| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/02292/И |
| Дугаар | 102/ШШ2017/01253 |
| Огноо | 2017-05-01 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол
2017 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2017/01253
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, шүүгч М.Мөнхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, “Богд-Ар” 16 дугаар байр, 42 тоотод оршин суух, Боржигин овогт Ганболдын Хүслэн /РД:чг87031414/,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 4 улирлын цэцэрлэг, 1 дүгээр байр, 308 тоотод оршин суух, Хусай овогт Батдоржийн Цэцэгмаа /уо60011947/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Хатанбаатар магсаржавын гудамж, 6а-42 тоотод оршин байх “Богд асар инженеринг” ХХК /РД:5833868/-д холбогдох,
Гэм хорын хохиролд 530,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хүслэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Болзоо, иргэдийн төлөөлөгч Л.Алтантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Хүслэн, Б.Цэцэгмаа нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.Хүслэн нь Б.Цэцэгмаагийн төрсөн хүү бөгөөд Б.Цэцэгмаагийн эзэмшлийн 00745215 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй, мөнгөлөг саарал өнгөтэй, Huyndai /Santa Fe/ 7025 маркийн УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь баасан гаригт дугаарын хязгаарлалтанд орж, хөдөлгөөнд оролцох эрхгүй болдог тул 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Пүрэв гаригийн 13 цаг 00 минутын орчимд Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Богд-Ар хорооололын 16А байрны доорх Г.Хүслэн миний өөрийн эзэмшлийн дулаан зогсоолд дээрх тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалган байрлуулж үлдээсэн. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 12-ны өглөө 09.30 цагийн орчимд тус дулаан зогсоолын манаач /88816298 дугаартай/ холбогдон ярихад чи арын багаажны цонх нь хагарсан машин тавьж явснаа хэлэхгүй, энд олон хоног боллоо гэж хэлсэн. Тэр даруйд нь очиж үзэхэд тээврийн хэрэгслийн арын багаажны цонх бутарч хагарсан байсан. Манай байрны доорх зосоолд ээлжээр 3 мнаач солигдож гардаг бөгөөд тухайн өдөр хэн гэдэг, ямар манаач гарсан нь тодорхойгүй, гэмт хэрэг үйлдсэн этгээд нь олдохгүй байсан учир 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст тээврийн хэрэгсэлд гэмтэл урчуулсан, эзэн холбогдогчийг тогтоолгохоор өргөдөл /20160510023767 бүртгэлийн дугаартай гаргаж өгсөн. Өргөдлийн дагуу Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст мөрдөн байцаагч Цагдаагийн ахлах дэслэгч н.Амгаланбаатар хэргийг хариуцаж, холбогдох шалгалтуудыг хийж байгаа. Энэ хугацаанд тээврийн хэрэгслийг ашиглах ахуйн зайлшгүй шаардлага маш их байсан учир тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох үүргээ ухамсарлан өөрийн мөнгөөр шиллүүлсэн. “Богд Асар” ХХК ОСНАА контор нь 15А, 16А байрны доорх зогсоолыг 2016 онд бүрэн камерийн хяналтын систем, автоматаар онгойдог зогсоолын төв хаалга, ээлжээр гардаг 3 манаачтай болгосон шалтгаанаар дулаан зогсоол эзэмшигчдээс сар болгон зогсоолын төлбөр дээр нэмж 30,000 гаруй төгрөгийг авдаг. Гэвч тэдний манаач нарын тухайн зогсоол эзэмшигчдийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хянаж ажиллах үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсаны улмаас учирсан бодит хохирлыг тогтоолгохоор “Мастер үнэлгээ” ХХК-аар үнэлгээ хийлгэсний төлбөр 30,000 төгрөг, тээврийн хэрэгслийн цонх шиллүүлэхэд 500,000 төгрөг, нийт 530,000 төгрөгийн төлбөр гарсан. Манайх ам бүл 5 бөгөөд одоогоор би ганцаараа ажил хийж ам бүлээ тэжээдэг Төрийн жинхэнэ албан хаагч. Иймд хариуцагч “Богд Асар” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагад дурдсан бодит хохирол болох 530,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч “Богд Асар Инженеринг” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Манай компани Улаанбаатар хот Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Богд-Ар 9А байр, 19 давхарт байрладаг, орон сууцыг ус дулаан дамжуулах, бохир ус татан зайлуулах үйлчилгээ эрхэлдэг дотоодын компани болно. Автомашины дулаан зогсоол эзэмшигч иргэн Г.