д.Сүхням,
улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,
хохирогч Д.Т,
шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч О Д.Дд холбогдох эрүүгийн 2234000000061 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Тонхил суманд 1984 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, Хэрлэн шанд ХХК-ны захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, дугаарын регистртэй, О Д.Д,
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Д.Д нь Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган 5 дугаар багт 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Д.Ттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Д.Д:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг өгсөн, одоо дахин 2.000.000 төгрөг өгөхөөр тохиролцож, бэлнээр нь шүүх хуралдаан дээр аваад ирсэн. Одоо өгөх гэж байна... гэж,
Хохирогч Д.Т:
...Шүүгдэгчтэй хохирол төлбөр дээрээ тохиролцсон. Шүүгдэгчийн зүгээс өмнө нь эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг өгсөн, дахин 2.000.000 төгрөг бэлнээр өгөхөөр тохиролцсон. Нийт 4.000.000 төгрөгөөр тохиролцсон. Одоо удахгүй хагалгаанд орно. Тэр үед Д намайг эмнэлэгт хүргэж өгнө гэсэн. Өөр нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй... гэж тус тус мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2234000000061 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Д.Дын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган 5 дугаар багт Д.Ттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах
гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,
шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №71 дугаартай ... Д.Тын биед зүүн бугалга ясны шахагдсан хугарал, хамар ясны хугарал, баруун чамархай, дух хэсэгт зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хамарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, зүүн чихний ар хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 23 дугаар хуудас/,
хохирогч Д.Тын ... 2022 оны оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган 5 дугаар багийн нутаг Өвөржанчивлан гэх газарт гэртээ байж байсан чинь манай гэрийн гадаа Баатар гэх манай хуурай дүү ирээд ахаа ганц шил архи уух уу гэхээр нь ах нь сум орох гэж байна гэхдээ яах вэ 2 хундага татвал гэж хэлээд хойд талын айл болох Сонсголон гэх хүний гэрт орж 1 шил 0,75 литрийн Хараа нэртэй архийг 3 уулаа хувааж ууж байтал гаднаас эхнэр Баасансүрэн орж ирээд намайг загнаад аваад гарсан юм тэр үед архи маань талдаа орж байсан байх. Тэгээд би гэртээ байж байгаад эргээд тухайн айлд ортол архи нь бараг дуусаж байсан тэр архинаас нь 2-3 удаа ахиж татсан байх дараа нь би Баатараад мөнгө өгч ахиад нэг шил архинд явуулсан. Удалгүй Баатараа 1 шил 0,5 литрийн Хараа нэртэй архи авчраад тэрийг нь Баатараа бид 2 хувааж уусан. Тэгсэн архи ууж дуусаад Баатараа ахаа надад нэг тамхи аваад өгөөч сум орох машин ирэх болоогүй байна гээд байсан болохоор нь бид 2 тамхи авахаар дэлгүүр орж байтал дэлгүүр дотроос Д Түвшин гэх манай нутгийн хүмүүс гараад ирсэн. Тэгээд Д намайг Төөлөө архи уухуу гэхээр нь би чамд архи байгаа бол 100 татвал таты гэж хэлсэн чинь надад архи байна гэж хэлээд дээлнийхээ өврөөс 0,5 литрийн Хараа нэртэй архи 2 ширхэг лаазтай улаан касс нэртэй пиво аргаж ирээд дэлгүүрийн гадаа Д Түвшин Баатар бид нар хувааж ууж байгаад би Дыг Түвшин намайг ахаа гэж байхад чи яагаад намайг ахаа гэдэггүй юм бэ гээд Дд хэлэхэд хоёулаа булан тойроод уулзаадахы даа гэхээр нь Дтай хамт дэлгүүрийн булан тойроод ортол Д намайг барь аваад толгойгоороо миний нүүр лүү мөргөсөн. Тэгээд намайг газар унасны дараа толгой дээр дэвссэн тэгээд би ухаан алдсан. Нэг сэрсэн чинь миний нүүрийг архи ундаагаар угаагаад байх шиг байсан. Тэгсэн эхнэр маань ирээд хэн манай нөхрийг зодсон бэ гэж асуусан чинь Д дуугарахгүй байж байснаа би цагдаагаас айх хүн биш шүү гэж хэлээд Түвшинтэй хамт мотоциклтой яваад өгсөн... /хх-ийн 5-6 дугаар хуудас/,
гэрч Д.Дын ...2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган 5 дугаар багийн нутаг Өвөржанчивлан гэх газарт би Түвшин гэх хүнтэй дэлгүүр орж тамхи цай зэрэг хүнсний эд зүйл аваад гарч байсан чинь дэлгүүрийн гадаа Ттай таарсан юм. Т нэлээн халанцуу надаас нэг шил архи аваад өгчих гээд байсан болохоор нь би буцаж дэлгүүр ороод 0,5 литрийн Хараа нэртэй архи авч өгөөд дэлгүүрийн гадаа тухайн архийг Түвшин Т нэг танихгүй залуу нар ууж байгаад Түвшин гэх хүнийг би та гээд хэлсэн чинь Т над руу чи муу мангар бацаан надаас дүү байжиж намайг чи гэж хэллээ гэхээр нь чи манай аав ээж хоёрын гэрт орж агсам согтуу тавьж архи нэхэж дарамталдаг ах хүн шиг байж чаддаггүй хүнийг ахаа гэж би дуудахгүй гэсэн чинь мангар бацаан минь гэж хэлээд миний куртикний ханцуунаас татаад одоо энд хоёулаа зодолдий гээд миний цээж рүү цохихоор нь нүүр лүү нь гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Дараа нь Т өөрөө намайг мөргөх гээд дайраад байхаар нь би Тыг тонгороод газарт унгасан тэгээд нүүр амнаас нь цус гарчихсан байсан болохоор нь нүүрийг нь жижиг цэвэр усаар угааж байсан чинь Тын эхнэр нь ирээд манай нөхрийг хэн зодсон бэ би цагдаа дуудна гэж ирээд хэрүүл хийгээд байсан болохоор нь би цагдаагийн байгууллагатаа ханд гэж хэлээд яваад өгсөн... /хх-ийн 8 дугаар хуудас/,
гэрч Д.Түвшинжаргалын ...Би өглөө эрт эхнэрийн ажилдаг дэлгүүрт очоод үхэрт өгөх ёотон өөртөө 1 хайрцаг тамхи, 2,5 литрийн Нийслэл пиво аваад буцаж гэртээ ирээд гэрийн ажиллаа хийж байгаад авсан нэг пиво уугаад өдөр 15 цаг өнгөрч байхад дахин дэлгүүр ороод 2,5 литртэй нийслэл пиво аваад гэртээ ирээд уусан орой 17 цаг өнгөрч байхад дэлгүүрт очоод эхнэртэй маргаан үүсгэсэн. Тухайн үед яг ямар шалтгааны улмаас маргаан үүсгэсэн талаар би сайн мэдэхгүй байна. Маргаан болж дуусаад цаг гаруй хоорондоо юм яриад 19 цагийн үед дэлгүүр хаагаад А.Наранчимэг надад зулын тос болон хөвөн зэрэг зүйл өгөөд түрүүлээд алхаад явсан би ардана явж байгаад барьж явсан эд зүйлсээ хаячихсан гэрт ороод ирсэн чинь эхнэр гэрт ирээгүй ахын гэрт орчихсон байсан би араас нь ороод авч явсан юмаа өгөх гэсэн чинь шар тосоо хаячихсан байсан эхнэр "чи зулын шар тос хаана хаячихсан юм" гэж асуухаар нь "Би яаж мэдэх юм чи өөрөө аваа биздээ” гээд дахин маргаан болсон би буцаж гараад зулын тосын хайх гэсэн "Тэнэг юм чинь зайлаарай" гэж хэлэхээр нь буцаж очоод нүүр хэсэгт 2 удаа алгадаад 1 удаа гараа зангидаж цохисон өөр зүйл болоогүй... /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
гэрч Ц.Баасансүрэнгийн ... 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр би гэртээ сууж байсан чинь манай дүү Жавзмаа утсаар залгаад Т ах дэлгүүрийн гадаа хүнд зодуулаад цус нөжтэйгөө холилдоод байж байна шүү дээ та ирж авахгүй ıом уу гэхээр нь би тухайн үед машинтай Эрдэнэ сум явах гэж байсан болохоор намайг ирж авах байсан машин ирэхээр нь би тухайн машинтай хамт дэлгүүрийн гадаа очтол манай нөхрийг Д дэлгүүрийн буланд шахчихсан урд нь 0.5 литрийн Хараа нэртэй архи барьчихсан уулгах гээд байгаа бололтой зогсож байсан. Мөн тэр хоёрын хажууд Баатар гэх залуу зүгээр зогсож байсан тэгэхээр нь би машинаас буугаад Д Баатар гэх хүмүүсээс манай нөхрийг хэн зодсон юм бэ гэж асуутал тэр хоёр бид хоёр мэдэхгүй бид нар дөнгөж сая ирлээ гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Баатарыг чи гэрээс дагуулаад аваад гарсан баяжиж яагаад мэддэггүй юм гэж хэлээд зогсож байсан чинь дэлгүүр дотроос Түвшин гараад ирсэн. тэгээд би Түвшинөөс манай нөхрийг хэн зодсон юм гээд асуухад бас мэдэхгүй гээд байсан. Тэгснээ Д Түвшин хоёр яваад өгсөн. Дараа нь би Баатараас асуусан чинь надад Д Т ахыг зодсон гэхээр чи тэгээд хажууд нь байхад хэлэхгүй яасан юм бэ гэхэд би айгаад хэлээгүй юм өө гэсэн... /хх-ийн 14 дүгээр хуудас/,