Хүслэн нь өөрийн төрсөн ээж Б.Цэцэгмаагийн нэр дээрх бүртгэлтэй 00745215 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй, мөнгөлөг саарал өнгөтэй, Huyndai /Santa Fe/ маркийн 70-25 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын багажны цонж гаражид зогсож байхдаа хагарч гэмтсэн байна гэж нөхөн төлбөр болох 530,000 төгрөгийг төлбөр нэхэмжилснийг манай компанийн зүгээс хүлээн зөвшөөрч хариуцах боломжгүй гэж үзэж байна. Тухайн автомашин нь 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гаражийн зогсоолд байрлуулахаас өмнө өөр машинд доторх ачаа зөөж тавиад уг машиныг зогсоолд байрлуулж ачаа ачсан машинаа унаад гарсан болно. Дараагийн өдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 09-нд манай ажилтан гэмтэлтэй машин оруулж тавьсан тухай мэдэгдэж, машины эзэнтэй холбогдох гэсэн боловч мэдээлэлд бүртгэлтэй утас холбогдохгүй байсан болно. Иймд манай ажилтан удаа дараа холбогдох гэж оролдож, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр холбогдон мэдээлэл өгч цагдаад бүртгүүлэн камерийн хяналтын бичлэгийг хуулж авч цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн болно. Компанийн зүгээс камерийн бичлэгийг хянах явцад машинд шууд гэмтэл учруулж буй нөхцөл байдал илрээгүй эргэн тойронд нь хүн машин ойртсон нөхцөл байдал харагдаагүй болно. Тээврийн хэрэгсэл нь гаднаас болон эзэмшигч нар ачаа сэлгэн зөөх явцдаа автомашины арын цонхоо хагалсан гэж үзэж болохоор байна. Тухайн камерийн бичлэгээр машин гаражд орж ирсэн цагаас эхлэн гадны нөлөөгөөр гэмтсэн гэх нөхцөл байдал байхгүй байгаа тул манай компаний зүгээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй болно. Мөн гаражийн ашиглалтын зардалд саоыг 16,500 төгрөг авч байсан бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээс үүдэн 25,000 төгрөг болж өөрчлөгдсөн болно. Хаалга камер, хяналтын системийн үнэ нийт 131,226.58 төгрөгийг 4 сард хуваан авч гаражийн хяналтыг сайжруулах, хэмнэлт хийх нөхцөлийг бүрдүүлсэн болно гэжээ.
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хүслэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нэхэмжлэлийн шаардлага болох 530,000 төгрөгийн 100,000 төгрөгт холбогдох хэсгээсээ татгалзаж байна. Үлдсэн 430,000 төгрөгийг хариуцагч төлнө гэснийг зөвшөөрнө. Эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Болзоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид эвлэрч байгаа тул эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Б.Цэцэгмаа нарын нэхэмжлэлтэй “Богд Асар инженеринг” ХХК-тай холбоотой иргэний хэрэгт нэхэмжлэгч тал нэхэмжилсэн 530,000 төгрөгийн 100,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж байна. Үлдэх 430,000 төгрөгийг “Богд Асар инженеринг” ХХК бүрэн төлж барагдуулахаар эвлэрч байна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Хүслэн, Б.Цэцэгмаа нар нь “Богд асар” ХХК-д холбогдуулж гэм хорын хохиролд 530,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг “Богд Асар инженеринг” ХХК-иар сольсон байна.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага болох 530,000 төгрөгийн 100,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан ба хариуцагч “Богд Асар инженеринг” ХХК нь үлдэх 430,0000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохирч, эвлэрлийн гэрээ байгуулав.
Зохигчид дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Хүслэн, Б.Цэцэгмаа нар нэхэмжлэлийн шаардлага болох 530,000 төгрөгийн 100,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан ба хариуцагч “Богд Асар инженеринг” ХХК үлдэх 430,000 төгрөгийг нэхэмжлэгч нарт төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 13,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүхийн тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ
ШҮҮГЧИД М.МӨНХТӨР
Ч.ЦЭНД
| ||||
| |