гэрч Б.Баатарсүхийн ... 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Би Т гэх ахынд 14 цагийн орчимд очсон. Тэгээд гэрт нь орж цай унд уучхаад гэрээс Т ахтай хамт гараад дэлгүүр орж 0.5 литрийн Хараа нэртэй архи аваад Т ахын гэрт нь орж уусан. Дараа нь Т бид 2 тамхи авахаар гэрээс нь гараад дэлгүүр орсон дэлгүүр орчхоод гараад ирсэн нь дэлгүүрийн гадаа Т ахын найз гэх 2 хүнтэй дэлгүүрийн гадаа таараад Т ах тэр хоёртой уулзаж байгаад нөгөө хоёр залуу нь дэлгүүр орж Т ахад 0.5 литрийн хараа нэртэй архи авч өгөөд тэр ахирыг нь Т ах нөгөө хоёр залуу бид 4 дэлгүүрийн цаад талын буланд хувааж уугаад сууж байтал Т ах нөгөө нэг залууг нь уулзая гэж хэлээд Т ах нэг танихгүй залуутай юм яриад дэлгүүрийн буланд юм яриад зогсоод байсан. Тэгсэн нөгөө нэг залуу нь Т ахыг барьж аваад мөргөсөн. Тэгсэн Т ах газарт унасан. Дараа нь Т ахыг газарт байхад нь нөгөө залуу нь гадуур хувцаснаас нь заамдаж байгаад толгойгоор нь газар цохиод байсан. Дараа нь Т ахыг босгож суулгаж байгаад дахиад толгой руу нь мөргөсөн дараа цээж рүү нь өшиглөсөн. Тэгээд би очоод салгах гэсэн чинь нөгөө залуу нь намайг бас барьж аваад мөргөсөн. Тэгээд би газар унасан. Газарт унтчихаад буцаад босоод ирсэн чинь нөгөө танихгүй залуу намайг цэрэгт явсан уу гэхээр нь би Т ахыг өмөөрч байсан гэсэн чинь чамд ямар хамаатай юм энийг чинь би ална шүү гээд намайг чи хаана байдаг юм гэсэн тэгэхээр нь би хөдөө байдаг Т ахын хуурай дүү нь байгаа юм гэж хэлсэн. Дараа нь намайг ахиад мөргөсөн дахиад би газарт унаад босоод ирсэн чинь баруун гараараа миний баруун шанаа хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд байж байсан чинь Т ахын эхнэр нь яваад ирсэн. эхнэр нь явж ирээд манай нөхрийг хэн зодсон бэ гээд орилж бахираад ирсэн чинь нөгөө 2 залуу мотоциклтойгоо зугтаад яваад өгсөн. Дараа нь Т ах бид хоёр эхнэртэй нь хамт гэр лүү нь явсан.... /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
гэрч Б.Жавзмаагийн ... 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 15 цагийн орчим байх би ажлаасаа буугаад гэр лүүгээ явж байсан чинь дэлгүүрийн гадаа цементэн дээр манай хүргэн ах Тын танихгүй нэг залуу зодож байхыг нь холоос хараад эгч Баасансүрэнд утсаар хэлж дуудсан... /хх-ийн 19 дүгээр хуудас/,
яллагдагч Д.Дын ...2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 13 цагаас 15 цагийн хооронд Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган 5 дугаар баг Өвөржанчивлан гэх газарт байх дэлгүүрийн гадаа би Т ах болон түүнтэй цуг явж байсан нэг танихгүй залуутай таарсан юм. Тэгсэн Т надаас нэг шил аваад өг гэхээр нь би дэлгүүр лүү орж нэг шил 0.5 литрийн Хараа нэртэй архийг Т гэх хүнд авч өгөөд тухайн дэлгүүрийнхээ гадаа авч өгсөн архийг нь задлаад Түвшээ ахаа явах уу гэсэн чинь Т гэх хүн намайг чи надаас дүү мангар бацаан юм байна ш дээ гээд хоёулаа зодолдъё гэж хэлээд миний куртикний ханцуйнаас чирээд дэлгүүрийн булан тойрсон дараа нь Т миний цээж рүү баруун гараараа 1 удаа цохисон. Дараа нь би эргүүлээд Тын нүүр лүү баруун гараа атгаж байгаад 1 удаа цохисон. Дараа нь Т намайг мөргөх гээд надтай зууралдаад байхаар нь би 1 удаа тонгороод газарт унагасан. Тэгээд Тыг босгоод ирсэн чинь нүүр амнаас нь цус гараад байхаар нь цэвэр усаар нүүрийг нь угаасан. Тэгээд байж байтал Тын эхнэр нь ирээд манай нөхрийг хэн зодсон юм бэ гээд хэл ам болоод цагдаа дуудна гээд байхаар нь би тэр газраас цуг явж байсан Түвшинжаргал гэх хүнтэй хамт гэр лүүгээ явсан... /хх-ийн 46 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Д.Дын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 46-49 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Д.Д нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Д.Дыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Д.Д нь Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган 5 дугаар багт 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Д.Ттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.
Гэм буруугийн болон хууль зүйн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ:
...Өнөөдрийн шүүх хуралдаанд Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг би прокурорын тухай хуулийн 17, 19 зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Г.Лхагвад холбогдох эрүүгийн хэрэгт улсын яллагчаар оролцож дараах гэм буруугийн дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Г.Лхагва нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 19 цаг 30 минутын орчим Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн 1-25 тоотод хамтран амьдрагч А.Наранчимэгийг зодож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Г.Лхагвагийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Хохирогч А.Наранчимэг нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдэгдсэн. Энэ шүүх хуралдаанаар шүүгдэгчээс гаргах хохирол төлбөргүй байна... гэсэн,
Шүүгдэгч Д.Д:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Учир нь шүүгдэгч Д.Д нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Д.Дын дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Прокуророос шүүгдэгч Д.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Шүүгдэгч Д.Дын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Д.Д нь хохирогч Д.Тын цохиж, зодох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.
Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.
Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.
Энэ хэргийн тухайд шүүгдэгч Д.Д нь хохирогч Д.Тын нүүрэн тус газар нь гараараа цохиж зодсоны улмаас хүндэвтэр гэмтэл буюу хүндэвтэр хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг болж байна.
Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд зүүн бугалга ясны шахагдсан хугарал, хамар ясны хугарал, баруун чамархай, дух хэсэгт зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хамарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, зүүн чихний ар хэсэгт зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Д.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.Дын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Тын биед зүүн бугалга ясны шахагдсан хугарал, хамар ясны хугарал, баруун чамархай, дух хэсэгт зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хамарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, зүүн чихний ар хэсэгт зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учирсан байна.
Хохирогч Д.Т нь шүүгдэгч Д.Даас мөрдөн байцаалтын шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд 1.136.600 /нэг сая нэг зуун гучин зургаан мянга зургаан зуу/ төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд 2.000.000 /хоёр сая/ төгрөг, шүүхийн шатанд 2.000.000 төгрөг нийт 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэргийн 66, 80 дугаар хуудаснуудад авагдсан баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Дыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ:
...Шүүхээс шүүгдэгч Д.Дыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Д.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох торгуулийн ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналыг тус тус гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Д.Д:
... Улсын яллагчаас оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүх шүүгдэгч Д.Дд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгт чин санаанаас гэмшиж, анхнаасаа гэм буруугийн талаар маргахгүй хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, улсын яллагчийн санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Д.Дд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж,
шүүгдэгч Д.Дд оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна
оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн 22234000000061 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Д энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О Д.Дыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч О Д.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О Д.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч О Д.Дд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн 2234000000061 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч О Д.Д энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогчид 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг төлсөн, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О Д.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О Д.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН